Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Ж, Ш.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.М,

шүүгдэгч Х.Ж, түүний өмгөөлөгч Б.Д,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 961 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 35 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Х.Ж, Ш.Д нарт холбогдох эрүүгийн 201625020103 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овогт Х.Ж, 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Урантолгойн хороолол 1 дүгээр байрны 1 тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвшийн ...- тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:.../,

Боржигон овогт Шийлэгбатын Д, 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг, Онги хорооллын ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.../,

Х.Ж, Ш.Д нар нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ВВ караокед Ч.Тыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба уг гэмт хэргийг үйлдэхдээ нийтийн хэв журмыг зөрчиж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Х.Ж, Ш.Д нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэхээр тогтоож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “...нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг нотлохын тулд...хуульд заасан бүх арга хэмжээг авч...яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хуульчлан заажээ. Хэргийн материалаас үзэхэд шүүгдэгч Х.Ж, Ш.Д нарт 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 112, 113 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, ял өөрчлөн сонсгож мэдүүлэг авсан байна. Харин прокурорын 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 43, 44 дүгээр тогтоолуудаар 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 113 дугаартай тогтоолд нэмэлт оруулсан байх ба 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 112 буюу шүүгдэгч Х.Жт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулаагүй байхад яллах дүгнэлтэд шүүгдэгч Х.Жт уг зүйл ангиар ял сонсгож ирүүлсэн нь хууль зөрчсөн байна. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 43, 44 дүгээр прокурорын тогтоолоор шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах нэмэлт оруулсан байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй.”, “Яллагдагчаар татсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэртэй танилцах эрхтэй.” , “Сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй.” , “Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй.” гэснийг зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр шүүгдэгч Х.Ж, Ш.Д нарт холбогдох эрүүгийн 201625020103 дугаар хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор С.Мөнхгэрэл улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 43, 44 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт оруулсан прокурорын тогтоолыг яллагдагч Х.Ж, Ш.Д нарт танилцуулсан байна. Ингэснээр “сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах” эрхийг нь хангасан гэж үзнэ. Энэ процесс ажиллагаа нь прокурорын тогтоолыг яллагдагчид танилцуулснаар дуусгавар болохоор хуульчилсан ба энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хийгдэж байгаа учир “баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрх”-үүдийн талаар хуульд тусгаагүй байна.

Мөн шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцсэн атлаа прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3, 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байгаа тул улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Дээрхи шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна...” гэв.

шүүгдэгч Х.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...санал хүсэлт байхгүй, хэргийг шүүхээр хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Х.Жын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүй хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээр хэргийг эцэслэн  шийдвэрлэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах нь хууль зүйн үндэслэлтэй юу гэсэн талаар өмгөөлөгч миний бие санал гаргаж байсан...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурор С.Мөнхгэрэлийн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн бичсэн №35 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд  прокурор 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 112 дугаар тогтоолоор Х.Жт,  113 дугаар прокурорын тогтоолоор Ш.Дид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, ял өөрчлөн сонсгож мэдүүлэг авсан байна. Харин прокурорын 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолоор Ш.Дид, 44 дүгээр тогтоолоор Х.Жт яллагдагчаар татах тогтоолд нэмэлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ял сонсгожээ.

Х.Жт  өмнө яллагдагчаар татаж, ял өөрчлөн сонсгосон 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 112 дугаар тогтоолыг  2017 оны 9 сарын 29-ны 44 дүгээр тогтоолд “113” дугаар тогтоол гэж  бичиглэлийн хувьд  буруу бичсэн байх боловч уг тогтоолоор Х.Жт ял нэмж сонсгон,тус тогтоолыг Х.Жт танилцуулахыг даалгажээ.

Яллагдагч Х.Ж, Ш.Д нар нь тус тогтоолуудтай танилцаж, тогтоолд гарын үсгээ зурсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Гэтэл шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлж буцаасан нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг  зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд прокурор С.Мөнхгэрэлийн гаргасан улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Х.Ж, Ш.Д нарт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 961 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Х.Ж, Ш.Д нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Х.Ж, Ш.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО –ЭРДЭНЭ

                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ