Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2021/0689

 

З.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 697 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор З.Э-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 697 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “..Нэхэмжлэгч компани Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасны дагуу гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 5 жил дараалан ашиглаагүй.

Нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Иймд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 11и3/5988 тоот албан бичиг болон Газрын үзлэгээр үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хэмээн 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч З.Э-ын газар багтжээ.

Нэхэмжлэгч З.Э-т Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А-433 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газарт “Нүхтийн ам” байршилд “зуслангийн” зориулалтаар 0.15 га газар ашиглах эрх олгож, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас З.Э-тай 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2017/128, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2018/420 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр тухайн газрыг зориулалтын дагуу, байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр ашиглахыг үүрэг болгосон байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг “газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй”, “гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй”, “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлүүдээр буруутгаж, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий актын үндэслэлд дурдсан нөхцөл байдлууд тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч З.Э-т уг маргаан бүхий газрыг “зуслангийн” зориулалтаар ашиглуулахаар олгосон, шүүхийн үзлэгээр[1] тухайн газарт гэрийн буйр зассан, мод, бут тарьсан болох нь тогтоогдсон, энэ тохиолдолд “... зун бүр энэ газар дээрээ гэр барьж, зусланд гардаг” хэмээн тайлбарлан маргаж буй нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 5 жил дараалан ашиглаагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн нэгэнт зуслангийн зориулалтаар олгогдсон газарт “газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй” хэмээн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхэд халдах хууль зүйн үндэслэлгүйн дээр Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 5 дугаар зүйлд “Хориглох үйл ажиллагаа”, 5.1-д “Газар ашиглагч нь төсөлд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, шинээр барилга байгууламж барих зэрэг ашиглалтын зориулалтыг өөрчлөх” гэж заасны дагуу зундаа гэр барьж зусах замаар газар ашиглах эрхээ хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй юм.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас[2] үзэхэд нэхэмжлэгч З.Э нь 2017-2019 оны газрын төлбөрийг бүрэн төлсөн, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 528750 төгрөгийн төлбөртэй байсан байх бөгөөд “Изинис эйр вэйз” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн “Тодорхойлолт гаргах тухай” 01/179 дүгээр албан бичигт “нэхэмжлэгч З.Э нь 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл цалин хөлс аваагүй” талаар дурджээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь газар ашиглах гэрээнд заасан хугацаанд газрын төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй боловч Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөлөөгөөр цалин, орлогогүй болсны улмаас газрын төлбөрөө хугацаанд төлж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг харгалзан үзэх нь зүйтэй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллага дээрх бодит нөхцөл байдлыг бүрэн судалж, тогтоогоогүй атлаа дан ганц Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 365 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн мэдэгдлийг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь захиргааны үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагыг хангахгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 697 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.Батбаатар

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

 

[1] Хавтаст хэргийн 62 дугаар талд,

[2] Хавтаст хэргийн 44 дүгээр талд,