Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 572

 

 

Д.Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2016/01183 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Гантулгад холбогдох

 

Гэм хорын хохиролд 1 996 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг, шүүх хуралд ирэх, очих зардалд 198 400 төгрөг, нийт 3 694 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Б.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хятад улсын Эрээн хотоос барилгын материал, газар тариалангийн төхөөрөмж худалдан авч 7 хоногийн дотор Дархан хот хүргүүлэхээр Ачаа тээврийн компаний захирал гэгч Б.Гантулгад, гааль, тээврийн зардлыг 8 000 юаниар тохирч, бэлнээр 4 000 юань, дансаар 1 240 000 төгрөгийг шилжүүлж төлбөрийг бүрэн барагдуулж бараагаа хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш 1 сарын дараа буюу 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бараа ачсан жолооч Алтангэрэл утасдаж хоёр хилийн дунд байна Б.Гантулга, төлбөр төлөөгүй учир гааль, тээврийн зардлаа төлж бараагаа ав эсвэл энд нь буулгаад орхино гэж ярьсан. Ингээд бараа ачуулсан хүмүүс очиж гааль, тээврийн зардалаа дахин төлж Дарханд хүргүүлсэн. Иймд Б.Гантулгад өгсөн 8 000 юань /үүнээс мөрдөн байцаалтын явцад байцаагч Буянтогтохоос 500 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан/ үлдэгдэл 1 996 000 төгрөг, Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу сул зогсолтын алданги 1 500 000 төгрөг, Орон нутгаас шүүх хуралд оролцохоор ирж, буцсан зардал 198 400 төгрөг, нийт 3 694 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Гантулга нь 2015 оны 10 дугаар 20-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот хоорондын ачаа тээвэр ажиллуулж байсан. Энэ хооронд 28 машин ачаа, хувь хүн, албан байгууллага компанийг зохих эзэнд нь хүргэлт хийсэн. 2015 оны 5 дугаар 30-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын Луньшен барилгын ачаа тээврийн хашаанд Дархан-Уул аймгийн иргэн Д.Эрдэнэбаатарын 1 996 000 төгрөгийн ачаа Улаанбаатар руу ачихаар тохиролцож, уг ачааг 3 хоногийн дараа Монгол Улсын гааль дээр очиж 2 800 юань Эрээний гаалийн татвар болгож төлсөн. Дээр нь ачуулахад ачигчийн төлбөр 2 000 юань төлсний дээр 2 хувь хүн ачуулсан ачааныхаа тал мөнгийг шилжүүлээгүйн улмаас Монгол Улсын гааль дээр гаалийн мөнгө төлөгдөхгүй ачаа саадсан юм. Энэ асуудлын үнэн зөвийг тогтоож өгч тусална уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Гантулгаас 1 996 000 төгрөгийг гаргуулан Д.Эрдэнэбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 698 400 үлдэх төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46 886 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Гантулга давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Хариуцагч Б.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгсөд шүүх хуралдааны товыг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зохих журмын дагуу мэдэгдэж, тэрээр гарын үсэг зурж баталгаажуулсан байх боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг дурдсан аливаа баримтыг ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ..." гэжээ. Гэтэл Б.Гантулга миний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдааны товыг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдсэн боловч анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг гардаж авахыг шаардаж итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дуудан 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг гардуулж өгч, хариу тайлбар гаргаж өгөх 14 хоногийн хугацаа байгааг тайлбарлан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болох шүүх хуралдаан болохгүй гэж тус шүүхийн шүүгчийн туслах танилцуулсан. Хариуцагчийн зүгээс ч нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй холбоотойгоор ирүүлсэн 9 хуудас нотлох баримтыг үгүйсгэх баримт сэлт цуглуулах, хариу тайлбар өгөх 14 хоногийн хугацаа өнгөрөөгүй байхад анхан шатны шүүх хуралдааныг хийж, хариуцагчаас үгүйсгэх нотлох баримтаа гаргаж өгч шүүхэд мэтгэлцэх боломжоор хангалгүй шүүх хуралдааныг хийсэн нь шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлж, хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргаж мэтгэлцэх бололцоог олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатар хариуцагч Б.Гантулгад холбогдуулан гэм хорын хохиролд 1 996 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг, шүүх хуралд ирэх, очих зардалд 198 400 төгрөг нийт 3 694 400 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар Л.Эрдэнэбаатар нь 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос барилгын материал худалдаж авснаа Б.Гантулгын машин дээр ачиж Монгол Улсад хүргүүлэхээр тохиролцож тээврийн хөлс болон гаалийн татварт 8 000 юань буюу 2 460 640 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон. Энэ талаар талууд маргаагүй байна.

 

Уг ачаа хугацаандаа ирээгүйгээс нэхэмжлэгч Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар хариуцагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 974 тоот Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Прокурорын тогтоолоор Б.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Ийнхүү Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон тул нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний журмаар нэхэмжилж хариуцагчаас шаардсан нь хуульд нийцжээ.

 

Хариуцагч Б.Гантулга нь “2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын Луньшен хотын барилгын хашаанд Д.Эрдэнэбаатарын 1 996 000 төгрөгийн ачааг Улаанбаатар хот руу ачихаар тохиролцож уг ачааг 3 хоногийн дараа Монгол улсын гааль дээр Эрээний гаалийн татвар болгож 2 800 юань төлсөн, ачаа ачуулах ачигчийн төлбөрт 2 000 юань төлсөн” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Хэргийн 9-11 дүгээр тал дахь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 974 дүгээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол болон хэргийн 12 дугаар тал дахь Б.Гантулгын гараар бичсэн “2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Д.Эрдэнэбаатарт өгөх 1 996 000 төгрөгийг 14 хоногийн хугацаа буюу 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өгч барагдуулна” гэх бичгийн баримтуудыг хооронд харьцуулан судлавал хариуцагч Б.Гантулга нь нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатарт 1 996 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатар барилгын материал хугацаандаа ирээгүйгээс барилгын ажил сул зогсож бусдад алдангид 1 500 000 төгрөг төлсөн гэж нэхэмжилсэн нь хариуцагч Б.Гантулгын гэм буруутай хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролтой шалтгаант холбоогүй тул шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч ирж, очих унааны зардалд 198 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэргийн 51 дүгээр талд авагдсан “0770 Д.Эрдэнэбаатар” гэх шатахууны баримтуудыг эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй тул шүүх уг шаардлагагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулаад 14 хоногийн хугацаа олголгүй хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь Д.Эрдэнэбаатар нь Б.Гантулгын буруутай үйл ажиллагаанаас учирсан хохиролд 1 996 000 төгрөг нэхэмжилснээ ихэсгэж барилгын ажил хүлээгдсэнээс бусдад төлсөн алданги 1 500 000 төгрөг, гарсан зардалд 198 400 төгрөг нийт 1 698 400 төгрөгийг хохирол гэх үндэслэлээр шаардсан нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй ижил байх ба уг нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийн нотлох баримт гаргах, мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Түүнчлэн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулсан байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2016/01183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Б.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 886 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

 

                                         ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ