Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 377

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, хохирогч Н.Э-, шүүгдэгч А.Ч-, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, нарийн бичгийн дарга Б.Мичидмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт А-гийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910020480269 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, хоёр дүүгийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт А-гийн Ч,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Ч- нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 19 дүгээр гудамжны 472 тоотод оршин суух иргэн Н.Э-гийн байшингийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж “Daewoo” загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Н.Э-: “...Эхнэр бид хоёр тухайн байшинд 2019 оны 10 сард орсон, А.Ч- бид нартай хамт амьдарья гэхээр нь зөвшөөрч 2020 оны 6 сараас эхлэн манайд хамт амьдарч байсан, А.Ч- манай гэрт байхдаа ирэн очин байдаг, сард хоолны мөнгө гэж 40,000-50,000 төгрөг өгдөг байсан. Гэрт хулгай орж, зурагт алга болсон, А.Ч-ыг гэрээс зурагт авсан гэж мэдэлгүйгээр Цагдаагийн байгууллагад хандсан, тэгээд камерын бичлэг үзэхэд А.Ч- бичигдсэн байсан, тухайн үед гомдолгүй гэж хэлсэн, гэтэл заавал цагдаагаар орох ёстой юм байна гэж бодсон. А.Ч- манай гэрээс хулгай хийснээс хойш манайд ирэхээ больсон, зурагт авсан талаараа надад хэлээгүй, цагдаа 2-3 хоногийн дотор зурагт олж өгсөн, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, адилхан залуу хүн учир хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч А.Ч-: “...Н.Э- бид хоёр хамт ажил хийж байхдаа Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Жаргалантын 19 дүгээр гудамжны 472 тоотыг хамт түрээслэдэг байсан, түрээслэдэг байсан байрны түлхүүрийг Н.Э-гийн эхнэр нь аваад явчихсан байсан, хэрэг болдог өдөр архи уусан байсан учир унтах гэж очоод хаалгыг нь татахад онгойлгочихсон, тэгээд нэмж архи уухаар зурагтыг хөшигөнд нь ороогоод аваад гарсан, ломбарданд тавиад архи авч уусан, тэрнээс хойр Н.Э-гийн хашаа, байшинд очоогүй, зурагт авсан талаараа Н.Э-д хэлээгүй. Зурагтыг ломбарданд тавиад тухайн ломбарданд хохирлыг төлөөгүй, нэхэмжлэхгүй гэсэн, хамт амьдардаг байшинд очоод зурагтыг нь авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Н.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалант 19 дүгээр гудамжны 472 тоотод амьдардаг. 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр манай байшингийн цоожийг эвдэн орж байшин дотор байсан Daewoo загварын 42 инчийн ЛСД зурагт хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би тухайн өдөр гэрээсээ 08 цаг өнгөрч байхад гараад 17 цагийн орчим ирсэн...” /хх-ийн 10-11/ гэсэн,

 

Гэрч Г.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчим өөрийн 52-92 УБЯ улсын дугаартай саарал өнгийн верна аксент маркийн машинтайгаа ...Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармагийн хуучин эцсийн автобусны буудлын урд зогсож байхад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын автобусны зүүн талын барилга дээр хамт ажиллаж байсан Чинбаа гэх 30 орчим насны залуу ирээд “Манай гэр Яармагийн шинэ эцэс дээр байдаг, хоёулаа манайд очиж зурагт авах гэсэн юм. Энэ талаар манай гэрийнхэн мэдэж байгаа гэж хэлээд намайг Жаргалантын 17 дугаар гудамж руу дагуулж яваад гудамжны дунд хэсэгт ногоон хашаатай айлын гадаа очсон. Би гадаа байхад байхад уг залуу цагаан эрээн өнгийн зүйлээр ороосон зурагт тэврэн гарч ирсэн.

...30 орчим настай, бор махлаг биетэй залуу гарч ирээд Чинбаа авч явсан зурагтыг хараад 90,000 төгрөгөөр авья гээд ....наад зурагт чинь хулгайн зурагт юм биш бизээ гэж асуухад Чинбаа миний зурагт гэж хэлсэн...” /хх-ийн 12-14/ гэсэн,

 

Гэрч З.Сувдмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 27-ны өглөө нөхөр, хоёр хүүхдийн хамтаар 09 цагт гэрээсээ гарсан. Гэтэл нөхөр Н.Э- 17 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн хаалганы цоожийг эвдэж зурагт аваад явсан байна гэж над руу залгасан...” /хх-ийн 15-16/ гэсэн,

 

Гэрч Э.Баасанжав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед манай ажил дээр бэлтгэлийн өмдтэй, 25 орчим настай, тухайн биетэй, залуу орж ирээд зураг авах уу гэхээр нь ямар зурагтай юм бэ хулгайн зурагт юм биш үү гэхэд миний өөрийн зурагт байгаа юм, 90,000 төгрөгөөр зармаар байна гэсэн. Тэгэхээр нь зурагт чинь хаана байна гэхэд машинд байгаа гээд тухайн залуугийн хамт гарч үзэхэд Daewoo маркийн 40 инчийн хар өнгөтэй гадуураа хар эрээн өнгийн хөшиг мэт зүйлээр ороосон зурагт байхаар нь би 80,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон...” /хх-ийн 17-18/ гэсэн,

 

Шүүгдэгч А.Ч- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би автобуснаас буучихаад боронзон өнгийн Верна Аксент загварын автомашинд сайн танихгүй, зүс мэдэх хүн байхаар нь таксинд яваад өгөөч гэж хэлэхэд нөгөө ах зөвшөөрөөд бид хоёр Хан-Уул дүргийн 6 дугаар хороо, Жаргалантын 19-472 дугаартай ногоон өнгийн хашаатай айлан хашаа руу ороход үүдний хаалга нь онгорхой байсан, дотор хаалганы түлхүүрийг үзэхэд байхгүй байхаар нь цоожийг нь гараараа мулт татаад онгойлгосон бөгөөд би дотогш орж унтах гэж байсан боловч байшингийн хананд тогтоосон байсан Daewoo загварын хар өнгийн зурагтыг бараан өнгийн хөшигөөр боогоод гараад явсан. Би тус айл руу орохдоо нөгөө таксины ахад би зурагт авах гэж байгаа юм гэж хэлээд орсон. Жолооч намайг хулгайн зурагт авч байгаа мэдээгүй...” /хх-ийн 55-57/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /хх-ийн 4/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-29/,

- Эд зүйлийг түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 41-43, 44/

- Шүүгдэгч А.Ч-ын хувийн байдалтай холбоотой  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 51/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Ч-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч А.Ч- нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 19 дүгээр гудамжны 472 тоотод оршин суух иргэн Н.Э-гийн байшингийн цоожийг эвдэж нэвтрэн орж “Daewoo” загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Э-гийн “...Би Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалант 19 дүгээр гудамжны 472 тоотод амьдардаг. 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр манай байшингийн цоожийг эвдэн орж байшин дотор байсан Daewoo загварын 42 инчийн ЛСД зурагт хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би тухайн өдөр гэрээсээ 08 цаг өнгөрч байхад гараад 17 цагийн орчим гэртээ ирсэн...” /хх-ийн 10-11/ гэсэн, гэрч Г.Мөнхбатын “...2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчим ...Чинбаа гэх 30 орчим насны залуу ирээд “манай гэр Яармагийн шинэ эцэс дээр байдаг, би гэрээсээ очиж зурагт авах гэсэн юм, хоёулаа манайд очьё энэ талаар манай гэрийнхэн мэдэж байгаа” гэж хэлээд намайг Жаргалантын 17 дугаар гудамж руу дагуулж яваад гудамжны дунд хэсэгт ногоон хашаатай айлын гадна очсон...” /хх-ийн 12-14/ гэсэн, гэрч Э.Баасанжавын: “...2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед манай ажил дээр бэлтгэлийн өмдтэй, 25 орчим настай, тухайн биетэй, залуу орж ирээд зураг авах уу гэхээр нь ямар зурагтай юм бэ хулгайн зурагт юм биш үү гэхэд миний өөрийн зурагт байгаа юм, 90,000 төгрөгөөр зармаар байна гэсэн. Тэгэхээр нь зурагт чинь хаана байна гэхэд машинд байгаа гээд тухайн залуугийн хамт гарч үзэхэд Daewoo маркийн 40 инчийн хар өнгөтэй гадуураа хар эрээн өнгийн хөшиг мэт зүйлээр ороосон зурагт байхаар нь би 80,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон...” /хх-ийн 17-18/ гэсэн, шүүгдэгч А.Ч-ын “...Хан-Уул дүргийн 6 дугаар хороо, Жаргалантын 19-472 дугаартай ногоон өнгийн хашаатай айлан хашаа руу ороход үүдний хаалга нь онгорхой байсан, дотор хаалганы түлхүүрийг үзэхэд байхгүй байхаар нь би цоожийг нь гараараа мулт татаад онгойлгосон бөгөөд би дотогш орж унтах гэж байсан боловч байшингийн хананд тогтоосон байсан 32 инчийн Daewoo загварын хар өнгийн зурагтыг бараан өнгийн хөшигөөр боогоод гараад явсан. Би тус айл руу орохдоо нөгөө таксины ахад зурагт авах гэж байгаа юм гэж хэлээд орсон. Жолооч намайг хулгайн зурагт авч байгааг мэдээгүй...” /хх-ийн 55-57/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-29/, эд зүйлийг түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 41-43, 44/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгооро хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч А.Ч-ын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Ч-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э-гийн эд хөрөнгөд 600,000 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 27-29/ бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад алдагдсан эд зүйлийг биет байдлаар буцааж өгсөн, хохирогч Н.Э- алдсан эд зүйлээ хүлээж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч А.Ч- нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэхээр заасан бөгөөд шүүгдэгчийн хөнгөрүүлэн үзэх нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж үзэв.

 

Эрүүгийн 1910020480269 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.Ч- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Э- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун “...Тухайн хашаа байшинг А.Ч- нь хохирогч Н.Э-тэй хамт түрээслэдэг байсан, хэрэг болсон өдөр А.Ч- гэртээ очиж унтах гэж байсан учир хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгох саналтай...” гэснийг шүүх хүлээн авах болмомжгүй гэж үзнэ. Учир нь тухайн хашаа байшинг А.Ч- нь Н.Э-гийн хамт түрээслэдэг байсан талаар нотлох баримт гаргаж өгөөгүйн дээр шүүх хуралдаанд оролцсон хохирогч Н.Э-гийн “...Тухайн хашаа байшинг эхнэрийн хамт түрээслэдэг байсан, А.Ч- хамт амьдарья гэхээр нь зөвшөөрч хамт амьдарч байсан, А.Ч- ирэн очин байдаг, дандаа ирдэггүй, байдаггүй байсан...” /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ гэсэн, мөн гэрч Г.Мөнхбатын “...2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн орчим ...Чинбаа гэх 30 орчим насны залуу ирээд “манай гэр Яармагийн шинэ эцэс дээр байдаг, би гэрээсээ очиж зурагт авах гэсэн юм, хоёулаа манайд очьё, энэ талаар манай гэрийнхэн мэдэж байгаа” гэж хэлээд намайг дагуулж яваад гудамжны дунд хэсэгт ногоон хашаатай айлын гадна очсон...” /хх-ийн 12-14/ гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгч Б овогт А-гийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А-гийн Ч-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-ад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 1910020480269 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.Ч- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Э- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Ч-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ч-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР