| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0261/Э |
| Дугаар | 286 |
| Огноо | 2020-05-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 286
2020 05 06 2020/ШЦТ/286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ж-ийн Б-од холбогдох эрүүгийн 20030 0091 0101 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Чинзориг /томилолтоор/, хохирогч Х.У, хохирогчийн өмгөөлөгч Д.Халзан, шүүгдэгч Ж.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзориг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С овогт Ж-ийн Б- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ж.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 12 цаг 06 минутын орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын хойд замд Тоёота Приус маркийн 83-20 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч Х.У-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бын өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж хэлэх зүйл алга. Би 2019 оны 6 сард буюу 17 настайдаа жолооны курсэд сууж төгссөн, харин жолооны үнэмлэхээ 18 насанд хүрэхээр өгнө гээд аваагүй байсан юм. Би замын хөдөлгөөний дүрмийг мэднэ. Осол гаргах үед жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь манай ээжийн эзэмшлийн машин байгаа юм.
Тухайн өдөр би 19 дүгээр хороололд машиныхаа дугуйг нөхүүлээд явж байсан. Осол гарахад маш их сандарсан байсан учир цагдаа, түргэн тусламж дуудах зэргийг бодоогүй. Уг зам тээврийн осол миний хайхрамжгүй байдлаас болж гарсан, миний буруу гэдгийг ойлгож байгаа. Осол гарсанаас хойш би ээжтэйгээ хамт хохирогчийг эргэж очиж байсан.
Би гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний баримттай зардлыг төлж барагдуулна. Баримтаар гаргаж өгсөн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.У-ын өгсөн:
“...Тухайн үед би интернетээр IT инженерийн ажил хийдэг байсан. Тэр ажлаа хүнд захиж үлдээгээд гарч япон даргатайгаа утсаар ярьчихаад, гарцаар гарах гээд зогсож байтал цагаан жип машины жолооч намайг яв гээд гараараа дохисон. Би тэр хүнд баярлалаа гэж хэлээд цааш явж байтал хоёрдугаар эгнээнээс гэнэт машин гарч ирээд намайг мөргөсөн.
Би өөрөө яарч байсан учир зүгээр гээд утасны дугаарыг нь аваад явах гэж байсан юм. Намайг мөргөсөн ээж, хүү хоёр машиндаа суулгаад хашаа явах гэж байгаа нь мэдэгдэхгүй яваад байхаар нь би бууя гэж хэлсэн. Хүүгийн ээж нь “надад мөнгө өгье, яриарай” гээд намайг буулгасан.
Би машинаас буугаад явах гэж байтал нэг ах араас дуудаж “миний дүү цагдаа дууд, наадах чинь их аюултай зүйл” гэж хэлэхээр нь буцаад машинд нь суусан. Суух үед толгой эргээд сонин болсон. Миний хувьд эрүүл мэнд болон сэтгэл санааны хувьд хохиролтой байгаа. Эрүүний яс, хацрын яс хугарсан учир хагалгаанд орсон. Сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд 15.0 сая төгрөгийг нэхэмжилж байна. Одоо гадуур хүүхдээ дагуулаад явахад хүртэл айдаг болсон.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20030 0091 0101 дугаартай хэргээс:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 03-08х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.У-ын хохирогчоор өгсөн:
“...Би 2020 оны 01 сарын 18-ны өдөр 12 цаг 06 минутын орчим гэрийнхээ ойролцоо буюу Хан-Уул дүүргийн 19 дүгээр үйлчилгээний төвийн харалдаа таксинаас буугаад явган хүний гарцаар урдаасаа хойшоо чиглэлд зам хөндлөн гарах гэхэд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд нэгдүгээр эгнээгээр зорчиж явсан цагаан өнгийн Ланд машин ирж байхаар нь гарцан дээр зогсоход уг машин гарцны өмнө зогсоод, намайг гарцаар зам хөндлөн гар гэж гараараа заахаар нь би алхаад уг машины урдуур гараад гүйх санаатай явахад 2 дугаар эгнээгээр баруунаас зүүн чиглэлд зорчиж явсан саарал өнгийн Приус машин урд хэсгээрээ мөргөсөн.
Би гараараа урд копутан дээр нь дараад хөлөө холдуулахад, тулсан гар маань хальтираад нүүрэн хэсгээр буюу зүүн шанаа хэсгээр машины копутан дээр унаад, дараа нь автомашины урд газарт унасан. Тэгэхэд автомашины дотроос жолоочийн ээж нь гэх эмэгтэй зүүн урд талаас бууж ирээд намайг машиндаа суулгахаар нь би “ажилтай учир яараад байна, явахгүй бол болохгүй, таны утас болон автомашины дугаарыг аваад явчихъя” гэхэд тэр эмэгтэй “мөнгө өгье” гэсэн. Би “мөнгө авахгүй, дараа холбогдъё” гэж хэлэхэд автомашин ослын газраас нэг их холдоогүй байсан юм. Би автомашинаас буугаад алхаж байхад танихгүй залуу “хөөе чи, ингэж явж болохгүй, цагдаа дууд” гээд машинд суулгаад манай аав болон найз залуу руу ослын талаар хэлсэн.
Удалгүй найз залуу маань ослын газарт ирээд осол гаргасан залуу болон ээжээс нь цагдаа дуудсан эсэхийг асуухад хэлээгүй гэж байсан. Тэгээд манай найз залуу цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд түргэний машин ирж үзээд Гэмтлийн эмнэлэг рүү авч явах гэж байхад замын цагдаа нар ирж, намайг автомашинд мөргүүлж газар унасан гэх цэгийг заалгаж, үзлэг хэмжилт хийгээд үлдсэн.
Осол болоход замын хөдөлгөөн сийрэг байсан, осол гаргасан автомашин ямар хурдтай явж байсаныг хараагүй. Нэг мэдэхэд хажуугаас орж ирэхээр нь гараараа тулсан боловч хальтираад нүүрээрээ копутан дээр мөргөж газар унасан.
Би Гэмтлийн эмнэлэгт 9 хоног хэвтэн эмчлүүлсэн. Хагалгааны зардалд 110.000 төгрөг, ор хоногийн 70 гаран мянган төгрөг, толгойны КТГ-н шинжилгээ хийлгэсэн 80.000 төгрөг тус тус зардал гарсан. Үүнээс ор хоног болон толгойн КТГ-н шинжилгээний төлбөрийг осол гаргасан жолоочийн ар гэрээс гаргаж өгсөн. Эм тариа нь ойролцоогоор 30 гаран мянган төгрөг болсон.
...Би зүгээр явж байгаад зам тээврийн осолд орсондоо гомдолтой байна. Ослоос болж зүүн хацар, эрүүний яс хугарч, хагалгаанд орж төмөр тавиулсан. Нэг жилийн дараа дахин хагалгаанд орж, уг төмөрийг авахуулна. Зүүн нүдний хараа муудсан байж магадгүй учир нарийн шинжилгээ өгч, эмчид үзүүлэх шаардлагатай. Ажил алдагдуулж, эрүүл мэндээрээ хохирсон тул 15.0 сая төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-19х, 20х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад У.Сарантуяагийн гэрчээр өгсөн:
“...2020 оны 01 сарын 18-ны өдөр 11 цагийн орчим гэрээсээ гарахад миний худалдаж авсан Тоёота Приус маркийн 83-20 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын хойд дугуйны хий нь гарчихсан байхаар нь манай хүү Б- гэрээс насос гаргаж ирээд, дугуйгаа бага зэрэг хийлчихээд, үйлчилгээний төвийн баруун талд байдаг дугуй засвар орж дугуйгаа засуулахаар гэрийнхээ гаднаас хөдөлсөн.
Тухайн үед би хүү Б-од “тээврийн хэрэгслийг жолоодоод, дугуй засвар орж дугуйгаа засвар ороод ирье” гэж хэлээд, хүү маань машинаа жолоодоод дугуй засвар орж дугуйгаа янзлуулаад, Дунд голын замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн 19-ийн үйлчилгээний төвийн хойд замаар хоёрдугаар эгнээгээр зорчиж явахад 19-ийн үйлчилгээний төвийн хойд талын явган хүний гарцны ойр орчимд ямар нэгэн хүн харагдаагүй.
Харин гарцнаас баруун тийш 1 дүгээр эгнээнд марк, улсын дугаарыг нь анзаарч хараагүй, жийп машин зогсож байсан ба тэр жийп машины урдуур явган хүний гарцаар нэг эмэгтэй хүн гэнэт гүйгээрд гараад ирэхэд нь манай хүү автомашиныхаа тоормосыг гишгэсэн боловч гулсаж очоод явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан эмэгтэйгийн зүүн талаас мөргөхөд шидэгдээд газар унасан.
Манай хүү тэр дор нь машинаа зогсоогоод, бид хоёр буугаад машинд мөргүүлсэн эмэгтэй дээр очиход тэр эмэгтэйгийн зүүн хацар зулгарсан байсан ба “би явлаа” гэхээр нь “үгүй, болохгүй, Гэмтлийн эмнэлэг орж үзүүлье” гээд машинд хоёр талаас нь сугадаад суулгахад тухайн эмэгтэй “би гэмтлийн эмнэлэг явахгүй, би яараад байна” гээд ...буугаад явахад нь замаар явж байсан танихгүй жолооч “явж болохгүй шүү дээ” гэхэд нөгөө эмэгтэй зогссон. Тэгээд би араас нь очиж машиндаа суулгасан юм.
...Манай хүү 2019 оны 6 сарын 25-ны өдөр Батхүлэг авто жолооны курсэд суралцан 2019 оны 8 сарын 25-ны өдөр төгссөн. Жолооны курсэд сурч байхад 18 нас хүрээгүй байсан ба 2019 оны 12 сарын 07-ны өдөр 18 нас хүрээд жолооны шалгалтаа өгч тэнцсэн. Жолооны үнэмлэх нь гарч ирээгүй байсан юм. Ер нь бол машин бариад байдаггүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 25-26х/,
4. Мөн гэрчийн иргэний хариуцагчаар өгсөн:
“Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээр ослын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Ослын улмаас миний эзэмшлийн машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х/,
5. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1650 тоот актын:
1. Х.У-ын биед зүүн хацар ясны хоёрлосон хугарал, зүүн гайморовын хөндий, зүүн нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоодлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 35-36х/,
6. Хохирогч Х.У-ын ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 83-85х, 89-96х/,
7. У.Сарантуяаг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл хүлээлгэсэн Шийтгэлийн хуудас, торгууль төлсөн баримтын хуулбар /хэргийн 99-100х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Бын яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 01 сарын 18-ны өдөр 12 цаг 06 миунтын орчимд Тайгын булаг ББСБ-йн нэр дээр бүртгэлтэй Тоёота Приус маркийн 83-20 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр үйлчилгээний төвийн хойд талын замын 2 дугаар эгнээгээр 20 гаран км/цагийн хурдтай зорчиж явахад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар эмэгтэй хүн гүйгээд гараад ирэхэд нь тоормос гишгэсэн боловч тулж очоод, автомашины урд гуферийн голын хэсгээр мөргөсөн. Явган зорчигч хоёр гараараа урд копутан дээр дарсан юм. Тухайн үед авто машин зогсоход явган зорчигч эмэгтэй нүүрний зүүн хэсгээр копутан дээр унасан эсэхийг сайн санахгүй байна. Газар зам дээр унаад нүдний шил болон цүнх нь газар унасан байхад нь ээж бид хоёр цуглуулаад, “гэмтлийн эмнэлэг рүү явъя" гэхэд “би ажилтай учраас явлаа” гээд машинаас бууж явах гээд байсан.
Түүний нүүрний зүүн хэсэг нь шороо болчихсон байхаар нь манай ээж цүнхнээсээ түрүүвчээ аваад “сальфетканы мөнгө авах уу” гэхэд тэр эмэгтэй машинаас буугаад явчихсан. Тэгэхэд замаар явж байсан танихгүй эрэгтэй хүн нөгөө эмэгтэйг “чи ингэж явж болохгүй, цагдаа дуудаж шалгуулсан нь дээр” гэхэд тэр эмэгтэй машинд буцаж суусан. Тухайн үед би цагдаа болон түргэн тусламж дуудах гэсэн боловч утас цэнэггүй болоод унтарсан байсан учир залгаж чадаагүй. Тэгэхэд гэмтсэн гэх эмэгтэй нэг эрэгтэй хүн рүү залгаад, удалгүй тэр залуу ирээд цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн.
Түргэн тусламжийн машин ирж гэмтсэн гэх эмэгтэйг аваад явах гэж байхад нь замын цагдаа нар ирж үзлэг хэмжилт хийхдээ гэмтсэн гэх эмэгтэйгээр авто машинд мөргүүлсэн цэгийг заалгаж, миний унаж явсан авто машиныг ачигчаар журмын хашаа руу ачуулсан. Осол гарах үед манай ээж миний хажууд сууж явсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолооны курсэд суучихсан боловч үнэмлэх гараагүй байгаа юм. Хохирогчийн эмчилгээнд нийт 917.100 төгрөг зарцуулсан, баримтууд нь байгаа, хэрэгт хавсаргуулъя.” гэсэн мэдүүлэг /хэргийн 55х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 60х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 62х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Бын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 12 цаг 06 минутын орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын хойд замд Тоёота Приус маркийн 83-20 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар заалт: “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 16.1 дугаарт заалт: “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч Х.У-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас явган зорчигч Х.У-ын биед “...зүүн хацар ясны хоёрлосон хугарал, зүүн гайморовын хөндий, зүүн нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний алиманд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 03-08х/,
- хохирогч Х.У-ын: ““...Би 2020 оны 01 сарын 18-ны өдөр 12 цаг 06 минутын орчим гэрийнхээ ойролцоо буюу Хан-Уул дүүргийн 19 дүгээр үйлчилгээний төвийн харалдаа таксинаас буугаад явган хүний гарцаар урдаасаа хойшоо чиглэлд зам хөндлөн гарах гэхэд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд нэгдүгээр эгнээгээр зорчиж явсан цагаан өнгийн Ланд машин ирж байхаар нь гарцан дээр зогсоход уг машин гарцны өмнө зогсоод, намайг гарцаар зам хөндлөн гар гэж гараараа заахаар нь би алхаад уг машины урдуур гараад гүйх санаатай явахад 2 дугаар эгнээгээр баруунаас зүүн чиглэлд зорчиж явсан саарал өнгийн Приус машин урд хэсгээрээ мөргөсөн. Би гараараа урд копутан дээр нь дараад хөлөө холдуулахад, тулсан гар маань хальтираад нүүрэн хэсгээр буюу зүүн шанаа хэсгээр машины копутан дээр унаад, дараа нь автомашины урд газарт унасан.
... Удалгүй найз залуу маань ослын газарт ирээд осол гаргасан залуу болон ээжээс нь цагдаа дуудсан эсэхийг асуухад хэлээгүй гэж байсан. Тэгээд манай найз залуу цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд түргэний машин ирж үзээд Гэмтлийн эмнэлэг рүү авч явах гэж байхад замын цагдаа нар ирж, намайг автомашинд мөргүүлж газар унасан гэх цэгийг заалгаж, үзлэг хэмжилт хийгээд үлдсэн. Осол болоход замын хөдөлгөөн сийрэг байсан, осол гаргасан автомашин ямар хурдтай явж байсаныг хараагүй. Нэг мэдэхэд хажуугаас орж ирэхээр нь гараараа тулсан боловч хальтираад нүүрээрээ копутан дээр мөргөж газар унасан.
Би Гэмтлийн эмнэлэгт 9 хоног хэвтэн эмчлүүлсэн. Хагалгааны зардалд 110.000 төгрөг, ор хоногийн 70 гаран мянган төгрөг, толгойны КТГ-н шинжилгээ хийлгэсэн 80.000 төгрөг тус тус зардал гарсан. Үүнээс ор хоног болон толгойн КТГ-н шинжилгээний төлбөрийг осол гаргасан жолоочийн ар гэрээс гаргаж өгсөн. Эм тариа нь ойролцоогоор 30 гаран мянган төгрөг болсон.
...Би зүгээр явж байгаад зам тээврийн осолд орсондоо гомдолтой байна. Ослоос болж зүүн хацар, эрүүний яс хугарч, хагалгаанд орж төмөр тавиулсан. Нэг жилийн дараа дахин хагалгаанд орж, уг төмөрийг авахуулна. Зүүн нүдний хараа муудсан байж магадгүй учир нарийн шинжилгээ өгч, эмчид үзүүлэх шаардлагатай. Ажил алдагдуулж, эрүүл мэндээрээ хохирсон тул 15.0 сая төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-19х, 20х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн: “Х.У-ын биед зүүн хацар ясны хоёрлосон хугарал, зүүн гайморовын хөндий, зүүн нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоодлоо., дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1650 тоот актын дүгнэлт /хэргийн 35-36х/,
- хохирогч Х.У-ын ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 83-85х, 89-96х/,
- Тоёота приус маркийн 83-20 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч У.Сарантуяагийн хэрэгт гэрч болон иргэний хариуцагчаар тус тус өгсөн мэдүүлэг /хэргийн 24х, 25-26х/,
- У.Сарантуяаг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл хүлээлгэсэн Шийтгэлийн хуудас, торгууль төлсөн баримтын хуулбар /хэргийн 99-100х/ зэрэг бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгох бөгөөд ийнхүү зөрчсөний улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирах үр дагавар үүсгэдэг.
“Жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ заалт, 16.1 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 12 цаг 06 минутын орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу эрхгүй үедээ 83-20 УАЕ улсын дугаартай Тоёото приус маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын хойд замд явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Х.У-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...зүүн хацар ясны хоёрлосон хугарал, зүүн гайморовын хөндий, зүүн нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний алиманд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь нотлогдож тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалт дахь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тээврийн Прокуророос шүүгдэгч Ж.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн үндэслэл бүхий, хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолвол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн байна.
Хэргийн шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Зам тээврийн осол хэрэг гарах үед шүүгдэгч Ж.Бын жолоодон явсан 83-20 УАЕ улсын дугаартай Тоёото приус маркийн автомашиныг хэрэгт гэрчээр асуугдсан У.Сарантуяа нь уг автомашиныг бусдаас худалдан авч, улмаар Банк бус санхүүгийн байгуулагаас авсан зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч “Тайгын Булаг Кредит” ББСБ-ын өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, автомашиныг өөрөө эзэмшин ашиглаж байсан үйл баримт хэргийн баримтаар /хэргийн 75-80х/ тогтоогдсон тул түүнийг уг тээврийн хэрэгслийн эзэмшигч, ашиглагч гэж үзнэ.
Нөгөөтэйгүүр У.Сарантуяа нь 83-20 УАЕ улсын дугаартай Тоёото приус маркийн автомашиныг эзэмшин ашиглаж байхдаа өөрийн хүү, шүүгдэгч Ж.Б нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй болохыг мэдэж байсан атлаа тээврийн хэрэгслийн жолоог түүнд шилжүүлсэн нь уг зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцлийг үүсгэсэн байх тул түүнийг иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуулийн үндэслэл бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан журам зохицуулалтад нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Х.У нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Хэргийн хохирогч Х.Уас мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт тооцон эмчилгээ, оношилгоо, эм тарианы 773.214 төгрөгийн зардлын баримт хэрэгт гаргаж өгснөөс /хэргийн 82-85х/ шүүгдэгч нь Ж.Б нь 917.100 нөхөн төлснийг хохирогч хүлээн авсан хэмээн мэдүүлсэн /хэргийн 65х/ ба цаашид гарах эмчилгээний зардал болон бусад учруулсан хохирол зэрэгт нийт 15.0 сая нэхэмжилсэн шаардлага гаргасан.
Хохирогчийн нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд нэхэмжилнэ гэх 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд шүүх эрүүгийн хэргийн хамт нэг мөр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 62-р талд авагдсан урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн “хөнгөн” ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүх, шүүгдэгч Ж.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийг баримтын хэмжээнд нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв.
Шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ж.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар Ж.Бод хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 02 /хоёр/ жилийн жилийн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт Ж.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С овогт Ж-ийн Б-ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ж.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус зааснаар Ж.Бод хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 02 /хоёр/ жилийн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Ж.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт баримттай гарсан эмчилгээний зардлын 917.100 /есөн зуун арван долоон мянга нэг зуу/ төгрөгийг Ж.Б нь хохирогч Х.Уд нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч Х.У-ын цаашид гарах эмчилгээний болон бусад зардалд тооцон нэхэмжилсэн 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.У нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой нэхэмжлэлд хамаарах нотлох баримтаа зохих журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Энэ хэрэгт Ж.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ж.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД