Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 359

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

 Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

 Улсын яллагч Б.Алтанцэцэг,

 Шүүгдэгч, хохирогч Ш.У,

 Шүүгдэгч, хохирогч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн З.Ш.У, Т.Б.О нарт холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр ...төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...... тоотод оршин суух иргэний үнэмлэхний хаягтай, одоо Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Скай таурын 2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, З.Ш.У /РД:......./,

2. Монгол улсын иргэн, ... оны ..дугаар сарын ..-ны өдөр ......төрсөн, ..настай, эмэгтэй, дээд боловсролтой, .......тоотод оршин суух иргэний бүртгэлийн хаягтай одоо Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Цагдаа 2 хотхоны 30 дугаар байрны 106 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т.Б.О /РД:......./

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ш.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэлла Беста хотхоны 700 дугаар байрны 1301 тоотод иргэн Б.Отай айлд байж орилж хашгирлаа гэх шалтгаанаар маргалдан түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэлла Беста хотхоны 700 дугаар байрны 1301 тоотод иргэн Ш.Утай үл ойлголцог маргалдаж түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.

 

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.

 

Хохирогч Ш.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 11-ний орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэлла Беста хотхоны 700 дугаар байрны 1301 тоотод найз Х.Мөнхжингийн гэрт очиход манай найз Х.Мөнхжин 1 шил дарс задалсан. Бид гурав тухайн дарсыг уучихаад байж байтал миний зүүн чихний өрөөсөн ээмэг уначихсан байсан. Би ээмгээ олох гээд Х.Мөнхжинтэй хамт хайж байтал Б.О хажуу талын буйдан дээр хэвтэж байснаа “наад ээмгээ өөрөө олооч чи” гээд аймар орилж хашгираад босч ирсэн. Тэгэхээр нь би хүүеээ битгий орилж хашгираад байгаач ээ айлд байна ш дээ хэрүүл битгий хий, битгий орилж хашгираарай гэтэл “чи ер нь юу юм пизда минь” гэж намайг хэлсэн. Би тухайн үед чимээгүй болоод буйдан дээр сууж байтал учир утгагүй, толгойноос үсдэж аваад өвдгөөрөе нүүрэн тус газар 3 удаа өвдөглөсөн. Би тухайн үед газар унаад болиочээ гэж хашгирсан Б.О миний толгойны дагз хэсгээс үсдцэн тавихгүй байсан тухайн үед миний амьсгаа давчдаад болиочээ намайг тавьчих гээд орилоод байхад тавихгүй “чи амьсгаа авч чадахгүй байна уу ингээд үх үх” гэж байсан. Би арай гэж болиулаад цааш түлхтэл миний хоёр хөлний гуянаас нэг нэг удаа хазсан...” гэжээ /хх-ийн 22-р тал/,

 

Хохирогч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэлла Беста хотхоны 700 дугаар байрны 1301 тоотод Ш.Уагийн хамт түүний найз Х.Мөнхжингийнд очсон. Тухайн үед Х.Мөнхжингийнд нэг шил вино хувааж уугаад унтацгаасан. Үүрээр Ш.У Х.Мөнхжинтэй хамт ээмгээ хайгаад байсан. Тухайн үед Х.Мөнхжин чи явж бай би цэвэрлэгч ирэхээр олоод араас чинь явуулчихъя гэсэн. Тэгээд би Ш.Уаг явъя гэтэл чи өөрөө ээмгээ алга болгосон бол яах байсан бол гэж намайг харааж эхэлсэн. Би тухайн үед Ш.Уагийн хажуу талд сууж байсан. Ш.Уа намайг “май пизда минь” гэж хараахад бид хоёр маргалдаж үсдэлцэж эхэлсэн. Би тухайн үед үсдэлцэж, чихнээсээ хазуулсны улмаас Ш.Уагийн гуя хэсгээс хазсан юм. Тухайн үед надад маш их өвдөлт мэдрэгдэж байсан тул би Ш.Уаг тавиулахаар тийм үйлдэл хийсэн...” гэжээ /хх-ийн 17-р тал/,

 

Гэрч Х.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...бид гурав манай гэрт нэг шил вино хувааж ууж байсан ба Ш.У бид хоёр юм яриад сууж байхад найз охин Б.О манай зочны өрөөнд унтаж байсан. Тэгсэн Ш.У өрөөсөн ээмгээ хайгаад намайг хамт хайлцаад олоод өгөөч гэж гуйхаар нь хамт хайж байхад Б.О хэвтэж байхдаа чи өөрөө алга болгосон юм бол өөрөө хайгаад олооч гэж хэлсэн. Тэр үед Ш.У, Б.О хоёр маргалдаж эхэлсэн. Тэгэж хэрэлдэж байх үед Б.О босч ирээд Ш.Уаг үсдэж байгаад 2-3 удаа хөлөөрөө түүний нүүр рүү өвдөглөсөн. Би тэр хоёрыг салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Б.О Ш.Уаг үсдээд гараараа ороосон байсан болохоор тавиулж болохгүй байсан...” гэжээ /хх-ийн 26-27-р тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8603 дугаар дүгнэлт “...Ш.Уагийн биед баруун, зүүн шууны цус хуралт, баруун зүүн гуяны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 8812 дугаар дүгнэлт “...Б.Огийн биед баруун чихний ар хэсэгт шарх, баруун чихэнд зулгаралт, цээж, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахтул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 36/,

         

Шүүгдэгч Ш.У, Б.О нарын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-68, 121/, ял шалгах хуудас /хх-61, 115/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.23-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар / хх-75-77/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Шүүгдэгч Ш.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэлла Беста хотхоны 700 дугаар байрны 1301 тоотод иргэн Б.Отай айлд байж орилж хашгирлаа гэх шалтгаанаар маргалдан түүний биед баруун чихний ар хэсэгт шарх, баруун чихэнд зулгаралт, цээж, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд, хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт зэргээр,

 

2. Шүүгдэгч Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэлла Беста хотхоны 700 дугаар байрны 1301 тоотод иргэн Ш.Утай үл ойлголцог маргалдаж түүний биед баруун, зүүн шууны цус хуралт, баруун зүүн гуяны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд, хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.У, Б.О нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ш.У, Б.О нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Ш.У, Б.О нарын нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч В.Золбаярт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тус бүрийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ш.У, Б.О нарт оногдуулсан торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Ш.У, Б.О нар оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910017230495 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ш.У, Б.О нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         

          1. Шүүгдэгч Замбуугийнхан овогт Шүрхүүгийн Ш.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

          Шүүгдэгч Тайж овогт Батсуурийн Б.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У, Б.О нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.У, Б.О нарт оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ш.У, Б.О нарт оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүлжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ