Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 593

 

Б.Бямбажав, Х.Нэргүй нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2016/01603 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Бямбажав, Х.Нэргүй нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсаныг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Март,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Бямбажав, Х.Нэргүй нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Бямбажав, Х.Нэргүй нар нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 93 дугаар шийдвэрээр “АБТС” ББСБ-д 61 515 242 төгрөг төлөхөөр болж дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авсан хэдий боловч өөрсдийн дураар хөндлөнгийн шинжээч томилон бидний өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, Хилчин хотхонд байрлах, Улсын бүртгэлийн Ү-2201026693, Ү-2201036879, Г-2201014271 дугаарт бүртгэлтэй 240.51 м.кв талбайтай хувийн сууц, 227 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын үнэ 390 200 000 төгрөгөөс бууруулж 273 140 000 төгрөгөөр 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт албадан дуудлага худалдаанд оруулах тухай мөн оны 10 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны удирдлагад гомдол гаргаж, хариуг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр авсан. Гэтэл хуульд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагын албан тушаалтанд хандсан, хариу ирүүлээгүй байхад бидний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулж улмаар 2 дахь албадан дуудлага худалдааг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зарласанд гомдолтой байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсаныг тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Март шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 93 дугаар шийдвэрээр Б.Бямбажав, Х.Нэргүй нараас 61 515 242 төгрөг гаргуулж “АБТС ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 15/128 дугаар мэдэгдлээр төлбөрийг сайн дураар төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201036879, Ү-2201026693, Г-2201014271 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны гудамжны 83 тоотод байрлах 240.51 м.кв талбайтай хувийн сууц, 227 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт битүүмжлэн хурааж, хадгалалт хамгаалалтыг Б.Бямбажав, Х.Нэргүй нарт үлдээсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас барьцаа хөрөнгөд үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч “Лэндс” ХХК-иар хөрөнгийг үнэлүүлэхэд 390 200 000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Төлбөр төлөгч нарт 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3/31798 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг мэдэгдэн Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэ болох 390 200 000 төгрөгийн 70 хувь буюу 273 140 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр албадан дуудлага худалдааг нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэ болох 390 200 000 төгрөгийн 50 хувь буюу 195 100 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу явуулсан бөгөөд үнэлгээтэй холбоотой гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу гаргаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Б.Бямбажав, Х.Нэргүй нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхүү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

Шийдвэрийн 1 болон 2 дахь заалтыг нэхэмжлэгч нарын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэхэмжлэгч нарын Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байрлах 240.51 м.кв болон 227 м.кв бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгө, мөн 700 м.кв газрыг 390 200 000 төгрөгөөр нийтэд нь үнэлж, үнийг бууруулж 273 140 000 төгрөгөөр үнэлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид болон шүүхэд гомдол гаргасны дагуу хариу нь гараагүй байхад 2 удаа дуудлага худалдаанд оруулсаныг шүүх хууль зөрчөөгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01603 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Бямбажав, Х.Нэргүй нар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсаныг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага нэхэмжлэлийг эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/00093 дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 519 дүгээр магадлалаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Бямбажав, Х.Нэргүй нараас 61 515 242 төгрөгийг гаргуулан “АБТС ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхон гудамжны 83 тоотод байрлах 240.51 м.кв талбайтай хувийн сууц, 227 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр битүүмжилж, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хураан авах ажиллагааг явуулсан байна. /хэргийн 28, 30, 32 дугаар тал/

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч Б.Бямбажаваас дээрх эд хөрөнгүүдийн үнийн саналыг авахад тэрээр 1 000 000 000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч “АБТС ББСБ” ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй тул хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 156 дугаар тогтоолоор “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны гудамжны 83 тоотод байрлах 240.51 м.кв талбайтай хувийн сууц, 227 м.кв талбайтай хувийн сууцыг 369 332 900 төгрөгөөр, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 20 920 802 төгрөгөөр, нийт 390 332 900 төгрөгөөр үнэлсэн байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасанд нийцсэн болон уг шинжээчийн тогтоосон үнэлгээг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/379 дугаартай, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10/359 дугаартай тогтоолуудаар тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Бямбажав, Х.Нэргүй нар нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/32853 тоот анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэлд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасны дагуу хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3/634 тоот мэдэгдэх хуудсаар хариу хүргүүлснийг төлбөр төлөгч Б.Бямбажав 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсан талаар нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй байх тул шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасныг зөрчжээ.

 

Анхан шатны шүүх хуралдааны товыг зохигчид мэдэгдсэн байх боловч тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасан журмын дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2016/01603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                                ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

 

                                                                        С.ЭНХТӨР