Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 167

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийж, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Г-ийн дүгнэлттэй “В" ХХК-ийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 12202******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан “...тээвэрлэгчийн үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд оногдуулсан 750.000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн хяналтын улсын байцаагч Б.Н-д холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Ж.Г, хариуцагч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Маргад нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Г нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ: 

“Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ж.Г би, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн хяналтын улсын байцаагч Б.Н “В” ХХК-ийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 12202******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан “...тээвэрлэгчийн үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд 750.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Зөрчлийн материалд цугларсан баримтуудаас үзэхэд улсын байцаагч гаалийн хяналт шалгалт хийх явцад тээвэрлэгч "В" ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “...Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчин 5 хүлээн авагчийн илгээмжийг ирээгүй байхад урьдчилсан мэдүүлэгт бүртгэж илгээсэн, 3 хүлээн авагчийн илгээмж ирсэн байхад мэдүүлээгүй” Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан “хуульд заасан үүргээ зөрчин улсын хилээр нэвтрүүлсэн 20 хүлээн авагчийн илгээмжийг нэг удаагийн хүнсний скочоор боосон, илгээмжийн бар код уншигдахгүй хайрцаг саванд хийгээгүй, сав баглаа боодлын стандартыг хангаагүй зөрчил үйлдсэн болох нь фото зураг, гаалийн хяналт шалгалт хийсэн тэмдэглэл, Л.А тайлбар, мэдүүлэг, гаалийн бичиг баримтуудаар нотлогдсон байна. 

“В” ХХК нь дээрх 2 өөр төрлийн зөрчлийг нэг удаагийн үйлдлээр, нэг газар, нэг цаг хугацаанд үйлдсэн байна.

Гэтэл Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн хяналтын улсын байцаагч Б.Н нь “В” ХХК-ийн дээрх зөрчилд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 122021801 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн” зөрчилд 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан атлаа 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 12202******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар 750.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна" заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны "Шийдвэрлэх нь” хэсгийн 1 дэх хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээг хуульд заасны дагуу бичээгүй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удирдлага болгон Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн хяналтын улсын байцаагч Б.Нн “В" ХХК-ийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 12202******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан “...тээвэрлэгчийн үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд оногдуулсан 750.000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэв.

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн хяналтын улсын байцаагч Б.Нн шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Н би 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “В” ХХК шуудангийн “Б” ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшдэг шуудангийн байгууллагын илгээмжид рентген аппарат болон илгээмж тус бүрийн бар кодыг уншуулан гаалийн хяналт, шалгалт хийхдээ зөрчил тус бүрт оногдуулсан тухай тайлбар гаргаж байна.

1. Гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн / Тээвэрлэгч .түүний үүрэг/ 2.6 дугаар заалтад заагдсан “Бараанд аливаа өөрчлөлт оруулахгүй байх нөхцөлийг хангах, гаалийн зорилгоор хийсэн тэмдэглэгээг өөрчлөх, гэмтээх устгахаас сэргийлэх" заалтыг зөрчсөн нь: 20 хүлээн авагчийн илгээмжийн сав баглаа боодлын стандартыг хангаагүй хүнсний нэг удаагийн скочоор ороосон, гялгар уутанд боосон зэрэг нь илгээмжийн бар код уншигдахгүй байх , илгээмжийг задалж шалгалт хийх боломжгүй болгосон, бараанд аливаа өөрчлөлт орохгүй байх нөхцөлийг хангаагүй зөрчил гаргасан байсан.

Тус “В” ХХК шуудангийн байгууллагын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 13 дахь заалт буюу “Хуульд заасан үүргээ зөрчсөн тээвэрлэгчийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авсан.

2. Тээвэрлэгч “В ХХК” нь улс хооронд тээвэрлэж буй илгээмж тус бүрийн мэдээллийг гаалийн хяналт шалгалтын зорилгоор манифестийн 11-РОЗТ сүлжээгээр үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээдэг. Тус урьдчилсан мэдүүлэгт мэдүүлэхдээ 5 хүлээн авагчийн илгээмж ирээгүй байхад ирснээр мэдүүлсэн, 3 хүлээн авагчийн илгээмж бодит байдалд ирсэн байхад огт мэдүүлээгүй зөрчил дахин гаргасан байсан. Тээвэрлэгч байгууллага нь гаалийн бүрдүүлэлт болон мэдээллийн сүлжээнд холбогдсон байдаг ба гаалийн байгууллагад илгээмжийн мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэг хүлээдэг.

“В” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь заалт буюу Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан мэдүүлэх журам зөрчсөн “хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авсан.

3. Шийтгэлийн арга хэмжээг авахдаа Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь заалтад заагдсан “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэсэн заалт зарчмыг мөрдөж ажилласан.

4. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 болон 5 дахь заалтыг удирдлага болгон ажилласан. “В” ХХК-ийн оруулж ирсэн илгээмжид гаалийн хяналт, шалгалт хийх явцад илэрсэн дээрх хоёр зөрчил нь хэдийгээр нэг ачилтаар ирсэн, нэг байгууллагын ачаа боловч Гаалийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заагдсан хоёр өөр зөрчил байсан тул зөрчил тус бүрт хуулийн дагуу арга хэмжээ авсан.” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Гийн  Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн хяналтын улсын байцаагч Б.Нгийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12202******* дугаартай “В” ХХК-д шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлтэд шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрээ гаргалаа.

Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалын хяналтын улсын байцаагч Б.Н нь “В” ХХК-ийг  2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр улс хоорондын илгээмжийн үйл ажиллагаа явуулахдаа 20 хүлээн авагчийн илгээмжийн сав баглаа боодлын стандартыг хангаагүйн улмаас илгээмжийн бар код уншигдахгүй, илгээмжид аливаа өөрчлөлт орохгүй байх нөхцөлийг хангаагүй зөрчилд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль, ирээгүй 5 илгээмжийг ирсэн мэтээр мэдүүлсэн, 3 илгээмжийг мэдүүлээгүй зөрчилд 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийг тус тус ногдуулжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар ёсоор “В” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр олон улсын илгээмжийн үйл ажиллагаа явуулахдаа Гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.6-д “бараанд аливаа өөрчлөлт орохгүй байх нөхцөлийг хангах, гаалийн зорилгоор хийсэн тэмдэглэгээг өөрчлөх, гэмтээх, устгахаас сэргийлэх”, Зөрчлийн тухай хуулийн  11.21 дүгээр зүйлийн 12-т “Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн нь энэ зүйлийн 1, 11 дэх хэсэгт заасан, бусад зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 13-т “Хуульд заасан үүргээ зөрчсөн тээвэрлэгчийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зөрчлийг тус тус гаргасан болох нь тогтоогдож байна.

Харин Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу “В” ХХК-ийн нэг тээвэрлэлтээр, нэг гаалийн мэдүүлэгтэй 20 ширхэг илгээмжийг тээвэрлэхдээ гаргасан 2 төрлийн зөрчилд гаалийн улсын байцаагч нь нэг шийтгэл буюу аль хүнд шийтгэлийг нь ногдуулах ёстой байна.

Иймд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Гийн  2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн хяналтын улсын байцаагч Б.Нгийн гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12202******* дугаартай “В” ХХК-д шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.6, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4, 11.21 дүгээр зүйлийн 12, 13-т заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Гийн дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн хяналтын улсын байцаагч Б.Нгийн гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12202******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.  

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 41.1.14 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ТӨМӨРБАТ