Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/76

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М, О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2004000000067 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    З.Ганцоож

Улсын яллагч                                                    Н.Ганчимэг

Шүүгдэгч                                                       М, О нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 196_ оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  ___настай, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “.....-д ... ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт ... дүүргийн ___ дугаар хороо, ___ ... хашаанд оршин суух М.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 196_ оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, ___ настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүргийн__ дугаар хороо, ____________ 11 дүгээр гудамжны 1 тоот хашаанд оршин суух, урьд Багануур дүүргийн шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2007 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан О.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

Яллагдагч М, О-той бүлэглэж 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 09 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Талын толгой хэсгийн урд байрлах ногооны талбайн ард хохирогч Б-тэй “ногооны талбайд малаа орууллаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний толгойн тус газарт нь гараараа цохиж улмаар зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

            Яллагдагч О нь М-тэй бүлэглэж 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 09 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Талын толгой хэсгийн урд байрлах ногооны талбайн ард хохирогч Б-тэй “ногооны талбайд малаа орууллаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний толгойн тус газарт нь тоосгоны хэлтэрхийгээр 2 удаа цохиж улмаар зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүхээс М, О нарт холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч М-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...нарны зам дэлгүүрээс 0.33 литрийн архи аваад О ахтай хувааж уусан. Ногооны талбай дээр байж байхад талбай руу хонь, ямаа орж ирээд бид хоёр бүгдийг нь хөөж гаргасан. Тэгээд байж байхад Б мотоцикль уначихсан бид хоёр руу ирсэн бөгөөд би Б-д хандаж “танай хонь, ямаа чинь тарьсан төмсийг мөр мөрөөр нь дагаад яг хүн шиг үндэсийг нь сугалж идээд байна, болохгүй бол малыг чинь аваад үлдэнэ шүү” гээд ширүүхэн хэлсэн. Гэтэл Б энэ хар газраас чинь юу иддэг юм, хөгшин төгцөгнүүд минь үзэх үү гээд хүрч ирээд намайг боогоод авсан. Би түүнийг зөрүүлж боосон бөгөөд О ах Б-г боль гэж хэлээд гарнаас нь зуурахад Б намайг боосон гараа тавиад О ахын нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэр үед О ахын хамарнаас цус гарч байсан. Тэгэхээр нь би Б-г барьж аваад мушгиж унагаагаад дээр нь гарч нүүр, толгой хэсэг рүү нь гараараа цохисон. Б намайг түлхэж босож ирээд толгой хагалчихсэн байна, би та хоёрыг хэлдэг газар нь хэлнэ гээд мотоцикьлоо унаад явсан. О ах бид хоёр түүний араас чулуу шидсэн, оносон эсэхийг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 79, 80-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

  Шүүгдэгч О-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...өглөөний 9 цагийн үед М-тэй тааралдаж бид хоёр 0.33 литрийн архи хувааж уусан. Тэгээд ногооны талбай дээр байж байхад талбай руу хонь ямаа орж ирээд бид хоёр хөөж гаргасан. Тэгээд байж байхад талбай руу орж ирсэн хонь, ямааны эзэн нь гэх махлаг залуу хүрч ирсэн. М тэр залууд хандаж “би чамд олон хэлсэн, хонь ямаагаа хашаанд орууллаа” гэж хэлэхэд нөгөө залуу муу хөгшин гарууд минь үзэх үү, та хоёрыг ална шүү гээд М-г заамдаад авсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгах гээд дундуур нь орж нөгөө залуугийн гарнаас зуурч тавиулахад тэр залуу над руу дайрч миний нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэр үед М нөгөө эрэгтэйг барьж аваад мушгиж унагаагаад дээр нь гарсан. Нөгөө эрэгтэй доошоо харж унасан бөгөөд би газраас 4/1 орчим хэлтэрхий тоосго аваад толгой хэсэгт цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 79, 80-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэдэн мал маань ногооны талбайн хашааны завсараар орсон байсан. Хашааны гадна талд зогсож байсан зүс мэдэх залуу над руу хандаж “хөөе пизда минь малаа хараач” гэхээр нь манай мал хашааны гадна явж байна гэж хариу хэлсэн. Тэгэхэд нөгөө залуу танай мал хашаа руу ороод ногоо идчихдэг юм гэсэн. Тэгэхээр нь би танай хашаан дотор мал идэх юм алга байна гэж хэлэхэд тэр залуу чи намайг өдөөд байна уу, хүрээд ир гээд над руу алхсан бөгөөд би өөдөөс нь очиж бид хоёр шууд барьцалдаж авсан. Тэр эрэгтэй “хоёулаа үзэх үү” гэхээр нь би чам шиг хөгшин хүнтэй үзээд яахав дээ, чи намайг барахгүй гэж хэлсэн. Тэр үед миний зүүн талаас гартаа юм барьчихсан настай хүн ирж байгаа харагдсан. Мөнхнаст намайг унагаагаад дээр гараад суусан бөгөөд хажуу талаас нөгөө настай хүн ирээд миний толгой руу цохисон. Би босож ирээд та нар миний толгойг хагалаад хаячихлаа, хэлдэг газарт чинь хэлнэ гээд явсан. Би 2000 онд 18, 19 настай байхдаа өөрийн төрсөн ахдаа нүдэн тус газартаа цохиулж байсан. Тухайн үедээ нүд хавдаад эдгэрч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-32-р хуудас/,

              Гэрч Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөр Б-н толгой нь хагарчихсан, нүүр ам нь нил цус болчихсон гэртээ ирсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-р хуудас/

              Шинжээч эмчийн 135 дугаартай “…Б-н биед зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн үед учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 47, 48-р хуудас/

              Шинжээчийн 005 дугаартай “...Б-н биед 135 дугаартай дүгнэлтэд дурьдагдсан гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Дээрх 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн толгойн компьютерт томографийн шинжилгээнд дурьдагдсан гэмтлүүд хуучин гэмтэл болно...” гэсэн дүгнэлт /хх-н 54, 55-р хуудас/

              Шинжээч эмч Ш-ийн “...Люкс мэд эмнэлгийн Б-н толгойд хийсэн компьютерт томографийн шинжилгээнд дурьдагдсан гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 67-р хуудас/

              Гэрч О-н өгсөн “...Люкс мэд эмнэлгийн Б-н толгойд хийсэн компьютерт томографийн шинжилгээ болон сидиг уншиж үзлээ. Батбилэгийн зүүн талын нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хэсгийн эргэн тойронд шингэн болон хавагнасан эд үгүй. Өөрөөр хэлбэл, шинэ хугарлын шинжгүй байна..” гэсэн мэдүүлэг /хх-н 45-р хуудас/

              Шинжээчийн 214 дугаартай “...нүдний шил 10000 төгрөг...” гэсэн эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-н 112-р хуудас/

              Хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмддэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 2-3-р хуудас/

              О-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...2004.08.12 өдрийн Багануур дүүргийн шүүхийн 70-р тогтоолоор эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлсэн...” гэх хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 104, 106-р хуудас/

 О-гийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Багануур талын толгой ХХК-ийн тодорхойлолт /хх-н 99-100,109-р хуудас/

              М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 43-р хуудас/

 М-ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын  лавлагаа /хх-н 90-92-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч М, О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгч М-ын “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... “ гэсэн дүгнэлт.

            Шүүгдэгч О-гийн “...Торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу... “ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

            Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч М, О-той бүлэглэж 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 09 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Талын толгой хэсгийн урд байрлах ногооны талбайн ард хохирогч Б-тэй “ногооны талбайд малаа орууллаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний толгойн тус газарт нь гараараа цохиж улмаар зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зулгаралт бүхий хохирол учруулсан,

            Шүүгдэгч О, М-тэй бүлэглэж 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 09 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Талын толгой хэсгийн урд байрлах ногооны талбайн ард хохирогч Б-тэй “ногооны талбайд малаа орууллаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний толгойн тус газарт нь тоосгоны хэлтэрхийгээр 2 удаа цохиж улмаар зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зулгаралт бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч О нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт тоосгоны хэлтэрхийгээр 2 удаа цохисон үйлдлээр нь тогтоогдсон.

Шүүгдэгч М нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт гараараа цохисон үйлдлээр нь тогтоогдож байна.

Дээрхи үйлдлүүдийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…Б-гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 135 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч нарын үйлдэл нь Б-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүгдэгч М, О нар үйлдлээрээ нэгдэн хохирогчийн биед халдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж үйлдсэн гэсэн хүндрүүлэх шинж тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад М, О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Б-гийн “...М, О нарт гомдолтой байна. Тэд нарт хуулийн дагуу арга хэмжээ тооцуулмаар байна...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч нарын “...хохирол төлсөн, цаашид баримтаар гарсан хохирол төлнө...” гэсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан 100.000 төгрөгийн хохирлын баримт /хх-н 20-р хуудас/, хохирлын “... 158,000 төгрөг төлсөн...” гэсэн тооцоо, хохирогчийн дансанд хохирол “...157.500 төгрөг...” төлсөн баримт /хх-н 21-р хуудас/, нүдний шилний хохирол 10.000 төлсөн баримт зэргээр хохирол, хор уршигт нийт 167.500 төгрөгийг шүүгдэгч М, О нар хохирогчид төлсөн болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нар гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгч нарын мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагч нарын гарын үсэг зэргээр батлагдав.

Шүүгдэгч М, О нар нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч М, О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч М, О нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг  тэмдэглэе.

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М, О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

      2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М, О нарыг тус тус таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан О, М нарт мэдэгдсүгэй.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М, О нар нь хохирол хор уршигт 167.500 төгрөгийг хохирогч Б-д төлсөн болохыг дурьдсугай.

             5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол М, О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             6. М, О нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

             8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧА.БЯМБАЖАВ