| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0369/Э |
| Дугаар | 382 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 382
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч У.Батцэцэг, нарийн бичгийн дарга Б.Мичидмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н овогт Т-ийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910027580218 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 02 сар баривчлах ялаар,
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 07 жил 01 сар хорих ялаар шийтгэснийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай захирамжаар 02 жил 01 сарын хорих ял болгож дүйцүүлэн хассан тул, эдлээгүй үлдсэн 2 жил 07 сар 22 хоногийн хорих ялаас чөлөөлж суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, Т-ийн Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамт архи уусан Г.Э-гийн гээгдүүлсэн монетон бөгжийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээний буюу 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” зах дотор 1-66 тоот лангуу руу нэвтэрч иргэн Н.Ц-ын 13 ширхэг мөнгөн аягыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,170,000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 34 дүгээр Ерөнхий боловсролын сургуулийн цайны газрын вакум цонхыг түлхэн орж 40 кг хонины цул мах, 20 уут кофе нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 371,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Т.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, архи уусан үедээ гэмт хэргүүдийг үйлдсэндээ харамсаж байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Э.Ч- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуульд цайны газар ажиллуулдаг бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орой 18 цагийн үед цайны газартаа хоол хийх хонины 40 кг махыг Нарантуул, Баянзүрх захаас авч цайны газраа авчирч хөргөгчинд хийсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө цайны газраа нээж хөргөгчинд хийсэн байсан махаа гаргаж хоол хийх гэхэд мах алга болсон байсан. Тэгсэн манай цайны газрын цонхны салхивч онгорхой байсан. ...Бид орой тарахдаа цайны газрын цонхоо хааж явсан бөгөөд өглөө ирэхэд заалны хэсгийн цонхны салхивч онгорхой байсан. Салхивчны түгжээ хугарсан байдалтай хүний гутлын мөр цонхны тавцан дээр үүссэн байсан...” /хх-ийн 20-21/ гэсэн,
Хохирогч Н.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 22-ны орой 19 цагт Хархорин худалдааны төв хаах болж би лангуугаа түгжээд гарсан. Тэгээд удаагүй байхад хажуу лангууны хүмүүс залгаад танай лангуунд хулгай орсон байна, хулгай хийсэн хүнийг барьсан, хүрээд ир гэхээр нь би очиж шалгахад хойд хананд өрсөн байсан 13 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан...” /хх-ийн 99/ гэсэн,
Хохирогч Г.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн орчим ээлжнээсээ буугаад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэвэлийн дэлгүүрийн гадаа зүс таних Т.Б гэх залуу надад архи аваад өгчих гэхээр нь дэлгүүрээс 0,5 литрийн архи авч өгсөн. ...Тэгтэл манайх ойрхон хоёулаа манайд очиж сайхан танилцья гэхээр нь гэр рүү нь хамт очсон. Гэрт нь ороход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн унтаж байсан бөгөөд эрэгтэй нь босч ирээд бид хоёртой архи ууж байгаад буцаад унтчихсан. Ингээд бид хоёр юм ярьж байгаад би нилээн согтоод Т.Бтэй маргалдаж, уурандаа бөгжөө тайлаад гэрийн хоймор руу шидчих шиг болсон. Дараа нь бөгжөө хайхад миний бөгж олдохгүй байхаар нь би яваад өгсөн...” /хх-ийн 175-177, 178-179/ гэсэн,
Гэрч М.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай захирал 7 хоног бүрийн Ням гарагт бараа материалаа татаж авдаг. Энэ 7 хоногт Мягмар, Лхагва гарагт амарна гээд 40 кг мах авсан. ...Өнөө өглөө 07 цаг 10 минутын үед мах хөшиглөх гээд хөлдөөгчөө онгойлгоход татсан мах 3,500 грамм, татаагүй бүхлээрээ 1,500 грамм мах байсан өөр мах байгаагүй. Тэгэхээр нь би нөгөө хэдийгээ махаа энд тэнд тавьсан юм болов уу гэж бодоод хүлээсэн. Тэгээд 07 цагийн 40 минутын үед тогооч И.Алтанцэцэг ирэхээр нь махаа асуухад та тоглоод байгаа юм уу, өчигдөр таны хэлснээр бэлдээд тавьсан гэж хэлсэн. Би захирал руу мах авчирсан эсэх талаар асуухад мах авчирсан, И.Алтанцэцэгээс асуу гэж хэлсэн. Тэгээд И.Алтанцэцэг гарч харуулд манай мах байхгүй байна гэж хэлээд камер шүүсэн...” /хх-ийн 25-26/ гэсэн,
Гэрч И.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн үед угаагч Чимгээ эгчийн хамт цайны газарт ирээд захирал руу залгаж 15 кг мах аваад хэрэглэчих үү гэхэд тэг гэсэн. Тэгээд материалаа бэлдчихээд 20 цаг 30 минутын үед бүгд гарцгаасан бөгөөд би буцаж орж нохойны хоолоо авсан. Би бүгдийг нь янзлаад Чимгээ эгчээр хөлдөөгчинд хийлгүүлээд явсан. Тэгээд өнөөдөр өглөө 07 цагийн 20 минутын үед ажил дээрээ ирэхэд ахлах тогтооч М.Мөнхзул ирчихсэн мах хаана байна гэхээр нь би очоод үзсэн байхгүй байсан...” /хх-ийн 27-28/ гэсэн,
Гэрч Я.Ганхуяг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн ажил болох Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуульд жижүүрийн ажилтай байсан. Намайг ажлаа хийж байхад хамгийн сүүлийн хүн орой 22 цагийн үед гарсан. ...Тэгээд өглөө ажлаас арай буугаагүй байх үед манай цайны газрын ажилчид мах алдагдсан, цонхоор хулгайч орсон байна гээд цагдаад дуудлага өгсөн...” /хх-ийн 29-31/ гэсэн,
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн орчим найз Боёоогийнд очих гээд явж байхад замдаа 34 дүгээр сургуулийн хойд талын цонхны түгжээг гараараа түлхэж эвдэлж сургууль дотор орж хөргөгчин дотор цул махнуудыг хулгайлж буцаад эвдэлж орсон цонхоороо гарсан, тэгээд хулгайлсан эд зүйлээ Яармагийн 1 дүгээр буудлын замын үерийн цементны доор нуугаад найз болох жинхэнэ нэрийг нь мэдэхгүй Буяа гэх найзындаа очиж хоноод тэндээ Буяа найзтайгаа нэг шил 0,75 литрийн архи хувааж уугаад тэдний гэрт нь амарсан. ...Яармагийн хоёрдугаар буудлын замын урд талд хамт архи уусан. Тэгээд архиа ууж дуусаад түүнийг гэр рүүгээ дагуулж очоод дахин хоёр шил архи уусан. Гэтэл тэр хүн гэнэт согтуурхаад агсам тавьж байгаад гартаа зүүсэн байсан монетон бөгжөө тайлаад газар шидсэн. Тэгэхээр нь би бөгжийг нь авч халаасандаа хийгээд буцааж өгөөгүй юм. Би авсан бөгжөө вокзалын тэнд байдаг ломбарданд 150,000 төгрөгөөр тавьсан. Мөн 2019 оны 11 дүгээр сард Хархорин зах дээр архи ууж яваад вакум цонхтой лангууны хаалгыг түлхэж үзэхэд онгорхой, хүнгүй байхаар нь орж лангууны ар талд мөнгөн аяганууд байсан ба би уутанд 13 ширхэг мөнгөн аяга хийгээд гарч явахдаа харуулд баригдсан...” /хх-ийн 83, 157, 155, 225/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 05/462 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн №2 дугаартай гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин №1 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцэх №2 гэж дугаарласан гарын мөр нь Т- овогтой Бгийн зүүн гарын долоовор хуруугаар тус дарагдсан байна...” /хх-ийн 35-42/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 8/,
- Өргөдөл /хх-ийн 9, 173/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-16/,
- Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 17/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 46-48, 105, 188/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 57, 87, 112/,
- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 86, 111/
- Эрүүгийн хэргийн нэгтгэх тухай тогтоол /хх-ийн 90, 169/,
- Илтгэх хуудас /хх-ийн 113/,
- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 228/,
- Шүүгдэгч Т.Бгийн хувийн байдалтай холбоотой хувийн байдалтай холбоотой гэрч С.Цэрэн-Очирын мэдүүлэг /хх-ийн 84-85/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 117/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн118-122/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129, 198/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 132-141, 199-218/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Т.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамт архи уусан Г.Э-гийн гээгдүүлсэн монетон бөгжийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээний буюу 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Э-гийн “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ...бид хоёр юм ярьж байгаад би нилээн согтоод Т.Бтэй маргалдаж, уурандаа бөгжөө тайлаад гэрийн хоймор руу шидчих шиг болсон. Дараа нь бөгжөө хайхад миний бөгж олдохгүй байхаар нь би яваад өгсөн...” /хх-ийн 175-177, 178-179/ гэсэн, шүүгдэгч Т.Бгийн “...Яармагийн хоёрдугаар буудлын замын урд талд хамт архи уусан. Тэгээд архиа ууж дуусаад түүнийг гэр рүүгээ дагуулж очоод дахин хоёр шил архи уусан. Гэтэл тэр хүн гэнэт согтуурхаад агсам тавьж байгаад гартаа зүүсэн байсан монетон бөгжөө тайлаад газар шидсэн. Тэгэхээр нь би бөгжийг нь авч халаасандаа хийгээд буцааж өгөөгүй юм. Би авсан бөгжөө вокзалын орчим ломбарданд 150,000 төгрөгөөр тавьсан. Мөн 2019 оны 11 дүгээр сард Хархорин зах дээр архи ууж яваад вакум цонхтой лангууны хаалгыг түлхэж үзэхэд онгорхой, хүнгүй байхаар нь орж лангууны ар талд мөнгөн аяганууд байсан, би уутанд 13 ширхэг мөнгөн аяга хийгээд гарч явахдаа харуулд баригдсан...” /хх-ийн 83, 157, 155, 225/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 188/ зэрэг,
2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” зах дотор 1-66 тоот лангуу руу нэвтэрч иргэн Н.Ц-ын 13 ширхэг мөнгөн аягыг авч, 1,170,000 төгрөгийн хохирол,
Согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн цайны газрын вакум цонхыг түлхэн орж 40 кг хонины цул мах, 20 уут кофе авч, 371,000 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 1,541,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь хохирогч Э.Ч-ийн “...Би Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуульд цайны газар ажиллуулдаг, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орой 18 цагийн үед цайны газартаа хоол хийх хонины 40 кг махыг цайны газартаа авчирч хөргөгчинд хийсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө цайны газраа нээж хөргөгчинд хийсэн байсан махаа гаргаж хоол хийх гэхэд мах алга болчихсон, цайны газрын цонхны салхивч онгорхой байсан. ...Бид орой тарахдаа цайны газрын цонхоо хааж явсан бөгөөд өглөө ирэхэд заалны хэсгийн цонхны салхивч онгорхой байсан. Салхивчны түгжээ хугарсан байдалтай, хүний гутлын мөр цонхны тавцан дээр үүссэн байсан...” /хх-ийн 20-21/ гэсэн, хохирогч Н.Ц-ын “...2019 оны 11 дүгээр сарын 22-ны орой 19 цагт Хархорин худалдааны төв хаах болж би лангуугаа түгжээд гарсан. Тэгээд удаагүй байхад хажуу лангууны хүмүүс залгаад танай лангуунд хулгай орсон байна, хулгай хийсэн хүнийг барьсан, хүрээд ир гэхээр нь би очиж шалгахад хойд хананд өрсөн байсан 13 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан...” /хх-ийн 99/ гэсэн, гэрч И.Алтанцэцэгийн: “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн үед угаагч Чимгээ эгчийн хамт цайны газарт ирээд захирал руу залгаж 15 кг мах аваад хэрэглэчих үү гэхэд тэг гэсэн. Тэгээд материалаа бэлдчихээд 20 цаг 30 минутын үед бүгд гарцгаасан бөгөөд би буцаж орж нохойны хоолоо авсан. Би бүгдийг нь янзлаад Чимгээ эгчээр хөлдөөгчинд хийлгүүлээд явсан. Тэгээд өнөөдөр өглөө 07 цагийн 20 минутын үед ажил дээрээ ирэхэд ахлах тогтооч М.Мөнхзул ирчихсэн мах хаана байна гэхээр нь би очоод үзсэн байхгүй байсан...” /хх-ийн 27-28/ гэсэн, шүүгдэгч Т.Бгийн “...2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн орчим найз Боёоогийнд очих гээд явж байх замдаа 34 дүгээр сургуулийн нэг давхрын хойд талын цонхны түгжээг гараараа түлхэж эвдэлж сургууль дотор орж хөргөгчин дотор цул махнуудыг хулгайлж, буцаад эвдэлж орсон цонхоороо гарсан, тэгээд хулгайлсан эд зүйлээ Яармагийн 1 дүгээр буудлын замын үерийн цементны доор нуугаад найз болох жинхэнэ нэрийг нь мэдэхгүй Буяа гэх найзындаа очиж хоноод тэндээ Буяа найзтайгаа нэг шил 0,75 литрийн архи хувааж уугаад тэдний гэрт нь амарсан. ...Мөн 2019 оны 11 дүгээр сард Хархорин зах дээр архи ууж яваад вакум цонхтой лангууны хаалгыг түлхэж үзэхэд онгорхой, хүнгүй байхаар нь орж лангууны ар талд мөнгөн аяганууд байсан, тэгээд би уутанд 13 ширхэг мөнгөн аяга хийгээд гарч явахдаа харуулд баригдсан...” /хх-ийн 83, 157, 155, 225/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний 2019 оны 05/462 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн №2 дугаартай гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин №1 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцэх №2 гэж дугаарласан гарын мөр нь Т- овогтой Бгийн зүүн гарын долоовор хуруугаар тус дарагдсан байна...” /хх-ийн 35-42/ гэсэн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-16/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 17/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 46-48, 105/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 57, 87, 112/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 86, 111/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Гээгдэл эд хөрөнгө гэж өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг хэлэх бөгөөд гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан, гээгдсэн эд хөрөнгийг олж авч ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд шүүгдэгч Т.Бгийн хохирогч Г.Э-гийн тайлаад шидсэн монетон бөгжийг бусдын эзэмшлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж олсныхоо дараа түүнд буцаан өгөлгүйгээр ломбарданд тавьж завшсан үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор заасан, шүүгдэгч Т.Бгийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” зах дотор 1-66 тоот лангуу руу нэвтэрч иргэн Н.Ц-ын 13 ширхэг мөнгөн аягыг авч, 1,170,000 төгрөгийн хохирол, 2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн цайны газрын вакум цонхоор орж 40 кг хонины цул мах, 20 уут кофе авч 371,000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгооро хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдвэл гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Бгийн дээрх үйлдлүүд энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлүүдэд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ч-ийн эд хөрөнгөд 371,000 төгрөгийн /хх-ийн 46-48/, хохирогч Н.Ц-ын эд хөрөнгөд 1,170,000 төгрөгийн /хх-ийн 105/, хохирогч Г.Э-гийн эд хөрөнгөд 600,000 төгрөгийн хохирол /хх-ийн 188/ тус тус учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим эд зүйлийг биет байдлаар буцааж өгсөн /хх-ийн 57, 87, 112/, мөн мөнгөн хэлбэрээр хохирлыг төлж барагдуулсан /хх-ийн 228/, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хувийн байдал зэргийн харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 07 сарын хугацагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бгийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс /хх-ийн 73/ өнөөдрийг хүртэл буюу 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 98 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн 1910027580218 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Г.Э-, Н.Ц-, Э.Ч- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Т-ийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон сольж 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж, шүүгдэгч Т.Б-гийн нийт биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-гийн цагдан хоригдсон 98 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн 1910027580218 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Г.Э-, Н.Ц-, Э.Ч- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР