| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0072/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга О.У,
Улсын яллагч Л.С,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нийтийн хоолны технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд Дорноговь аймгийн Сум дундын хоёрдугаар шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дорноговь аймгийн Сум дундын хоёрдугаар шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дорноговь аймгийн Сум дундын хоёрдугаар шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хурааж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 3 жилийн хугацааг хянан харгалзсан, Б овогт Ц.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ... дугаарын утсаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух И.Э-тай холбогдож БНХАУ-ын иргэн Б гэх хүний махыг авах гэсэн юм гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүний эзэмшлийн гражид хадгалж байсан 25 ширхэг цаасан хайрцагтай нийт 609 кг махыг залилан мэхэлж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... тоотод хоёр хүүхдийн хамт амьдардаг. Би Замын-Үүд сумаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот хооронд 10 жил ачаа болон хүн тээврийн үйлчилгээ эрхлэж амьдарч байна. 2019 оны 12 дугаар сард яг хэдний өдөр байсан талаар сайн санахгүй байна Эрээн хот руу гарахад бичиг хийж өгдөг таньдаг Өвөрмонгол Б гэх хүн миний ... дугаарын гар утас руу ... дугаарын гар утсаар залгаад Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу оруулах 25 ширхэг хайрцагтай мах байгаа оруулж өг чадах уу гээд ... дугаарын гар утас руу залгаад махыг очоод ав гэж хэлсэн. Тэгээд би Б өгсөн ... дугаарын гар утас руу залгахад нэг эрэгтэй хүн аваад Замын-Үүд сум 2 дугаар баг ... тоотод хүрч ирээд үз гэсний дагуу тухайн хаягаар очиж үзэхэд тээврийн хэрэгслийн гражин дотор 25 ширхэг ЭССЭ гэсэн бичигтэй цаасан хайрцагтай мах байсан тул би тухайн эрэгтэй хүнийг энэ махаа надад жижиг хэмжээтэй болгож янзлаад өгөөч гэж хэлэхэд би тэгэж махыг чинь жижиг хэмжээтэй болгож янзлаж чадахгүй чи өөрөө янзал гэж хэлсэн. Тэгээд би тухайн цаасан хайрцагтай махнуудыг өргөж дийлэхгүй учир үлдээгээд дараа ирж авна гэж хэлээд явсан. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр миний ... дугаарын гар утас руу Б ... дугаарын гар утсаар залгаад ... дугаарын гар утастай нөгөө хүн чинь миний махнуудыг Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу гаргаж өгч чадахгүй юм шиг байнаа чи надад туслаад миний 25 ширхэг хайрцагтай махыг хилээр нэвтрүүлээд өгөөч гэж гуйсан. Ер нь бол над руу 12 дугаар сараас хойш байнга залгаж тухайн махнуудыг хилээр нэвтрүүлээд Эрээн хот руу оруулаад ир гэж гуйдаг байсан тул би зөвшөөрөөд өөрийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот руу том оврын тээврийн хэрэгслээр ачаа бараа зөөдөг Г гэх ах руугаа өөрийн гар утсаар залгаад 25 ширхэг цаасан хайрцагтай малын махыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот руу өөрийн том оврын ачааны тээврийн хэрэгсэлдээ хийгээд гаргаад өгөөч гэж хэлэхэд би бага багаар нь гараад өгье гэж хэлсэн. Би тэгээд ... дугаар гар утас руу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр залгаж нөгөө 25 ширхэг цаасан хайрцагтай махыг авах гэсэн юм гэж хэлэхэд ... гэсэн дугаарын гар утас руу залгаад очоод авчих гэж хэлсэн. Тэгээд би өгсөн ... дугаарын гар утас руу залгахад бид нар зугаалганд явж байна манай хүүхэд байгаа ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би төрсөн дүү Ө-т нөгөө айлын хаягыг зааж өгөөд явсан. Би дүү Ө-н гэрт үлдсэн. Удалгүй Ө нөгөө хайрцагтай махнуудыг ачаад ирсэн. Тэгээд би төрсөн дүү О-г хойноос машин ирэхээр нь уулзаад өгчих гэж хэлсэн. Би учирсан хохирлыг төлж барагдуулсан. Би гэм буруугаа ойлгож байна. Гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 109-111/,
- Хохирогч И.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2019 оны 12 дугаар сарын эхний 7 хоногт хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна Б гэх миний танил БНХАУ-ын Өвөрмонголийн өөртөө засах орны иргэн миний wechat цахим хаягаар надтай холбогдож Улаанбаатар хотоос том оврын тээврийн хэрэгслээр 25 ширхэг хайрцагтай үхрийн мах ирж байгаа тэр махыг очиж аваад өөрийн граждаа хадгалж байгаарай гэж надад захисан тул би Замын-Үүд сумын 3 дугаар баг EXPRESS CARGO-ний хашаанд байрлаж байсан том оврийн тээврийн хэрэгслийн тээшнээс 25 ширхэг ESSE гэсэн бичигтэй цаасан хайрцагтай үхрийн махыг өөрийн SSANGYONG Istana маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад өөрийн оршин суух Замын-Үүд сум ... тоот хашааны тээврийн хэрэгслийн гражид тухайн 25 ширхэг цаасан хайрцагтай махыг буулгаад хадгалж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөрийн 13 цагийн орчимд миний ... дугаарын утасруу ... дугаарын утаснаас дуудлага орж ирсэн бөгөөд би дуудлагыг авахад нэг эрэгтэй хүн байсан бөгөөд Б-н чамд хадгалуулсан 25 ширхэг хайрцагтай махыг авах гэсэн юм гэж хэлсэн. Тухайн дугаараас надруу залгах үед би гэр бүлийн гишүүд болон найзуудын хамт салхинд гарах зорилготой Замын-Үүд сумаас 50 киллометр зайд явах гэж байна гэж хэлэхэд тухайн дугаараас залгасан хүн танай гэрт хүн үлдэх юм уу гэж хэлэхэд нь манай том хүү үлдэнэ гээд ... дугаарын утсыг өгөөд би гадагш гарлаа гэдгээ хэлээд гэрийн хаягаа зааж өгөөд явсан. Гэрээсээ гараад Замын-Үүд сумаас 50 киллометр зайд гэр бүлийнхэнтэйгээ очоод зугаалж байгаад өөрийн wechat цахим хаягаас Б-н ... гэсэн wechat хаяганд хандаж махыг чинь чиний явуулсан хүнд өгөөд явуулсан шүү гэж хэлсэн чинь Б би ямар ч хүнд махыг очиж ав гэж хэлээгүй гэж надад хэлсэн. Би гэрт үлдсэн өөрийн том хүү Э рүү залгааад мах хүн ирж авсан уу гэж асуухад дөнгөж сая аваад явлаа гэж хэлсэн. Би буцаж Замын-Үүд суманд ирээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,
- Гэрч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би БНХАУ-ын Эрээн хот Монгол Улсын Дорноговь аймгийн ЗамынҮүд сумын хилийн боомт хооронд ... улсын дугаартай цэнхэр өнгийн В маркийн ачааны тээврийн хэрэгслээр ачаа тээвэр хийдэг. Улаанбаатар хотоос өчигдөр шөнө 00 цагт гараад замдаа Б-тай ... дугаарын утсаар яриад Б-с би хил гааль ямар байна вэ? гэж асуухад Б надад компаний гэрээтэй машиныг хилээр саадгүй явуулж байх шиг байна гэсэн. Би Б-д урагшаа гарахад өгдөг татвар хураамжийн мөнгө алга байна ахдаа 100,000-200,000 төгрөг өгч туслаарай гэсэн. Тэгээд Б ирээд ярь гэсэн тэгээд Замын-Үүдэд 2020 оны 01-р сарын 30-ны үүрийн 04 цаг 30 минутанд ирээд Б руу залгахад мөнгө байна уу? гэхэд мөнгө байхгүй харин 1 кг 20 юаниар БНХАУ-руу гаргавал өгч болох мах байна гэсэн тэгэхээр нь би хил гааль чанга байхад авч гарч ёстой чадахгүй гэсэн. Рентген том тэрэгнүүдийг өдөр болгон оруулж байгаа гэсэн гэж Б-д хэлээд тэр саналаас нь татгалзсан...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/,
- Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би БНХАУ-ын Эрээн Замын-Үүд сумын хооронд өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачаа бараа зөөж амьдарлаа залгуулдаг. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өглөө урагшаа Эрээн гараад орой 21:00 цагийн үед Замын-Үүд суманд ачаа бараагаа тарааж дуусаад гэртээ байж байсан чинь урагшаа чихэр зөөдөг зүс таних хоёр эмэгтэй над руу залгаад урагшаа мах гаргуулна гэж Б гээд Өвөрмонгол ярьсан юм аа, бид хоёр махыг нь очиж үзэх гэсэн юм гэхээр нь би Э-д дагуулан очиж тэр хоёр эмэгтэйд үзүүлээд явуулсан. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 13:30 цагийн үед намайг гэртээ байж байсан чинь нэг танихгүй эрэгтэй хүн над руу ... дугаарын утсаар залгаад Б-н махыг авмаар байна гэхээр нь би нэг их юм бодолгүй Э дугаарыг өгсөн. Ийм л зүйл болсон...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/,
- Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Өнөөдөр өглөө 09 цагийн орчим нефтийн гудамжинд байрлах авто засварын газар өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай цагаан өнгийн истана маркийн тээврийн хэрэгслийг замаск болон будганд оруулахаар өгсөн. Тэгээд Замын-Үүд сумын 1-р баг ... тоотод гэртээ байж байхад гаднаас төрсөн эгч болох Б орж ирээд урагшаа гаргуулах гэж байгаа БНХАУ-ын иргэний мах байгаа юм байна лээ 2-уулаа тэр махыг урагшаа гаргах хүн олоод гаргуулчихвал хэдэн төгрөг олчих гээд байна гэсэн. Манай эгч Б намайг “Б” дэлгүүр лүү хамт ороод нэг дугаар аваадахъя гээд дагуулаад цуг орсон. Тэгээд худалдагч эмэгтэйгээс нь дугаар байна уу? гэж асуухад юнитель, скайтель 2-ын дугаар байна гэхээр нь скайтелийн дугаарыг 5000 төгрөгөөр худалдаж авсан. Надад Б эгч 1 эрэгтэй хүний утасны дугаарыг өгөөд ийшээ залгачих тэгээд нэг хятад хүний нэрийг надаар хэлүүлээд мах нь байгаа юм байна урагшаа гаргахаар би авах гэсэн юм гэхэд тэр залуу утсаар надад байгаа байгаа би чамд дугаар өгье тэр хүнрүү залгаж ярьж байгаад очоод авчих гээд дугаар өгсөн. Тэр дугаарлуу нь залгахад мах байгаа би ойрхон хөдөө явах гээд байна гэрт хүү үлдэнэ чи ярьж байгаад очоод авчих гэсэн. Тэгээд махаа зөөхөөр Б эгч найзруугаа яриад машинаа өгчих гэсэн. Бид 2 машиныг нь авахаар цэцэрлэгийн гудамжинд байдаг айлаас арын улсын дугаар нь байхгүй, урд талын улсын дугаартай, гэхдээ дугаарыг нь санахгүй байна, тэгээд тухайн машиныг нь очиж авсан. Тэгээд эгчтэй ... тоотоос мах авахаар явах гэтэл хүүхэд харах хүн байгаагүй учир би гэртээ үлдэхээр болоод төрсөн ах Ө-н гэрийн гадна буугаад гэрлүүгээ орсон. Ө ах машинтай очиж тэр махнуудыг нь авсан...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/,
- Гэрч Ц.Ө мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн өдрийн 15 цагийн орчимд миний төрсөн эгч Б миний гэр болох Замын-Үүд сум 1 дүгээр багт ирсэн. Б эгч гэрт орж ирээд чи Замын-Үүд сумын ... тоотод байгаа 25 ширхэр ЭССЭ гэсэн хайрцагтай мах байгаа гадаа байгаа истана маркийн тээврийн хэрэгслийг бариад тэр махыг аваад ир гэж хэлсэн. Би тэгээд тухайн махыг авч та яах гэж байгаан гэж асуухад манай нэг танил БНХАУ-ын иргэн Б гэх хүний мах байгаа юмаа гэж хэлсэн. Би тухайн үед завтай байсан тул зөвшөөрөөд тухайн хаягаар нь очсон чинь тухайн Замын-Үүд сумд очиход тухайн айлын хүүхэд хашаан дотроо байсан бөгөөд тухайн хүүхдээс Б-н махыг авах гэсэн юм хаана байгаа бол гэж асуухад хашаанд байсан авто гражинд байгаа гэж хэлээд тухайн гражнаас 25 ширхэг цаасан хайрцагтай хайрцаган дээрээ эссэ гэсэн бичигтэй зүйлийг тухайн хүүхэд цуг зөөлцөж өгөөд тоолж үзэн намайг явуулсан. Би тухайн айлаас яваад өөрийн гэртээ буцаж ирэхэд эгч Б, миний төрсөн дүү О-н хамт манай машиныг аваад явсан...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/,
- Гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би дугаар худалдан авсан хүн болгоны бүртгэлийг хөтөлдөг. Харин 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ... дугаарыг Б гэдэг хүн худалдаж авъя гэхэд нь манай байнгын үйлчлүүлэгч тул би бүртгэлийг нь дараа нь хөтөлнө гэж бодоод худалдан авагчийн мэдээллийг бүртгээгүй...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 44/,
- “А” ХХК-ний үнэлгээний дүгнэлт /хх-ийн 48-50/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121-122/,
- Ц.Б-н оршин суугаа газрын тодорхойлолт, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 118-120/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: Ц.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух И.Э гражид байсан махыг БНХАУ-ын иргэн Б аваад ир гэсэн юм гэж худлаа ярьж 25 ширхэг цаасан хайрцагтай нийт 609 кг махыг авсан үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ц.Б-г 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ... дугаарын утсаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух И.Э-тай холбогдож БНХАУ-ын иргэн Б гэх хүний махыг авах гэсэн юм гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүний эзэмшлийн гражид хадгалаж байсан 25 ширхэг цаасан хайрцагтай нийт 609 кг махыг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Ц.Б нь хохирогч И.Э-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 25 ширхэг цаасан хайрцагтай нийт 609 кг махыг залилан авсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хохирогч И.Э “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчимд миний ... дугаарын утасруу ... дугаарын утаснаас дуудлага орж ирсэн бөгөөд би дуудлагыг авахад нэг эрэгтэй хүн байсан бөгөөд Б-н чамд хадгалуулсан 25 ширхэг хайрцагтай махыг авах гэсэн юм гэж хэлсэн.... өөрийнхөө ... гэсэн wechat цахим хаягаас Б-н ... гэсэн wechat хаяганд хандаж махыг чинь чиний явуулсан хүнд өгөөд явуулсан шүү гэж хэлсэн чинь Б би ямар ч хүнд махыг очиж ав гэж хэлээгүй гэж надад хэлсэн... би гэрт үлдсэн өөрийн том хүү Э рүү залгаад мах хүн ирж авсан уу гэж асуухад дөнгөж сая аваад явлаа гэж хэлсэн... би буцаж Замын-Үүд суманд ирээд цагдаагийн байгууллагад хандсан... тухайн 25 ширхэг цаасан хайрцагтай зүйлс дотор боловсруулаагүй үхрийн мах гэх зүйлс байгаа. 1 хайрцаг 25-30 кг орчим жинтэй...” гэсэн, гэрч Г.У-н “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өглөө урагшаа Эрээн гараад орой 21:00 цагийн үед Замын-Үүд суманд ачаа бараагаа тарааж дуусаад гэртээ байж байсан чинь урагшаа чихэр зөөдөг зүс таних хоёр эмэгтэй над руу залгаад урагшаа мах гаргуулна гэж Б гээд Өвөрмонгол ярьсан юм аа, бид хоёр махыг нь очиж үзэх гэсэн юм гэхээр нь би Э-д дагуулан очиж тэр хоёр эмэгтэйд үзүүлээд явуулсан. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 13:30 цагийн үед намайг гэртээ байж байсан чинь нэг танихгүй эрэгтэй хүн над руу ... дугаарын утсаар залгаад Б-н махыг авмаар байна гэхээр нь би нэг их юм бодолгүй Э дугаарыг өгсөн...” гэсэн, гэрч Ц.О-н “...төрсөн эгч болох Б орж ирээд урагшаа гаргуулах гэж байгаа БНХАУ-ын иргэний мах байгаа юм байна лээ 2-уулаа тэр махыг урагшаа гаргах хүн олоод гаргуулчихвал хэдэн төгрөг олчих гээд байна гэсэн. Манай эгч Б намайг “Б” дэлгүүр лүү хамт ороод нэг дугаар аваадахъя гээд дагуулаад цуг орсон. Тэгээд худалдагч эмэгтэйгээс нь дугаар байна уу? гэж асуухад юнител, скайтель 2-ын дугаар байна гэхээр нь скайтелийн ... дугаарыг 5000 төгрөгөөр худалдаж авсан... 1 эрэгтэй хүний утасны дугаарыг өгөөд ийшээ залгачих тэгээд нэг хятад хүний нэрийг надаар хэлүүлээд мах нь байгаа юм байна урагшаа гаргахаар би авах гэсэн юм гэхэд тэр залуу байгаа би чамд дугаар өгье тэр хүнрүү залгаж ярьж байгаад очоод авчих гээд дугаар өгсөн. Тэр дугаар луу нь залгахад мах байгаа би ойрхон хөдөө явах гээд байна гэрт хүү үлдэнэ чи ярьж байгаад очоод авчих гэсэн. Тэгээд махаа зөөхөөр Б эгч найз руугаа яриад машинаа өгчих гэсэн. Бид 2 машиныг нь авахаар цэцэрлэгийн гудамжинд байдаг айлаас арын улсын дугаар нь байхгүй машиныг нь очиж авсан. Ө ах машинтай очиж тэр махнуудыг нь авсан...” гэсэн, гэрч Ц.Ө-н “...Тухайн өдрийн 15 цагийн орчимд миний төрсөн эгч Б миний гэр болох Замын-Үүд сум 1 дүгээр баг ... тоотод ирсэн. Б эгч гэрт орж ирээд чи Замын-Үүд сумын ... тоотод байгаа 25 ширхэр ЭССЭ гэсэн хайрцагтай мах байгаа гадаа байгаа истана маркийн тээврийн хэрэгслийг байриад тэр махыг аваад ир гэж хэлсэн. Би тэгээд тухайн махыг авч та яах гэж байгаан гэж асуухад манай нэг танил БНХАУ-ын иргэн Б гэх хүний мах байгаа юмаа гэж хэлсэн...” гэсэн, гэрч Т.Н-н “...Би дугаар худалдан авсан хүн болгоны бүртгэлийг хөтөлдөг. Харин 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ... дугаарыг Б гэдэг хүн худалдаж авъя гэхэд нь манай байнгын үйлчлүүлэгч тул би бүртгэлийг нь дараа нь хөтөлнө гэж бодоод худалдан авагчийн мэдээллийг бүртгээгүй...” гэсэн мэдүүлгүүд, А ХХК-ний үнэлгээний дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хүний хувийн байдлыг харгалзан үзэв.
Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц.Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н