Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Л.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э, Ж.Ж,

Шүүгдэгч Б.Б, Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б, Б овогт Д.Т нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д аймгийн С суманд төрсөн, халх, эрэгтэй, ... настай, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 6-8 насны 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Б овгийн Б.Б,

Монгол улсын иргэн, Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, ах, 1-3 насны 2 хүүхдийн  хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, Б овогт Д.Т,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 18:20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5 дугаар баг Соёмбын өргөн гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.Т-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 18:20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5 дугаар баг Соёмбын өргөн гудамжинд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн үед Соёмбын өргөн гудамжаар хувийн ... улсын дугаартай Приус-20 маркын автомашинтайгаа явж байгаад Б.Б-той таарсан. Тухайн үед би Б-г таньдаггүй байсан. Б такси барих гэж байгаад намайг зогсоогүй хажуугаар нь явсны төлөө надтай ирж хэрүүл хийсэн. Тэр үед Б согтуу, харин би эрүүл байсан. Дээрхи жижиг маргаанаас болж бид 2 харилцан зодолдсон. Миний хувьд Б-д зодуулж биедээ хөнгөн гэмтэл авсан. Би мөн Б-н биед халдаж түүнд хөнгөн гэмтэл учруулсан. Үг хэлээрээ учраа олж чадалгүй бухимдсандаа Б-н бид хөнгөн гэмтэл учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөшөөрч байна. Үүндээ маш их харамсаж байгаа. Хэрэг шалгагдах явцад би Б-той танилцаж, бие биеэсээ уучлалт гуйн эвлэрсэн. Хэн хэндээ гомдолгүй болцгоосон. Миний зүгээс Б-д ямар нэг гомдолгүй, түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэрэг надад их юм бодогдууллаа, би дахин ийм асуудал гаргахгүй байх болно. Хэргийг хөнгөн шийдэж өгөхийг хүсье...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 49-50/,

- Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр найз нартайгаа согтууруулах ундааг ямар нэг шалтгаангүй хэрэглэсэн. Тэгээд орой нь 18 цагийн орчим найз нартайгаа харих гэж яваад Соёмбын өргөн гудамжинд Т-тай муудалцсан. Төгсжаргал тэр үед Приус-20 маркын автомашинтайгаа явж байсан ба би зогсоохоор гар өргөсөн чинь зогсоогүй. Тэгэхээр нь араас нь такси гээд дуудаж орилсон чинь зогссон. Миний уусан архи нөлөөлөөд би Т-тай маргасан. Улмаар бид 2 биеэ барьж дийлэлгүй харилцан зодолдсон. Үүнээс болоод би биедээ хөнгөн гэмтэл авсан. Бас би Т-н биед халдаж түүнд хөнгөн гэмтэл учруулсан. Би согтуудаа өөрийн буруу зангаас болж Т-г зодож гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн байна. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед Т бид 2 бие биеэ таньдаггүй байсан. Дараа нь танилцсан. Бид 2 эвлэрч бие биеэсээ уучлалт гуйсан, одоо ах дүүгийн сайхан харьцаатай байгаа. Миний зүгээс Т-д ямар нэг гомдол байхгүй. Т-с нэхэмжлэх зүйл байхгүй. Би буруу зүйл хийсэндээ харамсаж байгаа болохоор дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Торгууль болон нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 55-56/,

- Хохирогч Д.Т мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт:  “...Б миний гарт байсан түлхүүрийг цохиж унагачихаад машины түлхүүр авах гээд зууралдаад байсан. Б-н найзууд намайг л хориод байсан. Би зууралдаж байгаад тэднээс салтал найзууд нь зугтаад явчихсан. Б өөрөө надруу учиргүй дайраад байхаар нь би зууралдсан, тэгж байхдаа биеэ хамгаалах зорилгоор Б-н нүүр, шанаа, хамар хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Бүгдээрээ зугтаад алга болчих гээд байсан болохоор цагдаа болон ахыгаа иртэл тогтоож байх санаатай Б-г цамцаар нь боож газар хамтдаа унан өнхөрсөн. Өнхөрч байхдаа би Б-н дээр гарсан ба Б надаас салах гэж миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Энэ үед манай ах О ирж утсаараа цагдаад мэдэгдсэн. Би Б-г босгохгүй гээд дээр нь дараад байж байтал Б-н эхнэр гэх жирэмсэн эмэгтэй бас хүрээд ирсэн. Б ч эхнэрээ хараад өөдөөс зодолдох гээд тонгочоод байхаар нь би давхар биетэй эхнэрийг нь бодоод Б-г босгосон. Б-г эхнэр нь дагуулаад яваад өгсөн. Машины хажууд Б-той хамт явсан найз нь Б нилээн согтуу байдалтай зугтахгүй байгаад байхаар нь цагдаад энэ найзыг нь өгчихвөл Б-г олчихно гэж бодоод би үлдсэн. Удаагүй цагдаа ирэхээр нь Б-г хүлээлгэн өгөөд өөрөө эмнэлэг орж үзүүлсэн. Миний хувьд гараараа биеэ хамгаалах гэж Б-н нүүрэнд 2-3 цохисон нь үнэн. Тухайн үед би эрүүл, харин Б болон түүний найзууд бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан... Надад учирсан гэмтлийг Б учруулсан, найзууд нь бол хориод байгаа бололтой намайг хөдөлгөхгүй байсан. Б-г болохоор хорихгүй байсан, тэр хооронд нь Б нь дайрч давшлаад байсан л даа...Надад Б-с нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10x/

- Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд:  “....Жолооч болох Т нь намайг дуудлаа энэ тэр гэснээс болоод бид 2 муудалцсан. Т ч машинаасаа буугаад ирсэн ба бид 2 бие биенээ нэг нэг удаа нүүр лүү нь гараараа цохисон. Хажуугаас Д, Э, Б 3 салгах гээд зууралдаад байсан. Т бид 2 бие биенээ элдвээр хэлээд нилээн зууралдсан. М хаачсныг мэдээгүй, харагдахгүй байсан. Сүүлдээ Т миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод авсан ба би Т-н заамдсан боолтонд орж газар хамтдаа унасан. Хоолой боогдоод амьсгалахад хэцүү болохоор нь би Т-с салахын тулд түүний нүүр рүү бас гараараа 2-3 удаа цохисон. Газар хамтдаа өнхөрч байгаад Т миний дээр гараад суучихсан. Нэг мэдсэн чинь хажууд нэг ах ирчихсэн байсныг санаж байна. Удаагүй манай эхнэр М ирсэн ба Т-г загнаж миний дээрээс буулгасан. Тэгээд би шууд эхнэртэйгээ явж ахаараа эмнэлэг хүргүүлж үзүүлсэн. Т бид 2-ыг газар өнхөрч байхад Д, Э 2 бас харагдахгүй байсан, харин Б миний толгойн хажууд сууж байгаа харагдсан... Т-с биеэ хамгаалах гэж түүний нүүрэнд хэд хэд гараараа цохисон нь үнэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хамт явсан найзууд маань бол салгах гэж л оролдсоноос Т бид 2-ын зодоонд оролцоогүй...Надад Т-с нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13x/

- Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 06 дугаар сарын 03-нд 15 цагийн үед гэр хорооллын хамгийн хойд захын задгайд байх манай гэрт найз Б, Э, Д нарын хамт 0.75 гр-ын 3 шил Е архийг уусан. Би нилээн согтсон. 18 цагийн үед бид 3 манайхаас алхаад урагшаа Б-н гэр лүү явсан. Би хойно нь нилээн хоцроод явж байсан ба Соёмбын өргөн гудамжинд М-тай таарсан. Би нөгөө хэдийгээ гүйцээд очиход Б, Т гээд машины жолоочтой зууралдаад бие биеэ ганц нэг цохиод байж байсан. Э бид 2 салгах аядаад байж байсан. Согтуу болохоор салгаж чадахгүй байсан ба Т нь Б-г заамдаад нүүр лүү 3-4 удаа цохиж байсан. Хажууд байсан манай хэд тэр 2-ыг орхиод явчихаар нь би бас яаж орхиж явахав гээд үлдсэн. Сүүлдээ Т Б-г газар унагаад дээр нь гарч суусан. Б-г боочихсон байсан болохоор Б эсэргүүцэж Т-н нүүр лүү бас хэд хэд цохиод авсан. Тэр үед Б-н эхнэр М ирсэн ба Т-г загнаад нөхрөө аваад явсан. Би бас явах санаатай байтал Т намайг байж бай гэсээр байгаад цагдаа ирэхэд өгч явуулсан. Тэгээд би эрүүлжүүлэхэд ирж хоносон. Би ард нь нилээн зайтай явж байсан болохоор тэднийг юунаас болоод зодолдсныг мэдээгүй. Ямар ч байсан Т, Б нар харилцан бие биенээ цохиж зодож байсан. Тухайн үед Т нь эрүүл байх шиг байсан, манай хэд бол согтуу байсан л даа. Бас тэр үед Т, Б 2 хоорондоо зодолдсон болохоос бид нар зодоонд оролцоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,

- Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 06 дугаар сарын 03-нд 11 цагийн үед гэр хорооллын хойд задгайд байх найз Б-н гэрт Б, Д, М, Г нарын хамт очсон. Бид нарыг очиход Б нилээн согтуу байсан. Тэнд бид нар 0.75 гр-ын 3 шил Е, 0.75 гр-ын Э архи 1 ширхэгийг хувааж уусан. Дундуур нь М нөхөр Г-н хамт яваад өгсөн. Тэгээд 18 цагийн орчим Б, Б, Д бид 4 Б-с гарч Б-х руу явган явсан. Б нилээн согтсон болохоор бид нараас хойно сүүлдэж яваад байсан ба Соёмбын өргөн гудамжинд М-тай таарсан. Тэндээсээ такси барихаар болж таксинд гар өргөсөн боловч такси зогсохгүй байсан. Тэгээд нэг машин зогссон чинь Б жолооч нь болох Т-тай очоод муудалцаад эхэлсэн. Т машинаасаа бууж ирээд Б-той зууралдсан ба Б Т-н нүүр рүү гараараа нэг цохиод авах шиг болсон. Т нь машинаасаа тусгай түлхүүр барьж бууж ирээд бид нарыг айлгаж байсан ч түүгээрээ цохиж зодсон зүйл байхгүй. Дараа нь намайг хорьж байхад нөгөө түлхүүр гарт харагдаагүй. М Б-н эхнэрийг дуудна гээд гүйгээд явсан. Б энэ үед ирсэн ба Д, Б бид 3 Т, Б 2-ыг салгаж хорихоор оролдсон. Т, Б хоёр хоёулаа дийлдэхгүй болохоор нь Д бид 2 орхиод манай найзынх руу явсан. Б тэр 2-ын хажууд үлдсэн. Д бид 2 эргэж хараа ч үгүй, эргэж очоо ч үгүй тэр чигтээ яваад өгсөн. Тэгээд өнөөдөр гэртээ унтаж байтал Б гэрт ирээд өчигдөр машины жолоочтой зодолдчихсон чинь намайг цагдаад өгчихөж гэсэн. Уг нь тэр машины жолооч эрүүл байсан ч дийлдэхгүй 2 талаасаа бие биенээ ганц нэг цохиод зууралдаж заамдалцаад байсан. Би Б-г аваад явчихъя гэсэн чинь аль аль нь тоохгүй хэрэлдээд зууралдаад байсан. Тэгээд орхиод явчихсан болохоор хэн хэнийгээ яаж зодсныг мэдэхгүй байна. Тэр хавиар уг нь хүмүүс байх шиг л байсан, даанч ямар хүмүүс байсныг нь тогтож хараагүй. Б, Т 2-ын зодоонд бол Д, Б бид 3 оролцоогүй. Б, Т 2 гэмтсэн бол бие биенээ л гэмтээсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/,

- Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 06 дугаар сарын 03-нд 14 цагийн үед гэр хорооллын хойд задгайд байх найз Б-н гэрт очсон. Манай нөхөр Н Б-д архи ууж байна гэхээр нь нөхрөө авахаар очсон. Намайг очиход Б, Д, Н, Б нар архи уугаад сууж байсан. Хэдэн шил архи уусныг нь мэдэхгүй. Би нөхрөө дагуулаад гэрлүүгээ түрүүлээд явсан. Тэгээд 18 цагийн орчим Соёмбын өргөн гудамжинд Б, Д, Б, Э 4 такси барих гээд байгаа бололтой зогсож байхаар нь би очиж такси барьж өгье гэсэн. Тэд согтуу бас олуулаа байсан болохоор такси зогсохгүй байсан. Тэгтэл нэг Т.Приус-20 нөгөө хэдийн хажуугаар өнгөрөөд намайг гараа өргөсөн чинь зогссон. Тэгсэн чинь Б ирж жолооч Т гэх тэр ахтай муудалцаад эхэлсэн. Жолооч машинаасаа бууж ирээд Б-той муудалцаад эхлэхээр нь би шууд Б-н эхнэрийг дуудахаар яваад өгсөн. Тэгээд Б-н эхнэр М руу утсаар залгаж Б энд хүнтэй муудалцаад байна, ирж аваарай гэж хэлчихээд тэнд ойрхон байдаг ахынх руугаа орсон. Учир нь би нялх хүүхэдтэй тул хүүхэд рүүгээ яарсан юмаа. Намайг явахаас өмнө бол Т, Б 2 бие биенээ цохиж зодоогүй, зүгээр зууралдаад хэрэлдээд байсан. Явснаас хойш яасныг нь мэдэхгүй байна. Тэр 2 юунаас болоод муудалцсныг ч ойлгоогүй. Тэр үед би эрүүл саруул байсан, жолооч Т ямар байсныг мэдэхгүй. Б, Б, Д, Э нар бол согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байсан. Ойр орчинд ямар хүн амьтан байсныг мэдэхгүй байна, би анзаараагүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/,

- Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 06 дугаар сарын 03-нд 18 цагийн орчим намайг гэртээ байж байхад манай найз М миний гар утас руу залгаад манай нөхөр Б-г Соёмбын өргөн гудамжинд хүнтэй муудалцаад байна, ирж аваарай гэсэн. Тэгэхээр нь би шууд гэрээс гарч такси бариад Соёмбын өргөн гудамжинд очсон ба Приус-20 маркын машины урд манай нөхөр Б газар дээшээ хараад хэвтчихсэн дээр нь нэг эрэгтэй сандайлаад суучихсан цамцаар нь боонгоо гараараа нүүр лүү нь 1 удаа цохиж байсан. Хажууд нь бас нэг эрэгтэй хүн ирчихсэн, Б газар өвдөглөөд сууж байсан. Жолооч гэх Т нь салтаандаа Б-н толгойг хийчихсэн, Б-н хамраас нь цус гарчихсан тийм байдалтай байсан. Тэгэхээр нь би сандраад юу болоод байгаа юм бэ гээд Т-г түлхэж Б-с холдуулсан. Б босчихоод чи намайг зодлоо, 2-уулаа цагдаа руу явна гэхэд Т нь бас тэгье, 2-уулаа цагдаа руу явъя гэж байсан. Т-г би түлхэхэд Б-г боочихоод тавихгүй байсан. Би одоо тавьчихаач дээ, наадах чинь согтуу байна ш дээ гэж хэлсэн. Манай нөхөр 2-уулаа намайг холд, чи хэрэггүй гээд хоорондоо хэрэлдээд байсан. Б бол манаралтын байдалтай байсан. Сүүлдээ Т-н гарыг татаж байгаад Б-с салган босгосон. Босоод би шууд Б-г аваад явсан. Гэрийн гадаа ахыгаа дуудаж ирүүлээд бид 2 эмнэлэг орж үзүүлсэн. Хамар нь хавдсан байна, маргааш зураг авахуулаарай гэж хэлсэн. Миний мэдэх зүйл энэ л байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

- Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2020 оны 06 дугаар сарын 03-нд 18 цагийн үед намайг МЧ-3 дээр байж байхад Т миний гар утас руу залгаад О ахаа хурдан хүрээд ирээч, энд хүмүүс намайг олуулаа нийлээд зодох гээд байна гэсэн. Би тэр дороо заасан газар нь болох Соёмбын өргөн гудамжинд хүрээд очсон. Намайг очиход Т нэг согтуу залуугийн дээр нь гараад суучихсан, 2 гарыг нь бариад сууж байсан. Нөгөө согтуу хүүхэд нь газар дээшээ хараад хэвтчихсэн байсан ба Т-н дороос гарах гээд ноцолдоод байж байсан. Т-н хамар амнаас цус гарчихсан, баруун нүд нь хөхрөөд томбойгоод хавдчихсан, нөгөө залуугийн ам, хамар хэсэг цус болчихсон байдалтай байсан. Тэдний хажууд бас нэг согтуу шар залуу сууж байсан. Энэ залуу бол мөрөөрөө л суугаад байсан. Цагдаа дуудсан хүн байхгүй юм шиг байхаар нь би хашааны хаяг дээрээс цагдаагийн дуудлагын утсыг харж цагдаа руу дуудлага өгсөн. Намайг очихоос өмнө Т, Б 2 зодолдоод эхэлчихсэн байсан. Намайг очсноос хойш бол зодолдоогүй, тэгээд ч удаагүй цагдаа нар ирсэн. 2 залуу бас байж байгаад явсан сураг сонссон. Бас намайг очсны дараа, цагдаа ирээгүй байхад Б гэх тэр залуугийн эхнэр гээд нэг жирэмсэн охин ирсэн. Тэр охин өөрийгөө жирэмсэн гээд, манай нөхрийг тавьчих л даа, согтуу байна ш дээ гэж гуйж байсан. Т ч тэр охины үгэнд ороод Б-н дээрээс боссон. Тэр охин нөхрөө дагуулаад таксинд суугаад шууд явчихсан. Би ч бас цагдаа дээр очоод учраа олчихгүй юу даа гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирэхэд нь газар согтуу суугаад байсан Б-н найз гэх залууг хүлээлгэн өгсөн. Тухайн үед Б согтуу, харин Т эрүүл байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 04/91 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Б-н биед хамар ясны далд хугарал, хамрын үзүүр хэсэг, зүүн хацарт зулгаралт, хүзүү орчмоор зулгаралт, дээд уруулын дотор талд язарсан шарх, баруун мөрний урд хэсэгт зулгаралт, 2 өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдийн хамар ясны хугарал гэмтэл нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг хамаарахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 04/90 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Д.Т-н биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дээд уруулын дотор дунд талд язарсан шарх, баруун шууны дотор доод талд цус хуралт, баруун гарын 1-р хурууны 2-р үений хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдийн баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарах ба бусад гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37/,

- Б.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багийн ажлын албаны тодорхойлолт,  6-8 насны хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-72/,

Д.Т-н иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багийн ажлын албаны тодорхойлолт, 0-2 насны хүүхдүүдийн гадаад паспортны хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96-97, 101-104, 106-107/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 18:20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5 дугаар баг Соёмбын өргөн гудамжинд Д.Т, Б.Б нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас зодолдож бие биеэндээ хөнгөн гэмтэл учруулсан  үйл баримт болсон байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.Б, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Б, Д.Т нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Д.Т-н “...Б өөрөө надруу учиргүй дайраад байхаар нь би зууралдсан, тэгж байхдаа биеэ хамгаалах зорилгоор Б-н нүүр, шанаа, хамар хэсэгт гараараа 2-3 удаа цохисон...” гэсэн, хохирогч Б.Б-н “....Жолооч болох Т нь намайг дуудлаа энэ тэр гэснээс болоод бид 2 муудалцсан. Т ч машинаасаа буугаад ирсэн ба бид 2 бие биенээ нэг нэг удаа нүүр лүү нь гараараа цохисон… Т бид 2 бие биенээ элдвээр хэлээд нилээн зууралдсан... Т миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод авсан ба би Т-н заамдсан боолтонд орж газар хамтдаа унасан. Хоолой боогдоод амьсгалахад хэцүү болохоор нь би Т-с салахын тулд түүний нүүр рүү бас гараараа 2-3 удаа цохисон...” гэсэн, гэрч Э.Б “...Ямар ч байсан Т, Б нар харилцан бие биенээ цохиж зодож байсан. Тухайн үед Т нь эрүүл байх шиг байсан… Т, Б 2 хоорондоо зодолдсон болохоос бид нар зодоонд оролцоогүй...” гэсэн, гэрч Т.Э “..Б жолооч нь болох Т-тай очоод муудалцаад эхэлсэн. Т машинаасаа бууж ирээд Б-той зууралдсан ба Б Т-н нүүр рүү гараараа нэг цохиод авах шиг болсон. Т нь машинаасаа тусгай түлхүүр барьж бууж ирээд дайрж бид нарыг айлгаж байсан ч түүгээрээ цохиж зодсон зүйл байхгүй. Дараа нь намайг хориж байхад нөгөө түлхүүр нь гарт харагдаагүй. М Б-н эхнэрийг дуудна гээд гүйгээд явсан. Б энэ үед ирсэн ба Д, Б бид 3 Т, Б 2-ыг салгаж хорихоор оролдсон. Т, Б хоёр хоёулаа дийлдэхгүй болохоор нь Д бид 2 орхиод манай найзынх руу явсан… дийлдэхгүй 2 талаасаа бие биенээ ганц нэг цохиод зууралдаж заамдалцаад байсан...” гэсэн, гэрч Э.М-н “...Жолооч машинаасаа бууж ирээд Б-той муудалцаад эхлэхээр нь би шууд Б-н эхнэрийг дуудахаар яваад өгсөн. Тэгээд Б-н эхнэр М руу утсаар залгаж Б энд хүнтэй муудалцаад байна, ирж аваарай гэж хэлчихээд тэнд ойрхон байдаг ахынх руугаа орсон...” гэсэн, гэрч М.М-н “...Б газар дээшээ хараад хэвтчихсэн дээр нь нэг эрэгтэй сандайлаад суучихсан цамцаар нь боонгоо гараараа нүүр лүү нь 1 удаа цохиж байсан. Хажууд нь бас нэг эрэгтэй хүн ирчихсэн, Б газар өвдөглөөд сууж байсан. Жолооч гэх Т нь салтаандаа Б-н толгойг хийчихсэн, Б-н хамраас нь цус гарчихсан тийм байдалтай байсан… Сүүлдээ Т-н гарыг татаж байгаад Б-с салган босгосон. Босоод би шууд Б-г аваад явсан. Гэрийн гадаа ахыгаа дуудаж ирүүлээд бид 2 эмнэлэг орж үзүүлсэн...” гэсэн, гэрч М.О “...Намайг очиход Т нэг согтуу залуугийн дээр нь гараад суучихсан, 2 гарыг нь бариад сууж байсан. Нөгөө согтуу хүүхэд нь газар дээшээ хараад хэвтчихсэн байсан ба Т-н дороос гарах гээд ноцолдоод байж байсан. Т-н хамар амнаас цус гарчихсан, баруун нүд нь хөхрөөд томбойгоод хавдчихсан, нөгөө залуугийн ам, хамар хэсэг цус болчихсон байдалтай байсан… Намайг очихоос өмнө Т, Б 2 зодолдоод эхэлчихсэн байсан...” гэсэн мэдүүлгүүд болон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 04/90, 04/91 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Б.Б, Д.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хүний хувийн байдал болох бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн зэрэг байдлыг харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Б нь өмнө Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийтгүүлсэн байх ба уг хугацаанд эрүүгийн хуулинд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тул 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 6 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор торгох ялаар шийтгэж, ялуудыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэв.       

Шүүгдэгч Д.Т, Б.Б нар нь бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус шийдвэрлэлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Б, Б овогт Д.Т нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.Б, Б овогт Д.Т нарыг тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Дорноговь аймгийн Замын-Үүд сум дах сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн ял болох 8 сар 6 хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.  

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 8 сар 6 хоногийн хугацаагаар хорих ял, 450,000 төгрөгийн торгох ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 8 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Т нар нь дээрх торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Б.Б, Д.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.Н