Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 320

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийж, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 7/36, 2007 оны 11/65 дугаар тогтоолын “Х” ХХК-д холбогдох хэсгийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” шаардлага бүхий Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, Д.Н, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 11/65 дугаар тогтоолоор “У ц” үйлчилгээний төвийг хувьчлахаар шийдвэрлэсэн. Улмаар Төрийн өмчийн хорооны 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн "Нийслэлийн өмчөөс 2008 онд эхний ээлжинд хувьчлах эд хөрөнгийг зөвшөөрөх тухай” 191 дүгээр тогтоолоор “У ц” үйлчилгээний төвийг нэмэлт хөрөнгө оруулалт хийж хувьчлахыг зөвшөөрч шийдвэрлэсэн.

Эдгээр шийдвэрүүдээс улбаалан “Х” ХХК нь уг барилгаас 15 дахь жилдээ түрээсээр эзэмшиж байгаа талбай болон өөрийн хөрөнгөөр нэмж барьсан 3 дугаар давхрын хамт давуу эрхээр хувьчлан авах эрх, хууль ёсны ашиг сонирхол үүссэн байсан.

Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх шатанд нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахин 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/49 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолоор “У ц ү т”-ийг хувьчлах жагсаалтаас хасч, улмаар мөн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/25 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар “Шинэ урт цагаан төсөл" гэгчийг бий болгон, уг төслөөр концесс эзэмшигч этгээд нь одоо байгаа барилгыг буулган шинээр барилга барих, өмчлөх, ашиглах төрлөөр эрх олгосон шийдвэрийг гаргасан юм.

Энэхүү шийдвэрийг нь “У ц ү т”-ийн барилгыг түрээсээр эзэмшигчид, үүний дотор “Х” ХХК нь эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарсан бөгөөд тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 825 дугаар шийдвэрээр уг захиргааны актуудын “Х” ХХК-д хамаарах хэсгийг хүчингүй болгосон  ба шүүхийн энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Ийнхүү нэхэмжлэгч "Х” ХХК-ийн “У ц ү т”-ийн барилгаас холбогдох хэсгийг хувьчлан авах ашиг сонирхол хөндөгдсөн болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон үйл баримт байгаа.

Шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 825 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэгчийн зүгээс “У ц ү т’’-ийн барилгыг хувьчлах ажиллагаагаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нийцүүлэн явуулах хүсэлтийг тухайн үеийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга н.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б-Ү нарт хандан гаргаж, уг асуудлаараа удаа дараа биечлэн уулзсан, улмаар одоогийн албан тушаалтнуудад хандсан боловч “У ц ү т”-ийн барилгын асуудлыг шийдвэрлэхгүй, хууль бус эс үйлдэхүй гаргаж байна.

1999 онд Нийслэлийн Засаг дарга С.Н агсанаас манай компанийн Ерөнхий захирал Д.Бд хандан “У ц” барилгын өргөтгөлд хөрөнгө оруулж, засварлаж эзэмших” хүсэлт тавихын хамт, цаашид “уг барилгад хөрөнгө оруулсан, удаан хугацаагаар эзэмшсэн аж ахуйн нэгжид давуу эрхээр хувьчлах шийдвэрийг гаргана" гэсэн тул манай компани ирээдүйд хувьчлан авах боломж олгосон нөхцөлийг “үндсэн болзол” гэж үзэн тус барилгын 5 дугаар корпусыг бүхэлд нь, 6 дугаар корпусын 2 давхарыг тус тус өөрийн 132,3 сая төгрөгөөр засварласан, улмаар өөрийн 26 сая орчим төгрөгөөр шинээр 3 дугаар давхарыг нэмж өргөтгөн барьсан.

Манай компани энэхүү өргөтгөлийн барилгыг Нийслэлийн өмчийн газрын зөвшөөрлөөр барьсан тул уг хувийн өмчөөр баригдсан барилга нь орон нутгийн өмчтэй холилдсон барилга болсон юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Түрээслэсэн эд хөрөнгийг худалдах тохиолдолд түрээслэгчид Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан эрх /тэргүүн ээлжинд худалдан авах/ эдлүүлэх эсэхийг Төрийн өмчийн хороо шийдвэрлэнэ”, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна" гэжээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 7/36, 2007 оны 11/65 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Нийслэлийн өмчөөс 2008 онд эхний ээлжинд хувьчлах эд хөрөнгийг зөвшөөрөх тухай” 191 дүгээр тогтоол хүчинтэй байгаа боловч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг байгууллагуудаас “У ц ү т”-ийн барилгыг хувьчлалыг зохион байгуулахтай холбоотой ямар нэг шийдвэр гаргах, ажиллагаа явуулахгүй, эс үйлдэхүй гаргасаар байна.

Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь уг барилгыг хувьчлах талаар ямар нэг ажиллагаа явуулахгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 7/36, 2007 оны 11/65 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Нийслэлийн өмчөөс 2008 онд эхний ээлжинд хувьчлах эд хөрөнгийг зөвшөөрөх тухай” 191 дүгээр тогтоолыг биелүүлэхийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж өгнө үү.” гэжээ.

 Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н нь шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тухайн у ц ү т барилга нь нийслэлийн өмч бөгөөд 1962 онд анхан ашиглалтад орсон байна. Одоогоор газар хөдлөлтөд тэсвэрлэхгүй, элэгдэл хорогдолд орсон, хүн ажиллах эрүүл ахуй болоод аюулгүй байдлын наад захын шаардлагыг хангахгүй болсон зэргийг харгалзан уг барилгыг буулгаж, орчин үеийн шийдэл бүхий барилга оронд нь бариулж, шинээр барьсан барилгын тодорхой хэсгийг буюу 7000 мк.кв ажлын байрны талбайг бууруулахгүйгээр нийслэлийн өмчид авах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүн ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 7/36, 2007 оны 11/65 дугаар тогтоолуудыг гарсан.

Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр дээрх маргаан бүхий асуудал шийдвэрлэгдсэн байдаг.

Нийслэлийн Засаг даргаас нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг шинэчлэн батлуулахаар өргөн барьсан төсөлд урт цагаан үйлчилгээний төвийн барилга ороогүй байна. Уг асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“1.  “Х” ХХК нь Нийслэлийн өмчийн У ц Ү төв барилгын 5 дугаар корпус, 6 дугаар корпусын 2-р давхарт 1 өрөөг 1999 оноос эхлэн түрээсийн гэрээний дагуу эзэмшиж ирсэн.

1999 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18 тоот түрээсийн барилгад хийсэн хөрөнгө оруулалт, их засварын ажлыг хүлээн авах хүлээлгэн өгөх акт үйлдэж уг ажлын байранд нийт 132.333.945 төгрөгний их засварын ажил хийж гүйцэтгэсэн.

Үүнээс хойш уг байранд хийсэн засвар үйлчилгээний асуудлыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт мэдэгдэж баталгаажуулсан зүйл байхгүй.

2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 11/65 дугаар тогтоолоор У ц ү т барилга байгууламжийг 2008 онд хувьчлах хөрөнгийн жагсаалтанд оруулж баталсан байсан. Гэвч уг үйлчилгээний төвийн 30 гаруй түрээслэгч нараас удаа дараагаар шүүхэд нэхэмжлэл гаргаж хувьчлах асуудлыг түдгэлзүүлж дээрхи тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон.

3. У ц ү т барилга нь 1962 оноос хойш ашиглагдсан хуучны барилга бөгөөд газар хөдлөлтөд тэсвэрлэхгүй тул буулгаж, орчин үеийн шийдэл, бүхий оффис үйлчилгээний зориулалттай барилга барих зорилгоор 2012 оны 11 дүгээр сарын 29-ний Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6/25 дугаар тогтоолоор “Ш у ц т”-ийг орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад оруулж баталсан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/49 дүгээр тогтоолоор ажлын байрыг нэмэгдүүлэх эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан, хүн ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг биелүүлэх үндэслэлээр Урт цагаан үйлчилгээний төвийг хувьчлах жагсаалтаас хасч шийдвэрлэсэн.

4. Дээрхи захиргааны актыг “Х” ХХК нь эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 825 дугаар шийдвэр гаргаж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/25, 2013 оны 13/49 дүгээр тогтоолын хавсралтын У ц ү т хувьчлах хөрөнгийн жагсаалтаас хасч шийдвэрлэснээс нэхэмжлэгч “Х” ХХК-д хамаарах хэсгээр, концесс олгох уралдаант шалгаруулалт зарласан үйлдлийг нэхэмжлэгч “Х" ХХК-д хамаарах хэсгээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

5. Эдгээр зүйлийг үндэслэн Нийслэлийн өмчийн У ц ү т барилга байгууламжийг ““Х” ХХК-ний эзэмшиж буй .... м.кв талбай бүхий ажлын байрнаас бусад” Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад оруулж баталсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/25, мөн хувьчлалын жагсаалтаас хассан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр  сарын 28-ны өдрийн 13/49 тоот тогтоол нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “... иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна.”, 77 дугаар зүйлийн 77.2.3-д “... Иргэдийн хурал нь дараах бүрэн эрхтэй” ... Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх шинээр олж авах, жагсаалт, төлөвлөгөө эх үүсвэрийг хэлэлцэж батлах ...”  гэж заасан.

Үүний дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээрхи өмчийн асуудлыг 2012 оны 6/25, 2013 оны 13/49 тоот тогтоолоороо шийдвэрлэж хуульд заасан захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлсэн болно.

Мөн түүнчлэн Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д ”... өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна ...” гэж заасныг “Х” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаа нийслэлийн өмчийг хувьчлах шийдвэр гарсан нөхцөлд л тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэйг заасан гэж үзэж байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 825 тоот шийдвэрт мөн уг ажлын байрыг “Х” ХХК-д хувьчилж өгөх тухай зааж шийдвэрлээгүй болно.

Иймд У ц ү т барилга байгууламжийг хэсэгчлэн хувааж хувьчлах боломжгүй гэж үзсэн тул уг өмчийн асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өмчлөгчийн асуудлыг үлдээхийг хүсч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 7/36, 2007 оны 11/65 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Нийслэлийн өмчөөс 2008 онд эхний ээлжинд хувьчлах эд хөрөнгийг зөвшөөрөх тухай” 191 дүгээр тогтоолыг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 7/36, 2007 оны 11/65 дугаар тогтоолын “Х” ХХК-д холбогдох хэсгийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” гэж тодруулсан болно.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд “Х” ХХК-ийн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь 1999 оноос өнөөг хүртэл нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “У ц ү т”-ийн  барилгын 5 дугаар корпус, 6 дугаар корпусын 2 давхрын 1 өрөөг түрээслэж ирсэн байна. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 дугаар тогтоолоор  Нийслэлийн өмчөөс 2008 онд хувьчлах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн жагсаалтыг баталсан бөгөөд уг жагсаалтын 18-д “У ц ү т” барилга байгууламж оржээ. Улмаар Төрийн өмчийн хорооны 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 191 дүгээр тогтоол  гарч Нийслэлийн өмчөөс 2008 онд эхний ээлжинд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг баталсан бөгөөд “У ц ү т” барилгыг хувьчлахыг зөвшөөрсөн байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж, биелүүлэхийг шаардаж буй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 7/36 дугаар  тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчөөс 2003 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нийт 3  барилга, байгууламж /Хайлааст дахь эмнэлгийн дуусаагүй барилга, “Э” УҮГ,  “Б с ү” төвийн барилгын зарим хэсгийг /Н т// орсон боловч нэхэмжлэгчийн түрээсээр эзэмшиж буй маргааны зүйл болох “У ц ү т”-ийн барилга ороогүй байна.

Орон нутгийн өмчийг хувьчлах талаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-д “орон нутгийн өмчийг хувьчлах бодлого, чиглэл, хувьчилж үл болох орон нутгийн өмчийн жагсаалтыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэж батлах, түүнд өөрчлөлт оруулах” гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх мэдэл, мөн хуулийн  29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь хэсгийн “б”-д “тухайн орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах  ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах эд хөрөнгийн жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийн тухай санал боловсруулж Хурал, түүний Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах” гэж Засаг даргын эрх мэдлийг тус тус тодорхойлсон байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1-д “төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн”, 77 дугаар зүйлийн 1-д “иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”,  мөн зүйлийн 2 дахь хэсгийн 3-д “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэж заасны дагуу хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын зөвшөөрснөөр маргааны зүйл болох “Урт цагаан үйлчилгээний төв”-ийг хувьчлах шийдвэр гаргах үүрэгтэй юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өөрчлөлт орж, улмаар Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн хороог татан буулгасан бөгөөд Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг шинээр байгуулсан байна. Иймээс Хариуцагч нар нь татан буугдсан төрийн захиргааны шийдвэрийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах эрх зүйн боломж байхгүй тул шинээр үүсгэн байгуулагдсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас маргаан бүхий объектыг хувьчлах зөвшөөрөл авах шаардлагатай юм.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйл 1 дэх хэсэгт “Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийг хувьчлах  журам”-н  1.2-т “...тухайн жилд хувьчлах нийслэлийн өмчийн жагсаалтыг Төрийн Өмчийн хороотой зөвшилцсөний үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж зохицуулсны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн жилд хувьчлагдах орон нутгийн өмчийн жагсаалтыг жил бүр шинэчлэн баталж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлж зөвшөөрөл авсны үндсэн дээр хувьчлах шийдвэр гаргадаг байна. 

Энэхүү зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж, мөрдөгдөж байгаа болох нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А-1/937 дугаар  албан бичгээр “...тухайн жилд хувьчлах хөрөнгийн жагсаалтаа жил бүр зөвшилцөж, шинэчлэн баталдаг. Хувьчлагдах хөрөнгийн жагсаалтад орсон боловч хувьчлал явагдаагүй хөрөнгийн хувьд дараа жил нь дахин зөвшилцдөг болно” гэж ирүүлсэн тодорхойлолтоор батлагдсан.

Нөгөөтэйгүүр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 32 дугаар зүйлд  “төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн энэ хуульд заасан арга хэлбэр, нөхцөлийн дагуу хувийн өмчид шилжүүлэхийг төрийн өмч хувьчлах / цаашид энэ хуульд "хувьчлах" / гэнэ”, 78 дугаар зүйлийн 1-д “Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй”,  мөн зүйлийн  2 дахь хэсгийн 6-д “орон нутгийн өмчийн эд хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэргэжил, арга зүйн удирдлагын дор хувьчлах ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн жил хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтыг баталж уг жагсаалтыг Төрийн өмчийн бодлого, зохицуултын газар зөвшөөрснөөр хувьчлах ажлыг тус газрын удирдлага, хяналт дор зохион байгуулж, хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн эд хөрөнгийн өмчлөгч болохын хувьд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын зөвшөөрснөөр эд хөрөнгөө хувьчлах шийдвэр гаргах онцгой бүрэн эрхтэй бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь нутгийн өөрөө удирдах байгууллагаас жил бүр хувьчлахаар батлагдсан жагсаалтын хүрээнд хувьчлалыг зохион байгуулдаг тул нэхэмжлэгчийн  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 7/36, 2007 оны 11/65 дугаар тогтоолын “Х” ХХК-д холбогдох хэсгийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” буюу  “хувьчлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй болно.

 Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4-т “Түрээслэсэн эд хөрөнгийг худалдах тохиолдолд түрээслэгчид Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан эрх /тэргүүн ээлжинд худалдан авах/ эдлүүлэх эсэхийг Төрийн өмчийн хороо шийдвэрлэнэ”, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна" гэж заасны дагуу “У ц ү т”-ийн барилга байгууламжийг хувьчлах шийдвэр гаргасан тохиолдолд “Х” ХХК нь тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй” гэж тайлбар хийж мэтгэлцсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь хэсгийн “б”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн  91 дүгээр зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 4,  32 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсгийн 6, 81 дүгээр зүйл 1-д заасныг баримтлан “Х” ХХК-ийн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 7/36, 2007 оны 11/65 дугаар тогтоолыг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

          

  

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.ТӨМӨРБАТ