Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 314

 

 

 

 

 

 

 

  

    2020            05           18                                        2020/ШЦТ/314                                 

                                                                                                                     

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын А, Б овогт О-ын Г нарт холбогдох эрүүгийн 20100 0409 0286 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Хурц /томилолтоор/, шүүгдэгч О.Г, Г.А нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, “Бармаш” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Г-ын А /РД: /,

2. Монгол Улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Чиглэл ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт О-ын Г /РД: /,

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

1. Шүүгдэгч Г.А нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Л.Н-ын гээгдүүлсэн цахим үнэмлэх, банкны виза картнууд, бэлэн 100.000 төгрөтэй түрүүвчийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч, улмаар 2020 оны 02 сарын 05-ны өдөр О.Гтэй бүлэглэн иргэн Л.Н-ын Хаан банкны 562...9 дугаартай виза картыг Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Боса худалдааны төвд байрлах АТМ-д уншуулан 420.000 төгрөгийг авч завшиж, бусдад нийт 614.300 төгрөгийн хохирол учруулсан,  

2. Шүүгдэгч О.Г нь Г.Атай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэн Л.Н-ын гээгдүүлсэн Хаан банкны виза картыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Боса худалдааны төвд байрлах АТМ-д уншуулан 420.000 төгрөгийг авч завшиж, бусдад нийт 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.                                         

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Г, Г.А нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч О.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай найз над руу яриад “нэг карт олсон, хоёулаа мөнгийг нь хувааж авъя” гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэг их байсан, мөн банкны зээлээ төлөх гэж байсан учир картыг нь уншуулж мөнгийг нь бид хоёр тэнцүү хувааж авсан. Картын данснаас нийт 420.000 төгрөгийг авсан. Би тэр картан дээрх эзэмшигчийн овог, нэрийг нь анзаараагүй.

Би тэр мөнгөнөөс 100.000 төгрөгөөр нь зээлээ төлсөн, үлдэх мөнгийг нь хоол хүнсэнд зарцуулсан. Би одоо ажилтай, сард 600.000 төгрөгийн цалинтай. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Г.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Би тухайн түрийвчийг 1 дүгээр хорооллоос олсон юм. Тэгээд Ган-Эрдэнэд мөнгөний хэрэг байна гэхээр нь хувааж авъя гэж хэлсэн. Хохирогчид учруулсан хохирол болох 420.000 төгрөгийг нөхөн төлсөн. Би тухайн мөнгөнөөс утасны төлбөрөө хийгээд, үлдэх мөнгөөр нь архи авч уусан. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 0409 0286 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Н-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2020 оны 02 дугаар сарын 02-ны орой 19 цаг 30 минутын хооронд 3, 4 дүгээр хорооллоос гэртээ харих замдаа “Зурагт Яармаг” гэсэн автобусанд сууж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороон дээр буусан. Тэгээд автобуснаас буухдаа өөрийн иргэний үнэмлэх болон түрүүвчээ үзэхэд байхгүй байсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед өөрийн Хаан банкны 562.... дугаарын дансаар интернет банкаар гүйлгээ хийхэд миний дансанд 509.000 төгрөг байсан. Би энэ мөнгөнөөс 85.000 төгрөгийн гүйлгээ хийгээд, надад 424.000 төгрөг дансанд үлдсэн байсан.

Би түрүүвчээ гээчихээд, Хаан банк дахь дансаа хаалгаагүй байсан юм. 2020 оны 02 дугаар сарын 05-ны орой 19 цаг 25 минутын орчимд шалгахад 420.000 төгрөгнөөс 4.000 төгрөг үлдсэн байхаар Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний түрүүвч бор өнгөтэй, лидэрэн материалтай байсан, дотор нь иргэний үнэмлэх, Хас банк, Худалдаа хөгжлийн банкны виза картууд байсан. ...Би нийт 420.000 төгрөг хүлээн авсан, ...одоо гомдолгүй болно. Түрүүвчин дотор байсан эд зүйлээ, мөн бэлэн 100.000 төгрөгийг нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х, 18х, 19х/,

 

2. Хохирогч Л.Н-ын ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт /хэргийн 07х/,

 

3. Үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 3 сарын 12-ны өдрийн Х-141 дугаартай:

“...үнэлэгдэж буй эд хөрөнгө болох түрийвч, виза карт, иргэний үнэмлэх зэрэг нийт хохирлын дүн нь ...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 194.300 /нэг зуун ерөн дөрвөн мянга гурван зуу/ төгрөгөөр тогтоож байна” гэсэн хохирогч Л.Н-ын гээгдүүлсэн эд зүйлсийг үнэлсэн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 27-30х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Г-ийн яллагдагчаар өгсөн:

“...Алтанхундага бид хоёр урьд нь Бармаш ХХК-д ажиллаж байсан, тухайн үед Алтанхундага нь захирлын жолоочоор, би цахилгаанчинаар ажилладаг байсан. Тэгээд манай ажил түр зогссон учир би өөр ажилд орсон. Би өдрийг нь сайн санахгүй байна, 2 дугаар сард байх, Алтанхундага надад “карт олсон, кодыг нь мэдэж байгаа. Үлдэгдэл мөнгийг нь шалгахад 600.000 орчим төгрөг байна, чи аваад ирэх үү” гэхээр нь надад мөнгөний хэрэгцээ байсан учир Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Боса худалдааны төвийн 2 дугаар давхарын Хаан банкны бэлэн мөнгөний машин дээр очоод Алтанхундагын хэлсэн кодыг нь хийгээд үзэхэд 424.000 төгрөг байхаар нь авсан. Тэгээд бид хоёр мөнгөө тэнцүү хувааж авсан. ...Би хохирлоо бүрэн барагдуулсан, надад хөнгөн ял оноож өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 58х/ мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч М.Оюундэлгэрийн мэдүүлэг /хэргийн 25х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 42х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 62х/, “Чиглэл” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 65х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.А-ын яллагдагчаар өгсөн:

“...1 дүгээр хорооллын 32 дугаар байрны урд талын ТҮЦ-ийн ард бор өнгийн түрүүвч байхаар нь аваад харахад дотор нь Насанжаргал гэсэн байх иргэний үнэмлэх, 3 ширхэг банкны карт байсан. Өөр эд зүйл байгаагүй. Тэгээд би Хаан банкны картыг нь аваад, иргэний үнэмлэх дээр бичигдсэн регистрийн дугаарыг нь хараад төрсөн өдрөөрөө нууц үгээ хийсэн байж магадгүй гэж бодоод, регистрийн сүүлийн 4 тоогоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Номин супермаркет ороод үзэхэд болж байсан ба 600.000 орчим төгрөгийн үлдэгдэлтэй байсан боловч би айгаад авч чадаагүй.

Тэгээд хэд хоногийн дараа Ган-Эрдэнэтэй уулзаад энэ талаар хэлэхэд хоёулаа Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байрлах Боса худалдааны төв рүү очоод Ган-Эрдэнэ орж, 420.000 төгрөг байна гээд аваад ирсэн. Хоёулаа тэнцүү хувааж авсан. Тэгээд хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 51х/ мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч М.Оюундэлгэрийн мэдүүлэг /хэргийн 25х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 43х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 61х/, “Бармаш” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 63х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Г, Т.Алтанхундага нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Г.А нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Л.Н-ын гээгдүүлсэн цахим үнэмлэх, банкны виза картнууд, бэлэн 100.000 төгрөгтэй түрүүвчийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч, улмаар 2020 оны 02 сарын 05-ны өдөр О.Гтэй бүлэглэн иргэн Л.Н-ын Хаан банкны 562...9 дугаартай виза картыг нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Боса худалдааны төвд байрлах АТМ-д уншуулан 420.000 төгрөгийг авч ашиглан нийт бусдад бусдад нийт 614.300 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2. Шүүгдэгч О.Г нь Г.Атай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэн Л.Н-ын гээгдүүлсэн Хаан банкны виза картыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Боса худалдааны төвд байрлах АТМ-д уншуулан 420.000 төгрөгийг авч ашиглан бусдад 420.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол тус тус учруулж, гээгдэл эд хөрөнгө нь бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан:

- хохирогч Л.Н-ын: “...Би 2020 оны 02 дугаар сарын 02-ны орой 19 цаг 30 минутын хооронд 3, 4 дүгээр хорооллоос гэртээ харих замдаа “Зурагт Яармаг” гэсэн автобусанд сууж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороон дээр буусан.

Тэгээд автобуснаас буухдаа өөрийн иргэний үнэмлэх болон түрүүвчээ үзэхэд байхгүй байсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед өөрийн Хаан банкны 5622313319 дугаарын дансаар интернет банкаар гүйлгээ хийхэд миний дансанд 509.000 төгрөг байсан. Би энэ мөнгөнөөс 85.000 төгрөгийн гүйлгээ хийгээд, надад 424.000 төгрөг дансанд үлдсэн.

Би түрүүвчээ гээчихээд, Хаан банк дахь дансаа хаалгаагүй байсан юм. 2020 оны 02 дугаар сарын 05-ны орой 19 цаг 25 минутын орчимд шалгахад 420.000 төгрөгнөөс 4.000 төгрөг үлдсэн байхаар Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний түрүүвч бор өнгөтэй, лидрин материалтай байсан, дотор нь иргэний үнэмлэх, Хас банк, Худалдаа хөгжлийн банкны виза картууд байсан. ...Би нийт 420.000 төгрөг хүлээн авсан, ...одоо гомдолгүй болно. Түрүүвчин дотор байсан эд зүйлээ, мөн бэлэн 100.000 төгрөгийг нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х, 18х, 19х/,

- хохирогч Л.Н-ын ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт /хэргийн 07х/ 

- Үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 3 сарын 12-ны өдрийн Х-141 дугаартай: “...үнэлэгдэж буй эд хөрөнгө болох түрийвч, виза карт, иргэний үнэмлэх зэрэг нийт хохирлын дүн нь ...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 194.300 /нэг зуун ерөн дөрвөн мянга гурван зуу/ төгрөгөөр тогтоож байна” гэсэн хохирогч Л.Н-ын гээгдүүлсэн эд зүйлсийг үнэлсэн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 27-30х/,

- Шүүгдэгч О.Г, Г.А нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 51х, 58х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно.

 

Эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь  мэдэгдэхгүй байгаа эд зүйлсийг гээгдэл эд хөрөнгө гэх бөгөөд өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж ашигласан шууд санаатай үйлдлийг гээгдэл эд хөрөнгийг завших гэж ойлгох бөгөөд “...гээгдэл эд хөрөнгө,...бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсныг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилан тогтоож тодорхойлсон.

 

Хэргийн Шүүгдэгч Г.А нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Л.Н-ын гээгдүүлсэн цахим үнэмлэх, банкны виза картууд, бэлэн 100.000 төгрөгтэй түрүүвчийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч, улмаар 2020 оны 02 сарын 05-ны өдөр О.Гтэй бүлэглэн иргэн Л.Н-ын Хаан банкны 562...9 дугаартай виза картыг Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Боса худалдааны төвд байрлах АТМ-д уншуулан 420.000 төгрөгийг авч ашиглан нийт 614.300 төгрөгийн,

- шүүгдэгч О.Г нь Г.Атай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэн Л.Н-ын гээгдүүлсэн Хаан банкны виза картыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Боса худалдааны төвд байрлах АТМ-д уншуулан 420.000 төгрөгийг авч ашиглан бусдад 420.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан гэмт үйлдэл нь “гээгдэл эд хөрөнгө нь бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө, ...завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч О.Г, Г.А нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Л.Н-д 420.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь хохирлоос үлдэх 194.000 төгрөгийн нэхэмжлэхээс татгалзсан болох нь түүний “...Би нийт 420.000 төгрөг хүлээн авсан, ...одоо гомдолгүй болно, түрүүвчин дотор байсан эд зүйлээ, мөн бэлэн 100.000 төгрөгийг нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг, мөнгө хүлээн авсан гэх талаарх бичгээр гаргасан тодорхойлолт /хэргийн 19х, 44-45х/  баримтаар  нотлогдсон байна.  

 

Хан-Уул дүүргийн прокуророос О.Г, Г.А нарын дээрх гэмт үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч О.Г, Г.А нарыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.        

 

Нэр бүхий шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол уршигт тооцон гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч О.Г, Г.А нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаархи “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримттай байна. /хэргийн 61-62х/

 

Шүүх, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй тэдний хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналд үндэслэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Г, Г.А нарыг тус бүрийг 850 /найман зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.      

 

Энэ хэрэгт О.Г, Г.А нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Н- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон    

                                                

                                                      ТОГТООХ нь:

 

1. Б овогт Г-ын А, Б овогт О-ын Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Г, Г.А нарт тус бүрийг 850 /найман зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Г, Г.А нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт О.Г, Г.А нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Н- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Г, Г.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД