Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 324

 

 

 

 

 

 

 

  

    2020            05           25                                        2020/ШЦТ/324                                 

                                                                                                                     

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Х.Одбаяр, шүүгч Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ын Э-т холбогдох эрүүгийн 19100 2539 0095 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, иргэдийн төлөөлөгч Д.Х, насанд хүрээгүй хохирогч А.О, түүний хууль ёсны төлөөлөгч Г.М, шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг, Б.Эрдэнэчимэг, гэрч Э.А, шинжээч эмч Б.Ганзориг нарыг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод

төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Дашваанжил” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С-ын Э- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч С.Э нь хххх тоотод байх гэртээ өөрийн дагавар охин, бага насны буюу 6 настай А.Ог биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эрхшээлдээ байгааг нь далимдуулан хүч хэрэглэж 2018 оны намар, мөн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө бэлэг эрхтэнд нь хуруугаа хийж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч С.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Намайг яагаад гүтгээд байгааг би сайн мэдэхгүй байна. Манай охин Өлзийт хороололд 2 хоноод ирэхдээ ээж нь “эрхтэн нь улайлттай байна” гэж хэлсэн. А надад “чамайг болон танайхныг хорлох гэж би ийм зүйл хийсэн” гэж бичсэн мессеж нь миний утсан дээр байгаа. Дараа нь А мөрдөн байцаагчтай уулзаад “би нөхрөө чадах гээд арай л хэтрүүлчихлээ, өргөдлөө буцааж болох уу” гэж асуусан байсан.

2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 23 цаг 40 минут А, О, бага охин, бид 4 манай ахынд байсан. Тэгээд би гэртээ очиж галаа түлчихээд орон дээр хэвтэж байсан. Манай эхнэрийн халуун буухгүй, “миний хөл даараад байна” гэхээр нь би газар хөлийг нь тэвэрч хэвтсэн. Тэгээд би өглөө 7 цагт ажилдаа явсан.” гэсэн мэдүүлэг,

 

2. Насанд хүрээгүй хохирогч А.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би аавтайгаа унтаж байгаад орноосоо уначихсан, тэгээд “ёо ёо” гээд би өөрөө орон дээрээ буцаж гараад унтсан. Машинд явж байхад миний бөгс өвдөөд байхаар нь аав ухаж өгсөн. Аав миний боожгойг ухсан зүйл болоогүй. Ээж загнаад асуугаад байхаар нь би буруу ойлгоод тэгж хэлсэн. Өмнө байцаалт өгөхөд ээж загнаад байсан болохоор би ухсан гээд хэлсэн, ээж үг зааж өгсөн нь үнэн. Манай аав, ээж хоёр хоорондоо маргалддаггүй. Аав цагаан хорхойг ухаад авахаар загатнах нь зүгээр болдог. Бөгсөн дээр байдаг цагаан хорхойг аав нэг удаа авч өгсөн, бусдыг нь ээж авч өгсөн. Би аавтайгаа тоглодог, аавдаа хайртай. Намайг шээх үед заримдаа боожгой өвддөг, хорсохоор нь ээж, аавдаа хэлдэг. Тэгээд арчаад цэвэрлээд өгдөг. Аав, ээж зоддоггүй.

Тэр шөнө гэрэл унтраалттай байсан, харин би орон дээр унтаж байсан. Одоо өвөө, эмээ, ах, 2 дүү, ээж нартайгаа хамт амьдардаг.” гэсэн мэдүүлэг,

 

3. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би багш мэргэжилтэй. Бага насны хүүхдийн хувьд О нь болсон явдлыг үнэн зөв хэлж мэдүүлэх чадвартай. Анх надад О нь “аав шөнө намайг унтаж байхад миний боожгой руу гараа хийгээд ухаад байсан” гэж хэлж байсан. Тэгэхэд нь би “ёо ёо” гэж орилоход ээж босч ирээд гэрэл асаахаар нь аав, бид 2 хоёр тийшээ хараад унтсан” гэж хэлж байсан. Би Отэй таваас дээш удаа уулзаж ярилцсан.

Эрдэнэбаатар нь Аг “мэдүүлгээсээ татгалзчихаа” гээд утсаар ярьсан талаар сонссон. Агийн хувьд эрүүл мэндийн байдал тогтвортой байгаа. О бол цовоо сэргэлэн, нээлттэй хүүхэд, мөн хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. О худлаа ярих хүүхэд биш.

Ээж нь хүүхэддээ үг зааж өгөх боломжтой гэж үзэж байна. Яагаад гэвэл Эрдэнэбаатарыг машин авахад нь Агийн ээж тусалж, цалингийн зээл авч өгсөн байдаг юм байна лээ. Хэрэв Эрдэнэбаатар цалингийн зээлийг төлөхгүй бол Агийн ээж нь төлөхөөр болж байгаа юм.

Харин Агийн хувьд өвчтэй  гэдэг утгаараа гэрийнхнийгээ айлгадаг байдал ажиглагдсан. Хүүхдээ загнадаг талаар хамт байдаггүй учраас сайн мэдэхгүй байна. Би ар гэрээр нь эргэж очсон. Ар гэрийн боломж тааруу, эмээ, өвөө нь ажил хийдэг. Огийн ээж нь бага насны 3 хүүхэдтэй учир ажил хийх боломжгүй, дээрээс нь сэтгэцийн эмгэгтэй. Өвөө, эмээ нарын анхаарал халамж сайн. Бидний зүгээс шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

4. Шинжээч эмч Б.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч Жавхлантөгсийн тогтоолоор Агийн Огийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор ээж А, эмээ Мөнхтуяа нарыг байлцуулан үзлэг хийсэн. Үзлэг хийх үед ээж нь “бэлэг эрхтэн орчим нь хорсоод байгаа, юм ярихдаа муу байна” гэж өгүүлсэн.

Хэсэг газрын үзлэгээр биед ямар нэгэн ил харагдах гэмтэлгүй, биеийн өсөлт хөгжил насандаа тохирсон хэвийн, охин хальсийн салст улаан ягаан өнгөтэй, гэмтэлгүй, агшилт, цочролын шинжгүй байсан. Шинжилгээний дүгнэлтээр Оийн бэлгийн бойжилт бүрэн олоогүй байна. Огийн охин хальс ямар нэгэн гэмтэлгүй, бэлгийн харьцаанд ороогүй байна. Биологийн шинжилгээний хариугаар Огийн наалдцаас эр бэлгийн эс илрээгүй. О нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Огийн биед ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гаргасан.

Ямар нэгэн хүчин зүйлээс болж бэлгийн уруул, бэлэг эрхтэнд улайлт үүсч болдог. Үзүүлэх үед гэмтлээс бус ариун цэврийн шалтгаанаас болж улайх боломжтой харагдсан. Цагаан хорхойн шинжилгээ тусдаа байдаг. Манай эмнэлэг дээр халдварт өвчний шинжилгээ авсан. Ерөнхийдөө бэлэг эрхтэн нь шээснээс болж түлэгдсэн байж магадгүй гэж үзэж байна, гэмтэл бол биш. Цагаан хорхойтой байсан тохиолдолд улайлт өгөхгүй. Хурууны өндгөөр оролдох үед улайгаад, хоногийн дараа алга болно.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 2539 0095 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй А.Огийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой гэртээ ээж, дүү, аав бид 4 байж байгаад унтаж амрах болсон. Аав бид хоёр орон дээр, ээж дүү хоёр газар унтсан. Би урьд нь аавтай хамт заримдаа унтдаг байсан. Манайх Өлзийтөд эмээ, өвөөгийн байшинд байдаг байсан, би голдуу өвөө, эмээтэйгээ унтдаг байсан.

Тэр орой унтаж байхад манай аав миний боожгой руу хуруугаараа ухаад, би өвдөөд байхаар нь “яаая” гэж хашгирахад ээж гэрэл асаасан чинь аав буруу хараад унтсан. Би ч бас буруу тийшээ хараад унтсан. Өглөө аав ажилдаа явах цаг болоход аав ээжийн орны хөлөн дээр нам унтаж байсан. Тэгээд ээж аавыг сэрээгээд ажилд нь явуулсан. Дараа нь ээж надаас “чи орой унтаж байгаад яагаад яаая гээд хашгирсан юм бэ” гэхээр нь “аав намайг унтаж байхад боожгой руу гараа хийгээд ухаад байхаар нь орилсон” гэхэд ээж аавыг ажлаас нь ирэхэд алнаа гээд байсан.

Би урьд нь хааяа аавтай цуг унтдаг байсан. Аав миний боожгой руу хуруугаа хийдэг байсан, мөн Яармагийн эцэст байдаг Боса дэлгүүрийн гадна машин дотор өвөөг хүлээж байхдаа миний боожгой руу гараа хийсэн. Өвөө тэгэхэд мах авах гээд дэлгүүр орчихсон байсан юм. ...Машин дотор онжог руу гараа хийгээд, бөгс үнсээд байсан. Тэгээд өвөө ирсэн чинь болиод, машиныхаа арын суудалд суулгаад өвөө урд талын суудалд суусан.

Онжог гэж юу болохыг тайлбарлаж чадахгүй, гараараа өмдний гаднаас бэлэг эрхтэнээ зааж үзүүлэв. Машинд онжог ухаад, үнсэж байгаад “ээждээ хэлвэл зодно шүү” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 40х, 62-63х, 116х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Агийн гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө гэртээ унтаж байхад миний 6 настай охин А.О “яаая өвдөөд байна” гээд орилохоор нь би босоход манай нөхөр охиноос холдох шиг болсон. Тэгээд би хөнжлийг нь сөхөөд харахад тэр 2 хоёр тийшээ хараад унтаж байхаар нь би нээх юм бодоогүй буцаад хэвтсэн. Би үүрээр 5 цагийн үед галдаа нүүрс хийхээр сэрэхэд манай нөхөр миний баруун талд буюу газарт, охин А.О гэрийн хойморт байдаг орон дээр ганцаараа унтаж байхаар нь би галдаа нүүрсээ хийчихээд, нөхрийнхөө хөнжлийг сөхөөд харахад манай нөхөр бандаашаа тайлчихсан, нүцгэн хэвтэж байхаар нь гайхаад буцаад хэвтсэн.

Тэгээд өглөө охиноосоо “яагаад шөнө уйлаад байсан юм бэ” гэхэд “миний монжоог аав гараараа оролдоод байсан” гэхээр нь бэлэг эрхтэнийг нь харахад улайчихсан байсан. Ийм учраас би Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулахаар шидсэн. Ер нь бол манай охин надаас ямар нэг зүйл нуудаггүй, бүх зүйлийг илэн далангүй ярьдаг. Манай охин бэлэг эрхтэнээ монжоо гэж нэрлэдэг юм.

Энэ явдлаас хойш манай охины дуу гараахаа больж, хойд аавыгаа харахаар маш айгаад зугтаад байдаг болсон. Би нөхөртэйгээ гэр бүл болоод 2 жил болж байна, би 2 дагавар охинтой. С.Э бид хоёр амьдрах хугацаанд дундаасаа 1 хүүхэдтэй болсон, одоо манай бага охин 11 сартай.

Би охиноосоо “өмнө нь аав чинь чиний монжоог оролдож байсан уу” гэхэд манай охин “1 удаа аав миний монжоог оролдож байсан” гэж хэлсэн, хэзээ хаана оролдож байсан талаар надад манай охин хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ё.Эрдэнэ-Очирын гэрчээр өгсөн:

“...Манайх 4 хүүхэдтэй бөгөөд том хүү маань хөгжлийн бэрхшээлтэй, бусад нь тусдаа гарсан. Бага охин А, нөхөр Эрдэнэбаатар, 3 охины хамт манай гэрт 2 жил орчим амьдраад, 2019 оны 10 дугаар сард гэр авч тусдаа амьдрахаар явсан. Яармагт айлын хашаанд амьдарч байгаад, Эрдэнэбаатар нь том охин Ог оролдсон талаар цагдаад гомдол гаргасан байсан. Манай охин А нь 3 охинтой, бага нь Эрдэнэбаатарын охин, нөгөө 2 нь дагавар охин байгаа юм.

Эрдэнэбаатар манай охинтой гэрлэлтээ батлуулаагүй. Эрдэнэбаатар надаас далдуур Аг болон охидыг нь зодож цохиж байсан талаар дуулддаг байсан. Гэмтэл шарх учиртал зодож нүдэж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 43х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад У.Мөнхтуяагийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 16 цаг өнгөрч байхад манай охин А над руу залгаад “ээж энд нэг юм болчихлоо” гээд уйлаад ярихаар нь “яасан, юу болсон бэ” гэхэд “Ээгий Одукааг шөнө оролдоод” гэхээр нь “яасан гэнэ ээ” гээд лавлахад “шөнө 3 цаг өнгөрч байхад орон дээр Одука, Эрдэнэбаатар нартай унтаж байхад бага хүүхэд нь сэрээд уйлахаар нь А сэрээд, хүүхдийнхээ сүүг өгөөд газраар байгаа хүүтэйгээ унтаж байхад О “ёооё” гэж орилонгуут нь цочиж сэрээд “хүүе, юу болсон бэ” гэхэд нөхөр нь орноос буугаад, газарт байгаа ор луу ороод хэвтсэн гэсэн.

Тэгээд охиноосоо “юу болсон бэ, яасан бэ” гэхэд “яагаа ч үгүй, миний нойр хүрээд байна, би унтлаа” гээд хойшоо хараад унтсан гэсэн. Өглөө нөхөр нь босоод ажилдаа явсаны дараа охиноосоо ”юу болсон” талаар асуухад “аав миний боожгой руу гараа хийгээд оролдоод, өвдөхөөр нь орилсон” гэж хэлсэн гэсэн. Тэгээд охиныхоо эрхтэнийг харахад аймар улайчихсан байхаар нь Эрдэнэбаатарын 2 эгчийг нь дуудчихсан, та хүрээд ир гэхээр нь би ажлаа тараад яваад очиход 2 эгч нь ирчихсэн сууж байсан.

А “энэ эгч нар нь үнэмшихгүй, намайг элдвээр хэлээд байна” гэсэн байдалтай байсан. Би Огийн эрхтэнийг харахад аймар улайчихсан байхаар нь эгч нарт нь “та нар хар л даа, аймар улайчихсан байна ш дээ” гэхэд эгч нар нь үзчихээд тоох шинжгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. О маш цовоо, сэргэлэн охин, ой тогтоолт сайн, ямар нэгэн зүйлийг үнэн зөвөөр ярьдаг юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44-45х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мын гэрчээр өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүүхдийн тусламжийн 108 дугаарын утаснаас ирсэн дуудлагын дагуу дуудлага өгсөн утас руу нь залгаж асуудлыг тодруулахад “Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр байцаалт өгөх гээд хүлээж байна” гэж хэлсэн. Тэр даруй хэлтсийн дарга Мягмарсүрэнгийн хамтаар Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд 6 настай Агийн О, эмээ болон ээж Агийн хамтаар байж байсан. Тэгээд манайхаас нөхцөл байдалд нилээн дүгнэлт өгч, анхны уулзалт ярилцлага хийж Аг 3 хүүхдийн хамтаар нэг цэгийн үйлчилгээний төвд байрлах санал тавихад А нь сэтгэцийн эмнэлгээс бичиг авах ёстой гээд яваагүй тул охин Ог нэг цэгийн үйлчилгээний төвд хамгаалалтанд авсан. Тэгээд намайг Огийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон юм.

О нь сэргэлэн цовоо, асуусан зүйлийг тодорхой дэлгэрэнгүй хариулж байсан, мэргэжлийн хүний зүгээс дүгнэхэд О нь худал ярих шинжгүй хүүхэд байсан. О ярихдаа “сургуульд ороогүй байхад Яармагийн Боса дэлгүүрийн гадна өвөө мах авах гээд дэлгүүр рүү орчихсон байхад аав миний боожгой руу гараа хийгээд ухаад байсан” гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 64х/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 13382 тоот актын:

“1. А.О нь бэлгийн бойжил олоогүй байна.

5.7. А.Огийн охин хальс гэмтэлгүй, бэлгийн харьцаанд ороогүй байна.

3.4. Шүүх биологийн шинжилгээгээр А.Огийн үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй.

6. А.О нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

8. 9.10. А.Огийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 50х/,

 

7. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 42 тоот актын:

1. А.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. А.О нь олдмол болон удамшлын ямар нэгэн сэтгэцийн өвчингүй байна.

3. А.Огийн ухаан санаа /ой санамж/ нь өөрийн насны түвшинд хөгжсөн байна. Оюун ухааны хоцрогдолтой гэх шинж тэмдэг үгүй байна.

4. А.О нь үйл явдлыг өөрийн насны түвшиндээ зөвөөр тусган ойлгож, үзсэн, харсан, сонссон зүйлээ зөвөөр мэдүүлэх чадвартай байна.

5. А.О өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан жолоодох, хянах чадвартай байна. -7 нас хүрээгүй хүүхэд эрх зүйн чадамжгүй болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 66-68х/,

 

8. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 49 тоот актын:

1. С.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Э нь хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсоны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

2. С.Э нь олдмол болон удамшлын ямар нэгэн сэтгэцийн өвчингүй байна.

3. С.Э нь юмыг тусган ойлгож мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. С.Э нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өөрийн үйлдлийн удирдан жолоодож хянах чадвартай байсан байна.

5. С.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 72-73х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Эын гэрчээр өгсөн:

“...2019 оны 11 сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө дагавар охин Огийн хамт гэрийн хойморын орон дээр хамт хэвтэж байгаад 00 цагийн үед босож, зуухандаа нүүрс хийсэн ба тэр үед эхнэр А бага охин Гэгээнээтэй газар хэвтэж байсан.

Тэгээд зуухандаа нүүрс хийчихээд эхнэрээ харахад манай эхнэр чичрээд байсан ба толгойг нь барьж үзэхэд халуунтай байсан. Би эхнэртээ халууны лаа хийж өгсөн, мөн хар шөл хийж өгсөн. Тэр үед манай эхнэр хөл даараад байна гэхээр нь хөлийг нь тэвэрч хэвтсэн. Тэгээд унтчихсан байсан ба 03 цаг өнгөрч байхад манай эхнэр намайг сэрээгээд үсний сам болон хүзүүний гинжээ барьчихсан, зүүгээд өг гэсэн. Тэгэхээр нь би гинжийг нь зүүж өгөөд, эхнэрийнхээ өвчин нь хөдөлчихлөө гэж айгаад бараг унтаагүй. Тэгээд 05 цаг болтол сэрүүн байж байгаад 07 цаг өнгөрч байхад унтчихсан байсан. Энэ үед би эхнэртэйгээ газар унтаж байсан. Тэгээд би 07 цаг өнгөрч байхад сэрээд, зухандаа нүүрс хийсэн. Мөн хогнуудаа гаргачихаад ажилдаа явсан. Тухайн шөнө дагавар охиныг оролдсон, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийсэн зүйл болоогүй.

Манай дагавар охин ямар учраас тэгж хэлж байгааг бол мэдэхгүй байна. Бид хоёр төрсөн аав, охин хоёр шиг л харилцаатай байсан, би дагавар охиноо цохиж зодож байгаагүй. Хааяа нэг загнаж байсан байх. Дагавар охин маань надад их сайн ханддаг байсан, надад дургүй байх шалтгаан байхгүй. Би дагавар охинтойгоо хамт 3 жил орчим амьдарсан. Дагавар охин маань их сайн охин байдаг юмаа. Надад урьд өмнө өвөө, эмээгээ дуртай зүйлийг нь авч өгсөнгүй, загнасан гэж ховлодог байсан. Хааяа нэг худал ярьдаг байх, тэр болгоныг нь тоодоггүй байсан. Сэргэлэн цовоо зантай, ааштай хүүхэд байдаг.” гэсэн мэдүүлэг /хэргийн 114-115х/, мөн түүний хувийн байдалтай холбоотой Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 29х/, “Дашваанжил” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 30х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 31х/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 33-34х/, гэрч С.Сайнбаяр, /хэргийн 46х/, гэрч Д.Сүхбаатар /хэргийн 47х/ нарын мэдүүлэг, Эрдэнэбаатарын Гэгээнээгийн төрсний гэрчилгээний хуулбар баримт /хэргийн 57х/, С.Эын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 58х/ баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.Э нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 2-47 тоотод байх гэртээ өөрийн дагавар охин, бага насны буюу 6 настай А.Ог биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эрхшээлдээ байгааг нь далимдуулан хүч хэрэглэж 2018 оны намар, мөн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө бэлэг эрхтэнд нь хуруугаа хийх зэргээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхээр завдсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- насанд хүрээгүй хохирогч А.Огийн: “...2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой гэртээ ээж, дүү, аав бид 4 байж байгаад унтаж амрах болсон. Аав бид хоёр орон дээр, ээж дүү хоёр газар унтсан. ....Тэр орой унтаж байхад манай аав миний боожгой руу хуруугаараа ухаад, би өвдөөр байхаар нь “яаая” гэж хашгирахад ээж гэрэл асаасан чинь аав буруу хараад унтсан. Би ч бас буруу тийшээ хараад унтсан. Өглөө аав ажилдаа явах цаг болоход аав ээжийн орны хөлөн дээр нам унтаж байсан. Тэгээд ээж аавыг сэрээгээд ажилд нь явуулсан. Дараа нь ээж надаас “чи орой унтаж байгаад яагаад яаая гээд хашгирсан юм бэ” гэхээр нь “аав намайг унтаж байхад боожгой руу гараа хийгээд ухаад байхаар нь орилсон” гэхэд ээж аавыг ажлаас нь ирэхэд ална аа гэсэн.

Би урьд нь хааяа аавтай цуг унтдаг байсан. Аав миний боожгой руу хуруугаа хийдэг байсан, мөн Яармагийн эцэст байдаг Боса дэлгүүрийн гадна машин дотор өвөөг хүлээж байхдаа миний боожгой руу гараа хийсэн. Өвөө тэгэхэд мах авах гээд дэлгүүр орчихсон байсан юм. ...Машин дотор онжог руу гараа хийгээд, бөгс үнсээд байсан. Тэгээд өвөө ирсэн чинь болиод, машиныхаа арын суудалд суулгаад, өвөө урд талын суудалд суусан.

Онжог гэж юу болохыг тайлбарлаж чадахгүй, гараараа өмдний гаднаас бэлэг эрхтэнээ зааж үзүүлэв. Машинд онжог ухаад үнсэж байгаад “ээждээ хэлвэл зодно шүү” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 40х, 62-63х, 116х/,

- гэрч Э.Агийн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө гэртээ унтаж байхад миний 6 настай охин А.О “яаая өвдөөд байна” гээд орилохоор нь би босоход манай нөхөр охиноос холдох шиг болсон. Тэгээд би хөнжлийг нь сөхөөд харахад тэр 2 хоёр тийшээ хараад унтаж байхаар нь би нээх юм бодоогүй буцаад хэвтсэн.

....Тэгээд өглөө охиноосоо “яагаад шөнө уйлаад байсан юм бэ” гэхэд “миний монжоог аав гараараа оролдоод байсан” гэхээр нь бэлэг эрхтэнийг нь харахад улайчихсан байсан. Ийм учраас би Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулахаар шидсэн. Ер нь бол манай охин надаас ямар нэг зүйл нуудаггүй, бүх зүйлийг илэн далангүй ярьдаг. Манай охин бэлэг эрхтэнээ монжоо гэж нэрлэдэг юм. Энэ явдлаас хойш манай охины дуу гараахаа больж, хойд аавыгаа харахаар маш айгаад зугтаад байдаг болсон.

Би охиноосоо “өмнө нь аав чинь чиний монжоог оролдож байсан уу” гэхэд манай охин “1 удаа аав миний монжоог оролдож байсан” гэж хэлсэн, хэзээ хаана оролдож байсан талаар надад манай охин хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12х/,

- насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мын: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүүхдийн тусламжийн 108 дугаарын утаснаас ирсэн дуудлагын дагуу дуудлага өгсөн утас руу нь залгаж асуудлыг тодруулахад “Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр байцаалт өгөх гээд хүлээж байна” гэж хэлсэн. Тэр даруй хэлтсийн дарга Мягмарсүрэнгийн хамтаар Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд 6 настай Агийн О, эмээ болон ээж Агийн хамтаар байж байсан. Тэгээд манайхаас нөхцөл байдалд нилээн дүгнэлт өгч, анхны уулзалт ярилцлага хийж Аг 3 хүүхдийн хамтаар нэг цэгийн үйлчилгээний төвд байрлах санал тавихад А нь сэтгэцийн эмнэлгээс бичиг авах ёстой гээд яваагүй тул охин Ог нэг цэгийн үйлчилгээний төвд хамгаалалтанд авсан. Тэгээд намайг Огийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон юм. О нь сэргэлэн цовоо, асуусан зүйлийг тодорхой дэлгэрэнгүй хариулж байсан, мэргэжлийн хүний зүгээс дүгнэхэд О нь худал ярих шинжгүй хүүхэд байсан. О ярихдаа “сургуульд ороогүй байхад Яармагийн Боса дэлгүүрийн гадна өвөө мах авах гээд дэлгүүр рүү орчихсон байхад аав миний боожгой руу гараа хийгээд ухаад байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 64х/,

-  гэрч Ё.Эрдэнэ-Очир /хэргийн 43х/, У.Мөнхтуяа нарын мэдүүлэг /хэргийн 44-45х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хэргийн хохирогч бага насны А.О нь 2013 оны 02 сарын 13-нд төрсөн, хэрэг учрал болсон 2019 оны 11 сарын байдлаар 6 нас 7 сартай байсан ба тэрээр бэлгийн бойжил олоогүй,  сэтгэцийн хувьд олдмол болон удамшлын ямар нэгэн эмгэг өвчингүй, өөрийн насны түвшинд ой санамж, оюун ухаан хөгжсөн, үйл явдлыг насны түвшиндээ зөвөөр тусган ойлгож, үзсэн, харсан, сонссон зүйлээ үнэн зөвөөр мэдүүлэх, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан жолоодох, хянах чадвартай болох нь хэрэгт авагдсан ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13382 дугаартай дүгнэлт болон Шүүх Сэтгэц Эмгэг судлалын эмч нарын бүрэлдэхүүнтэй  гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 49 тоот дүгнэлт баримтуудаар нотлогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлд заасан журам, шаардлага зөрчигдөөгүй байна.

 

Иймээс хохирогчийн 2019 оны 11 дүгээр сарын 04, 2019 оны 11 сарын 13, 2020 оны 01 сарын 16-ны өдөр тус тус өгсөн мэдүүлэгт /хэргийн 14-15х, 39-40х, 62-63х/ болсон хэргийн талаар тодорхой, тогтвортой мэдүүлсэн, эдгээр нь өөр хоорондоо зөрүүгүй байх тул хохирогч А.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан бөгөөд гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайлан зааж зохицуулсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний учир биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг хүчиндэх гэмт хэрэг” гэж заасан ба бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэдгийг хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтэнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсаныг ойлгоно.” гэж хууль тогтоогч тайлбарласан.

Түүнчлэн хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн /14 нас хүртэлх/ эсрэг үйлдсэнд тооцоход дээрх аргаар үйлдсэн байхыг шаардахгүй юм. 

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч С.Э нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 2-47 тоотод байх гэртээ өөрийн дагавар охин А.Ог бага насны буюу 6 настай, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эрхшээлдээ байгааг нь далимдуулан хүч хэрэглэж 2018 оны намар, мөн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө бэлэг эрхтэнд нь хуруугаа хийх, ухах зэргээр хүч хэрэглэсэн идэвхитэй үйлдэл хийсэн, улмаар хохирогч хүүхэд өвдөлт мэдэрч орилсоноор шүүгдэгчийн гэмт үйлдэл, санаа зорилго туйлдаа хүрээгүй таслан зогсоогдсон үйл баримт тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

 

Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүйг гэмт хэрэг үйлдэхээр завдсанд тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байна.

 

Прокуророос шүүгдэгч С.Эыг “хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхийг завдсан” гэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэмт үйлдэлд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч С.Эыг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлж болох” талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Тухайн хэргийн хувьд бага насны хохирогч А.О, түүний хууль ёсны төлөөлөгч Г.М нар нь гэм хорын хохиролд тооцон мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн нэхэмжлэл гомдлын шаардлага гаргаагүй байх тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгч С.Эаас гаргуулах төлбөргүй гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч С.Э нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 58х/ бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.   

 

Шүүх, шүүгдэгч С.Э нь хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхийг завдсан гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаархи санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Эт 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.   

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “насанд хүрээгүй бага насны хохирогч нь худал ярьж хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байна, түүний мэдүүлгийн эх сурвалж тодорхой бус, хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл огт хийгээгүй гэх зэргээр маргаж, гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугуй болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал дүгнэлт гаргаж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авч хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Энэ хэрэгт С.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг болохыг тус тус дурьдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

ТОГТООХ нь:

 

1. Б овогт С-ын Э-ыг “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхийг завдсан” гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Эт 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Эт оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Энэ хэрэгт С.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд С.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД

 

                                   ШҮҮГЧИД                                              Х.ОДБАЯР

 

                                                                                                   Д.АЛТАНЖИГҮҮР