| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0562/Э |
| Дугаар | 394 |
| Огноо | 2020-06-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 394
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Чинзориг, хохирогч М.Б-, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Г.Хэрлэнчимэг, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Д-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903005730277 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урд:
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 220 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Д-ийн Б, .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хан-Уул дүүргийн уулзварт “Ниссан санни” маркийн, 87-85 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, ... зам тавьж өгнө” мөн дүрмийн “3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Б-ийг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигсдэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч М.Б-: “...Тухайн үед миний ажиллаж байсан ажил орой 23 цаг 30 минутын орчим тардаг, би явган алхаж байгаад Номын сангийн орчимоос Нисэх явах таксинд сууж гэр лүүгээ явдаг байсан, тэр өдөр ажлаа тараад алхдагаараа алхаад зам хөндлөн гарахдаа гэрлэн дохион дээр очоод явган хүний ногоон гэрлээр гарсан, тэгээд юу болсныг мэдэхгүй, ухаан алдаж унасан, нэг сэрэхэд биеэ даахгүй, миний чихнээс цус гараад би газар хэвтэж байсан, эргээд ухаан алдсан, дахин ухаан орохонд түргэний машин дотор явж байсан. Сэтгэл зүйн хувьд хэцүү байна, энэ хэргийг эцэслээд шийдээд өгнө үү, ээжтэйгээ хамт амьдардаг, орон нутгаас байнга ирж, очих хэцүү байна, би зүрх муутай учир дахин дахин норкозтой хагалгаанд ороход хүндрэлтэй, короно гайгүй болохоор хагалгаанд орж хадаасаа авахуулна, хадаастай учир MRI хүртэл хийлгэж болохгүй, тархи толгойны хүнд өвчтэй юм шиг санагдаад байгаа. Хүний ярьж байгаа зүйл нэг цаана, нэг наана сонсогддог болсон, хэрэг болоод бүтэн жил боллоо, хурдан шийдээд өгнө үү. Эмч намайг одоо мэдрэл талдаа үзүүл гэсэн, гомдолгүй гэж хэлж чадахгүй, хохиролд бүтэн жил болоход 1,145,981 төгрөг авсан, өнөөдрийн шүүх хуралдаанд 130,000 төгрөг шилжүүлсэн байна, нийтдээ 1,275,981 төгрөг авсан....” гэв.
Шүүгдэгч Д.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хохиролд өмнө нь 1,100,000 орчим төгрөг төлсөн, өнөөдөр шүүх хуралдаанд 130,000 төгрөг төлсөн, би одоо зогсоолын манаач хийгээд сард 140,000 төгрөг, группын 280,000 төгрөг, нийтдээ 420,000 төгрөг авдаг, цаашид М.Б-ийн эмчилгээний зардлыг төлж барагдуулна, миний биеийн эрүүл мэндийн байдал тааруу байгаа, би сая 5 дугаар сарын сүүлээр Гуравдугаар эмнэлэгт цөсний хүүдий авах мэс ажилбарт хэвлийн хөндийг нээж орсон, одоо оёдолоо авахуулах шаардлагатай байгааг минь харгалзан надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү, би хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч М.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө 00 цаг 03 минутын үед би ажлаа тараад гэртээ харих гээд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хан-Уул таурын хойд уулзварын баруун талын замаар хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарах гээд зогсож байгаад, ногоон гэрэл асмагц надтай хамт зам хөндлөн гарах гээд зогсож байсан хүмүүсээс би түрүүлээд алхаад зам руу ортол миний зүүн талаас нэг машин орж ирээд мөргөсөн. Тэгээд тухайн үедээ ухаан балартсан. Нэг мэдэхэд миний зүүн чихнээс цус гарч, зүүн гараа даахгүй зогсож байсан. Тэгээд нэг мэдсэн чинь түргэн тусламж ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би ногоон гэрлээр зам хөндлөн гарсан. Гадаа харанхуй болсон байсан. Замын гэрэлтүүлэг ажиллаж байсан. Гадаа бороо шивэрч байсан. Миний тархины суурь яс, зүүн чамархайн шугаман хугарал, зүүн эгэм ясны далд хугарал, баруун тохойд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирсан. Би 14 хоног гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, зүүн эгэмдээ хагалгаа хийлгэж хадуулсан. Ослоос болж миний зүүн чих муу сонсож байгаа. Мөн 1 жилийн дараа эгэмний хадаасыг авна гэсэн, би гомдолтой, эмчилгээний зардлаа төлүүлмээр байна...” /1-р хх-ийн 16-17/ гэсэн,
Гэрч Ө.Сэндэрмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө би дүү Б-гийн машины урд суудалд суугаад бид хоёр Хан-Уул дүүргийн уулзварын хойд талд нэг танилаа буулгачихаад буцаад гэрлүүгээ харих гээд Хан-Уул дүүргийн уулзвараар баруун гар тийш эргэхдээ түс хийгээд юм мөргөх шиг болсон. Юу болвоо гэтэл хүн мөргөчихлөө гэсэн. Би машинаас буугаад хартал машинд мөргүүлсэн хүний толгой нь цус болчихсон хэвтэж байсан. Тэгээд Б- бид хоёр явган зорчигчийг машины хойд суудалд суулгаад байж байтал түргэн тусламж ирээд аваад явсан. Би гэрлийг нь хараагүй хойшоо налаад хэвтчихсэн байсан болохоор явган зорчигчийг хараагүй. Гадаа бороо орж байсан ба машины урд салхины шил цантчихсан байсан. Би хурдыг нь хараагүй зөөлөн л явж байсан...” /1-р хх-ийн 19/ гэсэн,
Гэрч М.Мөнхтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө 00 цагийн үед би ажлаа тараад гэртээ харих санаатай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Хан-Уул таурын зүүн талын гэрлэн дохиотой уулзварын зүүн талаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд ногоон гэрлээр зам хөндлөн гарах гээд гарцаар алхаж явтал /замын тусгаарлах зурвас арай хүрээгүй/ уулзварын баруун талын явган хүний гарц дээр түс гээд чимээ гарсан. Хартал нэг саарал өнгийн Ниссан Санни маркийн автомашин хүн мөргөөд нөгөө хүн нь өнхрөөд унаж байгаа харагдсан. Би осол болсон газар яваад очтол жолооч явган зорчигчийг машиндаа суулгах гээд байж байсан. Би очоод тэнд байсан хүмүүсийн хамт болиулаад цагдаа дууд, хөдөлж болохгүй гэж хэлээд өөрийн утсаар түргэн тусламж дуудсан. Тэгээд би удалгүй цааш явсан. Машинд мөргүүлсэн хүн ногоон гэрлээр гарч явсан. Автомашин уулзварын хойд талаас ирээд ертөнцийн зүгээр баруун тийш эргэж байсан. Гадаа бороо ороод зам нойтон, харанхуй болсон байсан. Замын гэрэлтүүлэг болон гэрлэн дохио ажиллаж байсан...” /1-р хх-ийн 23-24/ гэсэн,
Шүүгдэгч Д.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө 00 цагийн орчимд өөрийн Ниссан санни маркийн 87-85 УНУ улсын дугаартай авто машинтайгаа таксинд явж байгаад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хан-Уул дүүргийн хойд талын гэрэл дохиотой уулзвараар хойноосоо баруун гар тийш эргэж баруун зүгт явахаар улаан гэрэл дохион дээр 1 дүгээр эгнээнд зогсож байгаад баруун гар тийш нэмэлтээр эргэх ногоон гэрэл асахаар нь авто машинтайгаа баруун гар тийш эргэхэд 1 дүгээр эгнээнд аваараа асаагаад зогсож байсан авто машины урдуур хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар эмэгтэй хүн машины урдуур орж ирэхэд нь гараад явчихлаа гэж бодтол нөгөө эмэгтэй миний машины зөв талын урд гуфер, гэрлийн хэсгээр мөргүүлээд газар унасан. Би өөрийнхөө утсаар цагдаа болон түргэн тусламж дуудсан. Би 2018 оны 4 дүгээр сард жолооч болсон. Жолооч болсон цагаасаа хойш автомашин жолооддог байсан. Тухайн үед би тэр эмэгтэйг машины урдуур гараад өнгөрчихлөө гэж бодсон. Осол гарах үед бороо орсон. Урд салхины шил жаахан цантсан байсан. Замын хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. ...Хохирогч Б- явган хүний гарцаар зам хөндлөн гарахдаа улаан гэрэл дохиогоор зам хөндлөн гарч явахад би автомашиныхаа зүүн урд хэсгээр мөргөсөн...” /1-р хх-ийн 48, 240-241/ гэсэн мэдүүлгүүд,
- Зам тээврийн осол хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “Зам тээврийн осол хэрэг гарсан газар нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хан-Уул дүүргийн арын зам мөн Голомт банкны арын замд, уулзварын баруун талдаа Ниссан Санни маркийн 87-85 УНУ улсын дугаартай автомашин зогсож байх бөгөөд зорчих хэсэгт автомашинаас үүссэн эл мөргүй, бороо орсноос болоод зорчих хэсэг нойтон ямар нэгэн ул мөр байгаа эсэх мэдэгдэхгүй байв. Уг зам нь асфальтан, шулуун тэгш, нойтон, зохицуулагддаг, уулзвар дээр, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, бороотой, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, явган хүний замтай, 7 эгнээ, явган хүний гарцтай, хашлагатай зам байв. Мөн хэргийн газарт Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 тэмдэгтэй, мөн дүрмийн 1.13х, Замын хөдөлгөнөий дүрмийн 1.11 тэмдэглэлтэй байв.” /1-р хх-ийн 4-5/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №6463 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.Б-ийн биед суурь яс, зүүн чамархайг хамарсан шугаман хугарал, зүүн эгэм ясны далд хугарал, баруун тохойд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” /1-р хх-ийн 28/ гэсэн,
- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №32918 дугаартай дүгнэлтэд: “...Өнгө үзэмж муу, будаг гандсан ослын үед гарсан гэмтэлгүй ашиглалтын явцад парны хувиарлагч гэмтэлтэй урд шилний цан үлээгүүр ажиллахгүй болсон бусад их гэрэл, гэрэл дохио бүрэн, дуут дохио, хаалганы түгжээ, бариул, суудлын бүс даруулга, шил, шил арчигч, тормозны аппарат, гар тоормоз, жолооны механизм, явах эд анги, дугай бүгд бүрэн, иж бүрдэл эмийн сангаас бусад нь байхгүй байлаа. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ94060 тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -4,1 мм/м, урд дугайн тоормосны хүч зүүн талдаа 2,2 кН, баруун талдаа 2,4 кН, зөрүү нь 8,33 % /стандарт <20%/ хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,3 кН, баруун талдаа 1,2 кН, зөрүү нь 7,69% /стандарт <30%/ байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн гэрлийн ойрын тусгалын хэмжээ 16200 кандел, баруун гэрлийн ойрын тусгалын хэмжээ 16200 кандел байна. /стандарт 10000-225000 кандель/, зүүн холын гэрлийн тусгалын хэмжээ 28700 кандел, баруун холын гэрлийн тусгалын хэмжээ 22500 кандед /стандарт 10000-225000 кандел/ баруун, зүүн их гэрлийн тусгалын хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Ашиглалтын явцад парны хувиарлагч гэмтэлтэй, урд шилний цан үлээгүүр ажиллахгүй болсон. Ослоос өмнө ашиглалтын явцад парны хувиарлагч гэмтэлтэй урд салхины шилний цан үлээгүүр ажиллахгүй болсон нь цаг агаарын хүйтэн хасах хэмтэй үе, бороо, цас орж байгаа үед шил цанатаж жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлж осол гарах нөхцлийг бүрдүүлнэ. Тоормозны систем нь хийн, хийн буюу шингэн дамжуулгатай, ABS системтэй тоормос бүрэн хэвийн ажиллаж байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,2кН, баруун талдаа 2,4 кН, зөрүү нь 8,33 /стандарт <20%/ байна. Зогсоолын тоормос зогссон. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай, АBS бол дээрхи тоормосны системүүдийн үед автомашин тоормос гишгэх үед тоормосны тасалдсан мөр үүснэ...” /1-р хх-ийн 33-39/ гэсэн,
- Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №245 дугаар дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн осол хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам орчны байдал, явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн, унасан гэх цэгүүдийн байрлах, тэдгээрийн хоорондын зай, гэрчүүдийн мэдүүлэг, хүний биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №6463 дугаартай дүгнэлт, Баянзүрх дүүргийн Техник хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 32918 дугаартай оношилгооны дүгнэлт зэргийг үндэслэхэд Nissan Sunny маркийн 87-85 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Д- овогтой Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.1 Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, ...зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Мөн тээврийн хэрэгслийн оношилгооны дүгнэлтээр “...ослоос өмнө ашиглалтын явцад парны хувиарлагч гэмтэлтэй, урд салхины шил цан үлээгүүр ажиллахгүй болсон нь цаг агаарын хүйтэн хасах хэмтэй үе бороо, цас орж байгаа үед шил цантаж жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлж осол гарах нөхцлийг бүрдүүлнэ” гэх тул Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт Жолооч дараах үүргийг хүлээнэ: а.Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралтын 6 дахь заалт “Бусад эд анги, нэмэлт хэрэгсэл”, 6.3 Шил арчуур, цан үлээгүүр ажиллахгүй болсон гэснийг зөрчсөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон байна.
2. Явган зорчигч Монхор овогт Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Хавтаст хэрэгт авагдсан материал, фото зургийн үзүүлэлт, үзлэгийн тэмдэглэл, осол гарах үеийн бичлэгээс харахад уг зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй ба зам, замын бусад байгууламж нь эвдрэл гэмтэлгүй байна...” /1-р хх-ийн 235-236/ гэсэн дүгнэлтүүд,
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-11/,
- Түргэн тусламжийн дуудлагын хуудас /1-р хх-ийн 53/,
- Хохиролтой холбоотой баримтууд /1-р хх-ийн 69-74, 77-80, 243-244, 246/,
- Хохирол төлсөн баримт /1-р хх-ийн 160, 121, 157/,
- Жолооч, явган зорчигч нарын согтуурал шалгасан баримт /1-р хх-ийн 12-13/,
- Шүүгдэгч Д.Б-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Ө.Отгонбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 21/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 58/, жолоочийн лавлагаа /1-р хх-ийн 59-60/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 63/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хан-Уул дүүргийн уулзварт “Ниссан санни” маркийн, 87-85 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, ... зам тавьж өгнө” мөн дүрмийн “3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Б-ийг мөргөж эрүүл мэндэд суурь яс, зүүн чамархайг хамарсан шугаман хугарал, зүүн эгэм ясны далд хугарал, баруун тохойд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Б-ийн “...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө 00 цаг 03 минутын үед би ажлаа тараад гэртээ харих гээд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хан-Уул таурын хойд уулзварын баруун талын замаар хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарах гээд зогсож байгаад, ногоон гэрэл асмагц надтай хамт зам хөндлөн гарах гээд зогсож байсан хүмүүсээс би түрүүлээд алхаад зам руу ортол миний зүүн талаас нэг машин орж ирээд мөргөсөн. Тэгээд тухайн үедээ ухаан балартсан. Нэг мэдэхэд миний зүүн чихнээс цус гарч, зүүн гараа даахгүй зогсож байсан. Тэгээд нэг мэдсэн чинь түргэн тусламж ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би ногоон гэрлээр зам хөндлөн гарсан. Гадаа харанхуй болсон байсан. Замын гэрэлтүүлэг ажиллаж байсан. Гадаа бороо шивэрч байсан. Миний тархины суурь яс, зүүн чамархайн шугаман хугарал, зүүн эгэм ясны далд хугарал, баруун тохойд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирсан. Би 14 хоног гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, зүүн эгэмдээ хагалгаа хийлгэж хадуулсан. Ослоос болж миний зүүн чих муу сонсож байгаа. Мөн 1 жилийн дараа эгэмний хадаасыг авна гэсэн, би гомдолтой, эмчилгээний зардлаа төлүүлмээр байна...” /1-р хх-ийн 16-17/ гэсэн, гэрч Ө.Сэндэрмаагийн: “...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө би дүү Б-гийн машины урд суудалд суугаад бид хоёр Хан-Уул дүүргийн уулзварын хойд талд нэг танилаа буулгачихаад буцаад гэрлүүгээ харих гээд Хан-Уул дүүргийн уулзвараар баруун гар тийш эргэхдээ түс хийгээд юм мөргөх шиг болсон. Юу болвоо гэтэл хүн мөргөчихлөө гэсэн. Би машинаас буугаад хартал машинд мөргүүлсэн хүний толгой нь цус болчихсон хэвтэж байсан. ...Би гэрлийг нь хараагүй хойшоо налаад хэвтчихсэн байсан болохоор явган зорчигчийг хараагүй. Гадаа бороо орж байсан ба машины урд салхины шил цантчихсан байсан. Би хурдыг нь хараагүй зөөлөн л явж байсан...” /1-р хх-ийн 19/ гэсэн, гэрч М.Мөнхтуяагийн: “...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө 00 цагийн үед би ажлаа тараад гэртээ харих санаатай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Хан-Уул таурын зүүн талын гэрлэн дохиотой уулзварын зүүн талаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд ногоон гэрлээр зам хөндлөн гарах гээд гарцаар алхаж явтал /замын тусгаарлах зурвас арай хүрээгүй/ уулзварын баруун талын явган хүний гарц дээр түс гээд чимээ гарсан. Хартал нэг саарал өнгийн Ниссан Санни маркийн автомашин хүн мөргөөд нөгөө хүн нь өнхрөөд унаж байгаа харагдсан. ...Машинд мөргүүлсэн хүн ногоон гэрлээр гарч явсан. Автомашин уулзварын хойд талаас ирээд ертөнцийн зүгээр баруун тийш эргэж байсан. Гадаа бороо ороод зам нойтон, харанхуй болсон байсан. Замын гэрэлтүүлэг болон гэрлэн дохио ажиллаж байсан...” /1-р хх-ийн 23-24/ гэсэн, шүүгдэгч Д.Б-гийн “...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө 00 цагийн орчимд өөрийн Ниссан санни маркийн 87-85 УНУ улсын дугаартай авто машинтайгаа таксинд явж байгаад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хан-Уул дүүргийн хойд талын гэрэл дохиотой уулзвараар хойноосоо баруун гар тийш эргэж баруун зүгт явахаар улаан гэрэл дохион дээр 1 дүгээр эгнээнд зогсож байгаад баруун гар тийш нэмэлтээр эргэх ногоон гэрэл асахаар нь авто машинтайгаа баруун гар тийш эргэхэд 1 дүгээр эгнээнд аваараа асаагаад зогсож байсан авто машины урдуур хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар эмэгтэй хүн машины урдуур орж ирэхэд нь гараад явчихлаа гэж бодтол нөгөө эмэгтэй миний машины зөв талын урд гуфер, гэрлийн хэсгээр мөргүүлээд газар унасан. Би өөрийнхөө утсаар цагдаа болон түргэн тусламж дуудсан. Би 2018 оны 4 дүгээр сард жолооч болсон. Жолооч болсон цагаасаа хойш автомашин жолооддог байсан. Тухайн үед би тэр эмэгтэйг машины урдуур гараад өнгөрчихлөө гэж бодсон. Осол гарах үед бороо орсон. Урд салхины шил жаахан цантсан байсан. Замын хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. ...Хохирогч Б- явган хүний гарцаар зам хөндлөн гарахдаа улаан гэрэл дохиогоор зам хөндлөн гарч явахад би автомашиныхаа зүүн урд хэсгээр мөргөсөн...” /1-р хх-ийн 48, 240-241/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2019 оны №6463 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.Б-ийн биед суурь яс, зүүн чамархайг хамарсан шугаман хугарал, зүүн эгэм ясны далд хугарал, баруун тохойд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 28/ гэсэн,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн шинжээчийн 2019 оны №32918 дугаартай дүгнэлтэд: “...Ослоос өмнө ашиглалтын явцад парны хувиарлагч гэмтэлтэй урд салхины шилний цан үлээгүүр ажиллахгүй болсон нь цаг агаарын хүйтэн хасах хэмтэй үе, бороо, цас орж байгаа үед шил цанатаж жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлж осол гарах нөхцлийг бүрдүүлнэ. Тоормозны систем нь хийн, хийн буюу шингэн дамжуулгатай, ABS системтэй тоормос бүрэн хэвийн ажиллаж байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,2кН, баруун талдаа 2,4 кН, зөрүү нь 8,33 /стандарт <20%/ байна. Зогсоолын тоормос зогссон. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай, АBS бол дээрхи тоормосны системүүдийн үед автомашин тоормос гишгэх үед тоормосны тасалдсан мөр үүснэ...” /1-р хх-ийн 33-39/ гэсэн,
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны №245 дугаар дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн осол хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам орчны байдал, явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн, унасан гэх цэгүүдийн байрлах, тэдгээрийн хоорондын зай, гэрчүүдийн мэдүүлэг, хүний биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №6463 дугаартай дүгнэлт, Баянзүрх дүүргийн Техник хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 32918 дугаартай оношилгооны дүгнэлт зэргийг үндэслэхэд Nissan Sunny маркийн 87-85 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Д- овогтой Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.1 Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, ...зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Мөн тээврийн хэрэгслийн оношилгооны дүгнэлтээр “...ослоос өмнө ашиглалтын явцад парны хувиарлагч гэмтэлтэй, урд салхины шил цан үлээгүүр ажиллахгүй болсон нь цаг агаарын хүйтэн хасах хэмтэй үүе бороо, цас орж байгаа үед шил цантаж жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлж осол гарах нөхцлийг бүрдүүлнэ” гэх тул Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт Жолооч дараах үүргийг хүлээнэ: а.Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралтын 6 дахь заалт “Бусад эд анги, нэмэлт хэрэгсэл” 6.3 Шил арчуур, цан үлээгүүр ажиллахгүй болсон гэснийг зөрчсөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон байна.
2. Явган зорчигч Монхор овогт Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” /1-р хх-ийн 235-236/ гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-11/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /1-р хх-ийн 53/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд суурь яс, зүүн чамархайг хамарсан шугаман хугарал, зүүн эгэм ясны далд хугарал, баруун тохойд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүнд хохирол учирсан, хохирогч нь эмчилгээ оношлогооны зардалд 1,275,981 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Д.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. Хохирогч М.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч Д.Б- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг баримтын хэмжээнд төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд нөхөн төлсөн байдал, тэр даруй хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулахтай холбогдуулан хэрэгт хураагдаж ирүүлсэн Д.Б-гийн №1217781 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхийн газарт хүргүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор тогтов.
Эрүүгийн 1903005730277 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Б- 2019 оны 8 дугаар сарын 23-наас 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг /1-р хх-ийн 132-135, 206-207/ хүртэл 124 /нэг зуун хорин дөрөв/ хоног цагдан хоригдсоныг, мөн энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д-ийн Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн хоёр жилийн хугацаанд шүүгдэгч Д.Б-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1903005730277 дугаартай хэрэгт хураагдаж ирсэн Д-ийн Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №000000дугаартай үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь хохирогч М.Б- 1,275,981 /нэг сая хоёр зуун далан таван мянга есөн зуун наян нэг/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч М.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн 1903005730277 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Б- энэ хэрэгтээ нийтдээ 124 /нэг зуун хорин дөрөв/ хоног цагдан хоригдсоныг, мөн энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР