Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 373

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи

улсын яллагч Ц.Ганчимэг,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б.Д.Бт холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр ..... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Б.Д.Б /РД:......../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аеро” караоке баарны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Ттэй хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар маргалдан түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Хохирогч Д.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 02-ноос 03-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аэро” нэртэй караокед найз Б.Бадамжунай, Б.Даваа-Очир нарын хамт сууж байгаад тухайн караокед танил эгч Номинтой тааралдсан. Тэгээд Номин бид хоёр караокены гадаа гарч тамхи татчихаад буцаад орох гээд явж байтал Номинтой хамт явж байсан залуу намайг үгийн зөрөөгүй барьж аваад цохиж зодсон. Энэ үед манай найз Б.Даваа-Очир гарч ирээд салгасан. Намайг зодсон гэх залуу миний нүүр лүү гараараа 2 удаа цохиод миний үснээс үсдэж доош дарж байгаад хөлөөрөө нүүр лүү 2 удаа өшиглөсөн мөн газар унагааж байгаад миний дээрээс хөлөөрөө өшиглөөд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-28-33-р тал/

 

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аэро” нэртэй караокед найз Д.Т, Б.Даваа-Очир нарын хамт сууж байсан юм. Би караокены текэн дээр сууж байгаад гадаа гартал манай найз Д.Тийн хамраас нь цус гарчихсан сууж байхаар нь чи яасан юм бэ гэж асуухад намайг энэ цэнхэр цамцтай залуу зодчихлоо гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-36-38-р тал/

 

Гэрч Д.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аэро” караокед найз Д.Б болон Д.Бын найзын хамт орсон. Би Д.Бын найзынх нь нэрийг нь мэдэхгүй. Тэгээд бид нар тус караокед пиво ууж, дуу дуулж сууж байгаад тэнд сууж байсан 2-3 охинтой танилцаж, тэд нартай хамт архи ууж байгаад тэндээс гарахаар болж нөгөө охидуудтайгаа хамт тэндээс гартал караокены гадна Б.Даваа-Очир хоёр найзтайгаа тамхи татаад байж байсан. Тэгэхээр нь бид нар хамт тамхи татаад байж байтал бид нартай хамт гарч ирсэн охидууд караокены цаана байсан сааданд очоод суучихсан. Тэгсэн чинь араас нь Б.Түвшинтөр, Д.Б хоёр явсан. Тэгээд буцаж ирэхдээ тэр хоёр хоорондоо зодолдчихсон ирсэн. Би Д.Б, Б.Түвшинтөр хоёрын зодолдож байхыг хараагүй. Гэхдээ тэр хоёрыг зодолдоод ирсний дараа царайг нь харахад Б.Түвшинтөрийн хамраас нь цус гарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-44-46-р тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 9462 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Д.Тийн биед хамарт зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, дух, баруун өвдөгт цус хуралт, баруун бугуй, алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-51-р тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад /хх-96-97/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-98/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аеро” караоке баарны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Ттэй хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар маргалдан түүний биед хамарт зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, дух, баруун өвдөгт цус хуралт, баруун бугуй, алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч, шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Д.Тийн эрүүл мэндэд учирсан “...хамарт зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, дух, баруун өвдөгт цус хуралт, баруун бугуй, алганд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Д.Б түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Бын, хохирогч Д.Тийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “...Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 83/ гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. 

Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Д.Бт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Бт оногдуулсан торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Д.Бт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн .............. дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Б бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртлэх нийт цагдан хоригдсон 1 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Д.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас 15.000 /арван таван мянга/ төгрөгийг хасч, нийт ялыг 485.000 /дөрвөн зуун наян таван мянга/  төгрөгийн торгуулийн ялаар тогтоосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Бт оногдуулсан 485.000 /дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Д.Бт оногдуулсан 485.000 /дөрвөн зуун наян таван мянга/ / төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүлжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ