Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 543

 

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2016/01271 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Должинсүрэн, Б.Балжмаа нарт холбогдох

 

Зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний үүргүүдэд 27 153 018 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 15/51 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Б.Балжмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэндсүрэн,

Хариуцагч Д.Должинсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Балжмаа, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Должинсүрэн нар нь Төрийн банкнаас 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 15/51 тоот барьцаат зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40 000 000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 15 668 505 төгрөг, хүүнээс 8 959 498 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 6 271 24 төгрөг, нийт 24 640 547 төгрөг төлсөн. Зээлдэгч Б.Балжмаа, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Должинсүрэн нь 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 15/51 тоот барьцаат зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлтэй байна. Нэхэмжлэл гаргах үеийн 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээлдэгч Б.Балжмаа, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Должинсүрэн нар нь үндсэн зээл 24 331 495 төгрөг, үндсэн хүү 2 723 221 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 98 303 төгрөг, нийт 27 153 018 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч нараас 27 153 018 төгрөг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү.

Зээлдэгч, хамтран зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мик 1 гудамжны 6-6 тоот улсын бүртгэлийн Ү-2201041586 дугаартай, 90 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Г-0272905 дугаартай, 374 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний мөн Г-0272904 дугаартай 368 м.кв газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Зээлдэгч Б.Балжмаа, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Должинсүрэн нартай байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 15/51 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Балжмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2 жилийн хугацаатай зээл авсан. Хүүгээ хасч өгөх боломж байна уу, хугацаагаа уртасгаж өгөх боломж байдаг болов уу гэж бодож байна. Өөр хэлэх зүйл байхгүй. Банк хохирч байна гэж байна. Хувь иргэнд ч гэсэн хүндрэлтэй, хохиролтой байна. Бид нар банк руу очиж саналаа олон удаа хэлж байсан. Хугацааг нь уртасгаж өгнө үү. Бид орон гэрээ банкинд хураалгах сонирхолгүй байна. Олон нялх хүүхэдтэй. Бид зээлээ төлнө. Хүүгээ багасгаж өгнө үү гэсэн саналтай байна. 2 жилийн хугацаатай авсан болохоор хугацаа нь арай дуусаагүй байна. Наана нь орон гэр хурааж авна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Должинсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 40 000 000 төгрөгийн зээл авсан. Эхний хэдэн сар зээлээ хугацаандаа тасралтгүй төлж явж байсан. 2016 оны 3 дугаар сараас хойш төлж чадаагүй. Гэхдээ бид 3 дугаар сараас хойш бага багаар төлбөр хийсэн боловч хасагддаггүй. Ер нь өнгөрсөн жил шиг орлого сайтай байсан бол төлбөрөө төлөх боломжтой байсан. Гэвч бараа бүтээгдэхүүний үнэ буурсан, худалдан авах чадвар муудсан учраас төлбөрөө төлж чадаагүй. Төрийн банкинд хугацаа сунгаж өгнө үү гэж олон удаа хүсэлт гаргаж хандсан боловч хугацааг сунгаагүй. Зээлийн хугацаа 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусах ёстой байсан. Үндсэн мөнгөө төлөх бодолтой байна. Үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад хугацаа олгож өгнө үү гэж хүсч байна. Би энэ мөнгийг төлөхгүй гэж хэлээгүй, би хүүхдүүдээ гудамжинд гаргахгүйн тулд төлнө. Хугацааг нь уртасгаж өгөх боломж байна уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүрээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч Б.Балжмаа, Д.Должинсүрэн нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27 153 018 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 26 916 864 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч "Төрийн банк" ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 236 153 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Б.Балжмаа, Д.Должинсүрэн нарын зээлийн барьцаанд тавьсан Д.Должинсүрэнгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, МИК 1 дүгээр гудамж, 66 тоотод байршилтай 90 м.кв талбайтай хувийн сууц, Д.Должинсүрэнгийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 4 хороо, МИК 1-66 тоотод байршилтай нэгж талбарын 18635310347997 дугаартай 374 м.кв талбайтай газар зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293 715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Балжмаа, Д.Должинсүрэн нараас 292 534 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч "Төрийн банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Балжмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би зээл төлөх хуваарийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд одоо зөвхөн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл хугацааны хүү төлөх ёстой гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл хүүгийн төлбөрт 2 066 229 төгрөг төлөх ёстой гэж тооцоолж байгаа түүнээс 2 502 437 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шийдвэрийн үндэслэх хэсгээс харахад хүүгийн төлбөрийн тооцоог яаж хийсэн нь тодорхой тусгагдаагүй байдаг. Тиймээс хүүгийн төлбөрт 436 207 төгрөг илүү төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Төрийн банкнаас зээл олгохдоо 1 хувийн шимтгэл 400 000 төгрөг авсан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зээл олгогч байгууллагуудаас зээлийн шимтгэл авч байгааг буруу, шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэсний дүнд зээл олгогч банк, банк бус санхүүгийн байгууллагаас 1 хувийн шимтгэл авахыг зогсоосон байхад Төрийн банк шимтгэлийг надаас авсан. Шимтгэлд төлсөн 400 000 төгрөгийг мөн зээлийн төлбөрт суутгуулан тооцвол зээлийн үндсэн төлбөрт 23 931 495 төгрөг төлөх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл зээлийн үндсэн төлбөрөөс 400 000 төгрөг илүү төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хариуцагч Д.Должинсүрэн, Б.Балжмаа нараас 26 916 864 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэрээс 836 207 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 836 207 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Б.Балжмаа, Д.Должинсүрэн нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 27 153 018 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 15/51 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг харуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 15/51 тоот зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр 40 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 2.3 хувийн хүүтэй нэхэмжлэгч хариуцагч нарт зээлдүүлсэн, уг зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, МИК 1 дүгээр гудамжны 6б тоот хаягт байрлах 90 м.кв талбай бүхий хувийн сууц, 374 м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, МИК 1 дүгээр гудамжны 6б тоот хаягт байрлах 368 м.кв талбай бүхий газрыг, мужааны багаж тоног төхөөрөмж, бараа материал, гэрийн тавилга эд хогшлоо тус тус бариулжээ.            /хэргийн 10-15 дугаар тал/

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Хариуцагч нар зээл эргэн төлөлтийн хуваарийг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс зөрчиж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-д заасны дагуу зээлийн гэрээний үүргээ 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дотор биелүүлэхийг мэдэгдэж энэ хугацаанд биелүүлээгүй нөхцөлд гэрээнээс нэг талын санаачилгаар татгалзах талаар хугацаа тогтоосон мэдэгдлийг хариуцагч нарт 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн болох нь хэргийн 21-22 дугаар талд авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа 2016 оны 3 дугаар сараас барилгын салбарт зогсонги байдал үүсч, ямар ч борлуулалтгүй болсноор зээлийн графикийг зөрчсөн гэх тайлбараас үзвэл хариуцагч нар уг зээлийг төлөх төлбөрийн чадвар доройтсон, нэхэмжлэгч хуульд заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй нөхцөлд банк зээлийн гэрээнээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзсаныг буруутгах боломжгүй юм. Энэ талаар шүүх зөв дүгнэлт хийжээ.

 

Хэргийн 6, 9 дүгээр талд авагдсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололын баримтаар нэхэмжлэгчид хариуцагч нараас зээлд 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 15 668 505.98 төгрөг, зээлийн хүүд 8 959 498.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6 271.24 төгрөг төлсөн байх тул шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 24 331 495 төгрөг, зээлийн хүүд 2 502 437.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 82 932.87 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 236 153.74 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

 Шүүх хариуцагч гэрээний үүрэг зөрчсөнөөс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан байтал гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол гаргуулах тухай хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, түүнчлэн хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримталсныг хасч, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх заалтыг нэмж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Мөн шүүх барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэрт заахдаа хариуцагч Д.Должинсүрэнгийн нэр дээрх газар эзэмших эрхийг гэж заах байтал түүний эзэмшлийн газраар үүргийн гүйцэтгэл хангуулахаар заасан нь буруу бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг буруу хэрэглэснийг шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаас Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсгийг баримталсныг хасч найруулгын өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагч Б.Балжмаа давж заалдах гомдолдоо 2016 оны оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлсөн байтал Төрийн банкнаас зээл авахад 400 000 төгрөгийн шимтгэл төлсөн нь төлөх ёсгүй байсныг зээл, зээлийн хүүгээс хасч тооцож 23 931 495 төгрөг төлөх ёстой гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2016/01271 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Балжмаа, Д.Должинсүрэн нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26 916 864.26 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 236 153.74 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Балжмаа, Д.Должинсүрэн нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Д.Должинсүрэнгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, МИК 1 дүгээр гудамж, 6б тоотод байршилтай 90 м.кв талбайтай хувийн сууц, Д.Должинсүрэнгийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, МИК 1-6б тоотод байршилтай нэгж талбарын 18635310347997 дугаартай 374 м.кв талбайтай газар зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Б.Балжмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 620 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

 

                                         ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

 

                                                                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ