Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 341

 

 

 

 

 

 

 

  

    2020            05           29                                        2020/ШЦТ/341                                 

                                                                                                                     

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ны Ш-т холбогдох эрүүгийн 19100 1933 0351 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч О.Ш, хохирогч М.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа, удирдлагын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт О-ны Ш- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч О.Ш нь хуурч, бодит байдлыг нуух замаар М.Быг төөрөгдөлд оруулан өөрийгөө “Зам тээврийн яаманд ажилладаг, Монгол Улсын хилээр автомашин нэвтрэх “С” тусгай зөвшөөрлийг 66 машинд авч өгч чадна” гэж Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Тамгын газрын байрны урд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр М.Баас 20.0 сая төгрөг бэлнээр авч залилсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Ш нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч О.Шын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Хохирогч Б-ыг манай найз таньдаг юм. С зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төвд олгогддог гэдгийг мэднэ, гэхдээ би тэнд ажилладаггүй. Би өөрийгөө Авто тээврийн үндэсний төвд ажилладаг гэж хэлж байсан нь үнэн.

Тэгээд Б-ааас “материал бүрдүүлж өгнө” гээд 20.0 сая төгрөг авч, 14.0 сая төгрөгийг хүнд өгсөн. Үлдэх мөнгийг өөртөө авсан. С зөвшөөрөл бүрдүүлэх зорилгоор тухайн мөнгийг хүмүүст өгсөн юм. Одоогийн байдлаар би хохирогчид 3.0 сая төгрөгийг буцаан өгсөн, үлдэгдэл 17.0 сая төгрөгийг 2020 оны 6 сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч М.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2019 оны 4 сарын сүүлээр Ууганбаяр гэдэг манай найз над руу яриад “цуг хоолонд орох уу, би Циркийн хажууд байна” гэсэн. Намайг очиход Зам тээврийн яаманд ажилладаг хүн гээд надад Ш-ыг танилцуулж байсан. Би тухайн үед түүнээс С зөвшөөрлийн талаар асууж сураглаагүй. Харин Ш- өөрөө “зөвшөөрөл гаргуулах хүн байвал олоод ирээч, шууд гаргаж өгнө” гэж байсан. Тэгвэл мөнгөө хэд нугалах юм байна гэж бодоод би найз руугаа яриад “энд зөвшөөрөл гаргадаг хүн байна” гэж хэлэхэд “зөвшөөрөл гаргуулна” гэхээр нь би Ш-тэй эргэж холбогдсон юм. Маргааш нь Ш- надад “20.0 сая төгрөг бэлнээр аваад ир” гэхээр нь би “дансанд чинь хийчихье” гэхэд “үгүй, бэлнээр авна” гээд байсан.

Би тухайн үед “С” зөвшөөрөл гаргах журам гэж юу байдаг талаар мэддэггүй байсан. Тэгээд өөрийн машинаа зараад Ш-т 20.0 сая төгрөг бэлнээр өгсөн. Анх өөрийгөө Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн гэж танилцуулж байсан юм. С зөвшөөрлийг бичиг баримтаа бүрдүүлээд авдаг байсан байна, гарах хугацаа бол урт, бүтэн 2 улирал болдог юм байна лээ. Хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна. Ш- нь хохирлоос 3.0 сая төгрөг төлсөн нь үнэн. Одоо үлдэх 17.0 сая төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 1933 0351 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Бы хохирогчоор өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын сүүлээр байх Их дэлгүүрийн хажуу талд “Үүрийн шигдам” гэх нэртэй Солонгос хоолын газар найз Ууганбаяртай хоол идэх гээд байж байхад Ууганбаярын найз Ш- гэх залуу ирсэн. Тэгээд би Ш-тэй юм ярьж байгаад “хаана, ямар ажил хийдэг вэ” гэхэд “Зам тээврийн яаманд ажилладаг” гэсэн. Тэгээд хоолоо идээд сууж байхад Ш- Ууганбаярт хандаж “хөгшинд нь мөнгөний хэрэг болоод байна, хэдэн С зөвшөөрөл гаргаад мөнгийг нь авчихмаар байна” гэхээр нь “наадах чинь ямар учиртай юм бэ” гэхэд “урагшаа Хятадын хилээр гарч байгаа нүүрсний том машинуудад өгдөг зөвшөөрөл байгаа юм” гэж хэлсэн.

Би “наадах чинь ном журмын дагуу юм уу, хууль бус юм уу” гэхэд “зөвшөөрлийг бол авахад хугацаа их ордог бөгөөд үүнийг л хурдлуулж өгч байгаа юм, түүнээс ном журмын дагуу” гэхээр нь би “манай найз тээврийн компанид ажилладаг юм” гэхэд “чи найзаасаа С зөвшөөрөл гаргуулж авах уу гээд асуугаад өгөөч” гэсэн. Тэгээд бид нар салцгаасан, тэгэхэд Ш- над руу байнга залгаад “найзаасаа асуусан уу” гээд байхаар нь би 2-3 хоногийн дараа найз Бямбаа руу яриад “Зам тээврийн яаманд ажилладаг нэг залуутай танилцсан, С зөвшөөрөл зохицуулж өгдөг хүн байна, чи яах юм бэ” гэхэд “хугацаа л хэрэгтэй байна, найдвартай хүн юм уу” гэхээр нь “найдвартай хүн” гэсэн.

Бямбаа надад “тэгвэл 66 машины С зөвшөөрөл авъя” гэж хэлэхээр нь би Ш-тэй яриад “66 машинд С зөвшөөрөл авах хэрэгтэй юм байна” гэхэд “болно, чи урьдчилгаа мөнгөө бэлдээд байж бай, би хурал зарлагдахаар нь чамд хэлье” гэж хэлсэн. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад 2019 оны 5 сарын 07-ны өдрийн орой Ш- над руу залгаад “маргааш хурал болох гэж байна, яаралтай квотын мөнгө 20.0 сая төгрөг аваад ир” гэхээр нь би “дансаа өгчих, шилжүүлчихье” гэхэд “надад данс байхгүй, би бэлнээр аваад цаашаа хүнд бэлнээр өгнө” гэж хэлсэн.

2019 оны 5 сарын 08-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Ш- над руу залгаад “хаана байна вэ, нөгөөдөхийг чинь очоод авчихъя” гэхэд нь би “Мөнхтуул гэдэг хүнтэй хамт Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын гадаа байна” гээд уулзаад, Ш-т 20.0 сая төгрөг өгсөн.

Тухайн үед би баримт үйлдэж аваагүй, намайг мөнгөө өгч байхад надтай хамт Мөнхтуул эгч болон манай найз Ууганбаяр нар хамт байсан. Ш- тэгэхэд ганцаараа таксигаар ирсэн. Би энэ мөнгийг өөрийнхөө унаж байсан Тоёота Альфард гэдэг машиныг 17.0 сая төгрөгөөр зараад өгсөн, үлдсэн 3.0 сая төгрөг надад байсан юм.

Би С зөвшөөрөл яаж гардаг талаар судалж үзээгүй, харин Ш- надад “энэ зөвшөөрлийг гаргахад хугацаа их шаарддаг, цаг хугацаа хождог юм” гэж хэлсэн. Хууль зөрчсөн үйлдэл хийж байгаа гэдгээ би сүүлд нь мэдсэн юм. 2019 оны 6 сарын эхээр хурал хойшлогдоод байна гэж Ш- хэлдэг байсан. Намайг очиж уулзъя гэхэд Зам тээврийн хөгжлийн яамнаас гарч ирж уулзаад байдаг байсан болохоор би түүнийг тэнд ажилладаг гэж итгэсэн. Тэгээд сүүлдээ миний утсыг авахаар больчихоор нь яаман дээр очоод жижүүрээс нь асуухад Отгоны Ш- гэж хүн энд ажилладаггүй гэж хэлсэн. Би 20.0 сая төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-17х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Мөнхтуулын гэрчээр өгсөн:

“...Би Б-тай 2012 оноос хойш эхлэн танилцаад, түүнээс хойш хуурай эгч дүүсийн холбоотой байдаг юм. Б- одоогоор ажилгүй байгаа. 2019 ны 5 сарын 07-ны өдөр над руу залгаад “хаана явж байна вэ” гэхээр нь “хотын төвөөр явж байна” гэхэд “би таньд өмнө С зөвшөөрөл гаргуулах гэж байгаа гээд ярьж байсан даа, Ш- уулзъя, хурал нь болох гээд байна гэнээ, та намайг хүргээд өг” гэхээр нь 120 мянгатын тэндээс Б-ыг очиж авсан.

Тэгээд Хан-Уул дүүргийн урд талд ирэхэд Б- “Ш- гэх хүнд 20.0 сая төгрөг өгөх гэж байгаа” гээд ил барьчихсан явж байхаар нь “чи найдвартай хүнд өгч байгаа юм уу” гэхэд “манай найз Ууганаагийн найз нь юмаа, өмнө нь зөндөө хүнд С зөвшөөрөл гаргаж өгсөн гэсэн, та битгий оролц” гэхээр нь өөрөө мэдэж байгаа юм байлгүй гээд орхисон.

Тухайн үед 17 цаг болж байсан ба Ш- гээд махлаг залууд Б- 20.0 сая төгрөгийг өгсөн. Нөгөөдөх нь “маргааш найдвартай” гэсэн яриа ярьж байсан. Тэгээд үүнээс хойш Б- “нөгөө Ш-ын утас нь холбогдохгүй, С зөвшөөрөл гаргаж өгөхгүй таг алга болчихлоо” гэхээр нь би өөрөө Зам тээврийн яаманд ажилладаг талаар нь сураглахад ажилладаггүй гэж байна лээ. Тэгээд дүүдээ “хэлсэн шүү дээ, таньж мэдэхгүй хүнд мөнгө өглөө” гээд загнаад байж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Шын сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Миний бие найз Ууганбаяраар дамжуулан Б- гэдэг залуутай 2019 оны 4 сарын эхээр танилцсан юм. Тэгэхэд Б- нь “ тээврийн машины зөвшөөрөл гаргуулмаар байна” гэж надад хэлэхээр нь би “надад таньдаг хүн байгаа, би асууж өгье” гэж хэлсэн.

Гэтэл удалгүй Б- нь 2020 оны 5 сарын 07-ны орчимд Хан-Уул дүүргийн Тамгын газрын үүдэн дээр надтай тааралдаад “С зөвшөөрөл гаргуулмаар байна” гээд урьдчилгээ 8.0 сая төгрөгийг надад бэлнээр авчирч өгсөн юм. Би мөнгийг нь бэлнээр авсан ба Авто тээврийн үндэсний төвд зөвшөөрөл гаргуулахаар материал өгсөн боловч 2019 оны 6 сарын эхээр материалаа буцаагаад авчихсан. Авто тээврийн газрын зөвшөөрөл өгөх хурал нь хойшлогдсон юм. Гэтэл Б- нь нийт 20.0 гаран машины бичиг баримтаа авсан ба би бүтээж өгнө гээд салцгаасан. Ингээд явж байхад намайг 2019 оны 11 сард цагдаад өгсөн байна гэдгийг нь мэдсэн. Энэ хооронд би мөнгийг нь махны бизнес хийхээр хөрөнгө оруулсан бөгөөд одоо махны зөвшөөрөл гарч өгөхгүй байгаа юм. Миний бие авто тээврийн газарт ажилладаггүй. Зам тээврийн яаманд ганц нэг хүн таньдаг байсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х, 50-51х, 64х/ болон түүний хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 25х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 28х, 30х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж, дүгнэн  прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Шын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Ш нь “өөрийгөө Зам тээврийн яаманд ажилладаг, Монгол Улсын хилээр автомашин нэвтрэх “С” тусгай зөвшөөрлийг 66 машинд авч өгч чадна” гэж хуурч, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Тамгын газрын байрны урд  талд иргэн М.Баас 20.0 сая төгрөг бэлнээр хүлээн авч, улмаар өөрийн хувийн хэрэглээнд захиран зарцуулж ашигласан үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн:

- хохирогч М.Бы: “...би Ш-тэй яриад “66 машинд С зөвшөөрөл авах хэрэгтэй юм байна” гэхэд “болно, чи урьдчилгаа мөнгөө бэлдээд байж бай, би хурал зарлагдахаар нь чамд хэлье” гэж хэлсэн. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад 2019 оны 5 сарын 07-ны өдрийн орой Ш- над руу залгаад “маргааш хурал болох гэж байына, яаралтай квотын мөнгө 20.0 сая төгрөг аваад ир” гэхээр нь би “дансаа өгчих, шилжүүлчихье” гэхэд “надад данс байхгүй, би бэлнээр аваад цаашаа хүнд бэлнээр өгнө” гэж хэлсэн. 2019 оны 5 сарын 08-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Ш- над руу залгаад “хаана байна вэ, нөгөөдөхийг чинь очоод авчихъя” гэхэд нь би “Мөнхтуул гэдэг хүнтэй хамт Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын гадаа байна” гээд уулзаад, Ш-т 20.0 сая төгрөг өгсөн.

Тухайн үед би баримт үйлдэж аваагүй, намайг мөнгөө өгч байхад надтай хамт Мөнхтуул эгч болон манай найз Ууганбаяр нар хамт байсан. Ш- тэгэхэд ганцаараа таксигаар ирсэн. Би энэ мөнгийг өөрийнхөө унаж байсан Тоёота Альфард гэдэг машиныг 17.0 сая төгрөгөөр зараад өгсөн, үлдсэн 3.0 сая төгрөг надад байсан юм.

...Ш- надад “энэ зөвшөөрлийг гаргахад хугацаа их шаарддаг, цаг хугацаа хождог юм” гэж хэлсэн. Хууль зөрчсөн үйлдэл хийж байгаа гэдгээ би сүүлд нь мэдсэн юм. 2019 оны 6 сарын эхээр хурал хойшлогдоод байна гэж Ш- хэлдэг байсан. Намайг очиж уулзъя гэхэд Зам тээврийн хөгжлийн яамнаас гарч ирж уулзаад байдаг байсан болохоор би түүнийг тэнд ажилладаг гэж итгэсэн. Тэгээд миний утсыг авахаар больчихоор нь яаман дээр очоод жижүүрээс нь асуухад Отгоны Ш- гэж хүн энд ажилладаггүй гэж хэлсэн. Би 20.0 сая төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-17х/,

- гэрч С.Мөнхтуулын: “...Б- ...2019 ны 5 сарын 07-ны өдөр над руу залгаад “хаана явж байна вэ” гэхээр нь “хотын төвөөр явж байна” гэхэд “би таньд өмнө С зөвшөөрөл гаргуулах гэж байгаа гээд ярьж байсан даа, Ш- уулзъя, хурал нь болох гээд байна гэнээ. Та намайг хүргээд өг” гэхээр нь 120 мянгатын тэндээс Б-ыг очиж аваад Хан-Уул дүүргийн урд талд ирэхэд Б- “Ш- гэх хүнд 20.0 сая төгрөг өгөх гэж байгаа” гээд ил барьчихсан явж байхаар нь “чи найдвартай хүнд өгч байгаа юм уу” гэхэд “манай найз Ууганаагийн найз юм аа, өмнө нь зөндөө хүнд С зөвшөөрөл гаргаж өгсөн гэсэн, та битгий оролц” гэхээр нь өөрөө мэдэж байгаа юм байлгүй гээд орхисон. Тухайн үед 17 цаг болж байсан ба Ш- гээд махлаг залууд Б- 20.0 сая төгрөгийг өгсөн. Нөгөөдөх нь “маргааш найдвартай” гэсэн яриа ярьж байсан.

Тэгээд үүнээс хойш Б- “нөгөө Ш-ын утас нь холбогдохгүй, С зөвшөөрөл гаргаж өгөхгүй таг алга болчихлоо” гэхээр нь би өөрөө Зам тээврийн яаманд ажилладаг талаар нь сураглахад ажилладаггүй гэж байна лээ. Тэгээд дүүдээ “хэлсэн шүү дээ, таньж мэдэхгүй хүнд мөнгө өглөө” гээд загнаад байж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/ болон шүүгдэгч О.Шын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 64х/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч нь О.Ш өөрийгөө Зам тээврийн яаманд ажилладаг гэсэн ойлголт төрүүлэн шууд санаатай, шунахай зорилгоор “Автотээврийн улс хоорондын тусгай С зөвшөөрөл хурдан хугацаанд гаргуулж өгч чадна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч М.Баас 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 20.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны гадна бэлнээр хүлээн авч, хувьдаа ашиглаж захиран зарцуулсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч О.Шийн гэмт үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон хэдий ч Залилах гэмт хэргийн шинжийг буюу үйлдлийн арга, хэлбэрийг тодорхойлж дүгнэхдээ хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийж “хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан залилсан” гэж дүгнэснийг шүүх зөвтгөн залруулсан ба энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон байна.  

 

Иймд шүүгдэгч О.Шыг “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болох 20.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулахаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. 

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

 

Шүүгдэгч О.Ш нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч М.Бд 3.000.000 төгрөг нөхөн төлсөн, үлдэх 17.000.000 төгрөгийг нөхөн төлөөгүй болох нь тэдгээрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг баримтаар /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ тогтоогдсон тул хохирлоос үлдэх 17.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч М.Бд нөхөн төлүүлэх нь зүйтэй.  

 

Хэргийн 28, 30 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” гэж тэмдэглэгдсэн нь түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч О.Ш нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.    

 

Шүүх, шүүгдэгч О.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.     

 

Хэргийн шүүгдэгч О.Ш нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хойшлуулашгүйгээр сэжигтнээр баривчлагдсан байх тул түүний яллагдагчаар цагдан хоригдсон 01 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай дүйцүүлэн тооцсон 08 /найм/ цагийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу эдлэх ялаас хасаж, шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг нийт 392 /гурван зуун ерөн хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял гэж тогтоох нь зүйтэй.    

 

Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                       

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт О-ны Ш-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Шт 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан О.Шийн сэжигтнээр хойшлуулашгүй баривчлагдсан 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай дүйцүүлэн тооцож 8 /найм/ цагийг эдлэх ялаас хасаж, О.Шийн биечлэн эдлэх ялыг нийт 392 /гурван зуун ерөн хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял гэж тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохиролд тооцон О.Шээс 17.000.000 /арван долоон сая/ төгрөг гаргуулж, хохирогч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 22-56 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:УП97070737/, Тайжууд овогт Мягмарцэрэнгийн Б-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт О.Шийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан О.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД