Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 160

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийж, “П” ХХК болон “Пе” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/545 тоот захирамжаар “М” ХХК-д эзэмших эрхтэйгээр олгосон 470 м.кв газрын зарим хэсэг буюу Барилга, хот байгуулалтын яамны сайдын 2014 оны 57 дугаар тушаалаар батлагдсан “Шатахуун түгээх станц, галын аюулгүй норм ба дүрэм”-ийг зөрчиж олгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компаниуд нь Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Саппорогийн уулзварын баруун урд талд анх 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл Шатахуун түгээх станцын үйл ажиллагаа эрхлэн явуулсаар байна. Шатахуун түгээх станц нь галын аюултай онцгой объектын хувьд Барилга, хот байгуулалтын яамны сайдын 2014 оны 57-р тушаалаар “Шатахуун түгээх станц, галын аюулгүй норм ба дүрэм”-ийг баталсан бөгөөд энэхүү дурмийн 5-р зүйлд “Шатахуун түгээх станцаас зэргэлдээ орших барилга, байгууламж хүртэл хамгийн бага зайг Хүснэгт 1-ийн дагуу тогтооно.” гэж заасан байдаг бөгөөд Хүснэгт 1-т Газар доор байрлах савтай ШТС-аас орон сууц, олон нийтийн барилга хүртэлх зай хэмжээ 25 метрээс багагүй байхаар заасан байдаг.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б******* 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/545 тоот захирамжаар дээрх ШТС болон түүний газар доор байрлаж буй газрын тосны бүтээгдэхүүн хадгалж буй савнаас ердөө 5 метр хүрэхгүй зайд “М” ХХК-д үйлчилгээний зориулалтаар 470 м.кв газар эзэмших эрх олгожээ. Тус газар олголтын дагуу тухайн газарт буюу ШТС-ын хажууд газар ухан барилгын ажил явагдаж байна.

Засаг дарга 2017 оны А/545 тоот захирамжаар газар олгохдоо Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Шатахуун түгээх станц, галын аюулгүй норм ба дүрэм”-ийг зөрчиж газар олголт хийсэн бөгөөд энэ нь галын аюулгүй байдлыг хангах, гал түймэр гарах, галын аюултай байдал үүсэх, улмаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон нэхэмжлэгчийн галын аюулгүй байдлыг ханган ажиллах, түүнд хяналт тавих үүргийг биелүүлэх болон эд хөрөнгөнд хохирол учрахаар байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б 2017 оны 07-р сарын 17-ны өдрийн А/545 тоот захирамжаар “М” ХХК-нд олгосон газрын зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад тухайн байршил нь “Олон нийтийн ажил хэргийн бүс” байхаар төлөвлөгдсөн бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/12 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/332 дугаар захирамжийн дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Г******* барилгын материалын захын урд 470 м2 үйлчилгээний зориулалттай дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэхээр тусгагдсан.

Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хурал”-аар тухайн байршлын архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан юм.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/545 дугаар захирамжаар Газрын эрхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нээлттэй дуудлага худалдааны 1 дүгээр байршилд ялагчаар тодорсон “М” ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамж, Г******* барилгын материалын захын урд талд үйлчилгээний зориулалтаар 0.047 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон.

Манай албанд “М” ХХК 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2017/0059 албан бичгээр Шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм дүрэмд 25 метр гэж заасан байна, иймээс газрын цэгийг хажуу тийш нь шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.

Газар зохион баигуулалт, геодези зураг зүйн газраас хийсэн Магадлан хэмжилт хийсэн дүгнэлтийг үндэслэн өгөгдлийн зайн хэмжээг хангуулан зөрчлийг арилган, кадастрын зургыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газарт хүргүүлсэн болно. 

“П” ХХК, “Пе” ХХК-ийн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/545 тоот захирамжаар “М” ХХК-д 470 м2 газрын зарим хэсэг буюу Барилга, хот байгуулалтын яамны сайдын 2014 оны 57 дугаар тушаалаар батлагдсан “Шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм ба дүрэм”-ийг зөрчиж олгосон хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэв. 

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 

Нэг. “М” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Газрын албанаас зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож ялснаар 285,000,000 төгрөгөөр нэхэмжлэлд дурдсан 0,047 га газрыг худалдан авсан. 

“М” ХХК нь “М А Д” ХХК-тай зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Барилгын эскиз зургийг боловсруулж, улмаар Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраар 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр эскиз зургаа батлуулсан.

“М” ХХК нь эскиз зургийг үндэслэж, барилгын ажлын зураг төслийг боловсруулан зураг төсөлд Магадлал хийлгэж 2017 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр магадлалын ерөнхий дүгнэлтийг хүлээн авсан.

“М” ХХК Дулааны эрчим хүчний холболт хийх техникийн нөхцөл, цахилгаан эрчим хүчний холболт хийх техникийн нөхцөл, Усан хангамж цутгах татуургын техникийн нөхцөл, Холбооны техникийн нөхцөл зэргийг 14 Барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авсны дагуу барилгын ажлыг эхлүүлэн явуулж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 3 тэрбум орчим төгрөгийн өртөгтэй оффисын барилгын үндсэн бүтээцийн ажил бүрэн дуусаж, барилгын материалаа захиалсан бөгөөд барилгад дулааны холболт хийсэн, дотор заслын ажил эхэлсэн. 

Өнөөдрийг хүртэл “М” ХХК нь Монгол улсын хууль тогтоомжийг мөрдөж ирсэн бөгөөд тус компанийн эзэмшлийн газрын аль ч хэсэг “П” ХХК, “Пе” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огт зөрчөөгүй болно.

Хоёр. Нийслэлийн засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/545 тоот захирамжаар “М” ХХК-д газар олгосон нь нэхэмжлэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

1. “М” ХХК-ийг газар эзэмших эрхээ дөнгөж авсны дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 07 дугаар сарын 27-ны 02-01/2261 тоот албан бичвэр шатахуун хадгалах савнаас байрлах зайн хэмжээ нь барилгын норм, дүрмийн шаардлагыг хангахгүй байна гэсэн шаардлага тавьсан.

2. “М” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн бичгээр энэ тухай Газрын албанд мэдэгдэж, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20017/0059 тоот албан бичгээр газрын цэгийг хажуу тийш нь шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтээ Газрын албанд гаргасан юм.

3. Манай гаргасан хүсэлтүүд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шаардлагатай холбоотойгоор Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар  ажлын хэсэг байгуулан Магадлан хэмжилт хийсэн байдаг бөгөөд Нийслэлийн газрын алба зөрчлийг арилгаж манай компанид олгосон газрыг тэр чигээр нь Зүүн тийш шилжүүлэн өөрчилж, энэ тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 03/3009 тоот албан бичгээр мэдэгдсэн.

4. Энэ нэхэмжлэлээс гадна нэхэмжлэгч өөрөө, эсхүл түүний албан тушаалтнууд иргэний гомдол гаргах зэргээр удаа дараа мэргэжлийн хяналтын газар, онцгой байдлын газарт хүсэлт өгсөн байдаг бөгөөд энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичиг, Онцгой байдлын Ерөнхий газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн мэдэгдлээр зөрчлийг арилгасан талаар хариулт өгсөн байна.

Гурав. “П ХХК”, “Пе” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

1. “М” ХХК-д олгосон 18******* нэгж талбарын дугаартай газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай ямар ч давхцалгүй юм.

БНбД 21-07-14-ийн 5.8-р зүйлийг үзвэл зай хэмжээний талаарх шаардлага нь Барилгын хананаас тооцохоор байгаа тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

2. БНбД 21-07-14-ийн 1 дүгээр зүйлд, Хэрэглэх хүрээг тодорхойлсныг үзвэл энэ дүрэмд заасан зай хэмжээг Шатахуун түгээх станцын барилга байгууламжийг төлөвлөхөд мөрдөнө. Өөрөөр хэлбэл Иргэний барилга байгууламжийн төлөвлөлтөд шууд мөрдөх хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна.

3. Манай тохиолдолтой харьцуулан үзэхэд цөөн тооны энгийн жишээ авахад л Нийслэлд байрлах “П” ХХК болон “Пе” ХХК нь БНбД 21-07-14-т заасан зай хэмжээний шаардлага, стандартьг удаа дараа зөрчиж ирсэн.

Тухайлбал “П” ХХК, “Пе” ХХК-ийн дараах зөрчилтэй ШТС-ууд нь үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна.

Хан-Уул дүүрэг, Энхтайвны гүүрний баруун урд байрлах ШТС-ын шатахуун хадгалах сав нь Орон сууц, олон нийтийн барилгаас 8 м зайнд байрлалтай байна.

Сансар, Дарь-эхийн замын уулзварт байрлах ШТС-ын шатахуун хадгалах сав нь авто замаас 3 м хүрэхгүй зайтай байрладаг. Зуун айлын Жоби төвийн дэргэдэх ШТС-ын түгээгүүр нь Одкон тех худалдааны төвөөс 9 м зайтай байрладаг.

Хэдийгээр манай барилга хангалттай зай хэмжээ баримталсан, нэхэмжлэгчийн шаардлагаар газраа зүүн тийш шилжүүлсэн боловч нэмж тэмдэглэхэд БНбД-ийн 5.8-р зүйлд заасан хүснэгт 1-ийн тайлбарыг үзвэл манай барилга буюу Гал тэсвэршилтийн ангилалд багтах I ба II зэргийн орон сууц, олон нийтийн барилга байгууламж хүртэлх зайг 25%-с ихгүй хэмжээгээр багасгаж болдог. Өөрөөр хэлбэл 25 гэсэн зай хэмжээ 18.75 м байхаар тооцож болохоор байгаа юм.

Нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “П” ХХК, “Пе” ХХК-иуд нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын  2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/545 тоот захирамжаар “М” ХХК-д эзэмших эрхтэйгээр олгосон 470 м.кв газрын зарим хэсэг буюу Барилга, хот байгуулалтын яамны сайдын 2014 оны 57 дугаар тушаалаар батлагдсан “Шатахуун түгээх станц, галын аюулгүй норм ба дүрэм”-ийг зөрчиж олгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүх хуралдаанаар шийдвэрээ гаргалаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын улмаас “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

Нэхэмжлэгч компаниуд нь “Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/545 тоот захирамжаар “М” ХХК-д олгосон газар нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Шатахуун түгээх станц, галын аюулгүй норм ба дүрэм”-ийг зөрчсөн тул энэ нь галын аюулгүй байдлыг хангах, гал түймэр гарах, галын аюултай байдал үүсэх, улмаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон нэхэмжлэгчийн галын аюулгүй байдлыг ханган ажиллах, түүнд хяналт тавих үүргийг биелүүлэх болон эд хөрөнгөнд хохирол учрахаар байгаа” гэж маргасан.

Шүүх “П” ХХК, “Пе” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хянан хэлэлцээд уг маргаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/545 дугаар захирамжаар газрын эрхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нээлттэй дуудлага худалдааны 1 дүгээр байршилд ялагчаар тодорсон “М” ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамж, “Г*******” барилгын материалын захын урд талд үйлчилгээний зориулалтаар 470 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. Улмаар 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “”Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, 000321698 дугаар газар эзэмших гэрчилгээг олгосон байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т “батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох”, 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т” энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/545 дугаар захирамжаар “М” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэр нь үндэслэл бүхий өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч компаниудын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт, Шатахуун түгээх станцын галын аюулгүйн норм дүрмийг зөрчиж газар эзэмшүүлсэн болох нь Нийслэлийн Онцгой байдлын газрын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10/656, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/2261 дүгээр албан бичгүүдээр тогтоогдсон гэж мэтгэлцсэн.

Энэхүү мэтгэлцээн нь хэрэг авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний 02-03/2696 дугаар албан бичигт “...шалгахад дээрх зөрчлийг арилгасан байна”, Онцгой байдлын ерөнхий газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтэд “...ШТС-аас зэргэлдээ орших олон нийтийн барилга хүртэл 25 метр ... хангаж байгаа болно”, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтэд “...шинж чанар нь I ба II гал тэсвэржилтийн зэрэгт хамаарна”, Нийслэлийн газрын албаны 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 03/3006 дугаар албан бичигт “...зөрчлийг арилган ажиллаа.” зэрэг.

Тодруулбал, гуравдагч этгээд “М” ХХК Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2017/0059 дүгээр албан бичгээр шатахуун түгээх станцын галын аюулгүй норм дүрэмд нийцүүлэн газрын цэгийг хажуу тийш шилжүүлэх хүсэлтийг гаргасан бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/199 дүгээр магадлан хэмжилт хийсэн дүгнэлтийг үндэслэн өгөгдлийн зайн хэмжээг хангуулан зөрчлийг арилган, кадастрын зургийг шинэчлэсэн байна. 

Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаар тушаалаар батлагдсан Шатахуун түгээх станцын норм /БНбД21-07-14/ 5.8-д “Шатахуун түгээх станцаас зэргэлдээ орших барилга, байгууламж хүртэл хамгийн бага зайг Хүснэгт 1-ийн дагуу тогтооно”  3. Орон сууц, олон нийтийн барилга 25 м. /газар доор байрлах савтай ШТС-аас/ гэж заасан байна. 

Шүүхээс маргаан бүхий газар хийсэн үзлэгээр “М” ХХК-ийн барьж буй барилгын сууриас “П” ХХК-ийн ШТС-ийн орлого буулгах хэсгийн цементэн хашлага /бордюр/ хүртэл 11,3 м. байх боловч Онцгой байдлын ерөнхий газрын гал түймрын улсын хяналтын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтээр шатахуун түгээх станцийн шатахуун түгээгүүрээс дээрх 25 метрийг хэмжин тогтоож зөрчилгүй гэж үзжээ. 

Нөгөөтэйгүүр, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид “барилгын ажлын зөвшөөрөл” гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг”, 35 дугаар зүйлийн 35.1.6-д “барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа агентлаг болох Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг зэргийг батлуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэж эхэлдэг билээ. 

Гэтэл нэхэмжлэгч нар архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг баталсан, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн төрийн захиргааны байгууллагыг хариуцагчаар таталгүй газар эзэмшлийн харилцааг бий болгосон Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар тодорхойлсны дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрээ гаргасан болохыг тэмдэглэж байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15,  35 дугаар зүйлийн 35.1.6, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус баримтлан “П” ХХК, “Пе” ХХК-иудын “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/545 тоот захирамжаар “М” ХХК-д эзэмших эрхтэйгээр олгосон 470 м.кв газрын зарим хэсэг буюу Барилга, хот байгуулалтын яамны сайдын 2014 оны 57 дугаар тушаалаар батлагдсан “Шатахуун түгээх станц, галын аюулгүй норм ба дүрэм”-ийг зөрчиж олгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ТӨМӨРБАТ