| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01136/и |
| Дугаар | 151/ШШ2016/01308 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 151/ШШ2016/01308
| 2016 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 151/ШШ2016/01308 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2016/01136/и хэргийн индекстэй
Нэхэмжлэгч: 1965 оны 01дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа 2 дугаар багт оршин суух, Боржигон овогт Ишдоогийн Энхтуяа /РД:НЕ64012460/-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: -Миний бие нь Баянжаргалан сумын Улаан-Ухаа багт эцэг Ишдоогийн талын малчнаар мал маллаж байсан. 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан баримт архиваас гарахгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд цуглуулсан нотлох баримтыг үндэслэн тухайн үед Баян-Эрхийн хэсгийн тоо бүртгэгч байсан Г.Шагдар, Шинэ-Амьдрал нэгдлийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Батцэсэн нарыг гэрчээр асууж миний мал маллаж байсан 10 жилийн хугацааг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ишдоогийн Энхтуяа нь Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд И.Энхтуяаг нь Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Боржигон овогт Ишдоогийн Энхтуяа нь Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь:
Төв аймгийн архивын тасгийн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 483 дугаартай Тус аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1981-1987, 1989-1990 оны тушаалд холбогдох баримт гараагүй. Мөн нэгдлийн цалингийн баримт төрийн архивт шилжиж ирээгүй тул иргэн И.Энхтуяад лавлагаа олгох боломжгүй байна гэх албан тоот /хх-4/, И.Энхтуяад 1985 оны 05 сарын 10-ны өдөр нэгдлийн даргаас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-6-7/, И.Энхтуяагийн 1985 оноос 1990 оны цалингийн тодорхойлолт /хх-8/, гэрч Г.Шагдарын тодорхойлолт /хх-10/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-11-13/, түүний шүүхэд өгсөн гэрчийн ...И.Энхтуяа нь 8 дугаар ангиа төгсөөд 1980 оноос эхлээд 1990 он хүртэл Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Улаан-Ухаа бригадад малчинаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх-31/, гэрч Ч.Батцэсэмийн тодорхойлолт /хх-15/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-16/, түүний шүүхэд өгсөн гэрчийн ...Би 1976 оноос 1994 он хүртэл Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдэлд болон Шинэ-Амьдрал ХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. Харин И.Энхтуяа нь 1980 оноос эхлээд Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Улаан-Ухаа бригадад малчинаар 1990 онд нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх-30/ Э.Энхтуяа хамт олны хамт Новы Сибер муж Хөдөө аж ахуйн музейд татуулсан гэрэл зураг /хх-17/, Э.Энхтуяа хамт олны хамт Улан-Үдэ, Кремэль талбайн урд хамт олонтой татуулсан гэрэл зураг /хх-18/, Э.Энхтуяа хамт олны хамт Москва хот, Ленинийн музейн урд татуулсан 1989 оны гэрэл зураг /хх-19/, И.Энхтуяад 1989 оны 02 сарын 26-ны өдөр олгосон баярын бичиг /хх-20/, И.Энхтуяад Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлөөс 1988 оны 4 сарын 7-ны өдөр олгосон баярын бичиг /хх-21/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Ишдоогийн Энхтуяа нь Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ