Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/78

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2004000000082 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                      Б.Наранжаргал

Улсын яллагч                                                      Б.Буяндэлгэр

Шүүгдэгч                                                        Ц нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 198_ оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, __ настай, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, Багануур ХК-д Уулын 2-р хэсэгт туслах машинч ажилтай, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ___ дугаар байрны 5 тоот орон сууцанд оршин суух Ц

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

            Яллагдагч Ц нь 2020 оны 6 дугаар сарын 5-ны шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүн хэсэгт орших автобусны буудал дээр Б-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохих, хувцаснаас нь татаж унагаан хөлөөрөө дэвслэх зэргээр зодож Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхээс Ц-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо Нарийн хэсэгт байх ажлын газрын ах Б-ын гэрт архи уусан. Оройн 22 цагийн үед найз Б-гийнх руу явахдаа Ба ахын гэрт оймс гутлаа үлдээгээд хөл нүцгэн гарсан байсан. Намайг Бага гүн хэсгийн автобусны буудлын хажуугаар явж байхад нэг хүн “хөөе гөлөг минь” гэх шиг болохоор нь согтуу байсан хүн чинь зүгээр өнгөрч чадахгүй хэрүүл болгож нөгөө хүн дээр очоод нүүр хэсэгт нь 1 удаа цохиж, цамцнаас зуурч байгаад газарт унагаагаад нүцгэн хөлөөрөө баруун суга хэсэгт нь 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 46, 47-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 22-23 цагийн орчим Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний хэсгийн автобусны буудал дээр байж байхад нэг залуу хажуугаар өнгөрөхдөө юм хэлэх шиг болохоор нь би “айн, юу гэнээ” гэхэд нөгөө залуу хүрч ирээд миний нүүр хэсэгт гараараа хальт цохиод, энгэрээс доош дарж унагаагаад 1-2 удаа өшиглөсөн. Миний уруул дотор талдаа язарсан, 8, 9-р хавирга хугарсан. Ц миний эмчилгээний зардалд 800.000 төгрөг төлж барагдуулсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-р хуудас/

              Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц, Б-г газар унагаагаад өшиглөж байхаар нь очиж салгасан. Зодуулсан хүний биеийг асуухад хавирга хэсэгт өвдөөд байна гэхээр нь 103 дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

              Шинжээчийн 166 дугаартай “…Б-ын биед баруун талын 8, 9-р хавирганы зөрсөн хугарал, цээжний хэсэгт цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн үед учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/

              Шүүгдэгч Ц-ийн хувийн байдлыг харуулсан иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа зэрэг баримтууд /хх-н 51-61-р хуудас/

              Ц-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 62-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Ц нь 2020 оны 6 дугаар сарын 5-ны шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүн хэсэгт орших автобусны буудал дээр Б-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохих, хувцаснаас нь татаж унагаан хөлөөрөө дэвслэх зэргээр зодож биед нь дээд уруулын дотор хэсэгт 1х0,3 см улаан ягаан өнгийн зулгаралт, цээжний баруун хэсэгт 6х5 см хөхөлбөр өнгийн цус хуралт, баруун талын 8, 9 дүгээр хавирга суганы арын шугамаар зөрөөтэй хугарал бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Ц нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохисон,  газарт унаган 2 удаа өшиглөсөн үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…Б-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/058 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Ц-гийн үйлдэл нь Б-гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

Шүүгдэгч Ц нь хохирогчийн эрүүл мэндийн хохиролд 800.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн “... хохирол 800.000 төгрөг авсан гомдол саналгүй...” гэсэн хүсэлт, хохирол 800.000 төгрөг төлсөн баримт /хх-н 69-р хуудас/ зэргээр тогтоогдож байна. Мөн хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Ц нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ц-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг  тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц-г таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Ц-д мэдэгдсүгэй.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь хохирлын 800.000 төгрөгийг хохирогч Б-д төлсөн болохыг, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

             5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             6. Ц-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

             8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               А.БЯМБАЖАВ