Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2016/01286

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2016/01286

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2016/01159/и хэргийн индекстэй

Нэхэмжлэгч: 1965 оны 01дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, Төв аймгийн Заамар сумын 3 дугаар баг, 4-1 тоотод оршин суудаг, Боржигон овогт Сандагсүрэнгийн Наранжаргал /РД:НН65012575/-ын хүсэлттэй, 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Наранжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “-Миний бие 1965 онд төрсөн. Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд 1985 оны 4 сарын 10-ны өдөр тракторчинаар ажилд орсон тус нэгдэлдээ 1993 оны 12 сарын 3-ны өдөр хүртэл тракторчинаар тасралтгүй ажилласан. Тэтгэвэр, группт гарах гэтэл ажиллаж байсан үеийн орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул дээрх хугацаанд ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү

С.Наранжаргал миний бие бөөрний архаг дутагдалтай демазд ордог учир шүүхэд олон дахин ирж очих боломжгүй тул энэ байдлыг харгалзан үзэж шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр хийж, хэргийг минь шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сандагсүрэнгийн Наранжаргал нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Боржигон овогтой Сандагсүрэнгийн Наранжаргал нь Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд 1985 оны 4 сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 сарын 02-ны өдрийг хүртэл тракторчгинаар, Төв аймгийн Заамар ХК-д 1991 оны 12 сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл тракторчингаар тус тус ажиллаж байсан болох нь:

Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлээс 1987 оны 12 сарын 12-ны өдөр С.Наранжаргалд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4/, Төв аймгийн Заамар сумын Заамар ХК-ийн захирлын 1993 оны 49-р тушаалын хавсралтын “...61 дугаарт С.Наранжаргал...” /хх-8/, Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай“...1991 оны 11, 12 сард амрах хүмүүсийн амралтын хувиарыг хавсралтаар баталсугай...тушаалын хавсралтын 39-т тракторчин С.Наранжаргал...” гэх бичилттэй 72 дугаартай тушаал, хавсралт /хх-9/, Төв аймгийн Заамар ХХК-ийн ерөнхий захирлын 1992 оны 12 дугаар сарын 03-ны ээлжийн амралт олгох тухай “1992 оны 12 сард амрах хүмүүсийн 1992 оны амралтыг хавсралтаар баталсугай...тушаалын хавсралтын 9-т тракторчин С.Наранжаргал” гэх бичилттэй 60 дугаартай тушаал, хавсралт /хх-10/, Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ээлжийн амралтын хувиар батлах тухай “Ажилчин, албан хаагчдын 1987 оны ээлжийн амралтыг хувиарын адгуу баталсугай...тушаалын хавсралтад С.Наранжаргал...” гэх бичилттэй 23 дугаартай тушаал /хх-11-12/, Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай “...С.Наранжаргал нарыг 4-р сарын 10-наас эхлэн тус тус томилсугай...” гэх бичилттэй 22 дугаартай тушаал /хх-13/, гэрч М.Даваахүү, Б.Баатар нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-15, 17-18/, Төв аймгийн архивийн тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны 924 дугаартай “Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн цалингийн баримт төрийн архивт шилжиж ирээгүй тул иргэн С.Наранжаргалд лавлагаа олгох боломжгүй байна” гэх бичилттэй албан тоот /хх-22/, Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн удаан жилийн нэмэгдэл олгох тухай 100 дугаартай тушаалын хавсралтын 17 дугаарт Наранжаргал, 1986-10-02, 4 жил 1 сар, 10%” гэх бичилт  /хх-24/, Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 2-ний өдрийн ажилд томилох тухай “...С.Наранжаргал... Атар бригадад...тус тус томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй 87 дугаартай тушаал /хх-25/, Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн ээлжийн амралтын хуваарь батлах тухай “5, 6-р сард амрах ажилчин, албан хаагчдын амралтын хувиарыг хавсралтаар баталсугай...” тушаалын хавсралтад “...тракторчин С.Наранжаргал...” гэх бичилттэй 41 дугаартай тушаал /хх-26-27/, Төв аймгийн өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 сарын 25-ны өдрийн Заамар сумын Заамар нэгдлийг хувьчлах тухай “Заамар сумын Заамар нэгдлийг Заамар хувьцаат компани болгож хувьчлагдах хөрөнгийн хэмжээг 38060,9 мянган төгрөгөөр, нэг хувьцааны нэрлэсэн үнийг 100 төгрөгөөр тогтоосугай...” гэх бичилттэй 15 дугаартай тогтоол /хх-28/, гэрч Б.Баатарын “...С.Наранжаргал нь Төв аймгийн Заамар нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байгаад 1991 онд Заамар ХК болоход нь тракторын жолоочоор ажиллаж байсан ба Заамар ХК татан буугдах хүртэл ажиллаж байсан. Би оныг нь болон бригадыг нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-30/, гэрч М.Даваахүүгийн “...С.Наранжаргал нь 1985 оноос эхлээд Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Тариа бригадад тракторын жолоочоор ажиллаж байгаад 1991 онд Заамар ХК болоход нь тракторын жолоочоор ажиллаж байсан ба 1993 он хүртэл ажилласан...” гэх мэдүүлэг /хх-31/  зэрэг нотлох баримтуудаар  тус тус нотлогдон тогтоогдож байна.

            Иймд С.Наранжаргал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогтой Сандагсүрэнгийн Наранжаргалыг Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд 1985 оны 4 сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 сарын 02-ны өдрийг хүртэл тракторчноор, Төв аймгийн Заамар ХК-д 1991 оны 12 сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.МӨНХЦЭЦЭГ