| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0340/Э |
| Дугаар | 328 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.2.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 328
2020 05 27 2020/ШЦТ/328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
улсын яллагч Б.Алтанцэцэг,
шүүгдэгч Г.Г,
нарийн бичгийн дарга М.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлий 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Г-гийн Г-д холбогдох эрүүгийн 20100 0241 0364 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охин нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, мөн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялын зарим болох 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг бүгд 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял гэж тогтоосныг биеэр эдэлж байгаад Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 12 сарын 20-ны өдрийн 04 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, С овогт Г-гийн Г- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Г.Г нь 2010 оноос хойш архи, согтууруулах ундааны зүйлийг байнга хэрэглэж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 8 дугаар байрны 306 тоотод байх гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх Ч.Х-ыг “гэрээс гаргасангүй, архи, тамхи авч өгсөнгүй, мөнгө өгөхгүй байна” гэж шалтаглан гэртээ шээх, баах зэргээр зүй бус авирлаж, хэл амаар доромжлон, үснээс нь зулгааж, шал мөргүүлэх зэргээр байнга зодож, ам руу нь гараа хийн үүдэн шүдийг нь татаж унаган харгис хэрцгий харьцаж, догшин авирлан ахмад настай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Мөн 2020 оны 01 срын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 8 дугаар байрны 306 тоот дахь гэртээ ээж Ч.Х-ыг орон дээр шээсэн гэж уурлалаа гэх шалтгаанаар үснээс нь зулгааж, чирч, шал руу толгойгоор нь 3-4 удаа мөргүүлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, завьжны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж хэлэх зүйл алга байна. Би 2010 оноос хойш архи ууж эхэлсэн. Ч.Х- нь миний төрсөн эх биш, өргөмөл ээж байгаа юм. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруу дээр маргахгүй. Архинаас гармаар байна, дахин ийм асуудал гаргахгүй. Би өөрөө орлогогүй болохоор найзуудаасаа мөнгө авч, архи уудаг.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20100 0241 0364 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Х-ын хохирогчоор өгсөн:
“...2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 306 тоотод манай хүү Г.Г баривчилгаанаас гарч ирэхдээ согтуу орж ирсэн. Тэгээд гэртээ шалаар дүүрэн шээгээд байхаар нь би “хөөе, чи жорлон ороод шээчих” гэхэд “битгий солиор” гэсэн. Би байнга л шээсийг нь цэвэрлэж байна.
Өчигдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө гарах гэхэд нь ах Нямаа нь Г-ыг “чи битгий гараарай, гэртээ байж бай” гээд ундаа авч өгөөд явсан. Тэгэхэд ахыгаа явсаны дараа хувцсаа өмсөөд “гарлаа” гээд байж байснаа орон дээрээ нэлийтэл шээчихээр нь би “чи яаж байгаа юм бэ” гэхэд “яачихав” гэхээр нь би уурлан шээстэй дэвсгэрийг өөр рүү нь шидэхэд намайг үснээс зулгааж, чирээд шал руу 2-3 удаа мөргүүлсэн, одоо миний толгой өвдөөд байна.
Би үнэхээр их айж байна. Өмнө нь 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр архи уусан үедээ надад агсам тавьж, намайг хэл амаар доромжилж миний хоолойноос боож байсан. 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр мөн агсам тавьж танхайрч байхдаа миний ам руу гараа хийгээд үүдэн шүдийг унагааж байсан, тэр шүд ч байгаа. ...Хүүгээ архинаас гаргамаар байна, манай хүү архи уусан үедээ намайг цохиж, зодож байгаа. Би шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х, 19х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Энхайваны гэрчээр өгсөн:
“...Манай дүү Г-а нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, өөрийн хийж байгаа үйлдлээ хянах чадваргүй болж, гэр орондоо зүй бус авирлан таарсан газраа шээж, бааж, ээжийг үг хэлэхээр нь зодож цохидог байгаа. Миний мэдэхийн ээж 2019 оны 12 сарын эхээр надад хэлэхдээ “Г-ад үг хэлсэн чинь шүдийг цохиж хугалсан” гэж байсан.
Тухайн үед шүдийг нь үзэхэд хугарчихсан байсан. Мөн 2020 оны 01 сард дүү Г-ыг “гэртээ шээлээ” гэж хэлсний төлөө ээжийг үсдэж аваад толгойгоор нь шал мөргүүлж, гараараа цохисон байсан. 2019 оны 9 сард үсдэж, гараараа цохисон гэж байсан. Иймд өндөр настай ээжийг маань олон удаа зодож байгаа тул миний бие гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ариунаагийн гэрчээр өгсөн:
“...Манай ээж Хишигжаргал нь надад гар утсаар залгаж “Г-а согтуу ирээд агсам тавиад байна” гэж байнга дууддаг байсан. Намайг гэрт нь яваад очиход ээж уйлчихсан “намайг ингэж цохисон” гэж хэлдэг. Манай аав амьд байх үед бас зовоож байсан юм. Нас барсан шалтгаан нь бол дүү Г-а агсан согтуу тавьдаг байсан болохоор бие нь өвдөж нас барсан байх гэж боддог. Намайг гэрт ороход хараалын үг хэлж байгаад гараад явдаг.
Г-а нь ээж Хишигжаргалыг байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг, байнгын айдастай байснаас болоод зүрх судасны өвчтэй болж, даралт байнга өсөж, мартамхай, уймраа болсон. Тэгээд ээж надад хандаж “Г-ыг унтах хүртэл хамт байгаач” гэж уйлаад хэлдэг байсан. Миний мэдэхийн сүүлийн 6 сарын хугацаанд гэмтэл авахуйц зодуулсан нь 2019 оны 9 сард үсдэж аваад хэд хэдэн удаа гараараа цохисон. Мөн 2019 оны 11 сарын 31-ний өдөр ээжийг барьж аваад, гараараа цохиод шал мөргүүлж байсан. Үүний дараа 2020 оны 01 сарын 18-ны өдөр ээжийг үсдэж аваад, олон удаа цохиж хэд хоног орондоо хэвтсэн.
Г-а ээжийг “архи авч өгсөнгүй, тамхи авч өгсөнгүй, хоол хийхгүй” гэж зоддог. Мөн гэр орондоо хамаа замбараагүй, хүнд хөнгөнөөр бие засаж, цэвэрлэсэнгүй гэж хэлээд ээжийг зоддог байгаа. Г-ыг байнгын баривчилгаа, албадан эмчилгээнд явуулдаг байсан. Тэр үед ээж шоронд явуулахгүйн тулд “байнга зодуулдаг талаар битгий хэлээрэй” гэдэг байсан. Г-ад Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхгүй бол ээж Хишигжаргал болон ач Гантуяа нарт аюултай байдал бий болж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Г.Гантуяагийн гэрчээр өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 35 дугаар байрны 306 тоотод эмээ Хишигжаргал, аав Г-а нарын хамт амьдардаг. Манай аав Г-а эмээг удаа дараа зоддог. Эмээг зодохдоо аав байнга согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Ялангуяа намайг гэрээс гараад явахад буюу хүнгүй байхад зоддог. Гэрт хүнтэй байхад аав яах ч үгүй, зүгээр байдаг. Эмээ аавыг “архи ууж болохгүй” гэхэд эмээ рүү дайрч давшилж, хараалын үгээр хэлдэг. Мөн аав энд тэнд шээж байхаар нь эмээ тэрийг хэлэхэд эмээ рүү дайрч давшилдаг. Сүүлийн үед намайг үг хэлэхээр тоохгүй, чанга дуугаар над руу дайрч давшилдаг болоод байгаа. Манай аав эмээг байнга түлхэж, цохидог. Миний мэдэхийн өдөр бүр л ийм асуудал болдог. Би өөрийнхөө өрөөнд байж байхад нөгөө өрөөнд ноцолдож байгаа чимээ гарахаар нь яваад очиход эмээ газарт унасан, сэтгэлээр унасан байдалтай байдаг.
2020 оны 01 сард аав эмээг үсдэж аваад цохиж, шал мөргүүлж байсан. Мөн 2019 оны 11 сард эмээг цохиж шүдийг нь унагаж байсан. 2019 оны 3 сард эмээг аав цохиж, хэд хоног орондоо хэвтсэн. Манай аав байнга эмээтэй ширүүн, загнаж зандарсан байдалтай харьцдаг. Тэгэж байхад нь эмээ нэг үг хэлчихвэл эмээг цохих гээд дайрдаг.
Манай аавыг гэрээс олон удаа цагдаа нар ирж авч явж байсан. Өргөдөл өгч шалгуулдаг байсан, гэхдээ эмээ өөрөө гүйж очоод уйлж байгаад аавыг гаргаж авдаг. Манай аав эрүүл байх нь тун ховор, үүнээс болж би бас сэтгэл зүйн хувьд хямарч байгаа. Манай гэр бүлийн хүчирхийллийг эмээгийн хувьд бол бие махбодь, сэтгэл санааны хувьд оруулдаг. Хууль журмын дагуу аавд хурдан арга хэмжээ авч, бид нарыг тайван байлгамаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Энхтайваны гэрчээр өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Нэхмэлийн 8 дугаар байрны 306 тоотод дуудлагаар тогтмол очдог байсан. Учир нь уг тоотод Ч.Х- /80 настай/, хүү Г.Г /40 настай/, Г-ын Ганцэцэг /15настай/ нар амьдардаг байсан. Г-а нь манай хороонд архаг архичингийн бүртгэлд бүртгэгдсэн ба олон удаа албадан эмчилгээ, баривчилгаанд явуулж байсан.
Гэр бүлийн хүчирхийлэл нь нуугдмал хэлбэртэй байдаг. Энэ гэр бүлийн хувьд мөн нуугдмал хэлбэртэй байгаад 2019 оны сүүлээр ил болсон байгаа. Г-а нь өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гудамжны архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүстэй байнгын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, олон удаа баривчилгаа болон албадан эмчилгээнд явуулж байсан. Г-а нь согтуурсан үедээ ээж Хишигжаргалыг түлхэх, гараараа цохих, хөлөөрөө жийх зэрэг төрлүүдээр байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Үүний хажуугаар гэр бүлийн гишүүд болон ээж, охин хоёрыг элдэв янзын үг хэллэгээр гутаан доромжилж, хараалын үгийг тогтмол хэлдэг байгаа юм. Тэрээр гэрт хүн байхгүй үед гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Гэрийнхээ дуртай газраа шээж, бааж, нус цэрээ хаядаг. Энэ үйлдлийг ээж нь олон жил тэвшин ирсэн ба өөрийн хүүхдүүдээс нуудаг байсан.
Хишигжаргал нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд байдаггүй, харин ойр орчмын хүмүүс дуудлага их өгдөг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30х/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 1658 тоот актын:
1. Ч.Х-ын биед тархи доргилт, завьжны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 40-41/,
7. “Эрсдлийн түвшин өндөр” гэж дүгнэсэн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ баримт /хэргийн 44х/,
8. “Гэр бүлийн хүчирхийлэл байна” гэж дүгнэсэн Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ /хэргийн 46-50х/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Г-ын яллагдагчаар өгсөн:
“...Би 2010 оноос хойш согтууруулах ундаа хэрэглэж биеэ хянах чадваргүй болж, согтуурсан үедээ гэр дотроо ямар үйлдэл хийж байгаагаа өөрөө хянах чадваргүй болсон. Би согтууруулах ундаа хэрэглээгүй үедээ ээж, охинтойгоо зүгээр байдаг. Харин согтууруулах ундаа хэрэглэхгүй байж чадахгүй байгаа. Би ээжийг цохиж байгаагаа санадаггүй, дараа нь ээж надад цохисон гэж хэлдэг. Би тухайн үед хаана, яаж цохисноо мэддэггүй. Би гудамжинд согтууруулах ундаа хэрэглээд гэртээ яаж харьсанаа мэддэггүй, гэртээ хариад гэр бүлийнхээ гишүүдийг тайван бус байлгадаг байгаа юм.
Би албадан эмчилгээ, баривчилгаанд олон удаа явж байсан. Би ээж Хишигжаргалыг цохиж, охин Гантуяаг хараалын үгээр доромжилж бие махбодийн болон сэтгэл санааны хямралд оруулан хүчирхийлэл үйлдэж байгаадаа уучлалт гуйж байна. Мөн өөрийн үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна. Би өөрийгөө засах, залруулах тал дээр хичээхээ амлаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 68-69х/ болон түүний хувийн байдалтай холбоотой Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 59 дугаар шийтгэвэр /хэргийн 55х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 72х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 77х/ баримт, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 12 сарын 20-ны өдрийн 04 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар баримтууд, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хэргийн 79-80х, 81-82х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан болон зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч Г.Гд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Г.Г нь 2010 оноос хойш архи, согтууруулах ундааны зүйлийг байнга хэрэглэж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 8 дугаар байрны 306 тоотод байх гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх Ч.Х-ыг “гэрээс гаргасангүй, архи, тамхи авч өгсөнгүй, мөнгө өгөхгүй байна” гэж шалтаглан гэртээ шээх, баах зэргээр зүй бус авирлаж, хэл амаар доромжлон, үснээс нь зулгааж, шал мөргүүлэх, хоолойг нь боох зэргээр байнга зодож, ам руу нь гараа хийн үүдэн шүдийг нь татаж унагаан харгис хэрцгий харьцаж, догшин авирлан ахмад настай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
- Мөн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 8 дугаар байрны 306 тоотод байх гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх Ч.Х-ыг “гэрээс гаргахыг хориглолоо, гэртээ шээлээ гэж загналаа” гэдгээр шалтаглан үснээс нь зулгааж, шал мөргүүлэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “...тархи доргилт, завьжны цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн хохирогч Ч.Х-, шүүгдэгч Г.Г нар нь төрсөн эх, хүү болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд мөн юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэлийн аль нэгийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга удаа үйлдсэн байхыг хэлэх ба энэ нь хохирогчийг эрх, эрх чөлөөг хязгаарлах, бие махбодид нь халдах, сэтгэл санааны дарамтад байлгах, эдийн засгийн хувьд хараат байлгах, бэлгийн эрх чөлөөг үл хүндэтгэх зэргээр байнгын хүчирхийлэлд оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө өмчлөх эрхэд /эзэмших, ашиглах, захиран зарцуулах/ халдах зэрэг хүчирхийллийн шинжтэй үйлдлээр илэрхийлэгдэнэ.
“Байнга” гэдэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг эсрэг чиглэсэн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь тоогоор буюу давтамжийн хувьд 3 ба түүнээс дээш удаа үргэлжлэн үйлдэгдэх, эсхүл удаан хугацаагаар хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны зовиур шаналал үүсгэн зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан зэрэг үйлдэх байх ба энэ нь дадал зуршил болсон, хэвшмэл, тогтмол байх шинжийг агуулж буй нөхцөл байдлыг ойлгох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамаарч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг /тодорхой нэг хохирогчийн эсрэг/ чиглэсэн бие махбодийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж, эрх, эрх чөлөөнд нь халдсан /зодох, цохих гэх мэт/ хэвшмэл маягтай идэвхитэй үйлдлийг байнга хийснээр төгссөнд тооцох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар тодорхойлогдсон бөгөөд уг гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхээлтэй хүний эсрэг үйлдсэнийг хүндрүүлэн зүйлчилэхээр заасан.
Хэргийн нөхцөлд шүүгдэгч Г.Г нь 2010 оноос архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж албадан саатуулагдаж, эмчилгээ хийлгэж байсан боловч засрал хүмүүжил олоогүй, архидан согтуурч гэр бүлийн гишүүдийн амгалан тайван орчинд амрах, амьдрах эрхийг нь зөрчиж, айдас түгшүүрт автуулдаг, энэ байдал нь улам даамжирч 2019 оны 9 дүгээр сар, 2019 оны 11 дүгээр сарын 31, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрүүдэд тус тус Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 8 дугаар байрны 306 тоотод байх гэртээ өөрийн төрсөн эх 74 настай Ч.Х-ыг “гэрээс гаргасангүй, архи, тамхи авч өгсөнгүй, мөнгө өгөхгүй байна” гэх зэргээр шалтаглан гэртээ шээх, баах зэргээр зүй бус авирлах, зохисгүй үг хэллэг хэрэглэн доромжлох, эрх эрх чөлөөнд нь халдах, үснээс нь зулгаах, шал мөргүүлэх зэргээр байнга зодсон, ам руу нь гараа хийн үүдэн шүдийг нь татаж унагаан харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настай хүний эсрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Түүнчлэн шүүгдэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 8 дугаар байрны 306 тоотод байх гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх Ч.Х-ыг “гэрээс гаргахыг хориглолоо, гэртээ шээлээ гэж загналаа” гэдгээр шалтаглан үснээс нь зулгааж, шал мөргүүлэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “...тархи доргилт, завьжны цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгагдан тогтоогдсон бөгөөд прокуророос Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн дээрх гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настай хүний эсрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй шүүх дүгнэв.
Хохирогч Ч.Х- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх нэхэмжлэл гомдлын шаардлага гаргаагүй тул шүүгдэгч Г.Г-ын хувьд бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хэргийн шүүгдэгч Г.Г нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 77х/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /79-80х, 81-82х/ авагдсан ба шүүгдэгчийн урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Тодруулбал: “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна.
Шүүх, шүүгдэгч Г.Г-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настаны эсрэг үйлдэх” гэмт хэрэгт, мөн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан Г.Гд
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь зүйтэй.
“Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 90 хоног буюу 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ял гэж тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус яллагдагч, шүүгдэгчээр цагдан хоригдсон нийт 29 /хорин ес/ хоногийг /хэргийн 130х/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт Г.Г-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сартуул овогт Гомбосүрэнгийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настаны эсрэг үйлдсэн” тус тус гэм буруутайд тооцсугай.
2. С овогт Г-гийн Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 90 хоног буюу 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүгд 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ял гэж тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Гд оногдуулсан 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-ын цагдан хоригдсон нийт 29 /хорин ес/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт Г.Г-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Х- нь “гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД