| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2020/0070/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/72 |
| Огноо | 2020-06-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/72
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******ийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2004000000041 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
*******арийн бичгийн дарга Б.*******арангэрэл
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Хохирогч *******
Хохирогчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******
Гэрч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19___ оны __ дугаар сарын __-ны өдөр ___аймгийн ____ суманд төрсөн, настай, _____ боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн __дугаар хороо, ____ дугаар гудамжны ___тоот хашаанд оршин суух хаягтай боловч одоо Багануур дүүргийн__ дугаар хороо, _________ оршин суух, ял шийтгэлгүй, *******
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч ******* нь 2020 оны 03 дугаар сарын 19-ний оройн 20 цагийн орчимд Багануур дүүргийн __ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг _________________________ дэргэд орших машины гражид хохирогч Ц-г өөрийн хамтран амьдрагч Б-тэй хардаж, хэрүүл маргаан үүсгэж, улмаар Ц-г машины хаалгаар хавсарч цохих, толгой руу нь гараараа цохиж цементэн шалан дээр унагаах зэргээр зодсоны улмаас ******* биеийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун талын 6-р хавирганы хугарал, баруун эгэм ясны хугарал бүхийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Ц-г орж ирээд машиныхаа алчуурыг угаагаад гарахад нь мэдсэн. Би гарч очоод өөр хүнээр машинаа янзлуулж болдоггүй юм уу, таксинд явдаг зөндөө өвөө нар, жолооч нар байхад заавал Б-ээр янзлуулах ямар хэрэг байгаа юм бэ гэж хэлээд бид хоёрын хэрүүл эхэлсэн. ...Ц бид хоёр муудалцсан, би машины хаалгыг түлхсэн. Машины хаалга тухайн үед гүйцэд онгойхооргүй шон модны цаана байсан бөгөөд хаалгыг нь би түлхсэн бөгөөд хохирогч намайг үсдээд авсан. Бид үсдэлцээд, зууралдаж, хэрэлдэж байгаад хохирогч салаад явсан. Б гражийн үүдэнд хог цэвэрлэж байсан бөгөөд уг хогийн шүүрийг авчирч ирээд намайг цохисон. Бид бие биенийхээ нэг гарыг барьсан байсан, нөгөө гараараа хогийн шүүрээр цохиулахгүй гээд зууралдаж байгаад унасан.
...*******эг өдөр энэ эмэгтэй гадаа Б-тэй муудалцаж байгаад орж ирээд чи намайг Б-тэй 15 жил явалдсан эмэгтэй гэдгийг мэдэх үү гэж надад хандан хэлсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй юм байна яадаг юм бэ гэхэд бөөр бөгсөөрөө холбогдохыг хэлдэг юм гэж хэлсэн цагаас хойш буюу 2014 оны 4, 5 сараас хойш бид хоёр үе үе маргалддаг болсон.
...Тухайн үед миний буруу байсан, би буруугаа хүлээж байгаа. Уучлалт гуйсан.Тухайн үед би гэмтээх бодол байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 43, 44-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 19-ний оройн 18 цагийн үед Б гражид миний машиныг засаж байтал ******* орж ирээд “Албатай юм шиг байнга машинаа засуулдаг, шөнө орой утсаар ярьж, мессеж бичдэг” гэх зэргээр Б, бид хоёрыг харааж зүхэж байгаад гэртээ орсон. ...би машины хаалгаа онгойлгочихсон зогсож байтал намайг машины хаалгаар хавсарч цохисон. Би *******-г заамдаж бид хоёр барьцалдаж авсан. Бие биенийхээ үсийг зулгаасан. Би шүүрний ишээр цохиход, миний толгой руу гараараа цохиход би газар унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17, 18-р хуудас/,
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 03 дугаар 19-ний өдөр дэлгүүр дээр машины астачер янзлуулах гээд иртэл Б энэ хоёр байсан. Б-ээс яаж задалдаг талаар асуугаад хоёр боолт тайлаад граж дотор байж байтал ******* гүйж гарч ирээд заавал Б-ээр засуулаад байхдаа яадаг юм бэ гээд бид хоёр хэрэлдсэн.
“Чи чинь одоо ичдэггүй юм уу” гэхэд “та хоёр ичихгүй байхад би яаж ичих юм бэ” гэхээр Б “астачер янзлуулахад юундаа ичих юм бэ” гэж хэлсэн. Тэгж байтал гүйгээд гэртээ орсон.
...Машины хаалгаа нээгээд явах гэж байтал араас гүйж ирээд хаалгаар хавсарч цохисон. Тэгээд бид зууралдаад байж байхад нүдний үзүүрт хогийн шүүр харагдсан. Гэтэл энэ хүн чадалтай залуу хүн болохоор миний дээр гараад өвдөглөөд, яагаад ч байгаа юм бүү мэд, би тэгээд хогийн шүүрээр хэд сарвалзаж байгаад хаясан. Хэрвээ Батжаргал биднийг салгаагүй бол намайг дуусгах байсан.
...Эхэндээ би хардалтаас болсон байх гэж бодсон сүүлдээ энэ обьектэд эзэн суух гэсэн санаатай байна гэж бодсон.
...Миний эгэм хугарсан, эгэмний энд хөндүүрлээд байна гэхэд хавирга чинь тэгш бороолж байна, эгэм чинь зөрж бороолсон байна гэж хэлж зөвлөгөө өгсөн. Цохиулсанаас болоод нүднээс байнга нулимс гоожоод байгаа учраас нүдний рентген эмчид үзүүлнэ гэж бодож байгаа.
******* толгой руу олон удаа цохисон, гараараа 4-5 удаа нүдсэн, хүзүү хөх, ар нуруу мөр, хөх болсон. Хойшоо саваад унахад ******* бид хоёр зууралдсан байдалтай унасан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2020 оны 03 дугаар сарын 19-ний оройн 18 цагийн үед ******* машины стачерийг үзэж, янзлах гэснээс болж *******, ******* хандан “Машинаа өөр хүнээр янзлуулахгүй яасан юм” гэж чанга дуугаар хэрэлдэж эхлэхээр нь би хашаандаа тамхины иш цэвэрлэж байснаа орхичихоод граж руу ороход хоорондоо барьцалдаж заамдалцаж байснаа Ц миний барьж байсан шүүрийг булааж аваад ******* руу очих хооронд би гражийн үүдэнд байсан тосгуурыг бие бие рүүгээ шидчих юм болов уу гэж бодоод гражаас холдуулчихаад эргэтэл гражийн дотор байсан хоёр машины дунд Ц нуруугаараа газар хэвтчихсэн. Би *******-г “хүн аллаа” гээд гражийн үүдэнд загнаж байхад Ц эгэм эвгүй болчихлоо гээд эгмээ дарж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 29-р хуудас/
Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр өдөр оройн 05-06 цагийн үед ******* машиных нь астачерийг янзалж өгнө гээд боолтыг нь тайлж байтал манай эхнэр гарч ирээд “Өөр хүнээр тайлуулж болдоггүй юм уу, яагаад Б-ээр хийлгэж байгаа юм бэ” гээд хэрүүл хийгээд байхаар нь гэртээ орж гээд оруулсан. Стартер нь таарахгүй буруу юм авчирсан байсан. Тэгээд энэ хүн машин руугаа орсон.
Гадаа хог шүүрдэж байсан чинь эмэгтэй хүний дуу гарсан. Тэгээд гражийн үүдэнд иртэл энэ хоёр зодолдож байсан. Миний барьж байсан хогийн шүүрийг Ц ирээд авсан, би үүдэнд байсан тосгуурыг өөр газар аваачиж тавиад эргээд иртэл энэ хоёр зууралдаад унаж газар унаж байсан. Би *******-г “хүн аллаа чи” гээд гражийн үүд рүү гаргасан. Тэгээд Ц дэлгүүрт орж ирээд сууж байхдаа миний эгэм хугарчих шиг боллоо гэж хэлж байсан.
...Би эхнэр хүүхдээсээ салж, очих газаргүй болсон учраас авто засварын газраа л амьдарна, өөр амьдрах газар надад байхгүй, амралтын өрөө биш би амьдрах зориулалтаар анх төлөвлөж барьсан.
...Би мөнгө зээлж барилгаа барьсан. Эд хөрөнгийн маргаан байхгүй, анхнаасаа маргаан гаргахгүй гэж надад тусалсан, би буцаагаад мөнгө өгсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шинжээч эмчийн 09шэ/083 дугаартай “…Ц-н биед тархины доргилт, баруун эгэм ясны хугарал, нүүрний хэсэгт зулгаралт, эгэм цээж, хүзүүний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх эгэм ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/
Шинжээч эмчийн 09шэ/003 дугаартай “…Ц-н биед баруун талын 6-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зодуулахад үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх учирсан гэмтлийн эдгэрэлтийн хугацааг нарийвчлан тогтоох боломж муутай байна. *******эмэлтээр илэрсэн гялс төвд оношлогдсон хавирганы хугарал гэмтэл хөнгөн зэргийн гэмтэл, эгэм ясны хугарал гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэл болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 58-59-р хуудас/
Шинжээч Ө.Ш-гийн “...хохирогч Ц-н биед учирсан хавирганы хугарал болон эгэм ясны хугарал гэмтлүүд нь хохирогчийн хэлж буй цаг хугацаа буюу 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цохих, цохигдох, зууралдах, унах үед хатуу мохоо хүчин зүйлийн 2 удагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь тус тусдаа гэмтэл буюу эгэм ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, хавирганы хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хөнгөн зэргийн гэмтэл нь эгэм ясны хүндэвтэр зэргийн гэмтлийн дагалдах онош юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/
Хохирогчийн өвчний түүх, Эрүүл мэндийн картын хуулбар /хх-ийн 37-46, 146-148-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн ”...хэргийн газар нь Багануур дүүргийн ___ дугаар хороо, ____ гэх нэртэй авто засвар гэсэн хаяг бүхий саарал өнгийн блокон хашаа байх ба хашаа ертөнцийн зүгээр урагш харсан саарал өнгийн гүйдэг төмөр хаалгатай хашаа байв. Хашаан доторх гражид орж үзлэгийг эхлүүлэв. Гражийн гол хэсэгт төмөр багана байх ба *******арантуяагаар зодоон болсон гэх газрыг заалгаж 96 тоон тэмдэглэл байрлуулав. Үзлэгээр 65 см урттай, хар өнгийн хуванцар бариултай 10 мм голчтой төмөр шүүрний иш мэт зүйл 1 ширхэг, ногоон өнгөтэй гол хэсгээрээ улаан өнгөтэй шүүрний урд хэсэг 1 ширхэг, хөх өнгийн ээмэгний шигтгээ мэт зүйлийг илрүүлж тус тус хураан авав...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6-р хуудас/
******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй..” гэх хуудас /хх-н 75-р хуудас/
Иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлийн газрын лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-н 78-81-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Хэргийн бодит байдлыг тодруулаагүй, яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байгааг шалгаагүй учраас хэргийг прокурорт буцааж өгөөч гэсэн саналтай байна. Хохирогч хардаад байдаг юм байхдаа гээд бодоод байдаг, гэтэл 45, 55, 65 хүмүүсийн дунд хардалт байж болох уу үгүй юу, өөр асуудал байгааг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ёстой байсан. Тийм учраас ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасныг нотолж, харин 1.3-д заасан сэдэл санаа зорилго, 1.4, 1.5, 1.6-д заасныг нотлоогүй байна гэж үзэж байна.
Хэрэг болсон газар хэний өмч эсэх, хохирогчид хамаатай эсэх, хөрөнгө оруулсан эсэх, эзэмших ашиглах, эрхтэй эсэх, дундын өмч мөн эсэх, эд хөрөнгийн үнэлгээ байгаа эсэх зэрэг мөн хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан эсэх нь иргэний шүүхэд хандах тусдаа асуудал хэдий ч гэмт хэрэг гарах болсон үед энэ хөрөнгө ямар ч байсан шүүгдэгчид хамаатай байсан эсэх, эсхүл хохирогчид хамааралтай зэргийг тогтоох шаардлагатай байсан.
Сэдэлт санаа зорилгын хувьд “Б-ээр машин засуулахгүй, амралтын өрөөг нь манай гэр гээд оруулахгүй, гэрт дураараа орж ирлээ” гэдэг нь гэмт хэргийн субьектив санааг нотолж байгаа. 1.6-д шалтгааныг “Хардалт” гэж буруу тогтоосон. Тиймээс ЭХХШТХ-ийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэргийг прокурорт буцааж өгнө үү ...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хэрэгт авагдсан баримтууд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, субьектив санаа тодорхой. Хардалт байхгүй гээд байна, хардалт гэдэг нь хүний сэтгэцийн өөрчлөлт шүү дээ, заавал үндэслэлтэй байхыг шаардахгүй, заавал Ц, Б хоёр унтсан байхыг шаардахгүй. Шөнө орой хохирогч утасддаг, мессеж бичдэг талаараа хэлдэг. Энэ талаар Батжаргалд ярьсан байдаг. Обьект амралтын зориулалттай биш амьдрах зориулалттай барьсан, 10 жил амьдарсан талаараа гэрч ярьсан. Гэм буруугийн талаар маргаан байхгүй... “ гэсэн дүгнэлтүүд тус тус гарган мэтгэлцжээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцсэн байх тул прокуророос ирүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэв.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч ******* нь 2020 оны __ дугаар сарын __-ний оройн 20 цагийн орчимд Багануур дүүргийн ___ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ____ авто сэлбэгийн дэлгүүрийн дэргэд орших автомашины гражид Ц-г өөрийн хамтран амьдрагч Б-тэй хардаж, хэрүүл маргаан үүсгэн, улмаар Ц-г машины хаалгаар хавсарч цохих, толгой руу нь гараараа цохиж цементэн шалан дээр унагаах зэргээр зодсоны улмаас ******* биеийн эрүүл мэндэд баруун гарын бугалганы гадна хэсэгт 25х10 см, хүзүүний хэсэгт 15х10 см, цээжны өмнөд хэсэгт 10х8 см хөхөлбөр өнгийн цус хуралт, зүүн нүдний доод зовхинд босоо чиглэлтэй 3х2 см, эрүүний өмнөд хэсэгт 2х0,2 см, 1,2х0,3 см, 1,3х0,5 см зулгаралт, тархины доргилт, баруун талын 6-р хавирганы хугарал, баруун эгэм ясны дунд 1/3 хэсгээр хугарч зөрсөн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч нь тухайн үед тухайн шүүгдэгчид зодуулсан тухайгаа мэдүүлсэн, мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгийн эх сурвалж нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар давхар нотлогдсон байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс өөр хүнтэй маргалдаж зодуулсан гэх үндэслэл, нотлох баримт огт байхгүй тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай, идэвхтэй үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь бодитой тогтоогдсон гэж үзнэ.
Хохирогчийн өмгөөлөгчөөс ”...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байгааг шалгаагүй. Сэдэлт санаа зорилгыг “Хардалт” гэж буруу тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий дүгнэлт нь:
Хохирогч ******* “...Б гражид миний машиныг засаж байтал ******* орж ирээд “Албатай юм шиг байнга машинаа засуулдаг, шөнө орой утсаар ярьж, мессеж бичдэг” гэх зэргээр Б, бид хоёрыг харааж зүхэж байгаад гэртээ орсон. *******-д “чи чинь одоо ичдэггүй юм уу” гэхэд “та хоёр ичихгүй байхад би яаж ичих юм бэ” гэхээр Б “астачер янзлуулахад юундаа ичих юм бэ” гэж хэлсэн. ...Эхэндээ би хардалтаас болсон байх гэж бодсон сүүлдээ энэ обьектод эзэн суух гэсэн санаатай байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгчийн “... муудалцаж байгаад орж ирээд чи намайг Б-тэй 15 жил явалдсан эмэгтэй гэдгийг мэдэх үү гэж надад хандан хэлсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй юм байна яадаг юм бэ гэхэд бөөр бөгсөөрөө холбогдохыг хэлдэг юм гэж хэлсэн цагаас хойш буюу 2014 оны 4, 5 сараас хойш бид хоёр үе үе маргалддаг болсон...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б-н “...Тэр өдөр оройн 05-06 цагийн үед машиных нь астачерийг янзалж өгнө гээд боолтыг нь тайлж байтал манай эхнэр гарч ирээд “Өөр хүнээр тайлуулж болдоггүй юм уу, яагаад Батжаргалаар хийлгэж байгаа юм бэ” гээд хэрүүл хийсэн.
...Би эхнэр хүүхдээсээ салж, очих газаргүй болсон учраас авто засварын газраа л амьдарна, өөр амьдрах газар надад байхгүй, амралтын өрөө биш би амьдрах зориулалтаар анх төлөвлөж барьсан.
...Би мөнгө зээлж барилгаа барьсан. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Би буцаагаад мөнгө өгсөн.
...Энэ хоёроос би зөндөө гуйсан. Би “санаа зовж байна, ичээд байна” гэж өчнөөн хэлсэн. Зодолдож байхад нь би “болиочээ гэж орилсон” намайг сонсоогүй. Хэлэх, хэлэхгүй үгээр хэлдэг, хүн хэлэхээс ч ичмээр үг хэлдэг юм байна лээ...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 09шэ/083, 09шэ/003 дугаартай дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт няцаагдаж байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилго агуулж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар машины хаалгаар хавсарч цохих, толгой руу нь гараараа цохих, цементэн шалан дээр унагаах зэргээр зодсон үйлдлүүдээр нь тогтоогдсон.
Энэ гэмт хэргийн зорилго сэдэлт нь хардлага, хувийн тааламжгүй харилцаанаас үүдэлтэй болох нь шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрхи нотлох баримтуудаар батлагдаж байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хүндэвтэр хохирол болох нь шинжээчийн “…******* биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/083 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******-ын үйлдэл нь Ц-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Хохирол хор уршигийн талаар:
Хохирогчийн хохирол хор уршигт нийт 3.432.427 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирогч “...Иргэний хуулийн 497.1, 505.1, 505.2 дугаар зүйлд заасны дагуу 3 сарын хугацаанд ажилгүй байгаа хугацааны нөхөн төлбөр 1.260.000 төгрөг, эмчилгээний зардал, шатхууны зардалд 2.172.427 төгрөг нийт 3.432.427 төгрөг болж байна...” гэсэн нэхэмжлэл гаргасан,
******* “...Хохирогчийн нэхэмжилсэн 3.432.427 төгрөгийг би боломжийн хэрээр өгнө, уг нь би Б-г залгаад асуугаад өгчих гэсэн боловч шүүхээрээ шийдүүлнэ гээд байсан. *******адад нэг унагатай гүү байсан би зарсан. Одоо надад 1 сая гаран төгрөг байна...” гэсэн мэдүүлэг болон хохирол хор уршгийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /хх 125-145-р хуудас/ нэхэмжлэл үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.
Иймд хохирогч Ц-н гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналыг шүүхэд оруулж байна…” гэсэн дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгчөөс “...эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах санал байхгүй...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Хүндрүүлэх нөхцөл байхгүй. Хохирогчтой уулзаж, уучлалт гуйсан. Хохиролыг төлж барагдуулна гэдгээ хэлсэн. Ажилгүй гэлээ ч хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. Хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдал, орлогын байдлыг харгалзан үзэж торгуулийн доод хэмжээгээр шийтгэл оногдуулж өгнө үү, хугацааны талаар санал байхгүй. Торгууль төлөх боломжтой... “ гэсэн дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч *******-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч ******* анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******-г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 65 см урт, 10 мм-ын диаметртэй, хар өнгийн хуванцар бариултай, голоороо хөндий хогийн шүүрний төмөр иш, гол хэсгээрээ улаан өнгийн оруулгатай ногоон өнгийн ишгүй шүүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г таван зуун хорин /520/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-ээс хохирол хор уршигт 3.432.427 төгрөгийг гаргуулж хохирогч ******* олгосугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 65 см урт, 10 мм-ын диаметртэй, хар өнгийн хуванцар бариултай, голоороо хөндий хогийн шүүрний төмөр иш, гол хэсгээрээ улаан өнгийн оруулгатай ногоон өнгийн ишгүй шүүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *******ийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ