Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 361

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Г.Б.Ц д холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .. оны ... дугаар сарын ..-ны өдөр .... төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г.Б.Ц /РД:........../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” нэртэй бааранд иргэн Б.Бтай эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд эрэгтэй хүн оруулла гэх шалтгаанаар маргалдан түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт баар руу найз Болортуяа болон түүний найзуудтай ороод балентайс гэх нэртэй нэг литрийн виски хувааж ууцгаачихаад гарах гээд байж байтал Болортуяа ариун цэврийн өрөөний буйдан дээр тасарчихсан сууж байсан. ...араас нь яваад очтол Болортуяа сэрэхгүй, Уранбат сэрээх гээд зууралдаад байж байтал хажуунаас үл таних эмэгтэй нөгөө хоёрыг одоо гар зайл гэж хэлсэн ба уурласан шалтгаан нь эмэгтэй хүний ариун цэврийн өрөөнд эрэгтэй хүн ороод ирлээ гэж уурлаж байсан. ...тэгээд би бүр аргаа бараад өчнөөн уучлалт гуйж байгаад ямар их уурладаг юм бэ чамайг ямар бие засаж байхад чинь ороод ирсэн биш ямар сүртэй уурладаг юм бэ гэхэд баахан хэл амаар доромжлоод байсан. Тэгээд үл таних эмэгтэй миний өөдөөс сарвалзаж дайраад байсан. Тэгсэн нэг мэдсэн манай найз Болортуяа сэрчихсэн үл таних эмэгтэйтэй маргалдаад нөгөө эмэгтэйг толь руу шахаад хэвтүүлчихсэн байсан ба нөгөө эмэгтэй хүртэл манай найзыг багалзуурдаад базаад самардаад байх шиг байсан. Тэгээд би тэр эмэгтэйг болиулах гээд гарыг нь дараад түлхсэн. Тэгсэн хамгаалагч, Уранбат хоёр бид гурвыг салгаад Уранбат Болортуяаг аваад гарсан. Тэгсэн үл таних эмэгтэй ариун цэврийн өрөөнөөс гарч байгаад эргэж намайг харснаа миний дух хэсэгт 1 удаа маш хүчтэй цохичихоод гараад явчихсан. Тэр үед би шоконд ороод зогсож байтал нөгөө эмэгтэй ахиж орж ирэхээр нь би үсдээд татсан ямар нэг ширээ сандал гэх мэт зүйлс цохисон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-22-23-р тал/

 

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...’’2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр миний төрсөн өдөр болоод Манхетан лоунжид найз нартайгаа сууж байгаад 00 цаг өнгөрөөгөөд минт бааранд Баярзаяа, Аззаяа, Мөнхцэцэг, Уранбат, Б.Б, Ариунзул нарын хамт орсон бөгөөд тэндээ бид нар нилээн согтсон байсан бөгөөд би 00-ийн өрөөний сандал дээр суугаад унтчихсан юм байна лээ. Тэгээд эрүүлжүүлэх байранд ухаан орсон бөгөөд Минт бааранд юу болсон талаар санахгүй байна. Сүүлд нь Уранбат, Б.Б хоёроос юу болсон талаар асуухад би эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд ороод тасраад унтчихсан юм байна лээ. Тэгтэл Б.Б авч гарах гээд дийлэхгүй болохоороо Уранбатыг дуудсан гэсэн. Тэгтэл Уранбат намайг авах гээд ариун цэврийн өрөөнд ороод ирчихсэн байж байтал танихгүй охин эмэгтэй ариун цэврийн өрөөнд эрэгтэй хүн орж ирлээ гээд маргаан гаргасан гэж ярьж байсан. Би тухайн үед их согтсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-30-р тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11197 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Бын биед тархи доргилт, цох хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, баруун шуу, зүүн бугалганы дотор дээд хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгтхамаарна.” гэжээ /хх-32-р тал/

 

Хохиролын баримтууд /хх-45-47/, СД-ийд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-67-72/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-75/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76/, болон бусад /хх-36-41/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” нэртэй бааранд иргэн Б.Бтай эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд эрэгтэй хүн оруулла гэх шалтгаанаар маргалдан түүний биед тархи доргилт, цох хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, баруун шуу, зүүн бугалганы дотор дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч, шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Бын эрүүл мэндэд учирсан “...тархи доргилт, цох хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, баруун шуу, зүүн бугалганы дотор дээд хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Ц түүний нүүрэн тус газар нь гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Цгийн, хохирогч Б.Бын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ц гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “...Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 93/ гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. 

Шүүгдэгч Б.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Цт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн ........ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Ц бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Гал овгийн Батмөнхийн Б.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар .Б.Цг ялаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Цд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас даруй сулалсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт  хавсаргасугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ