| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 101/2016/08554/И |
| Дугаар | 00046 |
| Огноо | 2017-01-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 00046
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 6 дугаар байр, 65 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: РР80071374/, Аварга овгийн Саранчимэгийн Одбаярын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Эко хороолол, 166-8 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: МТ81123001/, Боржигин овгийн Чүлтэмийн Оюумаад холбогдох
“61,201,078 төгрөг гаргуулах” тухай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа, хариуцагч Ч.Оюумаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Одбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Нэхэмжлэгч С.Одбаяр миний бие 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Ч.Оюумаад 37,540,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй учраас бид харилцан тохиролцож “Зээлийн гэрээ”-ний хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл сунгасан. Гэвч хариуцагч өнөөдрийг хүртэл “Зээлийн гэрээ”-ний үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд үндсэн зээл 37,540,000 төгрөг, зээлийн хүү 18,300,000 төгрөг, алданги 5,360,678 төгрөг нийт 61,201,078 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байх тул шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Оюумаа шүүхэд гаргасан тайлбартаа: Чүлтэм овогтой Оюумаа би 2014 оны 11 сарын 28-нд Хас банкинд хамт ажиллаж байсан найз болох / 2005 оноос хойш найз нөхдийн холбоотой/ Лхагвасүрэн овогтой Болор- Эрдэнээс 2 970 000 / Хоёр сая есөн зуун далан мянган/ төгрөгийг хүүхдийн сургалтын төлбөр төлөх болчоод түр зээлсэн. Дараа нь 2014 оны 12-р сарын 2-нд мөн Л.Болор- Эрдэнээс 34 540 000 / гучин дөрвөн сая таван зуун дөчин мянган/ төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэйгээр тохирон бизнесийн зорилгоор зээлсэн. Ингээд нийт 37 540 000 /гучин долоон сая таван зуун дөчин мянган / төгрөгийг 6 сарын хугацаатай зээлсэн. С.Одбаяр гэдэг хүн нь Л.Болор-Эрдэнийн гэр бүлийн хүн бөгөөд би сайн мэдэхгүй энэ хүнээс би мөнгө авч байгаагүй. Ингээд 2015 оны 1-р сарын 20-нд Болор- Эрдэнэ нь утсаар надруу яриад найз А.Лхагвасүрэнд нь ББСБ-ийн хүү төлөх шаардлага гараад мөнгө хэрэгтэй байна, тэгээд намайг мөнгө олж өгөөч гээд ярьсан. Тэгээд би 2015 оны 1-р сарын 20-нд 5,000,000 / Таван сая / төгрөг бэлнээр, 21-нд 15 000 000 /Арван таван сая / төгрөгийг Болор-Эрдэнийн Хас банкны дансаар шилжүүлсэн, 1/22-нд 7 000 000 / Долоон сая / төгрөгийг найз нь болох Ааяа овогтой Лхагвасүрэнгийн дансруу шилжүүлж, нийт 27 000 000 /хорин долоон сая/ төгрөг өгсөн. Дараа нь 2015 оны 3-р сарын 6-нд мөнгөний хэрэгцээ гараад 10 000 000/ Арван сая/ төгрөгийг, 2015 оны 7-р сарын 1-нд 14 265 000/ арван дөрвөн сая хоёр зуун жаран таван мянган/ төгрөгийг Болор-Эрдэнээс авсан бөгөөд эргүүлээд би 2015 оны 4-р сарын 27-ноос 2016/07/27-ны хугацаанд нийт 26 000 000 /Хорин зургаан сая/ төгрөгийг Болор-Эрдэний дансруу шилжүүлсэн байгаа. Энэ бүх мөнгө нь баримттай үнэн болно. Одоо үлдэгдэл мөнгөний тооцоо 8 705 000 /найман сая долоон зуун таван мянган/ төгрөг байгаа. Энэ бүх хугацаанд би болон Л.Болор-Эрдэнэ бид хоёрын ярилцаж тохирсон гэрээ бол 2014/12/2-нд гэр бүлийн хүн болох Одбаяраас гээд анх байгуулж байсан зээлийн гэрээ байдаг юм. /6 сарын хугацаатай 6%-ийн хүүтэй/ гэхдээ энэ мөнгөө сар гарны дараа найз Лхагвасүрэнд надаас авч өгсөн. Өөр бидний хооронд ямар нэгэн гэрээг би зөвшөөрөхгүй байна. Жич: 2016/09/01-нд Болор-Эрдэнэ намайг УБ хотод ажлаар орж ирсэн байх үед утсаар залгаад уулзаадахья гэсэн. Ингээд бөхийн өргөөний урд уулзахаар тохироод очтол бага хүү нөхөр 2-ын хамт явж байсан. Ингэхдээ -Оюу найзад нь 10 000 000 / Арван сая / төгрөгний хэрэг байнаа, би хүнээс зээлэх гэсэн чинь эргэж төлөхөө баталгаажуулах хэрэгтэй байна. Ингээд би чамаас мөнгө авах ёстой, ийм гэрээ байдаг юм гээд үзүүлэх гэсийн гээд 2ш цаас барьж явсан. Тэхээр нь би нялх хүүхэдтэй хүн одоохондоо ажилгүй байгаа мөнгө хэрэгтэй байгааг нь ойлгож байсан л даа, яг тэр үед би Болор-Эрдэнэд мөнгө олж өгөх үнэхээр боломж байхгүй, үнэхээр олдохгүй байсан тул. -За тэгвэл чи 10 000 000 /арван сая /төгрөгөө хүнээсээ аваад хэрэглэж байгаарай, найз нь боломжтой болохоороо чамд одоо 22 000 000 /хорин хоёр сая/ төгрөг өгнөө, ингэж хэлээд би цаасан дээр нь гарын үсэг зурсан. Энэ үед би Болор-Эрдэнэд манай гэр бүлд одоо нэг байшин зарагдахаар л мөнгө орж ирнэ, өөр ямар ч боломж байхгүй байгаа, банк болон банк бусаас зээл авах ямарч боломжгүй байнаа, иймээс байшингаа зартал түр хүлээгээрэй гэж хэлээд тохирсон юмаа. Гэтэл тэр цаасан дээр гэрээ нөхөж бичээд танай байгууллагад өгсөн байна. Энэ гэрээг би огт зөвшөөрөхгүй байна. Ер нь бол би С.Одбаяр гэдэг хүнтэй огт холбогдолгүй, ярилцаж токирсон ч зүйлгүй, харин эхнэр Болор-Эрдэнэтэй нь найз нөхдийн холбоотой байсан нь үнэн. Тиймдээ ч би энэ бүх хугацаанд Болор-Эрдэнээс 61 805 000/ жаран нэгэн сая найман зуун таван мянган/ төгрөг аваад эргүүлэн 53 100 000/ тавин гурван сая нэг зуун мянган/ төгрөг өгсөн байгаа. Одоо авсан мөнгөний үлдэгдэл нь 8 705 000/ найман сая долоон зуун таван мянган/ төгрөг байгаа. С.Одбаяр, Болор-Эрдэнэ нар нь миний зөвшөөрөлгүйгээр гэрээ нөхөж бичээд маш өндөр хүү алданги нэхэмжилсэн байна. Үүнийг би огт зөвшөөрөхгүй байна. Ингээд Чүлтэм овогтой Оюумаа би Л.Болор-Эрдэнэд тохирсон ёсоор байшингаа зарахаар 20 000 г, 000/ хорин сая төгрөг/ өгөх боломжтой, миний энэ тайлбарыг Орхон аймгийн шүүх харгалзан үзэж миний саналыг нөгөө тал болох Болор-Эрдэнэ, Одбаяр нарт дамжуулан үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “1.Нэхэмжлэгч С.Одбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 25,000,000 төгрөг болгож байгаа бөгөөд хариуцагч Ч.Оюумаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 25,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлөхөөр болов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Одбаяр нь хариуцагч Ч.Оюумаад холбогдуулан 6,765,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа, хариуцагч Ч.Оюумаа нар эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэлийн шаардлага болох 60,201,078 төгрөгнөөс 25,000,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид өгөхөөр зохигчид эвлэрсэн байна.
Талуудын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.С.Одбаярын нэхэмжлэлтэй Ч.Оюумаад холбогдох иргэний хэрэгт Ч.Оюумаа нь 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Одбаярт төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 463,960 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 282,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Одбаярт олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэгдэхийг заасугай.
4. Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН