Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/71

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.ӨЛЗИЙ-ОТГОН даргалж,

Нарийн бичгийн дарга:                                          *******     

Улсын яллагч:                                                          ******* 

Шүүгдэгч:                                                                 ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн  2004000000062 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Төв аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл-..,  хамтран амьдрагчийн хамт  ... хашаанд оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, А овгийн   Д Ц /РД:....../,

      

           Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 07.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...хашаанд байрлах монгол гэрт өөрийн дагвар охин Ц.Г маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн түүний нүүр лүү тосны сав, толгойн тус газарт нь шаазан аяга шидсэний улмаас дээд уруулд нь язарсан шарх, хуйханд шарх, тархины доргилт гэмтлүүдийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр манайх хөдөөнөөс хүргэнийхээ хашаанд нүүж ирсэн юм. Тэгээд би хүргэнтэйгээ архи уусан. Маргааш өглөө нь боссон чинь миний архи гараагүй байсан бөгөөд би охинтойгоо муудалцсан байсан. Нэг мэдсэн чинь ширээн дээр байсан аягыг аваад охин руугаа шидсэн байсан. Охиноосоо уучлал гуйсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Ц.Г мөрдөн байцаалтад өгсөн: “....манай төрсөн ээж Н, хойд эцэг Ц нар Мэлзэд амралтын газрын манаач хийж байгаад 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн үдээс хойш тухайн ажлаа хийхээ больж гэрээ ачин Багануур дүүрэгт нүүж ирээд буух хашаа олдохгүй, хашаа олоод буутлаа манай гэрт түр амьдрахаар болсон. Оройхон хойд эцэг Ц, ээж Н, манай нөхөр Энхтөгс, бас нэг танихгүй хүн манай гэрт 3 шил архи уусан. Манай нөхөр Э 2 дахь шил архийг нь ууж байгаад найзындаа оччихоод ирнэ гээд гараад явсан. Нөгөө 3 үлдсэн архийг хувааж уусан. Би нөхрөө найзынхаас нь очиж аваад 23 цагийн орчимд гэртээ ирж унтсан. Шөнийн 02 цагийн үед Ц, ээж хоёр хоорондоо хэрэлдэж, маргалдаад байхаар нь би ээжийгээ өмөөрч Ц ахтай маргасан. Өглөөний 05 цаг хүртэл бид хоорондоо маргалдаж байгаад унтсан. Тухайн үед Ц ах сандал зэрэг зүйлс шидэх гээд байхад нь манай нөхөр Э тухайн зүйлсийг нь хорьж хааж байсан. 2020 оны 5 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн орчим би босоод галаа түлж, цайгаа чанаж байтал хойд эцэг Ц, ээж Н нар сэрцгээсэн. Ц нь дөнгөж сэрээд урьд шөнө болсон хэрүүлийн талаар дахин ярьж, дахин хэрүүл хийх гээд надруу дайраад байсан. ...би “урьд шөнөжингөө хэрүүл хийгээд амраасангүй, гадаа хураалттай байгаа гэрээ янзал, буух хашаагаа хай” зэрэг зүйлсийг хэлтэл надруу улам уурлаж орон дээр байсан нүүрний тосны сав шидэхэд миний уруул хэсэгт оносон. Дахиад маргалдаад байж байтал миний толгой руу хатуу зүйл ороод ирэх шиг болсон. Тэгээд би ухаан алдсан байсан. Намайг ухаан ороход түргэний машин ирсэн, эмч нь намайг үзэж байсан. Сүүлд миний толгой руу аяга шидэж тухайн аяга нь хагарсан, мөн миний толгой хагарсан байсан. Тэгээд би эмнэлэгийн байгууллагад хүргэгдэн ирж толгойн харгарсан хэсэгтээ 2 оёдол тавиулсан. ...би зуухны зүүн талд цай чанаад зогсож байсан. Над руу нүүрний тосны сав, аяга шидэхэд би зуухныхаа баруун талд, Цогтсайхан ах орон дээрээ хэвтэж байсан. Над руу шидсэн аягыг Ц ах хэзээ, хаанаас авсаныг мэдээгүй. ...миний уруулын баруун дээд булан нүүрний тосны хуванцар саванд оногдсоны улмаас бага зэрэг язарч, хавдсан. Толгойн зүүн талын зулай хэсэгт шаазан аягаар цохиулсны улмаас язарч 2 оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 25-р хуудас/,

 Гэрч Р.Н мөрдөн байцаалтад өгсөн: “...тэр үед ******* уурлаад ягаан өнгийн хуванцар сав аваад Г рүү шидчихсэн. Г толгойдоо аягаар онуулаад ухаан алдаад уначихсан. Түүнийг хараад Э юмуу түүний найзуудын нэг нь эмнэлэг цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №09шэ/130 дугаартай: “...1. Ц.Г биед хуйханд шарх, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлхгүй.” гэх дүгнэлт  /хх-ийн 37-38-р хуудас/,

Шинжээч эмч Ө.Ш мөрдөн байцаалтад өгсөн: “...хавтаст хэрэгт авагдсан гэрэл зурган дээрээс хохирогч Ц.Г уруулыг харахад дээд уруулын баруун хэсэгт бага зэрэг язарсан шарх харагдаж байна. Дээрх шарх гэмтэл нь намайг хохирогчийг үзэх үед эдгэрсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин бусад хуйханд учирсан шарх, тархи доргилт зэрэг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “...Багануур дүүргийн 4-р хороо, Рашаант 7-5 тоотод хойд эцэг ******* согтуугаар охин Ц.Г рүү аяга шидэж толгой хагалсан” гэсэн дуудлага /хх-ийн 1-р хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5-р хуудас/,

Шүүгдэгч ******* хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 54-57, 59, 60, 66-67-р хуудас/,

******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 61-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

     Шүүгдэгч ******* нь 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 07.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Рашаант хэсгийн 7 дугаар гудамжны 5 тоот хашаанд байрлах монгол гэрт өөрийн дагвар охин Ц.Г маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн түүний нүүр лүү тосны сав, толгойн тус газарт нь шаазан аяга шидсэний улмаас дээд уруулд нь язарсан шарх, хуйханд шарх, тархины доргилт гэмтлүүдийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Хохирогч Ц.Г биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч ******* хохирогчийн толгойн тус газарт аяга шидэж оносон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь:  

              - Ц.Г мөрдөн байцаалтад өгсөн: “....Шөнийн 02 цагийн үед Ц, ээж хоёр хоорондоо хэрэлдэж, маргалдаад байхаар нь би ээжийгээ өмөөрч Ц ахтай маргасан. Өглөөний 05 цаг хүртэл бид хоорондоо маргалдаж байгаад унтсан. ...би “урьд шөнөжингөө хэрүүл хийгээд амраасангүй, гадаа хураалттай байгаа гэрээ янзал, буух хашаагаа хай” зэрэг зүйлсийг хэлтэл надруу улам уурлаж орон дээр байсан нүүрний тосны сав шидэхэд миний уруул хэсэгт оносон. Дахиад маргалдаад байж байтал миний толгой руу хатуу зүйл ороод ирэх шиг болсон. Тэгээд би ухаан алдсан байсан. Намайг ухаан ороход түргэний машин ирсэн, эмч нь намайг үзэж байсан. Сүүлд миний толгой руу аяга шидэж тухайн аяга нь хагарсан, мөн миний толгой хагарсан байсан. Тэгээд би эмнэлэгийн байгууллагад хүргэгдэн ирж толгойн харгарсан хэсэгтээ 2 оёдол тавиулсан. ...Над руу шидсэн аягыг Ц ах хэзээ, хаанаас авсаныг мэдээгүй. ...миний уруулын баруун дээд булан нүүрний тосны хуванцар саванд оногдсоны улмаас бага зэрэг язарч, хавдсан. Толгойн зүүн талын зулай хэсэгт шаазан аягаар цохиулсны улмаас язарч 2 оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 25-р хуудас/,

              - Гэрч Р.Н мөрдөн байцаалтад өгсөн: “...тэр үед ******* уурлаад ягаан өнгийн хуванцар сав аваад Г рүү шидчихсэн. Г толгойдоо аягаар онуулаад ухаан алдаад уначихсан. Түүнийг хараад Э юмуу түүний найзуудын нэг нь эмнэлэг цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

              - Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №09шэ/130 дугаартай: “...1. Ц.Г биед хуйханд шарх, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлхгүй.” гэх дүгнэлт  /хх-ийн 37-38-р хуудас/,

              - Шинжээч эмч Ө.Ш мөрдөн байцаалтад өгсөн: “...хавтаст хэрэгт авагдсан гэрэл зурган дээрээс хохирогч Ц.Г уруулыг харахад дээд уруулын баруун хэсэгт бага зэрэг язарсан шарх харагдаж байна. Дээрх шарх гэмтэл нь намайг хохирогчийг үзэх үед эдгэрсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин бусад хуйханд учирсан шарх, тархи доргилт зэрэг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

              - 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “...Багануур дүүргийн 4-р хороо, Рашаант 7-5 тоотод хойд эцэг ******* согтуугаар охин Ц.Г рүү аяга шидэж толгой хагалсан” гэсэн дуудлага /хх-ийн 1-р хуудас/,

              - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5-р хуудас/,

              - шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

           Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.

Иймд шүүгдэгч ******* гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Ц.Г эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч Р.Найлаахүү нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №09шэ/130 дугаартай дүгнэлт  /хх-ийн 37-38-р хуудас/, шинжээч эмч Ө.Ш мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Ц.Г нь “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, ор хоногийн төлбөр 48,424 төгрөг, мөн шүүх эмнэлэгийн үзлэгийн төлбөр 8,000 төгрөгийг Ц ах төлсөн. ...надаас уучлалт гуйсан.” /хх-ийн 27-р хуудас/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч ******* хохирогч Ц.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэв.

Шүүгдэгч ******* гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна. Охиноосоо уучлалт гуйсан.” гэв.

Шүүх ******* холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2004000000062 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргав.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн үзмэн ягаан өнгийн “Collagen” гэсэн бичиглэлтэй, гоо сайхны хэрэгсэлтэй 1 ширхэг савыг хохирогч Ц.Г буцаан олгож, шаазан аяганы 4 ширхэг хагархайг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А овгийн Д Ц Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А овгийн Д Ц 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг ******* мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* тайлбарласугай.
  5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ц.Г нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй ба цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн үзмэн ягаан өнгийн “Collagen” гэсэн бичиглэлтэй, гоо сайхны хэрэгсэлтэй 1 ширхэг савыг хохирогч Ц.Г буцаан олгож, шаазан аяганы 4 ширхэг хагархайг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, ******* иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,  ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН