Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 269

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийж, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 01 сарын 16-ны өдрийн А/10 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

““Э” ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн  8-р хороо, Шалган бүртгэх товчооны урд талд байрлах 023******* дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 30,000 м.кв газрыг эзэмшиж, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээ 15 жилийн хугацаатай анх авсан. “Э” ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигч болох “К*******” ХХК нь 2014 оны 05 дугаар сард уг газрыг авах зорилгоор “Э” ХХК-ийн хувьцааг бүхэлд нь тухайн үед байсан  хувьцаа эзэмшигчдээс нь шилжүүлэн авсан. Улмаар 30,000 м.кв газрыг компанитай нь шилжүүлэн авсаны дараагаар 2014 оны 05 дугаар сард газраа тойруулан бетон суурьтай төмөр хашаа, төмөр хаалгыг суурилуулж газраа зориулалтын дагуу ашиглаж эхэлсэн. 

Эдгээр ажилд нийтдээ 25 сая төгрөг зарцуулсан байдаг. Мөн эзэмшлийн газраа харуулахаар манаач айл буулгаж, сар бүр цалин хөлс өгч, газраа өөрийн хараа хяналтдаа байлгаж, арчилж тордож байсан.

Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 01 сарын 16-ны өдрийн А/10 дугаар захирамжаар “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан. Хан-Уул дуүргийн Засаг дарга болон газрын алба ийнхүү хүчингүй болгосон тухайгаа манай компанид нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. 2017 оны 06 сарын 28-ны өдөр газрын албан дээр очиж уулзахад манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гарсан талаар анх удаа олж мэдсэн. 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж болон бусад баримтуудтай танилцахад Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 сарын 26-ны өдрийн “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” А/59 дүгээр тогтоол гарч, манай газрыг хүчингүй болгох асуудлыг шалгаж Засаг даргын захирамжаар цуцалсан болохыг олж мэдсэн.  Бодит нөхцөл байдлын хувьд 2014 оны 06 дугаар сард манай компани газраа шилжүүлэн аваад дөнгөж 1 сарын хугацаа өнгөрсөн төдийгүй авсан даруйдаа хашаа хатгаж зориулалтын дагуу ашиглаж байсан. 

“Э” ХХК-ийг 100 хувь шилжүүлэн авсаныхаа дараа тус компанийн хаягийг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... тоот болгон өөрчилж, 7015.... утасны дугаарыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хан-Уул дүүргийн газрын алба, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газрын ажилтнуудаас нэг нь ч дээрх хяналт шалгалт хийж байгаа талаар манай компанийн утас руу ярьж мэдэгдээгүй, албан ёсны бүртгэгдсэн хаягаар мэдэгдэл, захидал явуулж байгаагүй. Мөн түүнчлэн Хан-Уул дүүргийн Засаг дарга, газрын албанаас манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар утас болон шуудангаар бидэнд огт мэдэгдээгүй. Энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ.” гэж заасныг зөрчиж байгаа нь манай компанийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа юм. 

“Э” ХХК-ийг газартай нь хамт шилжүүлэн авахад газрын бүх төлбөрүүд бүрэн төлөгдсөн байсан. Гэтэл газрын төлбөрөө төлөөгүй гэж үзэн 2015 оны 01 дүгээр сард газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна. Үүнээс гадна манай компани эзэмшлийн газраа тойруулж бетон суурьтай төмөр хашаа барьж, хаалга гаргаж, газраа харж мануулахаар айл буулгаж, уг газар дээр хэрэгжүүлэх төслийн бэлтгэл ажлуудаа базааж, газраа зориулалтын дагуу ашигласан байхад хариуцагчийн зүгээс 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй хэмээн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Мөн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу Хан-Уул дүүргийн газрын албанаас Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн хурдны авто замын трасс өртсөн иргэн ААН байгууллагуудыг сонсох үйл ажиллагаа явуулах тухай олон нийтэд мэдэгдэхдээ “Э” ХХК-ийн нэрииг дурьдаж газар олгосон захирамжийн дугаарыг тавьж манай компанийн газар эзэмших эрх цуцлагдаагүй хэвээр байгаа гэдгээ газрын алба өөрөө хүлээн зөвшөөрч баталсан байдаг. 

“Э” ХХК-ийн зүгээс компанийн эзэмшлийн газрыг цуцалсан тухай олж мэдсэнийхээ дараа дүүргийн Засаг даргын дээд шатны байгууллага болох Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч манай гаргасан гомдпыг хүлээн авах боломжгүй, шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай компанид шуудангаар ирүүлсэн. 

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1 дэх заалтад тус тус заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/10 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Монгол Улсын Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх” гэж заасны дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/20 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Газрын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулсан.

Дээрх ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан гэрээгээр хүлээсэн үүрэг болох төрөөс тавьсан болзлыг биелүүлээгүй аж ахуй, нэгж байгууллага, иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үүргийг Засаг даргад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/59 дүгээр тогтоолоор өгсөн байна.

“Э” ХХК нь дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 464 дүгээр захирамжаар 8 дугаар хороо Шалган бүртгэх товчооны урд 30.000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр газар эзэмших гэрээг байгуулсан байна. Газрын төлбөр 1 жилийн 480 000 төгрөг, үүнийг улирал бүр 120,000 төгрөгийг улирлын эхний сарын 25-ны дотор тушааж байх үүрэг хүлээсэн ч биелүүлээгүй, мөн шалгалтын явцад тухайн газраа хашиж зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Иймд газраа гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй нь дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/10 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 01 сарын 16-ны өдрийн А/10 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрээ гаргалаа.

Анх “Э” ХХК-д Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 464 дүгээр захирамжаар тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар 30.000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 023.... дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/10 дугаар захирамжаар “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргахдаа тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/59 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж гаргасан бөгөөд “Э” ХХК-ийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх хуулийн заалтыг үндэслэл болгожээ.

Шүүх хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргыг дахин шинэ акт гаргах хүртэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 01 сарын 16-ны өдрийн А/10 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэхдээ дараах үндэслэлүүдийг харгалзан үзсэн болно.

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх заалт нь газар эзэмшигч нь газар эзэмшиж эхэлснээс хойш 2 жилийн дотор тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд газар эзэмших эрх цуцлагдах нөхцөл бүрдэхийг хэлдэг.

 Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар “Э” ХХК нь маргаан бүхий газарт “Шинэ хороолол” нэртэй хувийн орон сууцны хотхоны эскиз зургийг “Гранд рояал пропертиз” ХХК-иар 2013 онд хийж гүйцэтгүүлсэн, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр эзэмшиж буй газраа тойруулан бетон суурьтай төмөр хашаа хийлгэсэн болох нь нийт 33,648,000 төгрөг төлсөн төлбөрийн баримт, ажил хүлээлцсэн акт, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг зэргээр тогтоогдож байна.  

Иймээс Хан-Уул дүүргийн Засаг дарга нь 2015 оны 01 сарын 16-ны өдрийн А/10 дугаар захирамж гарах цаг хугацаанд нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт тодорхой үйл ажиллагаа явуулсан, хариуцагч газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах шийдвэр гаргахдаа  бодит нөхцөл байдалтай танилцаагүй, газар эзэмшигч “Э” ХХК-иас зохих тайлбар авалгүйгээр шийдвэр гаргасан байх тул энэхүү үндэслэл нь хууль бус болно.

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасны дагуу  газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг Засаг дарга хүчингүй болгох эрхтэй байна. 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Хан-Уул дүүргийн Газрын албаны 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13/1689 дугаар албан бичгээр “Э” ХХК нь 2013 оны жилийн эцсээр газрын төлбөрийн үлдэгдэлгүй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/59 дүгээр тогтоолыг гарах үед нэхэмжлэгч нь 2014 оны эхний 2 улирлын газрын төлбөрийг хийгээгүй байсан бөгөөд хариуцагч “Э” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Газрын албатай 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.6-д “Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги төлөх” гэх заалтыг хэрэглэх бүрэн боломжтой байсан байна.

Хэдийгээр газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй ч Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5-д “газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах” гэх заалтын дагуу дүүргийн Газрын албанаас “Э” ХХК-д газрын төлбөр төлөгдөөгүй  улмаас газар эзэмших эрхийн гэрчилгээ цуцлагдах нөхцөл бүрдсэнийг мэдэгдэх, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг лавлах зэрэг үүргийг хүлээлгэсэн байтал шууд эзэмших эрхийн цуцлах шийдвэр гаргаж байгаа нь учир дутагдалтай болно. 

3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга болон дүүргийн Газрын албанаас 2015 оны 01 сарын 16-ны өдрийн А/10 дугаар захирамжийг зохих журмын дагуу мэдэгдээгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Харин газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрээ 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шуудангаар хүргүүлсэн байна.

4. Шүүхээс маргаан бүхий газар хийсэн үзлэг, шүүх хуралдааны мэтгэлцээнээр маргаан бүхий газрын зарим хэсгээр шинээр авто зам тавигдаж байгаа болох нь тогтоогдсон тул тусгай хэрэгцээнд хамаарагдаагүй газрын хэмжээгээр “Э” ХХК нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Иймд “Э” ХХК-д эзэмшүүлж болох газрын хэмжээг тодруулах шаардлагатай бөгөөд энэхүү газрын хэмжээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй болно.   

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5,  40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2-т заасныг баримтлан  Хан-Уул дүүргийн Засаг даргыг дахин шинэ акт гаргах хүртэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 01 сарын 16-ны өдрийн А/10 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй тохиолдолд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 01 сарын 16-ны өдрийн А/10 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас 35.100 төгрөгийг гаргуулж гаргуулж нэхэмжлэл гаргагч “Э” ХХК-д олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ТӨМӨРБАТ