Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 385

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч Ц.Б-, нарийн бичгийн дарга Б.Мичидмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О- овогт Ц-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2010000000518 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1979 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, О- овогт Ц-гийн Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б- нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний орой 16 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Саарлын 7 дугаар байрны 1 дүгээр орцонд М.Б-ыг тодорхой шалтгаангүйгээр гараараа цохих, өшиглөх зэргээр цохиж, түүний биед бэлэг эрхтэнд шарх, зүүн мөрөнд зулгаралт санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ц.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, архи уучихсан байсан учир хүн зодсон байна, хохиролд бэлэн 100,000 төгрөг хохирогчийн ээжид өгсөн...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Насанд хүрээгүй хохирогч М.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын11-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Саарлын 8 дугаар байрнаас Саарлын 7 дугаар байр руу явж Ц. Б- ах сууж байснаа намайг дуудахаар нь би орц руу орсон. Тэгэхэд Ц.Б- ах миний араас орц руу орж ирээд намайг гараараа толгой руу цохиж, гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн...” /хх-ийн 8-9, 10/ гэсэн,

                       

Гэрч Б.Мөнгөнцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчим манай хүү М.Б-ыг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрныхаа орчим явж байхад нэг согтуу залуу дуудахаар нь очихгүй гээд зугтаахад араас нь хөөж очоод бариад зодсон гэж хүү маань хэлсэн...” /хх-ийн 11/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны 8 дугаар орц 0 тоотод найз Одгэрэлийн гэрт юм яриад сууж байхад нутгийн дүү Мөнхөөтэй уулзаж 0,5 литрийн 2 шил архийг хувааж уугаад гараад явж байхад зүс таних эрэгтэй хүн байхаар нь “чи надтай дахиад тоглоорой” гэж хэлээд нэг удаа өшиглөж, араас нь баруун гараараа нэг удаа алгадаад гэр рүүгээ явж байхад миний гар утас руу Тулгаа гэх хүн залгаад хүрээд ирээч гэхээр нь явж очиход цагдаа нар ирээд аваад явсан...” /хх-ийн 23-26/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №5710 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 4. М.Б-ын биед бэлэг эрхтэнд /шодой/ шарх, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. 6. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 15-16/ гэсэн дүгнэлт,

- Дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 3/,

- Насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 19/,

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх-ийн 49/,

- Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхний  лавлагаа /хх-ийн 29/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 32/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 33-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/, шийтгэх тогтоол /хх-ийн 44-48/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, насанд хүрээгүй хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Б- нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний орой 16 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Саарлын 7 дугаар байрны 1 дүгээр орцонд М.Б-ыг тодорхой шалтгаангүйгээр гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, түүний биед бэлэг эрхтэнд шарх, зүүн мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатау гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч М.Б-ын “...2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Саарлын 8 дугаар байрнаас Саарлын 7 дугаар байр руу явж байхад 1 дүгээр орцны үүдэнд Ц.Б- ах сууж байснаа намайг дуудахаар нь би орц руу орсон. Тэгэхэд Ц.Б- ах миний араас орц руу орж ирээд намайг гараараа цохиж, гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн...” /хх-ийн 8-9, 10/ гэсэн, гэрч Б.Мөнгөнцэцэгийн “...2020 оны 5 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчим манай хүү М.Б-ыг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, байрныхаа орчим явж байхад нэг согтуу залуу дуудахаар нь очихгүй гээд зугтаахад араас нь хөөж очоод зодсон гэж хүү маань хэлсэн...” /хх-ийн 11/ гэсэн, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн “...2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны 8 дугаар орцны 00 тоотод найз Одгэрэлийн гэрт ирээд юм яриад сууж байхад нутгийн дүү Мөнхөөтэй уулзаж 0,5 литрийн 2 шил архийг хувааж уусан, тэгээд гэрээс нь гараад явж байхдаа зүс таних эрэгтэй хүн байхаар нь “чи надтай дахиад тоглоорой” гэж хэлээд араас нь нэг удаа өшиглөж, баруун гараараа нэг удаа алгадаад явсан. Намайг гэр рүүгээ явж байхад миний гар утас руу Тулгаа гэх хүн залгаад хүрээд ирээч гэхээр нь очиход цагдаа нар ирээд аваад явсан...” /хх-ийн 23-26/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №5710 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 4. М.Б-ын биед бэлэг эрхтэнд /шодой/ шарх, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. 6. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 15-16/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Насанд хүрээгүй хохирогч М.Б-ын биед учирсан “...бэлэг эрхтэнд /шодой/ шарх, зүүн мөрөнд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн түүнийг цохих, өшиглөх зэргээс үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн насанд хүрээгүй хохирогч М.Б-ын биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Б-ын эрүүл мэндэд бэлэг эрхтэнд /шодой/ шарх, зүүн мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийг эмнэлэгт үзүүлж төлбөрийг төлсөн, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Б- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2010000000518 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Б- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О- овогт Ц-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-гийн Б-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн 2010000000518 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Б- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР