Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 379

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч Г.Эсэн, иргэдийн төлөөлөгч Т.Янжмаа, Ч.Цэрмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О, түүний өмгөөлөгч М.Баасанбат, А.Батмандах, шинжээч О.Болороо, гэрч Б.Өлзийбаяр, А.Жамсранжав, Г.Даваажав, шүүгдэгч П.О-, түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил, Б.Баттөр, нарийн бичгийн дарга Б.Мичидмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш овогт П-н О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910014600551 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,  1983 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ш овогт П-н О,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.О- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхоны гадна 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Д.Бтой маргалдаж улмаар түүний хэвлийд нэг, хүзүүнд хоёр удаа тус тус хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О: “...Д.Б бид хоёр хүүхдүүдээ салхилуулаад байрныхаа гадаа сууж байхад 20 цагийн орчим Бүрнээ хөгшөөн гээд манай хүнийг П.О- дуудсан. П.О-тай өмнө нь хүүхдээ салхилуулаад явж байхдаа нэг удаа таарч байсан. Тэгээд П.О- гараад ирэхээр нь энэ хоёр юм ярьж байгаа юм чинь гээд би хүүхдээ салхилуулангаа гэрлүүгээ дөхөж байтал П.О- манай хүн хоёр зөрөөд алхаж байсан. Тэгээд манай хүн хайр нь Өлзийгийнд оччихоод ирье гээд явсан. Би гэр рүүгээ ороод хүүхдүүдээ хооллочихоод 23 цагийн өнгөрч байхад нөхөртэйгөө яриад “миний хань түлхүүрээ аваагүй явсан байна, би унтаж байх уу” гэхэд надад “унтаж бай, очоод залгая” гэж хэлсэн. Тэгээд шөнө 3 цаг өнгөрч байхад “мөнгө аваад гараад ирээч” гэж миний утас руу залгасан. Надад бэлэн мөнгө байхгүй байсан учир би гар утсаа авч гараад 10.000 төгрөгийг таксины жолоочид шилжүүлсэн. Тэгээд бид хоёр гэртээ ороод манай хүн ариун цэврийн өрөөнд орж цамцаа тайлаад гар нүүрээ угаах үедээ толинд өөрийгөө хараад “намайг ийм царайтай болгосон байхдаа яахав дээ, би яаж ийм царайтай хүүхдүүддээ харагдах юм бэ, намайг юу гэж бодох юм, П.О- маргааш эхнэр, хүүхэд рүүгээ Булган явна гэсэн, хайр нь гарч уулзчихаад ирье” гэхээр нь “хэрэггүй ээ, маргааш уулз” гэхэд “үгүй, маргааш өглөө эрт явна, би зүгээр уулзчихаад ирье, намайг ийм болгоод байхдаа яахав дээ” гэсэн. Тэр үед хүүхэд уйлсан бөгөөд манай хүн “миний хайр хүүхэд рүүгээ оч, би гарч уулзчихаад ирье” гээд гарсан. Хүүхэд уйлаад хүүхдээ хөхүүлээд хэвтэж байхад тагтан дээрээс чанга чанга дуу гарч байгаа сонсогдохоор нь би гайхаад цонхоор харахад сайн харагдахгүй байсан. Тэгэхээр нь би гараад очиход манай хүн газар хэвтчихсэн, хоёр, гурван алхамын цаана П.О- суучихсан байсан. Би “юу болоод байгаа юм бэ, та хоёр чинь найзууд биздээ” гэхэд П.О-ын хажууд хоёр эрэгтэй хүн зогсож байсан. Нэгэнд нь та цагдаа дууд, би эмнэлэг дуудья гэж хэлээд дуудлага өгсөн. Цагдаа нь ирчихээд байхад эмнэлэг ирэхгүй их удсан. Эмнэлэг хүлээж байхад цагдаа нар П.О-ын биед үзлэг хийгээд нэвтрээгүй байна, манай хүний биед үзлэг хийгээд нэвтэрсэн байна гээд суугаагаар нь түшээд цээжийг нь боосон. Эмнэлэг ирэхээс өмнө П.О- тэнд зогсож байсан хоёр залуугийн нэгнийх нь нэрийг дуудаад “чи ор” гээд оруулсан.  Тэгээд удаагүй байхад нэг хүүхэн гарч ирээд их омогтой “таныг наадах чинь алах гэж байсан байна, таны зүрхэнд чинь хутгалсан байна шүү дээ” гээд хашгирч уурлахад П.О- “чимээгүй бай” гэж хэлээд чимээгүй болгосон. Тэгээд удалгүй эмнэлэг ирж, манай хүнийг насилкан дээр хэвтүүлээд энэ хүний ар гэрээс хүн байна уу гэхээр нь би П.О-ын дүүд гэрийн түлхүүрээ үлдээгээд би ямар ч байсан хүн явуулъя гээд эмнэлгийн машинд суусан. Тэр үед П.О- “уучлаарай уучлаарай” гээд уучлал гуйсан. ...Эмчилгээний зардалд  24,522,285 төгрөг, оршуулгын зардал 23,068,463 төгрөг, манай нөхөр Д.Б ажил хөдөлмөрөө үргэлжлүүлж байсан бол манай бага хүүхэд 18 нас хүртэлх хугацаанд олох байсан орлого 1,067,674,188 төгрөг, энэ мөнгийг нөхрийн сарын дундаж орлого 5,233,697 төгрөгөөр бодсон. Нийтдээ 1,115,264,936 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Гэрч Б.Өлзийбаяр: “...2019 оны 6 дугаар сарын 09-ний орой Төв аймгаас хот руу орох гээд явж байхад П.О- залгаад талийгаач Д.Б бид хоёр хамт байна, уулзах уу гэсэн. Тэгэхээр нь би хот руу орж байна, манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Талийгаач, П.О- хоёр манай гэрт 22-23 цагийн хооронд ирсэн. Тухайн үед тэр хоёроос өөр хүн хамт байгаагүй. Манайд ирэхдээ сүү, архи авчирсан. Бид гурав 0,75 литрийн хоёр шил архи хувааж уусан. П.О- сахартай гэж хэлж байсан боловч адилхан архи уусан. Тэгээд шөнийн 01 цагийн үед манайхаас гарч 13 дугаар хорооллын тэнд Жулия нэртэй караоке орсон. Караокед хэр удаан суусныг мэдэхгүй байна, тухайн үед П.О-, талийгаач хоёр харилцааны хувьд хэвийн байсан. Яг юунаас болж маргалдаж эхэлснийг би санахгүй байгаа, нэг мэдэхэд түр тар гээд зодоон болсон. Би тухайн үед тэр хоёроос салж, холдож яваагүй, хамт байсан. Би Д.Бтой хамт караокеноос гарсны дараа П.О-тай тааралдсан. Энэ хоёр муудалцаад би салгаад яваад байсан. Талийгаач, П.О- хоёрт хутга байгаагүй, хутга байсан зүйл анзаарагдаагүй. Би тухайн үед архи хэрэглэсэн байсан тул нэгэн рүүгээ дайрч орилж байсан талаар санахгүй байна. ...Би өөрийн сууж явсан таксиндаа талийгаачийг суулгаад өөрөө бууж үлдээд талийгаачийг гэр рүү нь хүргүүлэхээр явуулсан...” гэв.

 

Гэрч А.Жамсранжав: “...2019 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө таксинд явж байсан. Тухайн өдөр П.О- гэх хүнийг 13-н голын замаас аваад Зайсангийн Энхжин хотхонд хүргэж өгөхөөр явсан. Энэ хүн таксинд суухдаа ганцаараа байсан, хамар амнаас нь цус гараад тогтчихсон бололтой байсан. Зайсангийн Энхжин хотхоны гадаа очиход ингэсгээд зогсчих гээд миний утсаар таксины мөнгө аваад гараад ирээч гэж ярьсан. Тэгээд миний машинаас буухад цаана хоёр машины голоос нэг залуу гарч ирээд чи намайг ийм болгодог ямар овоо пизда вэ гээд хашгирч ирээд энэ хоёр заамдалцаад авсан. Тэгэхээр нь би машины шил толь хагалчих байх гэж бодоод машинаа ухраасан. Тэр хоёр хүн газар өнхрөлдөөд байсан. Тэгээд машинаа зогсоолд тавьчихаад буугаад очиход П.О- ах аа, энэ хутгийг аваарай гээд над руу хутга шидсэн. Би хутган дээр гишгээд зогссон. Тэгсэн хоёр талаас хоёр эмэгтэй хүн гарч ирсэн. Би цагдаад дуудлага өгсөн. Би машинаа ухрааж байх үед миний талын цонх онгорхой байсан, ямар овоо пизда вэ гэхийг сонссон. Тухайн үед нэг эмэгтэй хүн рүү залгаж болсон явдлыг хэлсэн. П.О- бид хоёрын хооронд хаана хүргүүлэх вэ гэснээс өөр яриа өрнөөгүй. Надаар хүргүүлэх үед нь П.О-ын биед хутга байгаагүй. Яагаад мэдэж байна вэ гэхээр тухайн хутга нь том хэмжээтэй, биедээ авч явах боломжгүй хутга байсан учир П.О- биедээ авч явах боломжгүй гэж бодож байна. П.О-ын машины түлхүүр газар унасан байсныг би авч өгсөн, надаар хүргүүлж ирэхдээ миний машин тэр байна гээд түлхүүрээрээ асааж, унтрааж үзүүлсэн. Тийм учраас П.О-ын машины түлхүүр гээд дүүд нь өгсөн. Эхлээд цаанаас гарч ирсэн залуу нь намайг ийм болгодог ямар овоо пизда вэ гээд барьж авсан. Миний машинд ямар нэг хутга мэсний зүйл байгаагүй. Намайг машинаа зогсоолд байрлуулчихаад буугаад очиход хоёулаа машин тэгнэчихсэн зогсож байснаа над руу хутга шидчихээд хоёр тийшээ салаад унасан. ...Тухайн үед орчны гэрэл тод байсан. Гэхдээ би тэр хоёр хүн бие биенээ цохисон, зодсон эсэхийг сайн хараагүй. Цаанаас гарч ирсэн залуу түрүүлж заамдаж аваад хоорондоо заамдалцаад өөд өөдөөсөө харсан байдалтай өнхөрөлдөөд байсан. Хутга нь эвэр иштэй, үзүүр нь махир хутга байсан. Цаанаас буюу хоёр машины дундаас гарч ирсэн залуугийн нүүр нь шарх сорви болсон, шархнаас цус гарч байсан. Тэр залуу арай өндөр, гадуураа бор саарал өнгийн куртик өмссөн байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Одоо бол тодорхой цаг хугацаа өнгөрсөн тул зарим зүйлийг санахгүй байна...” гэв.

 

Гэрч Г.Даваажав: “...Би Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хэрэг бүртгэх хэлтсийн мөрдөгч ажилтай. Тухайн өдөр би 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Манай жижүүр буюу “Арцат-10”-аас Энхжин хотхонд хүн хутгалуулсан, хөдөлгөөнт эргүүл очсон, бүрэлдэхүүн яаралтай очих хэрэгтэй гэсэн дуудлага ирсний дагуу хэргийн газарт очсон. Хэргийн газарт очих үед түргэн тусламжийн машин ирчихсэн шүүгдэгч, амь хохирогч хоёр эмнэлгийн машинтай явж байсан. Тэгээд хэргийн газрын үзлэгээ хийчихээд, таксины жолооч гэх хүнийг хэлтэс рүү явуулсан. Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлыг хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсан байгаа. Тэгээд жижүүрийн ахлахдаа болсон асуудлыг танилцуулахад намайг эмнэлэг рүү яв гээд, эрүүгийн мөрдөгчийг тухайн орчинд нь үргэлжлүүлэн ажлуулна гэсэн. Тэгэхээр нь би Цэргийн төв эмнэлэг рүү явсан. Цэргийн төв эмнэлэгт очиход эмч нар үзлэг хийгээд хоёуланд нь хагалгаа хийнэ, хагалгаа удна гэж хэлсэн. Маргааш нь хоногийн мэдээнд танилцуулахад удирдлагаас Цэргийн төв эмнэлэгт очиж биеийн байдлыг нь шалга, холбогдох мэдүүлэг авах ажиллагаа хий гэж явуулсан. Тэгээд Цэргийн төв эмнэлэгт очиж П.О-аас мэдүүлэг авсан. Амь хохирогч хагалгаанаас гарч ирээгүй байсан тул мэдүүлэг авч чадаагүй. Шүүгдэгч, амь хохирогч нар Цэргийн төв эмнэлгийн нэг давхарт өөд өөдөөсөө харсан өрөөнд буюу шүүгдэгч ажиглалтын өрөөнд, амь хохирогч хагалгааны өрөөнд байсан. Би голд нь байсан. Тухайн үед шүүгдэгч, амь хохирогч нарын ар гэрийнхэнтэй нь уулзсан. Амь хохирогчийн ар гэрийн хүн буюу эхнэртэй нь хагалгааны өрөөнөөс 4-5 алхмын зайд уулзаж байхад эхнэр нь “манай хүн орой орж ирсэн, гал тогооны өрөөнөөс хутга аваад, П.О-ын машины дугуйг хагална гээд гарсан” гэж хэлсэн. Тухайн үед амь хохирогчийн эхнэр, төрсөн эгч бид гурав хагалгааны өрөөний үүд хавьд байсан. Гэхдээ эгчийнх нь утас байн байн дуугараад, утсаар ярихдаа холдож яваад утсаар яриад байсан учраас амь хохирогчийн эхнэр бид хоёрын хооронд болсон яриаг сонсоогүй гэж бодож байна. Тухайн үед амь хохирогчийн хагалгаа маш удаан үргэлжилсэн, ар гэрийнхэн сэтгэл санаагаар уначихсан, тэвдсэн, маш тогтворгүй байсан учраас мэдүүлэг авах ажиллагаа хийгээгүй. Тэгээд дараа нь хэлтэс дээр ирэх үед Наранбаатар мөрдөгчид хэргийн цохолт хийгдсэн байсан. Тиймээс би мэдүүлэг авах ажиллагаа хийгээгүй. Эхнэрийнх нь хэлсэн нөхцөл байдлыг Наранбаатар мөрдөгчид хэлж танилцуулсан. ...Хэрэгт Рэнцэн мөрдөгч дээр гэрчээр, дараа нь Чимэддавга мөрдөгч дээр нүүрэлдүүлэн байцаах мэдүүлгийг өгсөн. Тухай бүр мэдүүлгээ гаргаад явж байсан. Би робот биш учраас өгсөн мэдүүлгээ нэг бүрчлэн санахгүй байна. ...Надад амь хохирогч, шүүгдэгч нарын гэр бүл хамаатан садантай өс хонзонгийн асуудал байхгүй. Ирсэн дуудлагын дагуу ажил үүргээ гүйцэтгэж явсан...” гэв.

 

Шинжээч О.Болороо: “...Амь хохирогчийн биед үүссэн хэвлийн хөндийг нэвтэрч, сэмж, хөндлөн гэдэс, нойр булчирхайн толгой хэсгийг гэмтээсэн шарх гэмтэл нь хэвлийн хөндийн эрхтнүүдийн байрлалаас үзвэл нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хамгийн наад талд нь хэвлийн гялтан, тэгээд сэмжээр хучигдан цаана хөндлөн гэдэс, түүний цаана нойр булчирхай байдаг. Өөрөө хэлбэл нэг удаагийн хатгалтаар үүсэх боломжтой, нойр булчирхай хүрэх замд бусад эрхтэн байгаа гэсэн үг. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Нойр булчирхай нь маш их пермент, эслэг агуулж байдаг. Тухайн эрхтэн гэмтсэн тохиолдолд перментийн гаралтай шүүрдэст үрэвсэл явагдана. Нойр булчирхайн перментүүд нь маш хүчтэй эслэг агуулж байдаг тул тааралдсан эрхтнүүдээ түлэх, хайлуулах, үрэвсүүлэх үйлчлэл үзүүлдэг. Нойр булчирхайн пермент нь эргэн тойрныхоо эрхтнүүдийн бүтцийг гэмтээж өөрчлөлтөд оруулж үрэвсүүлдэг. Нойр булчирхайн гэмтлийн онцлог нь мэс заслын аргаар тухайн хэсгийг тайрч авах, эсхүл өөр зүйлээр орлуулах боломж байдаггүй. Тиймээс эмийн эмчилгээ, консерватив эмчилгээ хийдэг, гуурс тавьж шүүрлийг гадагшуулахаас өөр эмчилгээ байхгүй, нойр булчирхайн толгой хэсгийн гэмтэл нь тавилан муутай. Эмчилгээ хийсэн ч наашлах боломж маш муу. Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн. Нойр булчирхайн гэмтэл нь хүндрэл ихтэй, эмийн эмчилгээ хийж, угаалга хийсэн ч шүүрэл нь дийлддэггүй. Мөн тухайн хүн хэвтэрт байсан, биеийн эсэргүүцэл сул байсан учраас хэвлийн гялтанд үрэвсэл үүсч, идээлж улмаар олон эрхтний дутагдалд орсон. Дээрх гэмтэл нь тавилан муутай хүнд гэмтэл. Гэмтэл авсан даруйд идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой. Нойр булчирхайн шүүрэл зогсохгүй, бага багаар ялгарна, нэг дор литр шингэн гарчихгүй. Гэмтэл учруулсан чиглэлийг тогтоох боломжтой болохоос биш ноцолдох, булаалдах, таталцах үед үүсэх эсэхийг тогтоох боломжгүй. Тухайн хэсэгт ир үзүүртэй зүйлийн хүч үйлчилснээс үүсэх боломжтой. Практик дээр ч дээрх байдлыг тогтоох боломжгүй. Нойр булчирхайн толгойн хэсгийн гэмтэл авсан тохиолдолд хэвлийн гялтангийн идээт үрэвсэл үүсэхгүй байх боломж байхгүй. Хүний биед орж ирсэн хоол хүнсийг задалдаг хүчтэй эслэг бүхий перментийг нойр булчирхай ялгаруулдаг. Миний туршлагаар бол нойр булчирхайн ийм гэмтэл авсан хүн эмчилгээ хийлгэж байгаад хэд хоногийн дараа нас бардаг, тавилан муутай эрхтэн. ...Гэмтэл үүссэн чиглэлийн тухайд бага зэргийн дээш, урдаас арагш чиглэсэн байхад үүсэх боломжтой...” гэв.

 

Шүүгдэгч П.О-: “...Д.Б бид хоёр бол 4 жил нэг ангид хамт сурсан, энгийн сайхан найзууд, хамт сурч байхдаа маргаан хийж байгаагүй, өс хонзон санасан зүйл байхгүй. 2005 онд сургууль төгссөнөөс хойш талийгаачтай тааралдаагүй, уулзаагүй байсан. Тухайн үед би дүүгийнхээ гэрт ирээд тагтан дээр гарч тамхи татах гээд гарахад зүс таних хүн байсан, тэгээд би Бүрнээ гээд дуудахад Д.Б мөн байсан. Д.Б хүүхдүүдээ салхилуулаад явж байсан. Би дүүдээ хэлж гараад Д.Б бид хоёр нилээн удаан амьдрал ярьж суусан. Тэгээд ярьж байгаад Д.Б хоёулаа пиво уух уу гээд бид хоёр ангийн залуучууд руу ярьж байгаад Б.Өлзийбаяртай яриад хаана байна гэж асуухад Төв аймгийн пост өнгөрөөд явж байна, манайд хүрээд ир гэхээр бид хоёр гэр гэртээ орж хувцасаа солиод гарсан. Б.Өлзийбаярынд орохдоо 0,75 литрийн 1 шил архи, сүү авсан, Б.Өлзийбаяртай хамт гурвуулаа тухайн архиа уусан. Тэгээд Б.Өлзийбаяр дахин нэг шил архи гаргаад мөн хувааж уусан, тэгээд караоке орох уу гээд караокед ороод нэг шил архи, ус, ундаа захиалсан. Гэтэл Д.Б намайг зүгээр байж байхад агсарч боож, доромжилж утас шидсэн, гар хазаад зодоон болсон. Миний уур хүрээд архины шилээр цохиход ширээн дээр байсан стаканаар толгой руу цохьсон. Тэгээд бид хоёрыг салгах үед “араас чинь хутга шааж ална” гэж олон удаа хэлж орилсон. Хамгаалагч залуу бид хоёр хамт өрөөнөөс гарч, 1 давхарт байхад араас бууж ирээд дахиад зодоон болсон. Гадаа гараад Д.Б бид хоёр эвлэрэе гэж яриад Б.Өлзийбаяр, би, Бүрнээ бид гурав хөдөө аж ахуйн яамны замаар явж байхад Д.Б дахиж зуурч аваад дайрахад Б.Өлзийбаяр дундуур ороод салгахаар нь би Бөхийн өргөө рүү зугтаасан. Д.Б чамайг ална гээд ардаас хашгираад үлдсэн.

Тэгээд би Натур төвийн хойд талд байдаг Сэлбэ голын гүүрний зүүн хэсгээс такси бариад явсан, тэгээд Энхжин хотхоны үүдэнд очоод дүү рүүгээ залгаад таксины мөнгө аваад гараад ир гэж хэлээд жолоочид би буугаад байж байя, хүн гарч ирээд мөнгө өгнө, та итгэхгүй бол миний машин тэр байна гэж машины дохиоллоо асааж үзүүлсэн. Тэгээд машинаас буухад Д.Б хоёр машины голоос “чамайг ална, овоо муу пизда вэ” гээд гараад ирсэн. Энэ хэргийг үнэхээр санаатай хийгээгүй, амиа хамгаалах гэж ноцолдсон, би өөрөө амьдралтай, би бас амьд явмаар байна, намайг ална гээд хашгирч байсан, би Бөхийн өргөөгийн хажуугаар байрнуудын дундуур явж байхдаа маргаашнаас талийгаачтай уулзана гэж бодож байсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Амь хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...П.О- бид хоёр 2001 оноос 2005 оны хооронд Үндэсний биеийн тамирын дээд сургуульд нэг ангид сурч байсан. 2019 оны 6 дугаар сарын 09-ний орой 19 цагт байрныхаа гадаа эхнэр Э.Оы хамт хүүхэд салхилуулж байхад тагтан дээрээс Бүрнээ гэж намайг П.О- дуудсан. ...Б.Өлзийбаяртай яриад хөдөөнөөс гэртээ ирсэн байна, хүрээд ир гэхээр нь П.О- бид хоёр такси бариад Цайзын орчим Б.Өлзийбаярын гэрт нь 0,75 литрийн архи, сүү авч ороод бид гурав уг архийг хувааж уухад Б.Өлзийбаяр 0.75 литрын архи дахин гаргаад бид гурав хувааж уусан. Тэгээд 22 цагийн орчим Хөдөө аж ахуйн яамны Жулиа нэртэй караокед өрөө авч ороод архи, ундаа, ус аваад дуулж байгаад П.О-ын оюутан үеийн найз охины талаар яриа гарч байхад П.О- томорч байгаад ширээн дээр байсан шилэн зүйлээр миний зүүн нүдний дээд хэсэгт шалан дээр унагааж байгаад нүүрэн хэсэгт гар болон шилээр их олон удаа цохиж зодсон. Энэ үед хамгаалагч гаднаас орж ирээд салгаж байсан. Ингээд би уг караокеноос гараад ганцаараа алхаж явсан гэдгээ санаж байна, харин юугаар яаж явсан талаар санахгүй байна. Ингээд гэнэт ухаан орох үед гэртээ ариун цэврийн өрөөнд нүүр гараа угааж байсан. Толинд нүүрээ харах үед битүү хавдартай хөхөрсөн байсан. Тэгээд П.О-ыг хөдөө явна гэж байсан болохоор гэрт нь орж уулзъя гэж бодоод орцны гадаа ганцаараа гарч ирэхэд П.О- саарал өнгийн машины арын суудал дээр суусан харагдсан. Энэ үед би урдаас нь очиж уулзах санаатай машины зүг явсан, гэтэл П.О- “нөгөө пизда чинь энэ байна” гэхэд машин дотроос танихгүй хоёр залуу бууж ирээд намайг П.О-тай бүлэглэн нүүрэнд толгойгоороо мөргөж газар унах үед гараараа болон хөлөөрөө зодож байсан. Энэ үед нь би эсэргүүцэл үзүүлж босож ирсэн. Гэтэл хэвлийн дунд хэсэгт нэг удаа хутгалсан, би гэдэсээ дараад /гараараа/ тонгойх үед шилэн хүзүүнд дахин нэг удаа хутгалсан, энэ үед ухаан балартаж газар унасан. П.О- машинаас бууж ирээд “чи хэзээ ийм болсон пизда вэ” гэж хэлээд цохисон. ...Би гэрээсээ хутга авч гараагүй. ...П.О-ыг хутгалаагүй, хэн хутгалсаныг мэдэхгүй байна...” /1-р хх-ийн 59-62/ гэсэн,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 09-ний орой талийгаач бид хоёр таван хүүхдээ салхилуулаад байрныхаа гадаа сууж байхад хажуугийн байрны 3 давхрын тагтнаас нэг залуу Бүрнээ гээд дуудсан. П.О- гэх залуу талийгаач нөхөр Д.Б нар хотхоны хашаанаас гарах гээд алхаад явж байсан. Манай нөхөр ойрхон найзындаа очоод ирье гэхээр нь битгий оройтоорой гэж хэлсэн. Тэгээд хүүхдийнхээ хамт унтаж байхад шөнийн ...03 цаг өнгөрч байхад утас дуугараад танихгүй дугаараас нөхөр Д.Б залгаад таксины 10.000 төгрөг аваад гараад ирээ гэсэн. Тэгээд надад бэлэн мөнгө байхгүй болохоор нь би гар утсаа аваад гарахад орцны шатаар нөхөр Д.Б таксины жолоочийн хамт гарч ирж байсан. Тэгээд шатан дээр зогсож байгаад таксины мөнгийг нь шилжүүлээд нөхөр Д.Быг аваад гэртээ орсон. Гэрт ороод нөхөр дээд талын цамцаа тайлаад 00-ын өрөө орсон. 00-ын өрөөнд Д.Б гар нүүрээ угаагаад толинд өөрийгөө хараад намайг ийм болгосон байх даа яахав дээ, ийм царайтай хүүхдүүддээ яаж харагдах юм гээд коридорт өлгөөтэй байсан ногоон куртикээ авахаар нь би яах гэж байгаа юм бэ гэхэд П.О- маргааш эхнэр, хүүхэд рүүгээ Булган аймаг явна, одоо очиж уулзчихаад ирье гээд куртикээ өмсөж байхад манай бага хүүхэд уйлсан. Нөхөр Д.Б удахгүй гээд гараад явсан, би хүүхэд рүүгээ явсан. Тэгээд хүүхдээ хөхүүлээд байж байхад гадаа чи хэзээ ийм байсан юм бэ гээд эрэгтэй хүний дуу гарсан. Тэгээд би хүүхдээ үлдээгээд байрны гадаа гараад очиход 103, 106 дугаар байрны дунд манай нөхөр Д.Б зогсоолд байсан машины ар талд хөндлөн хэвтэж байсан. Эсрэг талд нь П.О- суучихсан хажуу талд нь хоёр залуу зогсож байсан, тэгээд юу болчихов, яасан бэ гэхэд хажууд нь зогсож байсан залуу энэ хоёр нэг нэгнийгээ хутгалчихлаа гэхээр нь би түргэн, цагдаа дуудаач гэж хашгирсан. Тэгээд нэг залуу цагдаа дуудсан, би түргэн тусламж дуудсан. Тэгээд П.О-ын хажууд зогсож байсан цайвар хувцастай залуугийн нэрийг нь дуудаад “чи яв яв, эндээс хурдан яв” гэж хэлсэн, тэгсэн тэр залуу яваад өгсөн. ...Түргэний эмч бууж ирээд эхлээд П.О- дээр очиж үзээд боолт хийхдээ нэвтрээгүй байна гэж хэлээд тойруулаад боосон. Дараа нь нөхөр Д.Б дээр ирээд шархыг нь үзээд нэвтэрсэн байна, босгоодох гэхээр нь би өөрөө хажуунаас нь түлхэж босгож суулгасан. Тэгээд эмч шархыг нь тойруулж боогоод насиликаа авчирч хэвтүүлэээд түргэний машинд оруулсан. Тэгээд бас П.О-ыг суугаарай гээд энэ хүний ар гэрээс хүн байна уу гэхээр нь би байна гэхэд хамт явчих гэсэн.

...Шөнө 03 цагт гэртээ ирэхэд баруун нүд нь хавдаж аньсан, баруун шанаа хэсэг язарсан, хамар амнаас цус гараад хатсан, толгойн дээд хэсэг нь хавдсан, уруул нь бас хавдсан байдалтай байсан. Тэр үед надад П.О-тай уулзчихаад ирье гэж хэлэхэд би П.О- ийм болгосон юм байна гэж мэдсэн. Тэр хоёр залуугийн бараан хувцастай залуу нь би таксины жолооч гэж хэлж байсан. Нөгөө залууг П.О- нэрийг нь дуудаад чи одоо яв гээд явуулсан...” /1-р хх-ийн 64-67/ гэсэн,

 

Гэрч Б.Өлзийбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Орой 21 цагийн орчим манай ангийн найз П.О- яриад Д.Б бид хоёр байрныхаа гадаа хамт сууж байна, чи хаана байна гэхээр нь гэртээ дөнгөж орж ирж байна гэхэд бид хоёр танайд удахгүй очно гэхээр нь зөвшөөрсөн, тэгээд 22 цаг өнгөрч байх үед П.О-, Д.Б нар нэг шил архи аваад манай гэрт ирээд бид гурав 0.75 литрийн хоёр шил архи хувааж уусан. Тэгээд шөнийн 01 цагийн орчим манай гэрээс гараад Бөхийн өргөөний тэнд нэг караокед орж архи аваад дуу дуулж байх үед П.О-, Д.Б хоёр юм ярьж сууж байгаад гэнэт П.О-, Д.Бын нүүрэнд нь цохиж Д.Б зөрүүлж П.О-ын нүүрэнд нь гараараа цохиж зодолдож эхэлсэн учир би дундуур нь орж салгаад Д.Быг өрөөнөөс авч гарах үедээ карт уншуулж тооцоогоо хийгээд Д.Быг гадаа аваад гарсан юм. Ингээд гадаа гараад зогсож байхад араас П.О- гарч ирээд дахин маргалдаж байгаад бие биенийгээ цохиж эхэлсэн учир би дундуур нь орж салгах үед П.О- ертөнцийн зүгээр баруун тийш алхаж явсан, харин Д.Быг би хойшоо төв зам руу дагуулж яваад таксинд суулгаж өгөөд өөрөө такси бариад Цайз-16-гийн Саруул тэнгэр хотхонд гэртээ очихоор явсан. Караокед Д.Бын баруун нүд хавдсан, хамарнаас нь цус гарсан, харин П.О-ын биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. П.О-, Д.Б бид гурав 0.75 литрийн гурван шил архи хувааж уусан, бүгд их согтуу байсан, болсон хэргийн талаар дээрх хоёр хүн мэдэж байсан эсэхийг мэдэхгүй байна. Би бол болсон хэргийн талаар мэдэж байгаа. Тухайн үед П.О-, Д.Б хоёрын биед ямар нэгэн хутга мэсний зүйл байгаагүй. Хэрэв байсан бол тухайн зодооны үед гаргах байсан. Тэр үед Оюунаа утсаар яриад Д.Б, П.О- хоёр бие биенийгээ хутгалчихлаа, эмнэлэг дээр байна гэхээр нь би очих уу гэхэд хагалгаанд орчихсон байна гэж хэлсэн...” /1-р хх-ийн 91-93, 94-96/ гэсэн,

 

Гэрч Б.Жамбалсанжид мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ажлаа хийж байхад 01 цагаас 02 цагийн хооронд зөөгч Цэрэндолгор гарч ирээд караокед хүмүүс муудалцаад байна, хамгаалагч авъя гэж хэлэхээр нь би очиход 1 номерийн караокены өрөөнд гурван хүн байсан, тэгээд том булиа биетэй хоёр эрэгтэй хүн хоорондоо зодолдоод байсан, зодоонд оролцоогүй нэг залуу салгах гээд дийлэхгүй байсан, би хамжаад тэр хоёрын дундуур орж салгасан. Тэгэхэд том биетэй булиа ах зодолдсон ах руугаа хандаж “би чам руу хутга шаана, гэрийн чинь гадаа хүлээж байгаад шаана, танайх Энхжин хотхонд байдаг юм байна лээ” гээд орилоод байсан. Хоорондоо зодолдож байсан хоёр хүний нэг намхан тарган биетэй ахыг би өрөөнөөс гаргасан чинь том булиа биетэй ах өрөөнөөс гарч ирээд нийтийн караокены орон дээр зодолдсон. Тэгээд би салгаад гаргасан. Би намхан ахыг аваад хоёр давхарт зогсоод хоёулаа энд байж байя, найзыг чинь явахыг хүлээе, тэгэхгүй бол хоорондоо зодолдож магадгүй гээд хэлчихээд 20-30 минут коридорт зогсож байгаад би цонхоор харсан чинь найз нь яваагүй гадаа зодоонд оролцоогүй найзтайгаа зогсож байсан. Надтай хамт байсан ах тайвшраад “ах нь одоо зодоон хийхгүй, тайвширсан” гэхээр нь бид хоёр гадагш гарсан чинь надтай хамт гарсан ах шатны уруу алхаж байхдаа зодолдсон залуугаа нааш ир, хоёулаа эвлэрцгээе, зодолдоод яах юм гээд нэгнийхээ мөрөн дээрээс тэврээд цаашаа алхаад байгууллагын хажуугийн хэсэгт байдаг автомашины зам руу тэр гурав эргээд явсан. Тэгээд 15-20 минутын дараа том булиа биетэй ахын нүүр нь битүү цус болоод хавдаад нүд нь анисан байдалтай манай байгууллагын урд ирсэн. Тэгтэл зодоонд оролцоогүй ахтай маргалдаад чи харж байгаад намайг зодуулчихлаа гээд байсан. Тэгээд тэр хоёр зам дээр гараа алдалж зогсоод цагаан байна уу, саарал өнгийн приус-20 маркийн машинд суугаад явсан. ...Пивоны шил, архины бакал хагараад газар болон ширээн дээр үүрмэг болсон байдалтай байсан...” /4-р хх-ийн 27-29/ гэсэн,

 

Гэрч А.Жамсранжав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өглөө 03 цаг 30 минутын үед 13 дугаар хорооллын Натурын голын замд гүүрний хажууд нэг залуу гараа өргөөд зогсож байхаар нь суулгаад явсан. Тэгээд харахад нүүр нь цус болсон байсан, тэндээс Зайсангийн Энхжин хотхонд очно гэхээр нь Зайсан явсан. Тэгээд очоод таксины мөнгө байхгүй, хүн дуудна гэж хэлэхэд нь би гар утсаа өгөхөд 9300-0707 гэсэн дугаар луу залгаад гараад ир гэж хэлсэн. Тэгээд байж байхад “би машинаас буугаад байж байя, итгэхгүй бол миний машин тэр байна” гэж хэлээд Ланд-200 маркийн автомашины түлхүүрээр нь удирдаж харуулсан. Тэгээд машинаас буухад хажуу талд байрлуулсан автомашины ар талаар нэг залуу гарч ирээд “чи яасан овоо пизда вэ” гэж хэлээд тэр хоёр барилцаад авсан. Тэгээд хоорондоо ноцолдоод эхлэхээр нь би машины цонх хагалчих байх гэж бодоод хойшоо ухарсан, тэгээд буугаад ирэхэд хоорондоо ноцолдож байгаад миний машинд сууж явсан хүн миний өөдөөс хутга шидсэн. Тэгээд удалгүй хоёулаа унаад өгсөн. Миний машинд суусан иргэн согтуу байсныг нь би мэдэхгүй байна, харин зодолдоод байсан залуу нь согтолттой байсан. Миний зорчигчтой зодолдсон залуу өмнө нь зодоон хийсэн байсан, баруун нүд нь хавдсан, хацар нь зүсэгдсэн байсан. ...Тэгэхэд тэр хоёр залуу хоёулаа газар унасан. Тэгтэл 103, 106 дугаар байрнаас хоёр эмэгтэй хүн гарч ирээд яасан бэ? юу болсон бэ? гэж асуухаар нь би “юу болох вэ дээ, наад хоёр хүн чинь бие биенийгээ хутгалсан байна, түргэн дууд” гээд би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгтэл 103 дугаар байрнаас эрэгтэй хүн гарч ирээд юу болсон бэ, түргэн, цагдаа дуудсан уу? гэж асуухаар нь би цагдаа дуудсан гэж  хэлсэн. ...Цагдаагийн байгууллагын ажилтнууд ирээд араас нь түргэний машинтай эмч ирээд үзлэг хийгээд хоорондоо зодолдсон гэх хоёр хүнийг аваад явсан.

...Би машинаа ухрааж байхад тэр хоёр газар унаад хоёулаа ноцолдоод өнхөрөлдөөд, хоёулаа ёолоод орилоод байсан. ...Миний машинд байсан П.О- энэ хутгыг аваарай гээд шидсэн. ...25 см хэмжээтэй урттай, өргөөшөө 3-4 см, үзүүр хэсэг нь ээтийсэн, бариул хэсэг нь эвэр иштэй, өнгийг нь анзаараагүй. Намайг машинаас буугаад очиход П.О- нь зүүн доод хавирга харалдаа гараараа дарсан цус гарч байсан, нөгөө залуу нь хүйсний дээд хэсэгт гараараа дараад цус гарч байсан. Надаас өөр харсан хүн байхгүй. Миний машины жолооч талын хойд хаалганы харалдаа “намайг ийм болгодог ямар овоо пизда вэ” гээд цаанаас гарч ирсэн залуу надаас буусан залууг бариад авсан. Тэгэхэд надаас буусан залуу энгэрийг нь зөрүүлээд заамдаад авсан. Тэгэхээр нь би зодоон болж машины шил хагалах юм байна гээд хойшоо ухарсан. Би машинаа 5 метр орчим ухраагаад тавьчихаад тэр хоёр дээр очиход тэр хоёр ёо ёо ёо гээд орилоод байсан. Тэгээд би дөхөөд очиход энэ хутгийг аваарай гээд надаас буусан залуу баруун гараараа намайг чиглүүлээд зам руу шидсэн. Тэгээд би хутган дээр нь очоод гишгээд зогссон. Би өөр юм сонсоогүй...” /1-р хх-ийн 97-98, 99-102/ гэсэн,

 

Гэрч Ч.Отгонжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ахын машинтай таксинд явсан. Тэгээд 03 цаг өнгөрч байхад Хөдөө аж ахуйн яамны урд талын автобусны буудал дээр зогсож байхад намхан биетэй залуу суугаад таксинд явах уу гэхээр нь явна гэхэд Цайз-16 орно гэхээр нь хөдөлсөн чинь буцаад эргэчих, найзыгаа авна гэж хэлсэн. Тэгээд буцаж эргээд Хөдөө аж ахуйн хойд талын автобусны буудал дээр зогсоод нүүр нь хавдсан, цус болсон нэг залууг машинд суучих явья гэхэд тэр залуу машинд суусан. Тэгсэн сүүлд зодуулсан байсан залуу чамтай хамт явахгүй, нэг бол чи буу, эсвэл би буулаа гэхээр нь би анх таксинд суусан залууг чи буучих, энэ залууг хүргээд өгье гэсэн чинь анх машинд суусан залуу машинаас буусан. Тэгээд би зодуулсан байсан залууг аваад хөдлөхөд Зайсан орно гэж хэлсэн. Тэгээд замдаа тэр залуу миний гар утсаар эхнэрлүүгээ залгаад намайг зодчихлоо, би очиж байна, миний грашийн түлхүүр, таксины мөнгө аваад гараад ирээрэй гэж ярьсан. Тэгээд Зайсангийн уулын урд талын Энхжин хотхонд очоод машинаас тэр залуугийн хамт буугаад байрных нь орцны үүдэнд очиход өөдөөс эхнэр нь бололтой нэг эмэгтэй гарч ирсэн. Надаар хүргүүлж ирсэн залуу орц руугаа орохгүй байр тойроод яваад өгсөн. Эхнэр нь гэх эмэгтэй таксины мөнгө гэж 10.000 төгрөгийг данс руу шилжүүлсэн. Уг нь надаар хүргүүлж ирсэн залуу 20.000 төгрөг өгнө гэж хэлж байсан. Тэгээд би хөдлөөд явсан. Нүүр нь битүү хавдаад хувцасны энгэр хэсэг нь цус болсон байсан. Надад болохоор авгайн ах зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд өөрийгөө үндэсний бөхөөр барилддаг гэж байсан, өөр юм яриагүй. Надаар хүргүүлж ирсэн залуу гартаа ямар нэг зүйл бариагүй байсан...” /4-р хх-ийн 129-130/ гэсэн,

 

Гэрч П.Цолмон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нөхөр, хүүхэд, ах П.О- бид нар гадуур явж байгаад 18 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ороод байж байхад нээх удаагүй ах П.О- тамхи татья гээд тагтан дээр гарсан. Тэгээд орж ирснээ манай ангийн хүүхэд хажуу талын байранд байдаг юм байна, гадаа явж байна, гарч тамхи татчихаад ороод ирье гээд гарсан. Тэгээд удаагүй ах П.О- орж ирээд хувцсаа солиод гарсан. Гарах үед нь би хаачих гэж байгаа юм бэ гэхэд “Цайз-16 руу ангийнхаа хүүхдийнд очоод удахгүй ирнэ” гээд 20 цаг өнгөрч байхад гараад явсан. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад ах П.О- ирэхгүй байхаар нь утсаар яриад яасан бэ, ирж байна уу гэхэд “удахгүй, одоо очлоо” гэж хэлсэн. Тэгээд нөхөр, хүүхэд бид нар унтсан. Шөнө 03 цаг 41 минутын үед манай нөхрийн утас дуугараад нөхөр Батдалай утсаа аваад ярихад ах П.О- таксины жолоочийн утаснаас залгаад Энхжин хотхоны хашаа руу орж байна, таксины мөнгө аваад гараад ирээч гэсэн. Тэгээд би мөнгийг тагтны цонхоор доош шидье гээд босоод цонхоор харахад такси ирчихсэн, машинаас бууж байсан, тэгсэн цаанаас нэг эрэгтэй хүн гарч ирээд хоорондоо ноцолдоод, зууралдаад хашгичаад байсан. Одоо бодоход нөгөө эрэгтэй нь ална гэж байсан байх. Тэгээд би нөхөр Батдалайг хурдан гар гэж хэлээд гаргасан. Тэгэхэд нөхрийн утас дуугараад гарсан, тэгэхэд таксины жолооч залгаад энэ хоёр бие биенийгээ аллаа, хурдан гарч ир гэж ярьсан байсан. Нөхөр гэрээс гарахад цаг 03 цаг 45 минут болж байсан, тэгээд хүүхэд уйлаад сандраад нааш цааш явж байгаад хүүхдээ хөхүүлээд орон дээрээ хэвтсэн. Тухайн үед би эрчүүд хоорондоо зодолдоод салах байх гэж л бодож байсан. Тэгээд удаагүй байхад нөхөр гаднаас сандарсан байдалтай орж ирээд чи хурдан гар, гадаа бөөн юм болчихсон байна, бие биенийгээ хутгалсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр хүүхдээ харж үлдээд би зөрөөд гүйгээд гарсан. Гадаа гарахад ах П.О- газар дээшээ харсан байдалтай хэвтэж байсан, П.О- ахын нүүр амнаас цус гараад, хавдсан, гараа хэвлий хэсэгт тавьсан байсан. Нөгөө залуу нь П.О- ахаас 2-3 алхмын зайтай газар доошоо харсан байдалтай хэвтэж байсан, хажууд нь нэг хүүхэн, таксины жолооч зогсож байсан. Тэгээд юу болсон, яасан гэж асуухад таксины жолооч энэ хүн миний машинд сууж ирээд зогссон чинь энэ хүн эндээс ирээд хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. Тэгээд түргэн тусламж, цагдаа дуудсан байсан. Хутга нь нэлээн хол газар хэвтэж байсан, уг хутга нь хүний халаасанд багтахгүй том хутга байсан. Тухайн үед би энэ хутга хүний халаасанд багтахгүй, тэр хүний гэр нь хажуу талын байр учир ахыг ирэхийг хүлээгээд зогсож байгаад ийм зүйл болсон байна гэж бодсон. Тэгээд нөгөө залуугийн хажууд байсан эхнэр нь бололтой эмэгтэйд хэлэхэд дуугарахгүй чимээгүй байсан. ...Зурган дээрх хутгийг би харж байгаагүй, хэний хутга гэдгийг мэдэхгүй, манайд ийм хутга байхгүй...” /1-р хх-ийн 128-130, 131-132/ гэсэн,

 

Гэрч Батдалай /BATUDALAI/ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...П.О- тагтан дээр гарч тамхи татаж байгаад таньдаг хүн таарчихаад доошоо бууж тамхи татчихаад ирье гээд гэрээс гарсан. Тэгээд удалгүй орж ирээд ангийнхаа хүүхэдтэй таарчихлаа, найзындаа очоод ирье гэж хэлээд хувцсаа өмсөөд гарсан. Гарахад нь машинтайгаа явах уу гэхэд үгүй, манай ангийн хүүхэд машинтайгаа явна гэж хэлээд гарсан. Тэгэхээр нь би ууж идэхгүй биз дээ, маргааш ажилтай шүү дээ гэхэд ууж идэхгүй ээ, удахгүй ирнэ гэж байсан. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө унтаж байхад 03 цаг 41 минутад 95612616 гэсэн дугаараас П.О- залгаад хотхон руу орж байна, таксины мөнгө аваад буугаад ирэх үү гэсэн. Утас дуугарахад эхнэр П.Цолмон сэрсэн, тэгээд тагтаар мөнгийг доош шидчихье гэхээр нь би буцаад хэвтсэн. Тэгээд эхнэр П.Цолмон босоод тагт руу гарсан. Тэгсэн удаагүй чи гадаа гардаа, П.О- машинаас буухдаа хүнтэй барьцалдаад авлаа, хурдан гар гэхээр нь би гарсан. Намайг гарч байхад П.О-ын залгасан дугаараас залгаад “хурдан гарч ир, хүн аллаа ш дээ” гэсэн. Тэгээд би доошоо буугаад байрны гадаа гарахад намхан биетэй нэг эмэгтэй бас байрнаас гарч ирсэн. Тэгээд намайг очиход таксины жолооч машины ард жоохон зайтай зогсож байсан, газар П.О-, бас нэг залуу хэвтэж байсан. Байрнаас гарч ирсэн эмэгтэй ирээд юу болоод байгаа юм бэ гэсэн. Би түрүүлээд таксины жолоочтой уулзаад юу болсон бэ гэхэд таксины жолооч энэ хар хувцастай залуу миний машинд сууж ирсэн, машинаас буухад энэ залуу өөдөөс нь гарч ирээд ноцолдоод унасан, цаанаас ирсэн залуу хутгатай ирээд хутгалчихлаа гэсэн. Тэгсэн байрнаас гарч ирсэн эмэгтэй юу яриад байгаа юм бэ гэхэд таксины жолооч би харж үзсэнээ ярьж байна гэсэн. Тэгээд таксины жолооч цагдаа дуудах уу, яах уу гэхээр нь би юу яриад байгаа юм бэ, цагдаа, түргэн тусламж дууд гэж хэлсэн. Тэгээд таксины жолооч цагдаад дуудлага өгсөн, би буцаж гэрлүү ороод хүүхдээ харж үлдээд эхнэр П.Цолмонг гаргасан. Тэгээд цагдаа, түргэн тусламж ирсэн байх.

...П.О- дээшээ хараад хэвтэж байсан, Д.Б гэх залуу хаашаа хараад хэвтэж байсныг одоо санахгүй байна, ямар ч байсан хоёулаа хэвтэж байсан, би хажууд нь очоогүй, хутга хаана байсныг хараагүй. Тэр эмэгтэй их юм яриагүй, таксины жолооч надад юу болсон талаар хэлж байхад тэр эмэгтэй юу яриад байгаа юм бэ гэж байсан, өөр юм яриагүй. Би тухайн үед ямар хувцастай гарсанаа санахгүй байна. Намайг гараад очиход таксины жолооч гэх залуу машиныхаа хажууд зогсчихсон, П.О-, талийгаач залуу хоёр газар хэвтэж байсан. ...Манайд жижигхэн хоёр ширхэг хар өнгийн бариултай хутга байдаг, зурган дээрх хутганы талаар мэдэхгүй, манайд ийм хутга байхгүй...” /1-р хх-ийн 138-140, 141-143/ гэсэн,

 

Гэрч Г.Даваажав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 04 цагийн үед байх жижүүрээс яаралтай Энхжин хотхон руу яваарай, бие биенийгээ хутгалсан байна гэсэн дуудлага ирсэн, түрүүлээд эргүүлийн машин явуулсан гэж хэлсэн. Тэгээд би бүрэлдэхүүнээ аваад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхонд манай хэлтсийн чиглэлийн алаг машин очсон. Бид нар хотхон руу орох гээд өгсөж байхад эмнэлгийн машин зөрөөд гарах гэж байхаар нь эмнэлгийн машиныг зогсоогоод түргэний эмчтэй уулзаж юу болсон болон биеийн байдлыг асуухад түргэний эмч нэг нь цус алдсан байна, яаралтай явахгүй бол болохгүй гэж хэлсэн. Эмнэлгийн машин дотор хоёр эрэгтэй хүн хэвтэж байсан, хажууд нь нэг эмэгтэй байсан, тэгээд түргэний машиныг явуулсан. Бид нар хэргийн газрын үзлэг хийхэд хоорондоо ноцолдсон гэх газарт зам дээр хутга байхаар нь үзлэгээр хураан авсан. Тэгээд үзлэгээ хийж дуусаад Цэргийн төв эмнэлэг рүү очиход түргэн тусламжаар очсон П.О-, Д.Б хоёрыг хагалгаанд оруулаагүй, уулзах гэхэд эмч нар Д.Быг яаралтай хагалгаанд орууллаа гээд уулзуулаагүй, П.О-аас мэдүүлэг авч байхад рентген зураг авна гээд аваад явсан, тэгсэн нэвтэрсэн байна, хагалгаанд оруулна гээд аваад явсан. Тэгээд би бүрэлдэхүүний хамт ажил дээрээ ирээд дараагийн дуудлаганд явчихаад буцаж ирээд материалаа бүрдүүлж дуусаад 6 дугаар сарын 10-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Цэргийн төв эмнэлэг дээр очсон. Д.Б хагалгаанаас гараагүй, П.О- хагалгаанаас гараад ирсэн байсан. Эмнэлэг дээр Д.Бын гэр бүл хамаатан садан, П.О-ын ар гэрийн хүмүүс ирчихсэн, тус тусдаа сууж байсан. Би эмч нартай уулзаад биеийн байдлыг асуухад түр байж бай, биеийн байдал нь гайгүй болохоор танд хэлье, тэр үед та мэдүүлэг авчих гэж хэлсэн. Тэгээд би хоёр талын ар гэрийнхэнтэй нь уулзаж ярилцсан. Нэг давхарт хагалгааны өрөөний үүдэнд Д.Бын эгч, эхнэр гэсэн хоёр эмэгтэйтэй би уулзаад “хутга хаанаас авч гарсан юм болоо” гэж намайг асуухад Д.Бын эхнэр нь “шөнө дунд Д.Б хувцас нь шороо болчихсон, урагдчихсан, нүүр амнаас нь цус гарч хавдсан байдалтай орж ирээд, ариун цэврийн өрөө орж гар нүүрээ угаагаад гал тогооны өрөөнд орж хутга аваад П.О-ын машины 4 дугуйг хагална гээд гараад явсан” гэж хэлсэн. Тухайн үед хоёр талын ар гэрийхэн хагалгааг хүлээсэн, уйлсан, сандарсан байдалтай байсан учир би тухайн үед мэдүүлэг аваагүй. Д.Бын эхнэр энэ талаар тухайн үед надад ярьсан нь үнэн, бид хоёр жоохон зайтай зогсоод ярьж байсан болохоор өөр хүн сонсоогүй байх...” /1-р хх-ийн 148-150/ гэсэн,

 

Гэрч Б.Түвшинжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 10-ны шөнө 03 цаг 57 минутанд очиж шалгахад Энхжин хотхоны 103 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун урд хэсэгт автомашины зам дээр үл таних хоёр эрэгтэй хүн хэвтэж байсан. Хэвтэж байсан хоёр эрэгтэй хүнээс урагш 10 метрийн зайд үзмэрийн гэмээр хурц үзүүртэй хутга газар хэвтэж байсан. 103-н автомашинтай эмч нар ирээд газар хэвтэж байсан хоёр эрэгтэй хүнд үзлэг хийхэд хоёр хүний хэвлийн тус газар зүсэгдсэн шархтай байсан. Газар хэвтэж байсан хоёр эрэгтэй хүн дуудлага өгсөн таксины жолооч болон ар гэр нь бололтой хоёр эмэгтэй хүн байсан. Харуул байхгүй, хаягаа мэдэх учраас хэрийн газарт шууд очсон...” /1-р хх-ийн 114-116/ гэсэн,

 

Гэрч Д.Нинжмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг тэр эмнэлэгт байхад өдөр 12 цагийн үед байх өндөр, цагаан цамц, цагдаагийн хувцастай хүн ирээд надтай уулзаад эмчийг нь хагалгаанаас гарч ирэхээр нь хэлээрэй, би эмчтэй нь уулзана гэж хэлсэн, өөр цагдаагийн хүн ирж уулзаагүй. Э.Отай цагдаагийн хүн ирж уулзаагүй гэж бодож байна, тухайн үед бид нар хамт сууж байсан юм...” /3-р хх-ийн 169-170/ гэсэн,

 

Гэрч Н.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Үүрээр 06 цагт үл таних залуу ирээд танай хотхоны хяналтын камерын бичлэгийг ухрааж үзэх гэсэн юм гэхээр нь би чаддаггүй, СӨХ-ны дарга 09 цагт ирнэ, тэгэхээр нь ухрааж үзээрэй гэж хэлээд тэр хүнийг явуулсан. Мөн 08 цагийн үед эмэгтэй хүн ирээд камер шалгах гэсэн юм гэхээр нь би ажлуулж чадахгүй, СӨХ-ны дарга ирэхээр нь та шүүгээд үз гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнээс юу болсон талаар асуухад хоёр хүн хоорондоо зодолдоод нэгнийгээ хутгалсан гээд намайг дагуулж 103, 106 дугаар байрны голд очоод автомашин явдаг зам дээр цус мэт хүрэн өнгийн зүйлийг харуулсан. Тэгээд СӨХ-ны даргын орлогч Ихбаяр ирээд та ажлаасаа бууж болно гэхээр нь ажлын байраа дараагийн ээлжний хүнд хүлээлгэж өгөөд явсан. Манай СӨХ-ны дарга над руу утсаар яриад таныг ээлжтэй байхад хотхонд ноцтой зүйл болсон байна, ажлаас халлаа гэж хэлсэн.

...07-08 цагийн үед харуулын байраа цэвэрлэж байхад хохирогч талын хүн бололтой 30 гаран насны туранхай, 170 орчим өндөр залуу ирээд энд хоёр хүн биенийгээ хутгалсан байна, хяналтын камер ухрааж үзье гэхээр нь би ажлуулж мэдэхгүй, 09 цагт СӨХ-ны дарга ирэхээр шүүлгэ гэж хэлсэн. Мөн намхан биетэй махлагдуу эмэгтэй ирэхээр нь шүүж мэдэхгүй, СӨХ-ны дарга ирэхээр нь шүүлгэж үзээрэй гэж хэлсэн. Намайг ажиллах хугацаанд цахилгаан тасраагүй, хяналтын камерын дэлгэц нь заримдаа хар болчихоод дүрс нь гарахгүй байхаар утсыг нь оролдохоор дүрс нь гардаг байсан. ...Би камерын бичлэгийг ухрааж ажлуулж мэдэхгүй. СӨХ-ны дарга Наранбат гэж хүн камер шүүж өгдөг. ...Хяналтын камерыг СӨХ-ны дарга шүүж үзсэн талаар мэдэхгүй, ээлж хүлээлгэж өгөөд явснаас хойш удаагүй СӨХ-ны дарга утсаар яриад цагдаад очиж мэдүүлэг өг, хяналтын камерын бичлэг байхгүй байна гэж хэлсэн...” /1-р хх-ийн 105-108, 109-111, 112-113/ гэсэн,

 

Гэрч Т.Хашчулуун мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өглөө 07 цагийн үед манай дүү Э.О миний амьдардаг ...Энхжин хотхоны 106 дугаар байрны 22 тоот хаалгыг тогшоод манай нөхөр хүнд хутгалуулаад хагалгаанд орж байна. Гэрт хүүхдүүд байгаа, 09 цагт СӨХ-ны даргыг ирэхээр та камерын бичлэгийг шүүгээд, хуулаад аваарай, сая Чулуунбат камерын бичлэг үзэх гэсэн чинь кодтой, кодыг хамгаалагч нь мэдэхгүй гэж хэлсэн. ...09 цагт Мөнхболдын хамтаар харуулын байранд очиход тэр өдрийн харуул Н.Алтангэрэл СӨХ-ны дарга Наранбат хоёр байсан. Камер ухраагаад бичлэг үзэж байхад хэрэг болсон гэх өдрийн 04 цаг 05 минутаас өмнөх 1 цаг 30 минутын бичлэг байхгүй болсон байсан.

...Субару маркийн машинтай залуугийн гэрт нь орж үзэхэд хэрэг болсон өдрийн бичлэг мөн байхгүй байсан. Тэр залуу мемори картаа аваагүй, дүүрчих юм бол устгаад буцаагаад хийдэг гэж хэлж байсан. ...Бид нар бичлэг үзэх гэхэд гарахгүй болохоор нь борлуулалтын албаас асуухад ...ажилтан ирж үзээд устсан юм шиг байна гээд камер суурилуулалтын компани руу залгаад асуухад нэгдүгээрт тогт тасарсан бол, хоёрдугаарт сүлжээ тасарсан бол бичихгүй, бусдаар бичигдэх ёстой гэж хэлсэн...” /1-р хх-ийн117-119/ гэсэн,

 

Гэрч Н.Батхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Энхжин хотхоны СӨХ-г хүлээлгэн өгөх ажил гараад хотхоны байрны дотор камеруудыг засварлаад бичигч болон хард дискийг шинээр сольж тавьсан, тэгээд энэ бичигч хард дискийг Энхжин хотхоны үүдний харуулын өрөөнд байрлуулж тавиад СӨХ-ны дарга Наранбатад хүлээлгэн өгч байсан. Миний үзэж байгаа бичигч хард диск Энхжин хотхоны харуулын байранд 2018 оны 10 дугаар сард тавьсан бичигч хард диск мөн байна. Би гадна байдал болон JUAN брэндийн 36-тай бичигч, хард нь 2ТВ хэмжээтэй үзүүлэлтээр нь таньж байна. Энэ бичигч хард диск 3 хоног, 12 цаг орчим бичлэг хадгалах боломжтой. Бичлэг дүүрээд хамгийн эхний секундээс бичлэгээ дарж, дахин бичлэг хийх тохиргоогоор ажилладаг, тэгэхээр автоматаар хадгалагдана гэсэн ойлголт байхгүй...” /3-р хх-ийн 163-164/ гэсэн,

 

Гэрч С.Чулуунбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед бичлэг гаргаж үзээгүй, програм уншуулаад устгасан файл байхгүй гэж гарсан гэсэн, бид нар доторх бичлэгийг ерөөсөө үзээгүй, устгасан файл байгааг үзсэн, Б.Санчир гэдэг залуу бичлэг дараад бичсэн тохиолдолд сэргээх боломжгүй гэсэн онош хэлсэн...” /3-р хх-ийн 165-166/ гэсэн,

 

Гэрч Б.Санчир мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өмгөөлөгч А.Батмандах камерын бичлэгээс устгасан байж магадгүй, үзээд өгөөч гэхээр нь бичлэг устгасан байна уу гэж шалгахад бичлэг устсан гэж гарч ирээгүй, дата файл систем рүү хандаагүй, анализ гэхэд файл устаагүй байсан. Би хард дискийг дэлгэцэнд холбож асааж үзээгүй, хард дискийг асаагаагүй, бичлэг үзээгүй, файл дээр нь устгал хийсэн байна уу гэдгийг л үзсэн...” /3-р хх-ийн 167-168/ гэсэн,

 

Гэрч Д.Энхзол мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2011 оноос хойш Монгол Улсын их сургуулийн “Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим”-д багшилж байна. Хатуу диск төхөөрөмжид байгаа бичлэг устгагдсан тохиолдолд сэргээх боломжтойг эхэлж ярья. Үүнд мэдээллийг устгасан бөгөөд тухайн харданд байрлах хэсэг дээр сүлжээ мэдээлэл хуулагдаагүй /бичигдээгүй/ тохиолдолд сэргээх боломжтой байдаг. Энэ нь устгах командаар файлны толгойн буюу тэмдэглэгээний хэсэг устгадаг боловч үлдсэн файл цаанаасаа идэвхигүй /далд/ байдлаар хадгалагдаж байдаг учир толгой сэргээх программын тусламжтайгаар сэргээж авч болдог. Сэргээх боломжгүй тохиолдол нь тухайн файл /бичлэг/-ыг устгасан бөгөөд хуучин файл буюу байрлан хадгалагдаж байсан дискний санах ойд үүсэж бичигдсэнээр далд үлдсэн байж магадгүй файл буюу бичлэг нь бүрэн арилдаг. Иймд хяналтын камер нь дарж бичигдэх тохиргоотойгоор заагдсан төхөөрөмжийг өнгөрөөх юм бол сэргээх боломжгүй байдаг. 3 өдөр 12 цаг тутамд хард дискний бүрэн багтаамжийг ашиглан дарж бичигдэж байдаг тул 4 хоногийн өмнөх бичлэг сэргээгдэх боломжгүй...” /3-р хх-ийн 160-161/ гэсэн,

 

Шинжээч Д.Мөнхбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Дүрс бичлэгийн төхөөрөмж нь хатуу диск буюу дүрс бичлэг хадгалах зориулалт бүхий хатуу диск нь мэдээлэл хадгалахдаа эхнээсээ мэдээлэл хадгалдаг бөгөөд тухайн хатуу дискний багтаамж дүүрсэн тохиолдолд эхэнд хадгалагдсан мэдээллээ дарж дээр нь бичдэг. Overwrite тохиргоо гэдэг нь багтаамж дүүрсэн тохиолдолд дээрээс нь дарж бичих тохиргоо юм. Үзлэг хийхэд тухайн цаг хугацааны 12 камерын дүрс бичлэг байхгүй байсан. Дүгнэлт бичихдээ бичилтийн алдаанаас дүрс бичлэг хадгалагдаж байна гэж бичсэн байна. Тухайн төхөөрөмжийн заагдсан цаг хугацааны бичлэгийг үзэхэд техникийн алдаанаас дүрс бичлэг бичигдээгүй, эсвэл устгагдсан мэдээлэл бүртгэгдээгүй байсан. ...JA-N6236-2 маркийн дүрс бичлэгийн хувьд хийх зүйлийн түүхийг устгах боломжгүй байдаг. Энэ төхөөрөмжид асаасан, унтраасан, устгасан түүх байхгүй байсан. ...Түүхийг устгах боломжгүй. Төхөөрөмжинд 2019 оны 6 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагаас 05 цагийн хооронд дахь бичлэг байгаагүй. Төхөөрөмжийн түүхээс үзэхэд анхнаасаа бичлэг байгаагүй. Төхөөрөмжинд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагаас 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх бичлэг хадгалагдаж байсан. Тэгэхээр тухайн цаг хугацааны бичлэгийг дараалсан бичлэг дарж бичсэн байх боломжтой...” /1-р хх-ийн 178-182/ гэсэн,

 

Шинжээч О.Болороо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Шинжилгээгээр амь хохирогч Д.Бын цогцост шинжилгээ хийсэн, шинжилгээгээр хэвлийн хөндий нэвтэрч, сэмж, хөндлөн гэдэс, нойр булчирхай, толгойн хэсгийг гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдсон. Уг шарх гэмтлийн улмаас нойр булчирхайн идээт, хэвлийн гялтангийн үрэвслийн улмаас нас барсан болно.

Нойр булчирхайн толгойн хэсэгт үүссэн шарх гэмтлийн улмаас нойр булчирхай пермент ялгарч нойр булчирхайн ойролцоох эрхтэн хэвлий хөндийн эрхтнүүдийг түлж, үхжүүлж, үрэвслүүлсэн зэрэг үйлчилгээ үзүүлнэ, ингэж үхжүүлсэний улмаас үхжсэн эсүүд идээлж хэвлийн гялтанг цочроож хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл үүсгэнэ. Мөн нойр булчирхай ялгарсан пермент нь хэвлийн гялтанг шууд цочроож үрэвсүүлдэг. Өвчний түүхээс харахад эмнэлгийн байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй.

...Гэрэл зургийн үзүүлэлт, өвчтөний хагалгааны тэмдэглэл, шинжилгээний тэмдэглэлээр талийгаачийн хэвлийд учирсан хутганы гэмтэл нь доороос дээш, баруун дээш чиглэлтэй байна. Толгойн ар хэсэгт учирсан гэмтэл нь задлан шинжилгээний үед эдгэрсэн байсан, хутганы шинжийг тогтоох боломжгүй байна...” /4-р хх-ийн 30, 131-133/ гэсэн,

 

Шүүгдэгч П.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн үед өөрийн түр оршин суух Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхоны 103 дугаар байрны 56 тоот гэрийнхээ тагтан дээр тамхи татаад зогсож байсан чинь оюутан ангийн найз Д.Б хүүхдийн тоглоомын талбай дээр сууж байсан. ...Д.Б эхнэртэйгээ хүүхдүүдээ салхилуулж байна гэж хэлэхэд эхнэр нь цаанаа хүүхдүүдтэйгээ хамт байсан. ...Д.Б бид хоёр ярилцаад Б.Өлзийбаярын гэр болох Цайз 16 хороололд очиж байрных нь гадаах дэлгүүрээс ...архи, сүү, ундаа авч Б.Өлзийбаярын гэрт нь ороод юм яриад сууж байхдаа авч очсон архиа ууж дуусгасан, Б.Өлзийбаяр нэмж архи гаргаад задлаад надад хийж өгөхөөр нь би сахартай учраас 4-5 хундага архи уусан, би аль болох архи уухгүйг хичээсэн, тэгээд бид гурав архиа хувааж уугаад дуусгасан. Б.Өлзийбаяр гурвуулаа нэг газар дуу дуулцгаая гэхэд нь Д.Б бид хоёр зөвшөөрөөд Баянзүрх захын хажууд байдаг Жулиа нэртэй караокед шөнө 01 цагийн орчим вип өрөө болох 1 номерын өрөөнд ороод ...архи, ус, ундаа захиалаад дууд дуулаад сууж байхад Д.Б агсраад над руу дайрч давшлаад хэл амаар доромжлоод байхаар нь гэр рүүгээ явлаа гэхэд намайг явуулахгүй гээд байсан. Тэгээд хувцаснаас татаад нүүр рүү гараараа түлхэж байсан, би дахиад явлаа гээд үүдний хэсэгт очиход Д.Б араас татаж чангаагаад “чи амжихгүй шүү, чи чадахгүй шүү, хужаагийн шээс, баньд” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би 1 номерын өрөөний цаана байсан өрөө рүү орсон, Д.Б араас дагаж орж ирээд араас татаж чангаагаад хүзүүнээс татаад байхаар нь би тэр өрөөнөөс гараад өөрсдийнхөө анх орсон өрөө рүү орохоод араас дагаж орж ирээд түлхээд намайг буйдан дээр унагаасан, би тэр үед юм яриагүй, тэгээд хажууд сууж байснаа миний зүүн гарын долоовор хурууны эхний үеийг амандаа хийгээд хазсан, тэгэхэд нь би уурлаад босч бид хоёр хоорондоо зодолдсон. Тэгээд хамгаалагч залуу болон Б.Өлзийбаяр нар салгаад намайг үүдний коридорт гаргаж ирээд байж байхад Д.Б хужаагийн шээс би чамайг хутгалж ална, хэд шаахыг хараарай гээд байсан, би явах гээд текэн дээр очиход утас байхгүй байхаар нь хамгаалагч залууд хандаж ахынх нь утас байхгүй байна, чи өрөөнд ороод ахынхаа утсыг аваад ир гээд явуулахад өрөө цэвэрлэж байсан зөөгч энд нэг утас байна, мөн үү гэхэд Д.Б хажуунаас булааж аваад газар шидсэн, тэгээд Д.Б цаанаас би чамайг хутгалж ална гэхээр нь би өөдөөс нь чи амжих уу гэж хэлэхэд Д.Б халаасаа тэмтэрч байснаа хоёр тийшээ хараад ширээн дээр байсан стакан аваад гүйж ирээд миний толгой руу цохисон, тэгээд бид хоёр зодолдоход хамгаалагч ирээд Д.Быг аваад гарсан, намайг Б.Өлзийбаяр татаж салгаад тайвшруулж байсан. Тэр үед миний футболка урагдсан байсан болохоор би цамцаа өмсөөд хамгаалагч намайг тайвшруулаад 10-20 минутын дараа гадаа гарахад Б.Өлзийбаяр, Д.Б хоёр гадаа зогсож байсан. Юу гэж ярьснаа санахгүй байна, Д.Б намайг хүзүүдэж аваад ертөнцийн зүгээр хойд зүг рүү чиглээд алхсан, замын хажууд очоод Д.Б над руу ална гээд дайраад байсан, тэгэхээр нь би Бөхийн өргөө чиглээд зугтаасан. Б.Өлзийбаяр, Д.Б хоёр үлдсэн, би байран дундуур алхаж байгаад 13 дугаар хорооллын дундах Натурын зам гэж хүмүүс яриад байдаг гүүрний хажууд очиж замын хажууд гараа өргөхөд саарал өнгийн приус-20 машин зогсохоор нь би суугаад өөрийн түр оршин сууж байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхоны хашаа руу орж байхдаа хүргэн дүү Батдалайгийн гар утас болох 93000707 дугаарт залгаж хүргэн утас авахаар нь очиж байна, таксины мөнгө аваад гараад ир гэж хэлээд такситай Энхжин хотхоны 103, 106 дугаар байрны голд зогссон, би жолооч ахад хандаж, би машинаас чинь буугаад зогсож байя гээд тэр ах итгэхгүй байж магадгүй гээд өөрийнхөө машины түлхүүрийг гаргаж ирээд товчлуур дарсан чинь миний машины дохионы гэрэл нь ассан, тэгээд тэг тэг гээд би машины баруун тал руу буухад 106 дугаар байрны булангийн харалдаа авто машины зогсоол дээр байсан машины ар талаас Д.Б чамайг ална гээд хүрээд ирсэн. Тэгээд миний шилэн хүзүүнээс татаад өөр рүүгээ ойртуулсан, тэр үед баруун гарт нь хутга харагдах шиг болсон. Тэгээд миний зүүн хөхний доод хэсэгт хутгалсан, би шоконд ороод болсон үйл явдлыг санахаа байсан, нэг мэдэхэд манай охин дүү хажууд суучихсан уйлаад байсан.  

...Тухайн үед намайг хүзүүнээс татахад би хутгыг нь харсан. Тэгээд би хутгалчихлаа гэж бодсон. Тэр үед Д.Б үгийн зөрүүгүй шилдэж дараад хутгасан. Хэрэв Д.Б ямар нэг юм яриад үйлдэл хийсэн бол би хутгатай гэдгийг мэдээд зугтаах байсан. Тэгээд би Д.Бын хутгатай гарнаас нь бариад ноцолдсон, яг юу болсноо сайн санахгүй байна, тэр үед намайг хутгалчихаар нь шоконд орсон байсан.

...Эмнэлгийн машин ирчихсэн байсан, тэрнээс өмнө манай хүргэн гарч ирсэн, таксины жолооч миний ярьсан дугаар луу залгаж юу болоод байгаа талаар хэлээд хурдан гарч ир гэсэн юм билээ. Би гэртээ ороогүй, замаараа ямар нэг айлаар ороогүй шууд ирсэн, тэгэхээр нь би хутга барьж гарч ирэх үндэслэл байхгүй. Харин Д.Б хутга барьчихсан гарч ирсэн, тэр үед би хутгыг анзаараагүй, хутгалах үед хутгыг нь харсан...” /1-р хх-ийн 203-210, 214-216, 3-р хх-ийн 181-184/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №1630 дугаартай дүгнэлтэд: “..Дүгнэлт: Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр хэвлийн хөндийг нэвтэрч, сэмж, хөндлөн гэдэс, нойр булчирхайн толгой хэсгийг гэмтээсэн шарх, зүүн даланд шарх, хоёр зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд нь ир, үзүүр бүхийн зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, хоёр зовхины цус хуралт нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн перментийн болон идээт үрэвслийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь А/II/ бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. Эмнэлгийн байгууллага үзүүлбэл зохих эмчилгээ, үйлчилгээг үзүүлсэн байна...” /1-р хх-ийн 152-156/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №7222 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.Бын биед хэвлийн зүүн хэсэгт нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт их сэмжний хатгагдсан шарх, хөндлөн гэдэсний сүбэгдсэн шарх, нойр булчирхайн их биеийн хатгагдсан шарх, чацархайн хатгагдсан шарх, хүзүүний ар хэсэгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” /1-р хх-ийн 160/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №909 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Бын биед хэвлийн зүүн хэсэгт  нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, их сэмжний хатгагдсан шарх, хөндлөн гэдэсний сүбэгдсэн шарх, нойр булчирхайн их биеийн хатгагдсан шарх, чацархайн хатгагдсан шарх, хүзүүний ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон байна. Дээрх гэмтэл нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хагалгааны тэмдэглэлд тусгагдсан гэмтлүүд болно. Хүзүүний ар хэсэгт хатгагдсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хэвлийн зүүн хэсэгт нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, их сэмжний хатгагдсан шарх, хөндлөн гэдэсний сүбэгдсэн шарх, нойр булчирхайн их биеийн хатгагдсан шарх, чацархайн хатгагдсан шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /1-р хх-ийн 163-164/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №7285 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. П.О-ын биед зүүн 7, 8-р хавирганы мөгөөрсөн эдийн хугаралт, зүүн хавирганы нум орчимд шарх, хоёр зовхи, дух, зүүн бугалга, баруун тохой, цээжинд цус хуралт, хуйх, баруун сарвуу, зүүн долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх 7, 8-р хавирганы мөгөөрсөн эдийн хугаралт, зүүн хавирганы нум орчмын шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” /1-р хх-ийн 167/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын бактериологийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №3880 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Хар саарал өнгийн ясан бариултай хутган дээр цус илэрсэн. Цусын бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Цусан толбо тогтоод хэдий хугацаа өнгөрснийг тогтоох боломжгүй...” /1-р хх-ийн 171-172/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №3499 дугаартай  дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмж нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжинд 2019-06-10-ны шөнийн 01:00 цагаас 2019-06-10-ны шөнийн 05:00 цагийн хоорондох нийт 12 хяналтын камерын дүрс бичлэг хадгалагдаж байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмж нь бичлэг хийж хадгалах зориулалт бүхий 1863 GB багтаамжтай хатуу дисктэйгээс 1863 GB хэмжээтэй дүрс бичлэг хадгалагдаж байна. Дүрс бичлэг хийгдэж хатуу дискийн багтаамж дүүрсэн тохиолдолд дарж бичихээр /overwrite/ горимд тохируулагдсан байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжийн системийн цагийг шалгаж үзэхэд Улаанбаатар хотын цагаас 32 минутаар хоцорч байна. 5. Хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжөөс устгагдсан дүрс бичлэг сэргээх техникийн болон програм хангамжийн нөхцөл боломж одоогоор байхгүй. Дүрс бичлэгийн төхөөрөмжид хийгдсэн үйлдлийн түүх /LOG/ шүүж үзэхэд техникийн алдаанаас, эсвэл санаатай устгагдсан эсэх мэдээлэл бүртгэгдээгүй байна...” /1-р хх-ийн 175-177/ гэсэн дүгнэлтүүд,

- Дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 19/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 20-26, 27-29/,

- Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 30-34/

- Д.Бын биед хийсэн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 35-36/,

- П.О-ын биед хийсэн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 37-38/,

- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 40/,

- Камерын бичлэгтэй сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 41-56/,

- Амь хохирогч Д.Бын хувийн байдалтай холбоотой өвчний түүхийн хуулбар /2-р хх-ийн 11-178/, нас барсны гэрчилгээний хуулбар /3-р хх-ийн 7/, гэрлэлтийн бүртгэл, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /3-р хх-ийн 9-13/, ажлын газрын тодорхойлолт, тушаалууд /3-р хх-ийн 14-16/, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбарууд /3-р хх-ийн 17-19/, эрүүл мэндийн үзлэгийн хуудасны хуулбарууд /3-р хх-ийн 20-31/,

- Хохирлын баримтууд /3-р хх-ийн 33-103, 4-р хх-ийн 183-187/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /3-р  хх-ийн 155/,

- 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хард дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 156-159/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О, гэрч Г.Даваажав нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /3-р хх-ийн 171-174/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /3-р хх-ийн 177-179, 4-р хх-ийн 97-99/,

- Шүүгдэгч П.О-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 186-198/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 206-211/,

-  Шүүгдэгч П.О-ын өмгөөлөгч Б.Баттөрөөс хэрэгт хавсаргуулахаар гарган өгсөн бичлэг бүхий 1 ширхэг сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 229-230/,

- Гэрч Г.Даваажавын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 3-5/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оы орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 6-13/ гэсэн,

- Шүүгдэгч П.О-ын дүү буюу гэрч П.Цолмонгийн гэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 14-19/,

- Гэрч Ч.Отгонжаргалын Хаан банкны 5920041025 тоот дансны 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хуулга /4-р хх-ийн 135-142/,

- Шүүгдэгч П.О-ын хувийн байдалтай холбоотой гэрч Ш.Орхонбаатар, Б.Эрдэнэцэцэг, Э.Отгонпүрэв, М.Насанжаргал нарын мэдүүлэг /1-р хх-ийн 120-122, 123-125, 126-127, 134-135/,  төрөл садангийн зурагт лавлагаа /2-р хх-ийн 180-182/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 183/, иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 184/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-ийн 185/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 186/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /2-р хх-ийн 187/, Монгол улсын хилээр орсон, гарсан лавлагаа /2-р хх-ийн 192/, банкны дансны хуулга /2-р хх-ийн 209-212, 3-р хх-ийн 2-4/, өвчний түүхийн хуулбар /2-р хх-ийн 218-234/, шагнал урамшууллын хуулбар /2-р хх-ийн 237-239/, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /2-р хх-ийн 240-244/, боловсролын гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 244-248/ оршин суух хаягийн тодорхойлолт /2-р хх-ийн 249/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 250/, ажил байдлын тодорхойлолт /3-р хх-ийн 204-205/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, П.О-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас П.О-ыг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхоны гадна Д.Бтой маргалдаж, улмаар түүний хэвлийнд нэг удаа, хүзүүнд хоёр удаа хутгалж алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, П.О-ын холбогдсон хэрэгт хууль ёсны болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэсэн болно.

 

Хэргийн талаар болсон үйл явдал:

П.О-, амь хохирогч Д.Б нар нь Үндэсний биеийн тамирын дээд сургуульд 2001 оноос 2005 оны хооронд 4 жил хамт суралцаж төгссөн, оюутан ангийн найзууд.

2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 19-20 цагийн орчим П.О- тамхи татахаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхоны 103 дугаар байрны 56 тоотын тагтан дээр гарсан, энэ үед байрны гадаа талбайд амь хохирогч Д.Б, эхнэр Э.Оы хамт хүүхдүүдээ салхилуулаад явж байхыг хараад тагтан дээрээс амь хохирогч Д.Быг дуудаж, улмаар уулзахаар гэрээс гарч, гадаа талбайд П.О-, амь хохирогч Д.Б нар уулзаж, оюутан ахуй цагт болж байсан зүйлсийг ярилцсан. Ингэж ярилцаж байхдаа тэд хамт сурч байсан Б.Өлзийбаяр руу залгаж, Б.Өлзийбаярын гэрт уулзахаар тохирч, гэрт нь очихдоо архи, сүү авч очсон, Б.Өлзийбаяр, П.О-, амь хохирогч Д.Б нар Б.Өлзийбаярын гэрт 0,75 литрийн хоёр шил архи хувааж уугаад үргэлжлүүлэн караоке орохоор тохиролцож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жулиа нэртэй караоке орж, архи, ус, ундаа захиалж, үйлчлүүлсэн байна. Жулиа нэртэй караокед байхдаа П.О-, амь хохирогч Д.Б нар маргалдаж, зүй зохисгүй үгээр нэгнийгээ хэлж, харааж, бие биенийхээ биед халдаж, зодолдож байсныг баарны зөөгч болон хамт явсан найз Б.Өлзийбаяр нар болиулж, салгаж байсан, улмаар П.О- баарны гадаа байхдаа амь хохирогчоос зугатааж Бөхийн өргөөгийн хажуугаар ертөнцийн зүгээр урагш байрнуудын дундуур явган явж, улмаар Натур төвийн арын замаас таксинд сууж Энхжин хотхонд хүргүүлсэн.

Энэ үйл явдалтай зэрэгцээд Б.Өлзийбаяр, амь хохирогч Д.Б нар Жулиа караокены арын замаас такси барьж Б.Өлзийбаяр амь хохирогч Д.Быг гэрт нь хүргэж өгье гэхэд дургүйцэн тухайн таксинаас Б.Өлзийбаяр буусан, амь хохирогч Д.Б суусан байсан таксигаар Энхжин хотхонд гэртээ хүргүүлсэн. Амь хохирогч Д.Б гэртээ орж угаалгын өрөөндөө нүүр, гараа угаахдаа өөрийгөө толинд харж, П.О-ад зодуулсандаа уурсаж, П.О-тай уулзана гэж гэрээс гарахад П.О- такситай Энхжин хотхонд ирсэнтэй таарч, П.О-ыг таксинаас буухад “чи ямар овоо болсон юм бэ” гэж хашгиран түүний толгойн ар хэсэг, шилэн хүзүүнээс татаж, дарж цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалахад П.О- амь хохирогчийн хутгатай гартай ноцолдож, хамт газар унахдаа амь хохирогчийн хэвлийнд нэг удаа, шилэн хүзүүнд хоёр удаа хутгалан, П.О- гартаа барьсан байсан хутгыг таксины жолооч А.Жамсранжав руу шидэхэд таксины жолооч А.Жамсранжав шидсэн хутган дээр гишгэсэн, П.О-, амь хохирогч Д.Б хэн аль нь хутгалагдсан байдалтай газар хэвтэж байхад цагдаа, түргэн тусламж ирж, түргэн тусламжийн эмч П.О-, амь хохирогч Д.Б нарт анхан шатны үзлэг хийж, улмаар түргэний машинаар Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн, эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байна. Уг үйлдлийн улмаас Д.Б хэвлийн хөндийг нэвтэрч, сэмж, хөндлөн гэдэс, нойр булчирхайн толгой хэсгийг гэмтээсэн шарх авч, эмчилгээ хийлгэж байгаад хэвлийн хөндий нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн перментийн болон идээт үрэвслийн улмаас олон эрхтний дутагдалд орж 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нас барсан үйл баримт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 03:43:42 цагт ирсэн дуудлагын бүртгэл лавлагаа /1-р хх-ийн 19/,

- 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /1-р хх-ийн 20-26/, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 27-29/,

- 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /1-р хх-ийн 30-34/, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /1-р хх-ийн 35-38/,

- 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр камерын бичлэгтэй сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 41-56/,

- Нас барсны гэрчилгээний хуулбар /3-р хх-ийн 7/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /3-р хх-ийн 177-179, 4-р хх-ийн 97-99/,

- Амь хохирогч Д.Бын “...Гэнэт ухаан орох үед гэртээ ариун цэврийн өрөөнд гар нүүрээ угааж байсан. Толинд нүүрээ харахад нүүр битүү хавдартай, хөхөрсөн байсан. Тэгээд П.О-ыг хөдөө явна гэж байсан тул гэрт нь орж уулзъя гэж бодоод орцны гадаа ганцаараа гарч ирэхэд П.О- саарал өнгийн машины арын суудал дээр суусан харагдсан...” /1-р хх-ийн 59-62/ гэсэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оы “...Манай нөхөр ойрхон найзындаа очоод ирье гэхээр нь битгий оройтоорой гэж хэлсэн. Тэгээд хүүхдийнхээ хамт унтаж байхад шөнийн ...03 цаг өнгөрч байхад утас дуугараад танихгүй дугаараас нөхөр Д.Б залгаад таксины 10.000 төгрөг аваад гараад ир гэсэн. Тэгээд надад бэлэн мөнгө байхгүй болохоор би гар утсаа аваад гарахад шатаар нөхөр Д.Б таксины жолоочийн хамт гарч ирж байсан. Тэгээд шатан дээр зогсож байгаад таксины мөнгийг нь шилжүүлээд нөхөр Д.Быг аваад гэртээ орсон. Гэрт ороод нөхөр цамцаа тайлаад ариун цэврийн өрөө орсон. Ариун цэврийн өрөөнд Д.Б гар нүүрээ угаагаад толинд өөрийгөө хараад намайг ийм болгосон байхдаа яахав дээ, ийм царайтай хүүхдүүддээ яаж харагдах юм гээд коридорт өлгөөтэй байсан ногоон куртикээ авахаар нь би яах гэж байгаа юм бэ гэсэн чинь П.О- маргааш эхнэр, хүүхэд рүү гээ Булган аймаг явна, одоо очиж уулзчихаад ирье гээд куртикээ өмсөж байхад манай бага хүүхэд уйлсан. Нөхөр Д.Б удахгүй гээд гараад явсан, би хүүхэд рүүгээ явсан. Тэгээд хүүхдээ хөхүүлээд байж байхад гадаа чи хэзээ ийм байсан юм бэ гээд эрэгтэй хүний дуу гарсан. Тэгээд би хүүхдээ үлдээгээд байрны гадаа гарахад 103, 106 дугаар байрны дунд манай нөхөр Д.Б зогсоолд байсан машины ар талд хөндлөн хэвтэж байсан...” /1-р хх-ийн 64-67/ гэсэн,

Гэрч Б.Өлзийбаярын “...Орой 21 цагийн орчим манай ангийн найз П.О- яриад Д.Б бид хоёр байрныхаа гадаа хамт сууж байна, чи хаана байна гэхээр нь гэртээ дөнгөж орж ирж байна гэхэд бид хоёр танайд удахгүй очно гэхээр нь зөвшөөрсөн, тэгээд 22 цаг өнгөрч байх үед П.О-, Д.Б нар нэг шил архи аваад манай гэрт ирэхэд нь бид гурав 0.75 литрийн хоёр шил архи хувааж уусан. Тэгээд шөнийн 01 цагийн орчим манай гэрээс гараад караокед орж архи, ундаа, ус аваад дуу дуулж байх үед П.О-, Д.Б нар юм ярьж сууж байгаад гэнэт П.О-, Д.Бын нүүрэнд нь цохиж Д.Б зөрүүлж нүүрэнд нь цохиж зодолдож эхэлсэн, би дундуур нь орж салгаад Д.Быг өрөөнөөс авч гарах үедээ карт уншуулж тооцоогоо хийгээд Д.Быг гадаа аваад гарсан юм. Ингээд гадаа гараад зогсож байтал араас П.О- гарч ирээд дахин маргалдаж байгаад бие биенийгээ цохиж эхэлсэн, би мөн дундуур нь орж салгах үед П.О- ертөнцийн зүгээс баруун тийш алхаад явсан, харин би Д.Быг аваад хойшоо төв зам руу дагуулж яваад таксинд суулгаж өгөөд өөрөө такси бариад Цайз-16 руу Саруул тэнгэр хотхонд гэртээ очихоор явсан...” /1-р хх-ийн 91-93, 94-96/ гэсэн,

Гэрч Б.Жамбалсанжидын “...Ажлаа хийж байхад 01 цагаас 02 цагийн хооронд зөөгч Цэрэндолгор гарч ирээд караокед хүмүүс муудалцаад байна, хамгаалагч авъя гэж хэлэхээр нь би яваад очсон чинь 1 номерийн караокены өрөөнд гурван хүн байсан, тэгээд том булиа биетэй хоёр эрэгтэй хүн хоорондоо зодолдоод байсан, тэгэхэд зодоонд оролцоогүй нэг залуу салгах гээд дийлэхгүй байсан, би хамжаад тэр хоёрын дундуур ороод салгасан. Тэгэхэд том биетэй булиа ах зодолдсон ах руугаа хандаж “би чам руу хутга шаана, гэрийн чинь гадаа хүлээж байгаад шаана, танайх Энхжин хотхонд байдаг юм байна лээ” гээд орилоод байсан. Хоорондоо зодолдож байсан хоёр хүний нэг намхан тарган биетэй ахыг би өрөөнөөс гаргасан чинь том булиа биетэй ах өрөөнөөс гарч ирээд нийтийн караокены орон дээр зодолдсон. Тэгээд би салгаад гаргасан. Би намхан ахыг аваад хоёр давхарт зогсоод хоёулаа энд байж байя, найзыг чинь явахыг хүлээе, тэгэхгүй бол хоорондоо зодолдож магадгүй гэж хэлчихээд 20-30 минут коридорт зогсож байгаад би цонхоор харахад найз нь яваагүй, гадаа зодоонд оролцоогүй найзтайгаа зогсож байсан. Надтай хамт байсан ах тайвшраад ах нь одоо зодоон хийхгүй, тайвширсан гэхээр нь бид хоёр гадагш гарсан чинь надтай хамт гарсан ах шатны уруу алхаж байхдаа зодолдсон залуугаа нааш ир хоёулаа эвлэрцгээе, зодолдоод яах юм гээд нэгнийхээ мөрөн дээр тэврээд цаашаа алхаад байгууллагын хажуугийн хэсэгт байдаг автомашины зам руу тэр гурав эргээд явсан. ...Тэгээд тэр хоёр зам дээр гараа алдалж зогсоод машинд хоёулаа суугаад явсан...” /4-р хх-ийн 27-29/ гэсэн,

Гэрч А.Жамсранжавын “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өглөө 03 цаг 30 минутын үед 13 дугаар хорооллын Натурын голын замд гүүрний хажууд нэг залуу гараа өргөөд зогсож байхаар нь суулгаад явсан. Тэгээд харахад нүүр нь цус болсон байсан. Тэгээд тэндээс Зайсангийн Энхжин хотхонд очно гэхээр нь Зайсан явсан. ...Тэгээд машинаас буухад хажуу талд байрлуулсан автомашины ар талаар нэг залуу гарч ирээд “чи яасан овоо пизда вэ” гэж хэлээд барилцаад авсан. Тэгээд хоорондоо ноцолдоод эхлэхээр нь би машины цонх хагалчих байх гэж бодоод машинтайгаа хойшоо ухарсан, тэгээд буугаад ирэхэд хоорондоо ноцолдож байгаад миний машинд суусан залуу ахаа энэ хутгыг аваарай гээд миний өөдөөс хутга шидсэн. Тэгээд удалгүй хоёулаа унаад өгсөн...” /1-р хх-ийн 97-98, 99-102/ гэсэн,

Гэрч Ч.Отгонжаргалын “...Тэгээд 03 цаг өнгөрч байхад Хөдөө аж ахуйн яамны урд талын автобусны буудал дээр зогсож байхад намхан биетэй залуу суугаад таксинд явах уу гэхээр нь явна гэхэд Цайз-16 орно гэхээр нь хөдөлсөн чинь буцаад эргэчих, найзыгаа авна гэж хэлсэн. Тэгээд буцаж эргээд Хөдөө аж ахуйн хойд талын автобусны буудал дээр зогсоод нүүр нь хавдсан, цус болсон нэг залууг машинд суучих явья гэхэд тэр залуу машинд суусан. Тэгсэн сүүлд зодуулсан байсан залуу чамтай хамт явахгүй, нэг бол чи буу, эсвэл би буулаа гэхээр нь би анх таксинд суусан залууг чи буучих, би энэ залууг хүргээд өгье гэсэн чинь анх машинд суусан залуу машинаас буусан. Тэгээд би зодуулсан байсан залууг Зайсанд хүргэж өгсөн...” /4-р хх-ийн 129-130/ гэсэн,

Гэрч П.Цолмонгийн “...Шөнө 03 цаг 41 минутын үед манай нөхрийн утас дуугараад нөхөр Батдалай утсаа аваад ярихад ах П.О- таксины жолоочийн утаснаас залгаад Энхжин хотхон руу орж байна, таксины мөнгө аваад гараад ирээч гэсэн. Тэгээд босоод мөнгийг тагтны цонхоор доош шидье гээд цонхоор харахад такси ирчихсэн, машинаас бууж байсан, тэгсэн цаанаас нэг эрэгтэй хүн гарч ирээд хоорондоо ноцолдоод, зууралдаад хашгичаад байсан. Одоо бодоход нөгөө эрэгтэй нь ална гэж байсан байх. Тэгээд би нөхөр Батдалайг хурдан гар гэж хэлээд гаргасан. Тэгэхэд нөхрийн утас дуугараад гарсан, тэгэхэд таксины жолооч залгаад энэ хоёр бие биенээ аллаа, хурдан гарч ир гэж ярьсан байсан. ...Гадаа гарахад ах П.О- газар дээшээ харсан байдалтай, П.О- ахын нүүр амнаас цус гараад, хавдсан, гараа хэвлий хэсэгт тавьсан байдалтай хэвтэж байсан. Нөгөө залуу нь П.О- ахаас 2-3 алхмын зайтай газар доошоо харсан байдалтай хэвтэж байсан...” /1-р хх-ийн 128-130, 131-132/ гэсэн,

Гэрч Г.Даваажавын “...2019 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 04 цагийн үед байх жижүүрээс яаралтай Энхжин хотхон руу яваарай, бие биенийгээ хутгалсан байна гэсэн дуудлага ирсэн, түрүүлээд эргүүлийн машин явуулсан гэж хэлсэн. Бид нар хотхон руу орох гээд өгсөж байхад эмнэлгийн машин зөрөөд гарах гэж байхаар нь эмнэлгийн машиныг зогсоогоод түргэний эмчтэй уулзаж юу болсон болон биеийн байдлыг асуухад түргэний эмч нэг нь цус алдсан байна, яаралтай явахгүй бол болохгүй гэж хэлсэн. Бид нар хэргийн газрын үзлэг хийхэд хоорондоо ноцолдсон гэх газарт зам дээр хутга байхаар нь үзлэгээр хураан авсан. Тэгээд үзлэгээ хийж дуусаад Цэргийн төв эмнэлэг рүү очиход түргэн тусламжаар очсон П.О-, Д.Б хоёрыг хагалгаанд оруулаагүй, уулзах гэхэд эмч нар Д.Быг яаралтай хагалгаанд орууллаа гээд уулзуулаагүй.

...Эмнэлэг дээр Д.Бын гэр бүл хамаатан садан, П.О-ын ар гэрийн хүмүүс ирчихсэн, тус тусдаа сууж байсан. Тэгээд би хоёр талын ар гэрийнхэнтэй нь уулзаж ярилцсан. Нэг давхарт хагалгааны өрөөний үүдэнд Д.Бын эгч, эхнэр гэсэн хоёр эмэгтэйтэй би уулзаад “хутга хаанаас авч гарсан юм болоо” гэж намайг асуухад Д.Бын эхнэр нь “шөнө дунд Д.Б хувцас нь шороо болчихсон, урагдчихсан, нүүр амнаас нь цус гарч хавдсан байдалтай орж ирээд, ариун цэврийн өрөө орж гар нүүрээ угаагаад гал тогооны өрөөнд орж хутга аваад П.О-ын машины 4 дугуйг хагална гээд гараад явсан” гэж хэлсэн. Тухайн үед хоёр талын ар гэрийхэн хагалгааг хүлээсэн, уйлсан, сандарсан байдалтай байсан учир би тухайн үед мэдүүлэг аваагүй. Д.Бын эхнэр энэ талаар тухайн үед надад ярьсан нь үнэн, бид хоёр жоохон зайтай зогсоод ярьж байсан болохоор өөр хүн сонсоогүй байх...” /1-р хх-ийн 148-150/ гэсэн,

П.О-ын яллагдагчаар өгсөн “...Такситай 103, 106 дугаар байрны голд зогссон, би жолооч ахад хандаж би машинаас чинь буугаад зогсож байя гээд машины баруун тал руу буусан чинь 106 дугаар байрны булангийн харалдаа авто машины зогсоол дээр байсан машины ар талаас Д.Б чамайг ална гээд хүрээд ирсэн. Тэгээд миний шилэн хүзүүнээс татаад өөр рүүгээ ойртуулсан, тэр үед баруун гарт нь хутга харагдах шиг болсон. Тэгээд миний зүүн хөхний доод хэсэгт хутгалсан, би шоконд ороод болсон үйл явдлыг санахаа байсан, нэг мэдэхэд манай охин дүү хажууд суучихсан уйлаад байсан.  ...Тухайн үед намайг хүзүүнээс татахад нь би хутгыг нь харсан, тэгээд би хутгалчихлаа гэж бодсон. Тэр үед Д.Б үгийн зөрүүгүй шилдэж дараад хутгасан. Хэрэв Д.Б ямар нэг юм яриад үйлдэл хийсэн бол би хутгатай гэдгийг мэдээд зугтаах байсан. Тэгээд би Д.Бын хутгатай гарнаас нь бариад ноцолдсон, яг юу болсноо сайн санахгүй байна, тэр үед намайг хутгалчихаар нь шоконд орсон байсан...” /1-р хх-ийн 203-210, 214-216, 3-р хх-ийн 181-184/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №1630 дугаартай дүгнэлтэд: “..Дүгнэлт Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр хэвлийн хөндийг нэвтэрч, сэмж хөндлөн гэдэс, нойр булчирхайн толгой хэсгийг гэмтээсэн шарх, зүүн даланд шарх, хоёр зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд нь ир, үзүүр бүхийн зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, хоёр зовхины цус хуралт нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн перментийн болон идээт үрэвслийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь А/II/ бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. Эмнэлгийн байгууллага үзүүлбэл зохих эмчилгээ, үйлчилгээг үзүүлсэн байна...” /1-р хх-ийн 152-156/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №7222 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Д.Бын биед хэвлийн зүүн хэсэгт нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт их сэмжний хатгагдсан шарх, хөндлөн гэдэсний сүбэгдсэн шарх, нойр булчирхайн их биеийн хатгагдсан шарх, чацархайн хатгагдсан шарх, хүзүүний ар хэсэгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” /1-р хх-ийн 160/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №909 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Д.Бын биед хэвлийн зүүн хэсэгт  нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, их сэмжний хатгагдсан шарх, хөндлөн гэдэсний сүбэгдсэн шарх, нойр булчирхайн их биеийн хатгагдсан шарх, чацархайн хатгагдсан шарх, хүзүүний ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон байна. Дээрх гэмтэл нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хагалгааны тэмдэглэлд тусгагдсан гэмтлүүд болно. Хүзүүний ар хэсэгт хатгагдсан шарх нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хэвлийн зүүн хэсэгт нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, их сэмжний хатгагдсан шарх, хөндлөн гэдэсний сүбэгдсэн шарх, нойр булчирхайн их биеийн хатгагдсан шарх, чацархайн хатгагдсан шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /1-р хх-ийн 163-164/ гэсэн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шинжээчийн 2019 оны №1630 дугаартай дүгнэлтээр амь хохирогчийн нас барсан шалтгааныг “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр хэвлийн хөндийг нэвтэрч, сэмж, хөндлөн гэдэс, нойр булчирхайн толгой хэсгийг гэмтээсэн шарх, зүүн даланд шарх, хоёр зовхины цус хуралт гэмтэл тогтоогдсон, дээрх шарх гэмтлүүд нь ир, үзүүр бүхийн зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, хоёр зовхины цус хуралт нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэвлийн хөндий нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн перментийн болон идээт үрэвслийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан” /1-р хх-ийн 152-156/ гэж дүгнэсэн,

шинжээч эмч О.Болороо “...Шинжилгээгээр амь хохирогч Д.Бын цогцост шинжилгээ хийсэн, шинжилгээгээр хэвлийн хөндий нэвтэрч сэмж, хөндлөн гэдэс, нойр булчирхай, толгойн хэсгийг гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдсон. Уг шарх гэмтлийн улмаас нойр булчирхайн идээт, хэвлийн гялтангийн үрэвслийн улмаас нас барсан болно.

...Гэрэл зургийн үзүүлэлт, өвчтөний хагалгааны тэмдэглэл, шинжилгээний тэмдэглэлээр талийгаачийн хэвлийд учирсан хутганы гэмтэл нь доороос дээш, баруун дээш чиглэлтэй байна, хутганы шинжийг тогтоох боломжгүй байна...” /4-р хх-ийн 30, 131-133/ гэсэн мэдүүлэг өгсөн байна.  

Прокуророос шүүгдэгч П.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн дүгнэлт гаргасан.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар амь хохирогч Д.Быг шүүгдэгч П.О- хутгалсан, уг үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан шалтгаант холбоо тогтоогдож, болсон хэрэг үйл явдал, нөхцөл байдалд дүгнэлт хийхэд амь хохирогч Д.Б нь П.О-ын биед халдаж, эхлэж түүнийг хутгалсан, хууль бус довтолгоон хийсэн байна. Тодруулбал амь хохирогч Д.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ П.О-ын халдашгүй, чөлөөтэй байх эрхэд бүдүүлгээр халдаж, таксинаас бууж ирэхэд нь түүний цээжний зүүн хэсэгт хутгалсан үйлдэл нь түүний амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулж байгаа, хууль бус, тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжиж байгаа довтолгоо юм. Мөн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №7285 дүгнэлтээр дүгнэлтээр “...Дүгнэлт: П.О-ын биед зүүн 7, 8-р хавирганы мөгөөрсөн эдийн хугаралт, зүүн хавирганы нум орчимд шарх, хоёр зовхи, дух, зүүн бугалга, баруун тохой, цээжинд цус хуралт, хуйх, баруун сарвуу, зүүн долоовор хуруунд зулгаралт гэмтэл” тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Аргагүй хамгаалалт”-ын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн ...амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан.

Хууль зүйн хувьд тодруулбал аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах үйлдэл ба халдлага нь аюултай буюу амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан үйлдэл, довтолгооны эсрэг хийж буй таслан зогсоох зорилготой үйлдэл юм. Аргагүй хамгаалалт нь зодох, түлхэх, гэмтэл учруулах зэрэг үйлдлүүдээр илэрнэ.

 

Тухайн хэргийн хувьд амь хохирогч Д.Б нь П.О-ыг цээжний зүүн хэсэгт хутгалсан хууль бус үйлдэл хийснийг тэрээр таслан зогсоох зорилгоор, аргагүй хамгаалалт хийх эрх үүссэн ба П.О-ын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учрах, эсхүл хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болгосны улмаас эсэргүүцэн довтолж хохирогчийн биед хутгаар хатгаж, түүний амь насыг нь хохироосон байна.

Мөн шинжээч эмч О.Болороо “...Гэрэл зургийн үзүүлэлт, өвчтөний хагалгааны тэмдэглэл, шинжилгээний тэмдэглэлээр талийгаачийн хэвлийд учирсан хутганы гэмтэл нь доороос дээш, баруун дээш чиглэлтэй...” гэсэн нь хутганы гэмтэл нь доороос дээш чиглэлтэй хатгагдсан гэмтэл ба, П.О- мэдүүлэхдээ “...Зогсоол дээр байсан машины дундаас Д.Б чамайг ална гээд хүрээд ирсэн, тэгээд миний шилэн хүзүүнээс татаад өөр рүүгээ ойртуулсан, тэр үед баруун гарт нь хутга харагдах шиг болсон. Тэгээд миний зүүн хөхний доод хэсэгт хутгалсан, би хутгатай гартай ноцолдсон” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь П.О- амь хохирогч Д.Бод хутгалагдсаны дараа хутгатай гартай ноцолдож байхдаа хутгыг өөрөөсөө зайлуулахдаа тонгойсон байдалтайгаар амь хохирогч Д.Бын биед хутгыг доороос дээш чиглүүлж хутгалсан нөхцөл байдлын хувьд тохирч байгаа зэргээр уг гэмт хэргийг санаатай хүнийг алсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, амь хохирогчийн бодитой хүч хэрэглэсэн шинжтэй үйлдэл нь аргагүй хамгаалалт хийх үндэслэл болсон байх тул шүүгдэгч П.О- нь өөрийн эрүүл мэнд, амь насыг аюулаас хамгаалсан үндэслэл тогтоогдож байна.

Иймд дээрх үйл баримт, хууль зүйн үндэслэлээр улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч П.О-ад холбогдох хэргийг “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Аргагүй хамгаалалтаас учирсан гэм хорыг арилгах үүргийг уг үйлдэл хийсэн этгээд хүлээхгүй тул амь хохирогчийн оршуулгын болон олох байсан орлого, бусад зардалд нэхэмжилсэн 1,090,742,651 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шүүхийн шатанд П.О- хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид амь хохирогчийн эмчилгээний зардалд зарцуулсан 24,522,285 төгрөг төлснийг дурдав.

 

Эрүүгийн 1910014600551 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, П.О-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг шүүхийн цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, JUAN гэсэн бичигтэй 1 ширхэг хард дискийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь буцаан олгох нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш овогт П-н О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, П-н О-ыг цагаатгасугай.

 

2. Цагаатгагдсан этгээд П.О- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-д 24,522,285 /хорин дөрвөн сая таван зуун хорин хоёр мянга хоёр зуун наян таван төгрөг/ төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-аас нэхэмжилсэн 1,090,742,651 /нэг тэрбум ерэн сая долоон зуун дөчин хоёр мянга зургаан зуун тавин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн 1910014600551 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, П.О-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, JUAN нэртэй 1 ширхэг хард дискийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь буцаан олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.О-ад урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол П.О-ад авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР

 

              ШҮҮГЧИД                                           С.БАЗАРХАНД

 

                                                                  Х.ОДБАЯР