| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01321/и |
| Дугаар | 151/ШШ2016/01289 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 151/ШШ2016/01289
| 2016 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 151/ШШ2016/01289 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2016/01159/и хэргийн индекстэй
Нэхэмжлэгч: 1956 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Төв аймгийн Архуст сумын Нарст багт оршин суух Буурал овогт Дамирангийн Үнэнбат /РД:ИЕ56030275/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Үнэнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Үнэнбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Миний бие нь цэргийн алба хааж ирээд 1977 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс Завхан аймгийн Завханмандал сумын Шинэ-Амьдрал нэгдэлд бригадын тоо бүртгэгчээр ажилд орж ажиллаж эхэлсэн бөгөөд тус нэгдлийг 1991 оны 12 сарын 26-нд Шинэ-Амьдрал хувьцаат компани болоход хэсгийн түрээсийн захирлаар томилогдон 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 15 жил, 1 сар ажилласан. Энэ 1991 онд орон даяар нэгдлүүд хувьцаат компани болж, бригад нь хэсгийн системд шилжсэн юм. Энэ шилжилтийн үед ажил өөрчлөгдсөн тушаал шийдвэр тодорхой байхгүй учир шүүхэд хандаж байна. Иймд миний Завханмандал сумын Шинэ-Амьдрал нэгдэлд ажилласан 15 жил 1 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дамирангийн Үнэнбат нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Буурал овогт Дамирангийн Үнэнбат нь Завхан аймгийн Завханмандал сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1977 оны 11 сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл бригадын тоо бүртгэгчээр, Завхан аймгийн Завханмандал сумын Шинэ-Амьдрал хувьцаат компанид 1991 оны 12 сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл түрээсийн захирлаар тус тус ажиллаж байсан болох нь:
Завхан аймгийн Завханмандал сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1977 оны 11 сарын 02 өдрийн ажилд томилох тухай “...1977 оны 11 сарын 02-ны өдрөөс Дамиран овогтой Үнэнбатыг томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй 28 дугаартай тушаал /хх-7/, Завхан аймгийн архивын тасгийн 2016 оны 04 сарын 25-ны өдрийн А/279 дугаартай Завхан аймгийн Завханмандал сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Хадлан тэжээлийн байнгын бригадад тоо бүртгэгчээр ажиллаж байсан гэх Д.Үнэнбатын 1985 оноос 1989 оны цалин хөлсний тодорхойлолт /хх-9/, Завхан аймгийн Завханмандал сумын Шинэ-Амьдрал нэгдлээс Д.Үнэнбатад олгосон 1981 оноос 1991 оныг хүртэлх цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-10-11/, гэрч Б.Батжаргалын “...1989 онд намайг цэргээс халагдаад Шинэ-Амьдрал нэгдэлд ажилд ороход Д.Үнэнбат нь Завхан аймгийн Завхан Мандал сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Жаргалант бригадын тоо бүргэгчээр ажиллаж байсан. Миний мэдэхээр 1970 орчим оноос эхлээд 1991 он хүртэл тус нэгдэлд ажиллаж байсан. Би багаасаа л Завхан мандал сумандаа төрж өсч, 2000 он хүртэл ажиллаж амьдарч байсны хувьд Д.Үнэнбатыг тус сумын Шинэ-Амьдрал нэгдэлд ажиллаж байх үеийг нь сайн мэднэ...” гэх мэдүүлэг /хх-22/, гэрч Б.Батжаргалын Завхан аймгийн Завханмандал сумын Шинэ-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан 1982 оноос 1993 он хүртэлх хөдөлмөр хөлсний тооцоо /хх-16/, гэрч Г.Баянжаргалын “...Д.Үнэнбат нь 1977 оноос 1991 он хүртэл Завхан аймгийн Завхан Мандал сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Жаргалант бригадад тоо бүргэгчээр, Шинэ-Амьдрал нэгдэл Хувьцаат компани болж өөрчлөгдсөнөөс хойш буюу 1991 оноос 1994 он хүртэл түрээсийн ахлагчаар тус тус ажиллаж байсан болохыг нь мэддэг юм...” гэх мэдүүлэг /хх-23/, гэрч Г.Баянжаргалд Санхүү эдийн засгийн техникумаас 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-19-20/, Д.Үнэнбатад 1978 оны 05 сарын 30-ны өдөр Завхан аймгийн Завханмандал сумын Шинэ-Амьдрал нэгдлээс болон ХЗЭ-ийн үүрээс олгосон “ Дамиран овогтой Үнэнбат танд...”Илгээлтийн эзэн малчдын анхдагч” гэх бичилттэй гэрчилгээ /хх-26/, Завхан аймгийн Завханмандал сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Жаргалант бригадаас 1979 оны 07 сарын 02-ны өдөр Д.Үнэнбатад олгосон барчн бичиг /хх-28/, 1979 онд МАА-н үйлдвэрлэл дээр хүсэлтээрээ гарч амжилт гаргасныг цагаан идээний өдөрлөгөөр бригад дээрээ хүндэтгэн хүлээж авч байгаа байдал гэх тодорхойлолттой 2 гэрэл зураг /хх-28/, Завхан аймгийн Завханмандал сумын Шинэ-Амьдрал нэгдлээс 1980 оны 07 сарын 11-ний өдөр Д.Үнэнбатад олгосон баярын бичиг /хх-29/, 1980 оны хавар Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаар Улс Ард Аж ахуйн 1981 оны төлөвлөгөөг угтан авах уриалгыг хүлээн авч байх үед гэх тайлбартай гэрэл зураг /хх-30/, Завхан аймгийн Завханмандал сумын Шинэ-Амьдрал нэгдлээс 1991 оны 07 сарын 10-ны өдөр Д.Үнэнбат, н.Түмэнбаяр нарт олгосон диплом /хх-31/ Завхан аймгийн Завханмандал сумын Шинэ-Амьдрал хувьцаат компанийн захирлын 1992 оны 12 сарын 01 өдрийн ажлас чөлөөлөх тухай “...Д.Үнэнбат... нарыг1992 оны 12 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон түрээсийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэх бичилттэй 17 дугаартай тушаал /хх-6/, Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэлийн архивын 2016 оны 04 сарын 11 өдрийн 44 дугаартай “ Завханмандал сумын “Шинэ-Амьдрал” ХК 79286 дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгдэж, 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр татан буугдсан байна” гэх бичилттэй лавлагаа /хх-8/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Дамирангийн Үнэнбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Буурал овогт Дамирангийн Үнэнбатыг Завхан аймгийн Завханмандал сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1977 оны 11 сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл бригадын тоо бүртгэгчээр, Завхан аймгийн Завханмандал сумын Шинэ-Амьдрал хувьцаат компанид 1991 оны 12 сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл түрээсийн захирлаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ