| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0313/Э |
| Дугаар | 302 |
| Огноо | 2020-05-12 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 302
2020 05 12 2020/ШЦТ/302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Ү-ийн А-т холбогдох эрүүгийн 19020 0988 0006 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Гансүлд /нийслэл/, шүүгдэгч Ү.А, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарн 14-ний өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ихэрийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Ү-ийн А- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ү.А нь Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК-342 дугаар аяллын онгоцоор зорчин ирэхдээ өөрийн ихэр Ү.М-ийн ЕХХХХ дугаартай энгийн гадаад паспортын мэдээллийг өөрийн мэтээр хуурамчаар ашиглан, Буянт-Ухаа боомтоор 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
1. Шүүгдэгч Ү.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Би 2019 оны 9 дүгээр сард хилээр орж ирэхдээ өөрийн паспортандаа хар тамга даруулсан болохоор өөрийн ихэр Ү.М-ийн гадаад паспортаар гарах гэж байгаад баригдсан юм. Монголын хилээр гараад, Турк Улсын хилээр нэвтрэх гэж байгаад баригдсан. Тэнд очоод өөрийн бичиг баримтаа устгачихсан байсан учир Ү.М-ийн паспортоор орж ирсэн. Ү.М- өөрийнх нь бичиг баримтыг намайг аваад явсаныг мэдээгүй. Би урьд өмнө Турк Улсад очиж байсан бөгөөд миний үйлдэл хууль бус гэдгийг мөн ойлгож байсан юм. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19020 0988 0006 дугаартай хэргээс:
1. Ү-ийн А, Ү-ийн М нарын Монгол улсын Хилээр гарсан, орсон талаархи хил нэвтрэлтийн лавлагаа баримтууд, ХХЕГ-ын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2-5а/13243 дугаартай албан тоот /хэргийн 23-24x/,
2. Ү-ийн А, Ү-ийн М нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт, гадаад улсад зорчих баримт хүсэх мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11/9874 дугаартай албан тоот /хэргийн 28-32х/,
3. 2019 оны 12 сарын 12-ны өдөр Үйсэв овогтой Мөнгөнцэцэгийн ЕХХХХ дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 55-60х, 61х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ү.М-ийн гэрчээр өгсөн:
“...Би 2012 оны 7 сарын үед гадаад паспорт авч байсан. Хамаатны эгчтэйгээ хамт Хятад Улс руу явж бараа авах гэж авсан юм. Паспортоо авсанаас хойш Хятад Улс руу нэг удаа явсан. Өөр гадаад орон руу паспортаа ашиглаж, зорчиж байгаагүй. Миний паспорт манай гэрийн шкафан дотор байдаг байсан юм. Ү.А миний гадаад паспортыг авч ашигласан талаар би мэдээгүй, би өөрөө ашигладаггүй болохоор алга болсоныг нь ч мөн мэдээгүй. 2019 оны 12 сарын 05-ны өдөр миний ихэр Ү.А Монголд ирэх үед нь мэдсэн юм. Надад миний гадаад паспортыг ашиглаж Турк Улс руу гарах гэж байгаад баригдаад, буцаад ирсэн тухайгаа хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 65-66х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Гантулгын гэрчээр өгсөн:
“...2019 оны 12 сарын 05-ны 05 цагийн үед Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн аяллын ТК-342 дугаартай онгоцоор зорчин ирсэн зорчигч Ү.Аийн баримт бичгийг шалгахад түүний биедээ авч явсан ЕХХХХ гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан, мөн тус паспортын 32 дахь хуудсанд дарагдсан “Buyant-Ukhaa 027” гэх штамп нь хуурамч байсан. Гүнзгийрүүлсэн шалгалт хийхээр манааны ахлах, ахмад Мөнхгалын кабин руу дагуулж яваад, шалгах явцад би Ү.Аээс “өөрийнх нь паспорт хаана байгаа, хэрхэн Монгол Улсын хилээр гарсан” талаар асуухад Ү.А нь “2019 оны 12 сарын 03-ны өдөр өөрийн Е2716125 дугаартай гадаад паспортыг ашиглан Буянт-Ухаа боомтоор гарсан, Туркийн онгоцны буудал дээр уг паспортоо устгасан, Туркийн хил дээр өөрийн ихэр болох Ү.М-ийн Ү1077858 дугаартай гадаад паспортыг үзүүлж хил нэвтрэх гэж байгаад уг паспортын хугацаа дууссан байсныг анзааралгүй баригдсан” тухайгаа хэлсэн. Үргэлжлүүлэн ЕХХХХ дугаартай гадаад паспортын 32 дахь нүүрэнд дарагдсан хуурамч штампын талаар асуухад нэг хүнтэй утсаар холбогдож 200 америк ам доллар өгч даруулсан гэж хэлсэн.
Би Ү.Аийг дагуулан иргэдэд үйлчлэх автомат машинаас түүний хурууны хээг уншуулан холбогдох лавлагаа авахад Ү.А нь Е2716125 дугаартай гадаад паспортыг эзэмшдэг болох нь тогтоогдсон тул хилийн зөрчлийн материал бүрдүүлж, 0218 ангийн дэргэдэх тагнуулын хэсэгт хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 67-68х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ү.Аийн яллагдагчаар өгсөн:
“...Би 2017 оны 10 сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улс руу ажиллах зорилгоор явж, 2019 оны 9 сарын 20-ны өдөр Монголд ирсэн юм. Турк Улсад оршин суух визний хугацаа хэтрүүлсэн тул паспортандаа хар тамга даруулсан. Тэгээд 2019 оны 12 сарын 03-ны өдөр Турк Улс руу өөрийн ихэр болох Ү.М-ийн гадаад паспортыг ашиглан орох гэж байгаад Туркийн хил дээрээс Ү.М-ийн гадаад паспортын хугацаа дууссан шалтгаанаар Монгол руу 2019 оны 12 сарын 05-ны өдөр буцсан.
Монгол Улсын хилээр гарахдаа би өөрийн гадаад паспортыг ашиглаж гараад, Бүгд Найрамдах Турк Улсын хил дээр өөрийн гадаад паспортыг устгасан юм. Би 2019 оны 10 сарын дундуур фейсбүүкийн “Турк дэх монголчууд” гэх группэд “хар даруулсан хүн хэрхэн Турк руу орж болох вэ” гэсэн пост бичихэд миний фейсбүүк мессенжер лүү “Саша Саша” гэх хаягнаас “хуурамч штамп дарах хүн байгаа, 200 ам доллар” гэдэг гэж хэлээд миний 96199111 дугаарыг аваад, над руу дугаараа нууцалж залгаад “Мөнгөн завъяагийн хажууд Дүүхээ гутлын төвийн нэг лангуун дээр паспортаа орхичих” гэж хэлсэн. Удалгүй дахин залгаад өөрөө ирж авахаар болсон. Тэгээд би над руу залгасан эмэгтэй хүнтэй Дүүхээ гутлын төвийн замын эсрэг талд уулзаж, 535.000 төгрөгийг ихрийнхээ гадаад паспортын хамт өгөөд, тэндээ хүлээж байхад 30 минутын дараа паспортыг өгсөн. Уг паспортанд штамп дарагдсан байсан. Миний утас Скайтелийн утас болохоор нууцлагдсан дугаараас залгахад удаан дуудуулахаар уг залгасан дугаар нь гарч ирж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 76-78х, 81-82х/ болон түүний хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 35х/ баримт, гэрч Ү.Амандайгийн мэдүүлэг /хэргийн 70х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 84х/, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 89х/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хэргийн 93х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг яллагдагчаар болон гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыгзөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ү.Аийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ү.А нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК-342 дугаартай аяллын онгоцоор Монгол Улсад зорчин ирэхдээ өөрийн ихэр Ү.М-ийн ЕХХХХ дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг өөрийнх гэж ашиглан, Буянт-Ухаа боомтоор Монгол Улсад орж ирсэн үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:
- Ү-ийн А, Ү-ийн М нарын Монгол улсын Хилээр гарсан, орсон талаархи хил нэвтрэлтийн лавлагаа баримтууд, ХХЕГ-ын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2-5а/13243 дугаартай албан тоот /хэргийн 23-24x/,
- Ү-ийн А, Ү-ийн М нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт, гадаад улсад зорчих баримт хүсэх мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11/9874 дугаартай албан тоот /хэргийн 28-32х/,
- 2019 оны 12 сарын 12-ны өдөр Үйсэв овогтой Мөнгөнцэцэгийн ЕХХХХ дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 55-60х, 61х/,
- гэрч Ү.М- /хэргийн 65-66х/, гэрч Х.Гантулга /хэргийн 67-68х/ нарын мэдүүлэг болон шүүгдэгч Ү.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож нотлогдсон байна.
“Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилан тогтоосон.
“Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн” үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.
Монгол Улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ” гэж заасан ба улсын хил нь халдашгүй дархан байх ба бусдын бичиг баримт ашиглан Монгол Улсын хилээр орох, гарах үйлдэл нь Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт үйлдэл юм.
Түүнчлэн Үндэсний гадаад паспорт нь Монгол Улсын төрийн өмч бөгөөд Монгол Улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх, эрх олгосон баримт бичиг болох утгаар түүнийг зөвхөн тухайн бичиг баримтын эзэмшигч өөрөө ашиглах үүрэгтэй тул бусад этгээд өөр хүний бичиг баримт ашиглах, ашигласан үйлдэл нь хууль бусд тооцогдоно.
Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Ү.А нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК-342 дугаар аяллын онгоцоор Монгол Улсад зорчин ирэхдээ өөрийн ихэр Ү.М-ийн ЕХХХХ дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг ашиглан Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилээр орж ирсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн шинжтэй байна.
Хэргийн шүүгдэгч Ү.А нь хуурамч баримт бичгээр буюу Ү-ийн Мийн ЕХХХХ дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортаар Монгол Улсын хилийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэвтрэн орж ирсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ү.Аийг хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ү.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МНБГ-ын ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 84х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.
Шүүх, шүүгдэгч Ү.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилго, зорилтод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ү-ийн Мийн ЕХХХХ сери дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортыг /хүчингүй тэмдэгтэй/ зохих журмын дагуу устгуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ү.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Черүч овогт Үйсевийн Алтанцэцэгийг “хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтэрч" Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү.Аийг 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ү.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ү-ийн Мийн ЕХХХХ сери дугаартай /хүчингүй тэмдэгтэй/ Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортыг зохих журмын дагуу устгуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлсүгэй.
5. Энэ хэрэгт Ү.А нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ү.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД