| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0076/Э |
| Дугаар | 79 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э,
Улсын яллагч Л.С,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.А-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д аймгийн Э суманд төрсөн, нас ..., эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, эгч, 3 дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Б.А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хилийн боомтоос МЧ-3 хүртэлх засмал зам дээр ... улсын дугаартай тоёота “креста” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4, 12 дугаар бүлгийн 12.3, 12.4-д заасныг зөрчсөний улмаас шарваж цуваанд зогсож байсан ... улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж иргэн С.С-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр манай аавын төрсөн дүү болох Б ахын Талхны цехэд ажиллаж байгаад орой 20 цагийн орчимд ажлаас тараад Замын-Үүд сум 3 дугаар баг ... тоотод Б ахынд ирээд байж байхад манай найз Б.Г миний гар утас руу залгаад хаана байна завтай байна уу төв рүү орж картнаас мөнгө авч хүнд өгөх гэсэн чинь таксины мөнгө байхгүй байна чи завтай бол хүрээд ирэх үү гэж асуухаар нь чи хаана байгаа юм бэ гэж асуухад Г би Б ахынд байна гэж ярьсан. Тэгээд би хоол цайгаа идэж дуусаад 30-40 минутын дараа өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай креста маркийн тээврийн хэрэгслийг унаад Б ахын гэрт ирсэн. Тэгээд би гэрт нь ороход Г ажлаас ирсэн бололтой толгойгоо угаасан хувцсаа сольж, манай найз С байсан. Тэгээд Г хувцсаа сольж дуусаад бид гурав гэрээс гараад би машинаа бариад Г эсрэг талын урд суудал дээр суугаад С хойд талын суудал дээр суугаад Б ахын гэрийн гаднаас хөдлөөд баруун талын МЧ-3 явдаг засмал замаар явж байхад Г, С хоёр чи төв буюу зүүн талаар явсан бол арай ойрхон байсан юм биш үү гэж хэлсэн. Би замаараа машиндаа бинзен хийнэ гэж хэлсэн. Тэгээд баруун талын засмал замаар хойноос ургашаа чиглэлтэй явж байхад миний урд талд нэг мотоцикльтой хүнийг гүйцэт түрүүлээд зөв талын толиндоо харчихаад ургашаа харсан чинь баруун гар талд засмал зам дээр цуваад зогсож байсан том оврын ачааны машины чиргүүлний араас чигээрээ орох гэж байхаар нь сандарсандаа болоод рүлийг зүүн тийш огцом дараад буцаагаад рүлийг баруун тийш дарсан чинь машин шарвалт өгөөд цуваанд зогсож байсан том оврын ачааны машины кавины урд талын дугуйг машины хойгуур очиж мөргөж зогссон. Тэгээд машинаас өөр өөрийн хаалга нээж машинаас бууж ирсэн. Харин С хүзүүгээ бариад бууж ирсэн. Том машины жолооч ах цагдаа, эмнэлэгт энэ талаар мэдэгдсэн. Манай хоёр найз эмнэлэг рүү явсан. Миний буруу гаргасан хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-108/,
- Хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 04 сарын 24-ний өдөр найз Г-н хамт МЧ1 буюу ачаа шилжүүлэн ачих анги дээр ачаа бараа шилжүүлэн гэртээ ирээд толгой хүзүүгээ угааж дуусаад мөнгөний хэрэг гараад Г-н гар утас руу залгаад ачаанд орсон тооцоо авах гэсэн юм гэж хэлэхэд миний данс руу орсон ирээд ав би Б ахынд байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад Б ахын гэрт очиход Б ах, Г хоёр байсан. Манай найз Г найз Б.А гар утас руу залгаж дуудсан. Тэгээд Б ахынд байж байхад 30-40 минутын дараа гэрт А орж ирээд бид гурав Г-н данснаас мөнгө авах гээд төв орохоор болсон. Тэгээд гэрээс гараад А өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай креста маркийн тээврийн хэрэгслийг унаад би хойд талын суудал дээр суугаад Г жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад Б ахын гэрийн гаднаас хөдлөөд баруун талын МЧ-3 явдаг засмал замаар явж байхаар нь Г бид хоёр чи төв буюу зүүн талаар явсан бол арай ойрхон байсан юм биш үү гэж хэлсэн. А би замаараа машиндаа бензин хийнэ гэж хэлсэн. Тэгээд баруун талын засмал замаар хойноос ургашаа чиглэлтэй явж байхад нэг мотоцикльтой хүнийг гүйцэт түрүүлээд явж байхад баруун гар талд засмал зам дээр цуваад зогсож байсан том оврын ачааны машины чиргүүлийн араас чигээрээ орох гэж байхад А машины рүлийг зүүн тийш огцом дараад буцаагаад рүлийг баруун тийш дарсан чинь машин шарвалт өгөөд цуваанд зогсож байсан том оврын ачааны машины кавины хойд тал буюу урд талын дугуйг машины хойд талаар мөргөж зогссон. Тэгээд машинаас өөр өөрийн хаалга нээж машинаас бууж ирсэн. Хамгийн түрүүнд тэр хоёр машинаас буугаад би араас нь хүзүү эвгүй болсон байсан тул хүзүүгээ бариад бууж ирсэн. Тэгээд том машины жолооч ах цагдаа, эмнэлэгт энэ талаар мэдэгдсэн. Би Г-н хамт эмнэлгийн машинтай эмнэлэг явсан...А эмчилгээний бүх зардлыг гаргаж байсан. Надад 1,600,000 төгрөгийн хохирол учирсан байсан. Бүх мөнгийг А тухай бүрт нь гаргаж байсан. Надад хохирлын талаар ямар нэг санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35, 82-83/,
- Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 04 сарын 24-ний өдөр С-н хамт МЧ-1 дээр ачаанд орсон юм. 21:00 цагийн орчимд С вагоныхоо тооцоог авах гэж манайд ирсэн юм. Миний картанд мөнгө нь хамт орсон байсан болохоор бид хоёр такси хөлслөөд төв явж авах гэсэн боловч бэлэн мөнгө байгаагүй учраас би А-г дуудчихъя гээд дуудсан юм. Тэгээд удалгүй А хүрч ирээд бид 3 машинтай нь төв орохоор болоод эхлээд А машинд бинзен хийе гээд баруун талын шинэ өргөн замаар явж байсан юм. А өөрөө машинаа жолоодоод би жолоочийн эсрэг талын урд суудал дээр, С арын суудал дээр сууж явсан юм. Тэгээд явж байтал урдаа явж байсан мотоциклийг гүйцэт түрүүлээд чигээрээ явж байтал ачааны автомашины чиргүүл харагдсан тэгтэл А жолооны хүрдээ зүүн гар тал уруугаа дараад буцаагаад баруун гар тал уруугаа дартал машин нь шарваад доороо нэг бүтэн эргээд арын хэсгээрээ ачааны автомашины арын дугуй руу мөргөчихсөн. Тэгээд зогстол С машинаас буугаад толгойгоо бариад хэвтчихсэн. Тэгээд би очиж босгоод андаа зүгээр үү гэтэл миний шилэн хүзүү эвгүй болчихсон байна гээд байж байтал ачааны автомашины 2 ах эмнэлэг, цагдаа дуудаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,
- Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 04 сарын 23-ны 16:00 цагийн орчимд Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд өөрийн эзэмшлийн Волво маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гарсан юм. Замдаа Сайншанд дээр хоночихоод 24-ний өлөө 08:40 цагийн орчимд Замын-Үүд сум уруу орж ирээд БНХАУ-ын Эрээн хот руу орох гэж цуваанд зогссон ачааны автомашинуудын араас автомашинаа байрлуулж орхиод миний машины ард зогссон ахад машинаа захиж үлдээчихээд усанд орох гэж яваад 21:50 цагийн орчимд иртэл арын машины ах хоол хийчихлээ хоол ид гээд бид 2 ахын машинд суугаад хоол идэх гээд сууж байтал машины дугуйн чахрах чимээ гарах үед нь би юу болов гээд машины толинд хартал нэг цагаан өнгийн суудлын автомашин ирээд миний сууж байсан ахын машиныг мөргөчихсөн. Тэгээд бид 2 бууж ирээд хартал мотоцикльтой 1 хүн бүтэн эргэж хажууд нь зогссоноо цааш хөдлөөд харанхуй газар зогсож тухайн машины хэн нэгэнтэй уулзчихаад цааш яваад өгсөн. Тэгээд би цагдаагийн 102 дугаарт дуудлага өгөөд дараа нь эмнэлэг рүү дуудлага өгсөн тэгтэл удалгүй цагдаа ирээд дараа нь түргэн ирээд нэг хүзүү нь эвгүй болсон гэх залууг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/,
- Иргэний нэхэмжлэгч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос Монгол Улсын Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг руу өөрийн тээврийн хэрэгслээр ачаа бараа тээврийн үйлчилгээ эрхэлдэг. 2020 оны 04 сарын 23-ны өдөр 21 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодон гарцаараа гарсан. Замдаа явж байгаад Говьсүмбэр аймгийн Баянтал сумын орчимд хоносон. Маргааш нь буюу 04 дүгээр сарын 24-ний өглөө 07 цагийн орчимд Замын-Үүд чиглэлд хөдлөөд 20 цагийн орчимд Замын-Үүд суманд ирээд би БНХАУлсын Эрээн хот руу орох гээд араасаа цувран зогссон том оврын ачааны тээврийн хэрэгслүүдийн араас ... улсын дугаартай том оврын ачааны тээврийн хэрэгсэл зогсоод араас нь би тээврийн хэрэгслээ зогсоосон. Би зогсоод 5-6 минутын дараа миний тээврийн хэрэгслийн ард нэг ачааны тээврийн хэрэгсэл ирж зогсоод жолооч нь надад тээврийн хэрэгсэл харж байгаарай гэж хэлээд үлдээгээд яваад өгсөн. Тэрнээс хойш 1 цаг орчмын дараа би урд талын тээврийн хэрэгслийн жолоочтой хамт миний тээврийн хэрэгсэлд хоол хийгээд хоёулаа яг идэх гээд аягалаад сууж байтал түс хийх чимээ их ойрхон гартал манай нөгөө жолооч хаалгаа онгойлгож харах шиг болоод таны тээврийн хэрэгслийг суудлын тээврийн хэрэгсэл мөргөчихлөө гээд буухад би араас нь буугаад хартал цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл миний чирэгч толгойн зүүн талын хойд дугуй руу суудлын тээврийн хэрэгсэл хойд талаар мөргөж зогссон байсан. Тэгээд суудлын тээврийн хэрэгслийн зөв талын хойд хаалганаас толгойгоо барьсан нэг залуу буугаад ирэхээр нь түшээд авсан. Мөн суудлын тээврийн залуу бууж ирсэн. Тэгээд би цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн... Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81/,
- Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би төрсөн ахын хүүхэд Б.А-д 1,000,000 төгрөгөөр 2019 онд зарж борлуулсан. Тэгээд мөн шилжүүлэг хийж амжаагүй байна. Дүү Б.А эзэмшлийн тээврийн хэрэгсэл...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/,
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/,
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04/41 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. С.С-н биед хүзүүний C2, Cз нугаламын сэртэнгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр буюу толгой хүчтэй савагдах үед үүснэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байна.
4. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно.
5. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 41-42/,
- Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Б-н 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтэд:
1. Жолооч Б.А нь ... улсын дугаартай “креста” маркийн авто машиныг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн /жолоочийн үүрэг/-ийн 3.4-д заасан /жолооч дараах үүргийг хүлээнэ/
Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр: Тээврийн хэрэгслийн хурд 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.
12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтууыг тус тус зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан байна гэж үзнэ.
2. Жолооч М.Д нь Норд бенз маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна
3. Жолооч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын ... дугаартай жолооны үнэмлэх хүчинтэй үнэмлэхтэй байна.
Мөн жолооч М.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох BCCE ангилалын ... дугаартай жолооны үнэмлэх хүчинтэй үнэмлэхтэй байна.
4. Жолооч Б.А нь ... улсын дугаартай “Креста” маркийн авто машиныг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн /жолоочийн үүрэг/-ийн 3.4-д заасан жолооч дараах үүргийг хүлээнэ.
б) хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.
Зорчигч С.С, зорчигч Б.Г нар нь мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1. Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ:
а/ хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх (энэ дүрмийн 3.4-ийн “б” заалтын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд);
3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуутыг тус тус зөрчсөн байна.
5. ... улсын дугаартай “Креста” маркийн авто машин жолоодож явсан Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн /жолоочийн үүрэг/-ийн 3.46-д зааснаар хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. Мөн энэ дүрмийн 12 дугаар бүлгийн /Тээврийн хэрэгслийн хурд/-ын 12.3-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.
6. Жолооч Б.А нь хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-47/,
- “А” ХХК-ний үнэлгээний дүгнэлт /хх-ийн 53-54, 91-93/,
- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд салбар техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/22 дугаар дүгнэлтэнд:
1. ... тээврийн хэрэгсэлийн байдалыг шалгаж үзэхэд их бие хойд хэсгээс осолд орсон хойд талын 2 крилло их хэмжээгээр диффирмацад орсон, багажны таг их эвдрэлтэй хойд гэрэл анхааруулах гэрлүүд бүхэлдээ их эвдрэлтэй, хойд талын шил хагарсан байна.
2. ... тээврийн хэрэгсэл үзлэгээр дуут дохио ажиллахгүй тоормозны аппаратны битүүмж алдагдаагүй шингэн битүүмжтэй хөдөлгөх боломжгүй байсан тул явах анги үзэх боломжгүй байна.
3. Тээврийн хэрэгсэл бүрэн бус хөдөлгөөнд оролцвол шууд нөлөөлөнө.
4. ... тээврийн хэрэгсэлийн осол болох шалтгаан тээврийн xэрэгсэлийн элэгдэлээс болсон гэх үндэслэлийг тогтоох боломжгүй тээврийн хэрэгсэл ашиглалтын гэмтэлийг шалгах боломжгүй тээврийн хэрэгсэл нь хөдөлгөх байгаа болно.
5. ... тээврийн хэрэгсэлийн осол болох шалтгаан тээврийн xэрэгсэлийн элэгдэлээс болсон гэх үндэслэл шууд байхгүй бөгөөд 2019.09.18 нд ОТО63 Дорнговь ATT-д тэнцэв үнэлгээтэй байна.
6. Шинжилгээний явцад өөр зүйл илэрээгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 60-61/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112-113/,
- Б.А иргэний үнэмлэхний лавлагаа, Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн ажлын албаны тодорхойлолт, жолооны үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 116, 118-120/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-г гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтуудаар Б.А нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хилийн боомтоос МЧ-3 хүртэлх засмал зам дээр ... улсын дугаартай тоёота “креста” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад ... улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж иргэн С.С-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.
Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.А-г 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хилийн боомтоос МЧ-3 хүртэлх засмал зам дээр ... улсын дугаартай тоёота “креста” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4, 12 дугаар бүлгийн 12.3, 12.4-д заасныг зөрчсөний улмаас шарваж цуваанд зогсож байсан ... улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж иргэн С.С-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Б.А нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.С-н “... А өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай креста маркийн тээврийн хэрэгслийг унаад би хойд талын суудал дээр суугаад Г жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад Б ахын гэрийн гаднаас хөдлөөд баруун талын МЧ-3 явдаг засмал замаар явж байхаар нь Г бид хоёр чи төв буюу зүүн талаар явсан бол арай ойрхон байсан юм биш үү гэж хэлсэн. А би замаараа машиндаа бензин хийнэ гэж хэлсэн. Тэгээд баруун талын засмал замаар хойноос урагшаа чиглэлтэй явж байхад нэг мотоцикльтой хүнийг гүйцэт түрүүлээд явж байхад баруун гар талд засмал зам дээр цуваад зогсож байсан том оврын ачааны машины чиргүүлийн араас чигээрээ орох гэж байхад А машины pүлийг зүүн тийш огцом дараад буцаагаад рүлийг баруун тийш дарсан чинь машин шарвалт өгөөд цуваанд зогсож байсан том оврын ачааны машины кабины хойд тал буюу урд талын дугуйг машины хойд талаар мөргөж зогссон… Хамгийн түрүүнд тэр хоёр машинаас буугаад би араас нь хүзүү эвгүй болсон байсан тул хүзүүгээ бариад бууж ирсэн...” гэсэн, гэрч Б.Г-н “...бид гурав гэрээс гараад А машинаа бариад би жолоочийн эсрэг урд талын суудал дээр суугаад, С хойд талын суудал дээр суугаад Б ахын гэрийн гаднаас хөдлөөд баруун тийшээ явахаар нь С хоёр бид хоёр чи төв буюу зүүн талаар явсан бол арай ойрхон байсан юм биш үү гэж хэлсэн. Харин А замаараа машиндаа бензин хийнэ гэж хэлсэн. Тэгээд баруун талын засмал замаар хойноос урагшаа чиглэлтэй явж байхад урд талд нэг мотоцикльтой хүнийг гүйцэт түрүүлээд явж байхад машины гэрэлд баруун гар талд засмал зам дээр цуваад зогсож байсан том оврын ачааны машины чиргүүл харагдах үед А машины pүлийг зүүн тийш огцом дархад шарвалт өгч буцаагаад рүлийг баруун тийш дарсан чинь машин шарвалт өгөөд цуваанд зогсож байсан том оврын ачааны машины Чиргүүлийн урд хэсэг буюу ар талын дугуйг машины хойд багаж хэсгээр мөргөж зогссон... Би урд талын суудал дээр сууж байсан тул хаяа хаяа хянах самбар луу нь хархад 60-80 км цагийн хурдтай явж байсан...” гэсэн, гэрч Э.Б-н “...21:50 цагийн орчимд иртэл арын машины ах хоол хийчихлээ хоол ид гээд бид 2 ахын машинд суугаад хоол идэх гээд сууж байтал машины дугуйн чахрах чимээ гарах үед нь би юу болов гээд машины толинд хартал нэг цагаан өнгийн суудлын автомашин ирээд миний сууж байсан ахын машиныг мөргөчихсөн...” гэсэн, иргэний нэхэмжлэгч М.Д-н “...би урд талын тээврийн хэрэгслийн жолоочтой хамт миний тээврийн хэрэгсэлд хоол хийгээд хоёулаа яг идэх гээд аягалаад сууж байтал түс хийх чимээ их ойрхон гартал манай нөгөө жолооч хаалгаа онгойлгож харах шиг болоод таны тээврийн хэрэгслийг суудлын тээврийн хэрэгсэл мөргөчихлөө гээд буухад би араас нь буугаад хартал цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл миний чирэгч толгойн зүүн талын хойд дугуй руу суудлын тээврийн хэрэгсэл хойд талаар мөргөж зогссон байсан...” гэсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04/41 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Б-н 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.А-г замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.А нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч С.С нь “шүүх хуралдаанд оролцохгүй, эмчилгээний зардалд гарсан 1,600,000 төгрөгийг төлсөн, одоогоор нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн, иргэний нэхэмжлэгч М.Д “Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн учир шүүгдэгчийн хувьд хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд 600,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н