| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2020/0515/э |
| Дугаар | 350 |
| Огноо | 2020-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 350
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мичидмаа,
улсын яллагч Б.Одонтуяа,
шүүгдэгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б.С.Шт холбогдох эрүүгийн ............дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ... -ний өдөр ............. төрсөн 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Онцгой байдлын 14 дүгээр ангид жолооч ажилтай, Ам бүл-3, эхнэр хүүхдүүдийн хамт ............ тоотод оршин суудаг. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б.С.Ш /РД:............/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Онцгой байдлын 14 дүгээр ангийн Хашаанд архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар Г.Гын нүүрэн хэсэгт гараараа цохиж, тархи доргилт, зүүн зулай, чамархайн хуйх, духны зүүн хажуу, зүүн хөмсөг, зүүн мөр, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл учруулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын 14 ангид гал сөнөөгчөөр үүрэг гүйцэтгэж байхад миний 14 ангид жолоочоор ажилладаг дэд ахлагч С.Ш нь над руу утсаар яриад нэг пиво аваад өг гэхээр нь үгүй орой 19:30 минутын үед дахин над руу залгаад чи ганц пиво аваад өгч чадахгүй байна уу гэхээр нь чадахгүй байна гээд утсаар маргалдсан. Тэгээд 21:00 цагийн үед дэд ахлагч С.Ш нь ажил дээр ирээд намайг гадаа хоол хийж байхад шууд ирээд нүүр лүү цохихоор нь барицалдаад байж байхад манай ээлжинд цуг гарч байсан алба хаагч нар салгах гээд дийлэхгүй байсан. Миний зүүн талын хөмсөгний дээд хэсэг хавдсан, толгойны зүүн талд хавдаж хөндүүрлэж байна. Шидсэн чулуу нь нуруу онсон тэр хэсэгтээ хөндүүртэй, зүүн хөл мөн адил сандал шидэхэд нь онож хөндүүрэлсэн баруун гарын алганы ар тал хөндүүртэй байна.” гэсэн мэдүүлэг /хх-25-р тал/
Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...зодоон цохион болох үед би байгаагүй, түүнээс хойш ахмад П.Мөнхбаатартай Болдсайхан барьцалдаж аваад бие биенээ үгээр өдөөд маргалдаад байж байх үед тэрийг би салгасан.. Өчигдөр ажил дээр ирэхэд Ганбаярыг С.Ш зодсон гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг/хх-19-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 5252 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Г.Гын биед тархи доргилт, зүүн зулай, чамархайн хуйх, духны зүүн хажуу, зүүн хөмсөг, зүүн мөр, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-36-р тал/
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх- ийн 4/, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад /хх-33, 36-37/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Онцгой байдлын 14 дүгээр ангийн Хашаанд архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар Г.Гын нүүрэн хэсэгт гараараа цохиж, тархи доргилт, зүүн зулай, чамархайн хуйх, духны зүүн хажуу, зүүн хөмсөг, зүүн мөр, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл учруулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч, шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Г.Гын эрүүл мэндэд учирсан “...тархи доргилт, зүүн зулай, чамархайн хуйх, духны зүүн хажуу, зүүн хөмсөг, зүүн мөр, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч С.Ш түүний нүүрэнд гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Шын хохирогч Г.Гын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Шын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Ш гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “...Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 57/ гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч С.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч С.Шт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ш торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар С.Шт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн ........... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Ш бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Г гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.С.Ш ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Шт оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Шт оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүлжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ