Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2016/01294

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2016/01294

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Рашаант 2-3 тоотод оршин суух Боржигон овогт Энхжаргалын Өнөржаргал /РД:УБ89110505/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Мандал суварга, 5-20 тоотод оршин суух Хүйн боржигон овогт Сантөмөрийн Доржсүх /РД:НБ87111515/-т холбогдох,

хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Өнөржаргал, нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Өнөржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би С.Доржсүхтэй анх 2006 онд оюутан болохдоо танилцаад үерхэж байсан. 3-р курс төгсөх хавраа жирэмсэн болоод хүүхдээ гаргаж байсан. С.Доржсүх намайг 3 сартай жирэмсэн байхад өөр найз охинтой болсон байсан. Тэр охин нь бас жирэмсэн гэж байсан. Тэр охинтой нь уулзаад сал гэсэн боловч салахгүй байсан. Тэгээд би салсан. Ер нь нээх холбоо бариад байдаггүй. Сүүлд сонсоход хүнтэй суусан, 2 хүүхэдтэй болсон гэж байсан. Хэд хоногийн өмнө нэг ярьсан. Гэрлэлтээ батлуулж байгаагүй учир би охиноо өөрөөрөө овоглосон. Иймд охин Цэнгэлийн эцэг нь С.Доржсүх мөн болохыг тогтоож, охинд минь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч С.Доржсүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Би одоо эхнэр 2 хүүхэдтэйгээ Батсүмбэр сумандаа тодорхой эрхэлсэн ажилгүй амьдарч байна. Нэхэмжлэл гаргасан Э.Өнөржаргалтай эхнэртэйгээ суухаасаа өмнө үерхэж байсан нь үнэн. Бид хоёрыг салахад жирэмсэн байсан. Үерхэж байх хугацаандаа намайг байнга хардаж, янз бүрээр хэлж /хөдөөнөөс заримдаа ирэхээр/ хөөж туудаг байсан. Энэ үйлдэл нь олон давтагддаг байсан учир би салсан. Салсанаас хойш эргэж очиж холбоотой байхыг хүссэн боловч, намайг сонсоогүй харин миний амьдралд битгий гай бол, битгий холбоо барь, би хүнтэй суусан гэж хэлсэн. Ингээд би холбоо бариагүй Э.Өнөржаргалтай хамт амьдарч, гэрлэж байгаагүй. Би хөдөө Э.Өнөржаргал хотод байдаг, хааяа нэг уулздаг байсан. Ө.Цэнгэлийг миний охин гэж хүлээн зөвшөөрч байгаа тул хуулийн дагуу тэтгэмж тогтоож өгнө үү гэжээ.

Хуралдаан дээр нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан /хх 2, 4-5, 14, 20-21/ нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг хянан хэлэлцэхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Э.Өнөржаргал нь ...охин Цэнгэлийн эцэг нь С.Доржсүх мөн болохыг тогтоож, охинд минь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. гэж,

Хариуцагч С.Доржсүх нь ...Ө.Цэнгэлийг миний охин гэж хүлээн зөвшөөрч байгаа тул хуулийн дагуу тэтгэмж тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Доржсүх нь охин Ө.Цэнгэлийн эцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч, тэтгэлэг төлнө гэж тайлбарлаж байх тул эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Өнөржаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч С.Доржсүхийг охин Ө.Цэнгэлийн эцэг мөн болохыг тогтоож, охин Ө.Цэнгэлд эцэг С.Доржсүхээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч С.Доржсүхээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр /164300₮*50%*1 хүүхэд*12 сар=985 800₮/ нэхэмжлэлийн үнийгтодорхойлж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож хариуцагчаас 28 209 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч С.Доржсүхэд шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2010 оны 09 дүгээр сарын 03 өдөр төрсөн охин Ө.Цэнгэлийн эцэг нь Хүйн боржигон овогт Сантөмөрийн Доржсүх мөн болохыг тогтоосугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Ө.Цэнгэлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Доржсүхээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг мэдэгдсүгэй.
  4. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар эцэгС.Доржсүхийг охин Ө.Цэнгэлтэй уулзуулж байхыг эх Э.Өнөржаргалд даалгасугай.
  5. Зохигч эд хөрөнгийн маргаан гаргаагүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчС.Доржсүхээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 28 209 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ