Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 325

 

 

 

 

 

 

 

  

    2020            05           25                                        2020/ШЦТ/325                                 

                                                                                                                     

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны Б овогт Э-ын Х-өд холбогдох эрүүгийн 20100 0126 0234 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, насанд хүрээгүй хохирогч О.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б, хохирогчийн өмгөөлөгч О.Цэвэлмаа, өсвөр насны шүүгдэгч Э.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 нас 07 сар 29 хоногтой, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн коллежийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Э-ын Х- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ-Өргөө хорооллын 615 дугаар байрны 2 дугаар орцны гадна насанд хүрээгүй О.Эг /15 настай/ “чи яагаад томроод байсан юм бэ” гэж хавсарч унагаан нүүрэн тус газар нь гараараа болон өвдөгөөрөө цохиж, биед нь тархи доргилт, духны хөндийн гадна ялтасны цөмөрсөн хугарал, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, дух, баруун зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй байна. О.Э бид хоёр нэг охиноос болж маргалдсан. Бид хоёр найзууд байгаа юм. Тэгээд би гар болон өвдгөөрөө цохисон, гэхдээ бид хоёр хэл, амаараа ярилцаад болох байсан. Би хохирол төлбөрт 260.000 төгрөг төлсөн. Би гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Би Гэмтлийн эмнэлэг дээр очиж хохирогч болон ар гэрийн хүмүүсээс нь уучлалт гуйсан. О.Эг цохидог нь миний буруу.” гэсэн мэдүүлэг,

 

2. Насанд хүрээгүй хохирогч О.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би бэлтгэлээ тараад, ээжтэйгээ эмээгийнд очоод байж байтал Х над руу чат бичсэн. Энэ охинтой үерхчих гээд гуйсан. Тэгэхээр нь би үгүй гэж татгалзсан маягтай хариу бичсэн. Тэгээд юунаас болж хэрүүл болсныг сайн санахгүй байна. Нэг мэдсэн хэрүүл болсон байсан. Тэгээд бид хоёр чат бичихээ больсон байж байгаад орой 20 цагийн үед надруу танихгүй дугаараас залгасан.

Би дугаарыг нь аваад ярихад, Х намайг гараад ир гэхээр нь би хувцсаа өмсөөд гараад уулзсан. Намайг гадаа гарахад Х, Анужин, Анар нар хамт байсан. Би надад таалагдахгүй байгаа хүнтэй би уулзмааргүй байна гэж түүнд хэлсэн. Үүнээс болж үл ойлголцол маргаан үүсч, Хүлсэнмөнхжих намайг заамдаж аваад Монголжингоо үсчингийн урьд чирч авчиран баруун нүдэн дээр 3 удаа цохисон.

Би 3 дахь цохилтон дээр нь манараад шоконд ороод гараа тавихад нүдний урдаас дахиад цохилт орж ирсэн. Тухайн үед юугаар цохисон гэдгийг би мэдэхгүй байна. Тэгээд Х би чамтай харьцахгүй гээд яваад өгсөн. Би хотхоны хамгаалагч ахаас ус гуйж аваад цусаа цэвэрлэсэн.” гэсэн мэдүүлэг,

 

3. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:

“...Би хүүгээ сахиад Гэмтлийн эмнэлэгт 10 хонож байхад Х нэг удаа найзтайгаа ирсэн. Чи миний хүүхдийг ингэж зодсон байна гэж хэлэхэд би ингэж зодоогүй гэж хэлсэн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад аав, ээж нь нэг удаа ч эргэж ирээгүй. Х юунаас болж ийм маргаан болсон талаар надад хэлээгүй. Би хоёр эмнэлэгт хэвтэж байхдаа томографикийн зураг авахуулсан, Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад гаднаас эм тариа авахуулсан, тархиндаа цус хуралт ихтэй байна гэж байсан. Баримтыг нь аваагүй. Би хууль зүйн мэдлэггүй учраас 1.500.000 төгрөгөөр өмгөөлөгч авсан. Энэ өмгөөлөгчийн мөнгийг хууль ёсны төлөөлөгч болох шүүгдэгчийн эцгээр нь төлүүлмээр байна. Цаашид хамрын хагалгаанд 17 насанд хүрээд зайлшгүй орох шаардлагатай гэсэн тул цаашид гарах эмчилгээний зардал төлбөрийг иргэний журмаар шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

4. Өсвөр насны шүүгдэгчийн ёсны төлөөлөгч Т.Эаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:

“...Миний хүүхэд хүн зоддог нь буруу, хохирогчийн талаас би уучлалт гуйж байна. Хохирогчийн зардал болох 1.665.000 төгрөг их байна гэж үзэж байна. Би хүүхэддээ зодоон цохионоос холхон байгаарай гэж захиж хэлдэг. Тэр зодоон болох үед би хөдөө явсан, эзгүй байсан үе таарсан байна. Миний хүүхэд уг нь догшин ширүүн зантай хүүхэд биш, хүмүүжүүлж чадаагүй миний л буруу, цаашид хүүхдийнхээ хүмүүжилд анхаарна. Эмчилгээний зардал төлбөрийг баримт үндэслэн төлөх болно.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 0126 0234 дугаартай хэргээс:

 

1. Насанд хүрээгүй О.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн:

“...Манай найз Хийн таньдаг охин нь надад сайн болсон гээд намайг танилцуулаад өг гэж гуйсан юм билээ. Тэгэхээр нь Х надтай танилцуулж өгнө гээд тэр охиноор баахан хоол унд авахуулчихсан байсан. Манай найз Х 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цагийн үед над руу мессеж бичээд “чамтай нэг охин танилцмаар байна гээд надаас гуйгаад байхаар нь би танилцуулж өгнө гээд юм авахуулчихсан, чи сайн уу гээд мессеж биччих” гэхээр нь би “наад охинтой чинь танилцахгүй, мессеж бичихгүй” гэхэд надад уурлаж, надтай маргалдсан. Тэгээд би “чи намайг зодох гээд байгаа юм уу, зодох гээд байгаа бол гэрт ирээд зодчих” гэхэд “би чамайг орой гэрт чинь очиж байгаад алнаа, чи харж байгаарай” гэж хэлээд надтай юм ярихаа больсон. Би гэртээ байж байхад орой 20 цагийн үед над руу танихгүй дугаараас Х залгаад “гараад ир, гэрийн чинь гадаа байна” гэхээр нь гараад очиход Х 2 охинтой хамт байсан. Тэгээд намайг дагуулаад орцноос гарсан ба тэр хоёр охин нь орцонд үлдсэн.

Бид хоёр манай орцны үүднээс холдоод 615 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд ирэхэд Х “чи яагаад өдөр томроод байсан юм бэ” гээд над руу уурлаж, надтай маргалдаж намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд замдаад авахад намайг хөлөөрөө хөл рүү хавсарсан. Би газарт унах үедээ Хүслэнмөнхжинг заамдаж хамт унасан. Би газарт унангуутаа Хийн араас 2 гараараа тэврээд авахад Х баруун гараа хойшоо саваад, миний баруун нүдийг цохисон. Тухайн үед миний баруунд нүдэнд оч манарсан. Би хэсэг шоконд ороод байж байхад Х босож ирээд миний баруун нүд орчимд хөлөөрөө цохих шиг болсон, тэгээд Х “одоо би чамтай харьцахгүй” гээд яваад өгсөн. Х миний баруун нүд орчимд гараараа 2 удаа, хөлөөрөө 1 удаа цохисон. Тухайн үед бид хоёрын хажууд хүн байгаагүй. Би хэдэн төгрөгөөр эмчилгээ хийлгэснээ одоо мэдэхгүй байна, дараа нь баримтаар гаргаж өгч хэрэгт хавсаргуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бийн гэрчээр өгсөн:

“...Манайх Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ өргөө хорооллын 614 дүгээр байрны 10 тоотод байдаг. Би 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ хүү О.Эгийн хамт байж байхад орой 19 цаг 30 минутын үед манай хүү “гадаа манай найз ирчихсэн, намайг дуудаад байна. Би гарчихаад ирье” гэхээр нь “яах гэж байгаа юм бэ” гэхэд “би ойрхон гарчихаад ирье” гээд гэрээс гараад явсан. Тэгэхэд удалгүй 30 орчим минутын дараа хүнд зодуулсан байдалтай гэртээ орж ирэхээр нь би хэнд, юунаас болж зодуулсан талаар асуухад “манай найз Хүслэн намайг зодчихлоо” гэхээр нь юунаас болж зодуулсан талаар асуусан боловч надад юм хэлэхгүй, чимээгүй байгаад байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний хүүхдийн баруун нүд нь хөхөрсөн байсан, мөн толгой нь өвдөөд байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х/,

 

3. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 295 дугаартай:

1. О.Эгийн биед тухайн үед тархи доргилт, духны хөндийн гадна ялтасны цөмөрсөн хугарал, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, дух, баруун зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. О.Эгийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтэл тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. О.Эгийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь учрах үедээ аюултай болон үлдэц уршигтай шинж илрээгүй байна.

7. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 34-37х/,

 

4. Насанд хүрээгүй хохирогч О.Эгийн хувийн байдалтай холбоотой төрсний гэрчилгээний хуулбар, мөн эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой хуулбар баримтууд /хэргийн 64х/,

 

5. Өсвөр насны шүүгдэгч Энхбаатарын Хийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 74х/,

 

6. Өсвөр насны шүүгдэгч Э.Хийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр О.Э руу фейсбүүкээр чат бичсэн. Би О.Эг “Бадамханд гэх охин руу чат биччих, би тэр охиныг чамтай танилцуулж өгнө гэж хэлээд Бадамхандаас юм авчихсан юм” гэхэд “бичиж чадахгүй” гэхээр нь намайг уурласан чинь надтай чатаар маргалдаж байгаад больсон. Тэгээд би орой нь 18 цагийн үед байрныхаа ойролцоо явж байхад Анар гэх охинтой тааралдсан. Би Анартай юм яриад байж байхад Анар “Энх-Амгаланг дуудчихаач” гэхээр нь би өөрийнхөө утсаар залгаад “Анар яръя гэж байна” гээд тэр хоёрыг хооронд нь яриулахад Энх-Амгалан гарч ирэхээр болоод Энх-Амгалангийн гэр рүү явж байхад замд Анужинтай тааралдсан.

Тэгээд бид гурав Энх-Амгалангийн байрны гадаа ирээд орцонд нь хүлээгээд байж байхад Энх-Амгалан гарч ирсэнээ “чамаас хамаг юм боллоо” гээд миний шанаа руу гартаа барьж байсан утсаараа цохисон. Би “юу болсон юм бэ” гэхэд “хоёулаа эндээс гарч байгаад ярилцсан нь дээр байх” гээд Анар, Анужин хоёрыг орцонд үлдээгээд Энх-Амгалангийн хамтаар гарсан.

 Тэгээд бид хоёр 615 дугаар байрны орцны урд зогсоод “юу болсон бэ” гэхэд “би өдөр бооцоотой РС тоглож байхад чи над руу чат бичиж намайг хожигдоход хүргэчихлээ” гэж уурлахаар нь “чи тэгээд Бадамханд руу чат биччихгүй яасан юм, дандаа ийм хогийн зан гаргадаг” гэсэн утгатай юм ярьж бид хоёр маргалдсан. Бид хоёр зодолдох дээрээ тулахад Энх-Амгалан “чи намайг зодох уу, тэгүүл намайг цохь” гээд над руу ойртоод ирэхээр нь өөрөөсөө холдуулж заамдаад, хажууханд байдаг үсчингийн гадаа авч ирээд заамдсан гараа аваад, “чи надтай зодолдоод хэрэггүй, чи бид хоёр зодолдоод дэмий” гэсэн юм яриад явахад миний араас “чи арчаагүй, ийм хогийн зантай” гээд байхаар нь би буцаж очоод “чи яагаад намайг өдөөд байгаа юм бэ” гэж хэлчихээд буцаад явахад миний араас баруун гараараа хоолой боож, намайг хойшоо татаад унах шиг болсон.

Тэгэхэд Энх-Амгалан миний зүүн хацар руу зүүн гараараа 2 удаа цохих шиг болохоор нь би уурлаад босох гээд ноцолдсон. Миний баруун гарыг хоёр хөлнийхөө завсар хийгээд гараараа татаад байхаар нь би гараа мулталж аваад, босож ирээд Энх-Амгалангийн баруун нүд рүү нь гараараа 1 удаа цохиод, дахин баруун хөлөөрөө 1 удаа цохисон. Тэгээд газар унасан байсан гар утас, малгай, бээлий зэрэг эд зүйлсийг нь цуглуулаад, “чиний эд зүйлсийг энд тавьлаа шүү” гээд яваад өгсөн. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 50-51х/ болон өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 70х/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 72х/, төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 73х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгч Э.Хийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ-Өргөө хорооллын 615 дугаар байрны 2 дугаар орцны гадна насанд хүрээгүй О.Эг /15 настай/ “чи яагаад томроод байсан юм бэ” гэж хавсарч унагаан нүүрэн тус газар нь гараараа болон өвдөгөөрөө цохиж, биед нь “...тархи доргилт, духны хөндийн гадна ялтасны цөмөрсөн хугарал, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, дух, баруун зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:

- насанд хүрээгүй хохирогч О.Эгийн: “...Манай найз Хийн таньдаг охин нь надад сайн болсон гээд намайг танилцуулаад өг гэж гуйсан юм билээ. Тэгэхээр нь Х надтай танилцуулж өгнө гээд тэр охиноор баахан хоол унд авахуулчихсан байсан. Манай найз Х 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цагийн үед над руу мессеж бичээд “чамтай нэг охин танилцмаар байна гээд надаас гуйгаад байхаар нь би танилцуулж өгнө гээд юм авахуулчихсан, чи сайн уу гээд мессеж биччих” гэхээр нь би “наад охинтой чинь танилцахгүй, мессеж бичихгүй” гэхэд надад уурлаж, надтай маргалдсан. Тэгээд би “чи намайг зодох гээд байгаа юм уу, зодох гээд байгаа бол гэрт ирээд зодчих” гэхэд “би чамайг орой гэрт чинь очиж байгаад алнаа, чи харж байгаарай” гэж хэлээд надтай юм ярихаа больсон. Би гэртээ байж байхад орой 20 цагийн үед над руу танихгүй дугаараас Х залгаад “гараад ир, гэрийн чинь гадаа байна” гэхээр нь гараад очиход Х 2 охинтой хамт байсан. Тэгээд намайг дагуулаад орцноос гарсан ба тэр хоёр охин нь орцонд үлдсэн. Бид хоёр манай орцны үүднээс холдоод 615 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд ирэхэд Х “чи яагаад өдөр томроод байсан юм бэ” гээд над руу уурлаж, надтай маргалдаж намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд замдаад авахад намайг хөлөөрөө хөл рүү хавсарсан. Би газарт унах үедээ Хүслэнмөнхжинг заамдаж хамт унасан. Би газарт унангуутаа Хийн араас 2 гараараа тэврээд авахад Х баруун гараа хойшоо саваад, миний баруун нүдийг цохисон. Тухайн үед миний баруунд нүдэнд оч манарсан. Би хэсэг шоконд ороод байж байхад Х босож ирээд миний баруун нүд орчимд хөлөөрөө цохих шиг болсон, тэгээд Х “одоо би чамтай харьцахгүй” гээд яваад өгсөн. Х миний баруун нүд орчимд гараараа 2 удаа, хөлөөрөө 1 удаа цохисон. Тухайн үед бид хоёрын хажууд хүн байгаагүй. Би хэдэн төгрөгөөр эмчилгээ хийлгэснээ одоо мэдэхгүй байна, дараа нь баримтаар гаргаж өгч хэрэгт хавсаргуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14х/,

- гэрч Б.Бийн: “...Манайх Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ өргөө хорооллын 614 дүгээр байрны 10 тоотод байдаг. Би 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ хүү О.Эгийн хамт байж байхад орой 19 цаг 30 минутын үед манай хүү “гадаа манай найз ирчихсэн, намайг дуудаад байна. Би гарчихаад ирье” гэхээр нь “яах гэж байгаа юм бэ” гэхэд “би ойрхон гарчихаад ирье” гээд гэрээс гараад явсан. Тэгэхэд удалгүй 30 орчим минутын дараа хүнд зодуулсан байдалтай гэртээ орж ирэхээр нь би хэнд, юунаас болж зодуулсан талаар асуухад “манай найз Хүслэн намайг зодчихлоо” гэхээр нь юунаас болж зодуулсан талаар асуусан боловч надад юм хэлэхгүй, чимээгүй байгаад байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний хүүхдийн баруун нүд нь хөхөрсөн байсан, мөн толгой нь өвдөөд байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х/,

- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 295 дугаартай “...О.Эгийн биед тухайн үед тархи доргилт, духны хөндийн гадна ялтасны цөмөрсөн хугарал, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, дух, баруун зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна, О.Эгийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтэл тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, О.Эгийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь учрах үедээ аюултай болон үлдэц уршигтай шинж илрээгүй байна, дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 34-37х/ болон өсвөр насны шүүгдэгч Э.Хөөс үйлдсэн хэргийн талаар яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримдуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Насанд хүрээгүй хохирогч О.Эгийн биед учирсан “тархи доргилт, духны хөндийн гадна ялтасны цөмөрсөн хугарал, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, дух, баруун зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл нь өсвөр насны шүүгдэгч Э.Х нь түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр цохиж зодсоноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд  хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Э.Хийн насанд хүрээгүй хохирогч О.Эг нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь “...тархи доргилт, духны хөндийн гадна ялтасны цөмөрсөн хугарал, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, дух, баруун зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд Хан-Уул дүүргийн прокуророос өсвөр насны шүүгдэгч Э.Хийн дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн гэж шүүх дүгнэв.  

 

Хэргийн шүүгдэгч Э.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл бүхий хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ оношилгоо хийлгэсэн болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсанаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм. 

 

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас эмчилгээний зардал болон хохиролд нийт 1.665.000 төгрөг нэхэмжилснээс өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нь 200.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 03-ны дансаар шилжүүлэн төлсөн баримттай байх тул /хэргийн 87х/ нэхэмжлэлээс уг төлөгдсөн дүнг хасаж тооцон үлдэх 1.465.000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулахаар шийдвэрлэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал төлбөртэй холбоотой нэхэмжлэлд хамаарах баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Х нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 72 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох юм.  

 

Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч Э.Х нь 2002 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдсэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 17 нас 3 сар 10 хоногтой, хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх үед 17 нас 07 сар 29 хоногтой, 18 насанд насанд хүрээгүй болох нь хэргийн 73, 74 дүгээр талд авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон баримтаар нотлогдож байх тул түүний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Наймдугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тусгай журам үйлчилнэ.

 

Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн  онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр сууриа олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байх зорилго бүхий бөгөөд өсвөр насны шүүгдэгч Э.Х нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, тэрээр ШУТИС-ийн коллежийн 2 дугаар курсад суралцаж байгаа, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж, өсвөр насны шүүгдэгч Э.Хөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

Энэ хэрэгт Э.Х нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

                                                            ТОГТООХ нь:

 

1. Б овогт Э-ын Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны Э.Хөд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан өсвөр насны Э.Хийг хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 02 /хоёр/ жилийн хугацаанд “зан үйлээ засах сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харьяалах дүүргийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад даалган, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Т.Эт хариуцуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар өсвөр насны Э.Х нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Хийн хууль ёсны төлөөлөгч Т.Эаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт 1.465.000 /нэг сая дөрвөн зуун жаран тавин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ өргөө хорооллын 614-10 тоотод оршин суух, /РД:УО04250455/, Өндөр цэнд овогт Отгонбилэгийн Энх-Амгаланд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал төлбөртэй холбоотой нэхэмжлэлд хамаарах баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт өсвөр насны Э.Х нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны Э.Хөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.БАЗАРХАНД