| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0393/Э |
| Дугаар | 390 |
| Огноо | 2020-06-15 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 390
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Еркебулан /томилолтоор/, шүүгдэгч М.Ш-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Ганболд, нарийн бичгийн дарга Б.Мичидмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч М овогт М-ын Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002002450186 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Мянган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, М овогт М-ын Ш,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Ш- нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 дугаар хорооллын хойд талд байрлах хашаан дотроос Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
- Улмаар 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 192 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч М.Ш-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхгүй тул шүүхийн шатанд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, нийгмээс тусгаарлахгүйгээр надад нэг удаа боломж олгож өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Шүүгдэгч М.Ш- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 2 хорооллоос гараад автобусны буудал руу явах замдаа хоосон хашааны хойд булангийн хэсгээс гялгар ууттай, үзүүр хэсэгтээ өвс мэт зүйл цухуйсан байхаар нь сонирхож үзэхэд өмнө нь миний интернетээс харж байсан каннабис өвстэй төстэй зүйл байхаар нь сонирхоод авсан. Ингээд олсон өвсөө өөрийн үүрдэг цүнхнийхээ халаасанд хийж авч явж байгаад нэгээс хоёр хоногийн дараа сонирхож сонингийн цаасанд ороож татаж үзсэн тухайн үед хоолой гашуун оргиод ханиалгаад байсан тул больсон. Надад ямар нэг үйлчилгээ үзүүлээгүй. Ингээд халаасандаа байсан өвсийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө гэрээсээ дэлгүүр орох замаараа хаях санаатай аваад явж байгаад цагдаад баригдсан...” /хх-ийн 46-47/ гэсэн мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №2461 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт 1.2 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. М.Ш-ын биеэс хураасан 196,7 грамм өвс гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетргидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно...” /хх-ийн 29-31/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №2460 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт 1.2 Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “М.Ш- ПВ97020714 2020.04.22” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” /33-35/ гэсэн,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №474 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: М.Ш- урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна. Одоо М.Ш- нь сэтгэцийн эмгэггүй байна. М.Ш- нь сэтгэцийн эмгэггүй байна. М.Ш- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Ш- нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 4 дүгээр сарын 22-ноос 23-ны өдрүүдэд хэрэг хариуцах чадвартай байсан байна. М.Ш- нь одоо сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. М.Ш-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. М.Ш-т мансуурах донтой, мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна...” /хх-ийн 38-39/ гэсэн дүгнэлтүүд,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/,
- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 7-8/,
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 10/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-12/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 13-18/,
- Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-20/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 21/,
- Шүүгдэгч М.Ш-ын хувийн байдалтай холбоотой гэрч М.Одонтунгалаг, Д.М- нарын мэдүүлэг /хх-ийн 24-26/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58/, төрөл садангийн зурагт лавлагаа /хх-ийн 59-63/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 68/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 69/, дээд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 71-75/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.Ш-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч М.Ш- нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 дугаар хорооллын хойд талд байрлах хашаан дотроос Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
- Улмаар 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 192 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Ш- мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №2461 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. М.Ш-ын биеэс хураасан 196,7 грамм өвс гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетргидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно...” /хх-ийн 29-31/ гэсэн, мөн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №2460 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2 Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “М.Ш- ПВ97020714 2020.04.22” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” /33-35/ гэсэн дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны №474 дугаартай дүгнэлт /38-39/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 7-8/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-12/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 13-18/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-20/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 21/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 10/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Ш- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Ш- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн 2002002450186 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн гялгар ууттай өвс /Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Ш- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганболд, С.Намжилцогт нараас шүүгдэгч М.Ш-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ ихтэйн дээр “сэтгэцэд нөлөөт бодис, бэлдмэл” нь хүний хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, хүний эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай байдаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт М-ын Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын Ш-ыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын Ш-т оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн гялгар ууттай өвс /Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
5. Эрүүгийн 2002002450186 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Ш- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүний цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ш-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР