Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 594

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2016/01314 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг болон Зээлийн батлан даалтын санд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 67 145 814 төгрөг гаргуулах, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамжны 540 тоотод байрлах 89.5 м.кв талбайтай хувийн сууц, Ү-2202010937 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамжны 540 тоот байрлах 422 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажавын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Т.Нарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг нар нь 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Барьцаат зээлийн 1080018074 тоот гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зориулалтаар авсан. 1080017074 тоот гэрээний барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд Баталгаат ипотекийн 152-3786-1 дугаар гэрээгээр Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамжны 540 тоотод байршилтай 18642313149865 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 422 м.кв, г-2202003886 улсын бүртгэлийн дугаартай газар, Баталгаат ипотекийн 152-3786-1 дугаар гэрээгээр мөн хаягт байршилтай 89.5 м.кв талбайтай, Ү-2202010937 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцыг барьцаалсан. Зээлдэгч Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг нар нь банктай байгуулсан 1080018074 тоот гэрээний 1.4, 3.4.2, 3.5.2, 4.1-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс зайлсхийж байгаа тул зээлийн гэрээний 5.1.1, 5.2 дэх заалтыг үндэслэн уг гэрээг цуцлуулахаар хүсэлт гаргаж байгаа болно. 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээлдэгч Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг нарын гэрээний дагуу төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр 25 684 094 төгрөг, үндсэн хүү 20 058 350 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 224 083 төгрөг, нийт 46 965 327 төгрөг байна.

Иймд 46 965 327 төгрөгийг Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг нараас гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 1080018074 тоот зээлийн гэрээний дагуу Баталгаат ипотекийн 152-3786-1 тоот гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч Ч.Батцэнгэл болон хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Сайнбилэгийн бусад хөрөнгө, орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Зээлийн даалтын сангийн хувьд бол гурван талт гэрээ байгуулсан байдаг. 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. Үүгээр үлдэгдэл төлбөрийн 44 хувийг батлан даахаар болсон байдаг. Иймд 45 863 380 төгрөгийн 44 хувь болох 20 179 887 төгрөгийг зээлийн батлан даалтын сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банкны 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 08632 тоот албан бичиг болон Ч.Батцэнгэлийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн өргөдөлд үндэслэн Зээлийн батлан даалтын хорооны 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар 50 000 000 төгрөгийн зээлийн 44 хувийг батлан даахаар болж батлан даалтын гэрээ байгуулсан. Иргэний хууль, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн дагуу манай байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-т зааснаар нөхөн гүйцэтгэдэг учраас эхний ээлжинд банк нь барьцаа хөрөнгөөр зээлийг хангуулах ёстой. Зээлийн батлан даалтын сан нь зээлийн төлбөрийг хамтран хариуцах буюу Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т заасныг батлан даалтын гэрээнд баримтлаагүй гэдгийг хэлмээр байна. Барьцаа хөрөнгийн тухайд үед банк 40 000 000 төгрөгөөр үнэлж байсан боловч одоо худалдан борлуулахад хэдэн төгрөг болох нь тодорхойгүй учраас бид барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа оролцох боломжтой юм. Иймд нэхэмжпэлийн шаардлагын Зээлийн батлан даалтын санд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг нараас үндсэн зээл 25 684 094 төгрөг, хүү 20 058 350 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 224 083 төгрөг, нийт 46 965 327 төгрөг, Зээлийн батлан даалтын сангаас 20 179 887 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамжны 540 тоотод байрлах 89.5 м.кв талбайтай хувийн сууц, Ү-2202010937 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамжны 540 тоот байрлах 422 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг нарын бусад хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 493 679 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг нараас 345 575 төгрөгийг, Зээлийн батлан даалтын сангаас 148 103 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2016/01314 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Зээлийн батлан даалтын сан нь Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн батлан даалт гаргах замаар тэдний санхүүжилт авах боломжийг нь бүрдүүлэх зорилго бүхий Засгийн газрын оролцоотой үүсгэн байгуулагдсан байгууллага юм.

Зээлийн батлан даалтын сан нь дээрх зорилгын хүрээнд зээлдэгч Ч.Батцэнгэлийн Хас банкнаас авах 50 000 000 төгрөгийн зээлийн 44 хувьд батлан даалт гаргаж, Ч.Батцэнгэл болон Хас банктай 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 1080018074 дугаартай батлан даалтын гурван талт гэрээ байгуулсан.

Тус гэрээнд “Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд сануулах, мэдэгдэх хуудас өгөх, шаардах хуудас өгөх зэрэг арга хэмжээ авсан байх тохиолдолд батлан даагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж заасан нь зээлдүүлэгчийн зүгээс зээл төлүүлэх талаарх авах арга хэмжээнд ямар нэгэн хэмжээ хязгаарлалт тогтоогоогүй. Уг нотлох баримтыг шүүх дутуу үнэлсэн.

Зээлдүүлэгч банкны зүгээс зээлдэгчийн барьцаа хөрөнгийг зээл олгох үед 40 000 000 төгрөгөөр үнэлж, зээл зөвшөөрөх хэмжээг 28 000 000 төгрөг гэж үзсэн, банкны нэхэмжилж буй нийт дүн 67 100 000 төгрөг бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй байхад байхад батлан даагчид шууд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг нараас нийт 46 965 327 төгрөг, “Зээлийн батлан даалтын сан”-аас 20 179 887 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн нь нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэсэн заалт буюу батлан даалтын гэрээний үндэслэл болсон заалтыг хэрэглээгүй байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2016/01314 дугаар шийдвэрт хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулна уу гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг нараас зээлийн гэрээний үүрэгт 67 145 814 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Зээлийн батлан даалтын санг татаж, батлан даалтын гэрээний үүрэгт дээрх төлбөрийн 44 хувь болох 20 179 887 төгрөгийг тус тус гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх хариуцагч Ч.Батцэнгэлд нэхэмжлэлийн хувийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, хариуцагч Д.Сайнбилэгт 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг нь тайлбарлан өгч, 2016 оны 11 дүгээр сарын 07, 14-ний өдрүүдэд хэргийн материалыг танилцуулсан боловч тэдгээр нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэсэн хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь “Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэхгүй тохиолдолд батлан даалтын гэрээний дагуу төлбөрийг барагдуулна” гэж өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг нарын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг нар нь 50 000 000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай нэхэмжлэгчээс зээлж, Ч.Батцэнгэл нь үүргийн гүйцэтгэлд Ү-2202010937 улсын бүртгэлийн дугаартай 000225165 гэрчилгээний дугаартай Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамжны 540 тоотод байрлах 89.5 м.кв талбайтай хувийн сууц, Ү-2202003886 улсын бүртгэлийн дугаартай 000107792 гэрчилгээний дугаартай Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамжны 540 тоотод байрлах 422 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалжээ. /хэргийн 5-21 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нарыг төлбөр төлөх үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй зөрчсөнтэй холбоотойгоор нэмэлт хугацаа олгосон болох нь “Хас банк” ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн, мөн оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шаардах хуудсаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь гэрээг нэг талын санаачлагаар цуцлах эрхтэй бөгөөд хариуцагч Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй юм. /хэргийн 23-25 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний 3.2.10-т “Зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй болон хэсэгчилсэн хугацааг зөрчиж, хэсэгчилсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд банк нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй” гэж заасан тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг нараас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна. /хэргийн 6 дугаар тал/

Гэтэл шүүх хариуцагч Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар дээрх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд шаардах хүүгийн зохицуулалт болох Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримталсан нь буруу болжээ.

 

Мөн “Хас банк” ХХК нь Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг болон Зээлийн батлан даалтын сантай 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр мөн өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч буюу Зээлийн батлан даалтын сан нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, дээрх үүргийг батлан даагч гүйцэтгэсэн тохиолдолд хохирлыг зээлдэгч нар барагдуулахаар тус тус тохиролцсон байна.

/хэргийн 52-54 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй.” гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Батлан даалтын гэрээгээр хариуцагч Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг болон Зээлийн батлан даалтын сан нь хамтран хариуцлага хүлээх талаар тохиролцоогүй, зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсныг нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь баримтаар нотлоогүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаас гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нар гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон буюу барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болсон тохиолдолд батлан даалтын гэрээний үүргийг батлан даагчаас шаардах эрх үүсэх юм.

 

Дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 20 179 887 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байх тул хариуцагч Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг нараас 67 145 214 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2016/01314 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар 67 145 214 төгрөгийг Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг нараас гаргуулж “Хас банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Зээлийн батлан даалтын санд холбогдох 20 179 887 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 493 679 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Батцэнгэл, Д.Сайнбилэг нараас 493 676 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас төлсөн 258 849 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

 

                                  ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                          С.ЭНХТӨР