| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01133/и |
| Дугаар | 151/ШШ2016/01135 |
| Огноо | 2016-11-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2016/01135
| 2016 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 151/ШШ2016/01135 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн 5-9 тоотод оршин суух Урианхай овгийн Магванцэрэнгийн Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Төв аймгийн Заамар суман дахь Моэнголросцветмет нэгдлийн харьяа Зэрэгцээ алтны үйлдвэрийн захиргаанд холбогдох
"Ажилд эргүүлэн тогтоолгох тухай" иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг, хариуцагч Зэрэгцээ алтны үйлдвэрийн захирал М.Үүрцайх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:- Миний бие М.Эрдэнэчимэг нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан. Тэгээд ажлын явц дундуур орос дарга 1 ширхэг металл алга боллоо гэж асуусан. Тэгээд асуухаар нь угаалгын үйл явц болсон банинд унасан байх тохиолдол байдаг. Ажлын төгсгөлд баниа шалгаж үлдэгдлийг нь гарган авч тушаадаг. Банинд унасан байх магадлал байдаг учир тэр баниныг цэврэлдэг. Тэгээд орос дарга хайгаад хашгчаад байхаар нь банинд очоод үзтэл байхаар нь даргыг загинах байх гээд айгаад хажуу талын төмпөн хийгээд орхицон юм. Тэгээд энийг санаатайгаар хулгай хийх үйлдэл гаргалаа гээд намайг ажилаас үндэслэлгүйгээр халсан. Би энэ компанид ажиллаж байхдаа өмнө нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Намайг гүтгэж ажлаас халагдсан гэж үзэж байгаа. Ажлын явц дуусаагүй байсан. Тэгээд ажлын явц дуусаагүй байхад орос дарга металл алга боллоо гэж хашгирч загнаж хайсан. Тэр нь миний санаатайгаар хийсэн үйлдэл биш. Алга боллоо гэхэд нь ахлах угаагчын хувьд баннд үзтэл тэр дотор байсан. Орос дарга хашгичаад загнахаар нь айдаг тэгээд баннд байхаар нь айсандаа түмпэн рүү авч хийсэн. Намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул эгүүлэн ажилд томилуулж өгнө үү гэв.
Хариуцагч Зэрэгцээ алтны үйлдвэрийн захирал М.Үүрцайх шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: - Тэр өдөр манайд комисс ирээд ажиллаж байсан юм. 4 хүний бүрэлдэхүүнтэй Монголросцвет нэгдлээс ерөнхий захиралын үйлдвэр эрхэлсэн орлогч Югев Александр Сергейвич, үйлдвэр технилоги хариуцсан мэргэжитэн Батсайхан, ахлах Кортунов, дотоод хэргийн хяналтын ажилтан Хүрэлхишиг гээд бүрэлдэхүүнтэй комисс ирж ажиллаж байсан. Тэгээд тэд нар алтны угаалт, алт авалтан дээр хяналт тавьж байсан. Угаалт дандаа комиссын хяналтан доор явагддаг. Тэгээд угаалгын явцад нэг ширхэг металл алга боллоо гээд тэрний дагуу комисс өөрсдөө акт тогтоогоод актандаа энэ бол хулгай хийхийг завдсан гэж үзээд ажлаас халах шийдвэр гаргасан. Тухайн үед усан буун дээрээс баяжмалаа авахдаа алт байна гээд зургыг нь авсан байсан. Тэгээд алт угаах явцад нөгөө алт нь алга болчихлоо хаана байна гээд ажил зогсоогоод акт үйлдсэн. Энэ буунаас гарсан металл алга болсон гээд тэр актаараа өөрсдөө хулгай хийхийг завдсан байна гэж тогтоогоод шийдвэр гаргасан. Шийдвэртээ угаагч Эрдэнэчимэгийг ажлаас хал гэсэн шийдвэр гаргасан. Миний тушаал бол энэ шийдвэрийг үндэслэж халах тушаал гаргасан гэв.
Шүүх хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд: Төв аймгийн Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 45/06-162 дугаартай тоот /хх-н 5/, “Монголросцветмет” ХХК-ийн “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 294 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /хх-н 6/, Хөдөлмөрийн гэрээ /хх-н 7-9/, М.Батцэцэг, М.Батбаяр, М.Эрдэнэчимэг нарын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тайлбар /хх-н 10-12/, М.Эрдэнэчимэгийн №А 000113830 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр /хх-н 13-14/, “Монголросцветмент” ХХК-ийн “Зэрэгцээ” алтны үйлдвэрт 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 294 тоот тушаалд хууль зүйн дүгнэлт өгөх тухай хуульч өмгөөлөгч Б.Батбаяр, эрх зүйч Б.Хонгорзул нарын эрх зүйн дүгнэлт /хх-н 16-17/, Монголросцветмент” ХХК-ийн “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 294 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах” тухай тушаал /хх-н 26/, Монголросцветмент” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 66К дугаартай ажилд авах тухай тушаал /хх-н 27/, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Гүйцээн баяжуулах цехт ПГШ-3 усан бууны баяжмалыг угаах үед алга болсон алт /самородок/-ыг олж тогтоосон акт /хх-н 28-29/ зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй “Ажилд эгүүлэн тогтоолгох тухай” хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулан ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, мэдүүлгүүдийг тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо.
Монголросцветмет ХХК-ийн харьяа Төв аймгийн Заамар суман дахь “Зэрэгцээ” алтны үйлдвэрийг төлөөлж захирал М.Үүрцайх, ажилтан М.Эрдэнэчимэгтэй 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатай байгуулжээ.
“Зэрэгцээ” алтны үйлдвэрийн Гүйцээн баяжуулах цехийн угаагч Магванцэрэнгийн Эрдэнэчимэгийг.тус үйлдвэрийн захирал М.Үүрцайхын 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 294 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, үйлдвэрийн дотоод журмын 7.1.3-ын “в” дэх заалтууд, мөн Монголросцветмет ХХК-ийн ажлын хэсгийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн акт, тусгай албаны инжеенерийн илтгэх хуудас зэргийг үндэслэн шунахайн сэдлээр алт хулгайлах оролдлого гаргасан гэж ажлаас нь халжээ.
Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нь намайг алт хулгайлахыг завдсан гэж ажлаас үндэслэлгүй халсан гэж,
Хариуцагч “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн захирал М.Үүрцайх тухайн үед усан буун дээрээс баяжмалаа авахдаа алт байна гээд зургыг нь авсан байсан. Тэгээд алт угаах явцад нөгөө алт нь алга болчихлоо хаана байна гээд ажил зогсоогоод акт үйлдсэн. Энэ буунаас гарсан металл алга болсон гээд тэр актаараа өөрсдөө хулгай хийхийг завдсан байна гэж тогтоогоод шийдвэр гаргасан. ...Миний тушаал бол энэ шийдвэрийг үндэслэж халах тушаал гаргасан. Тушаалаа үндэслэлтэй гэж үзэж байгаа гэж тус тус маргажээ.
Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг, “Зэрэгцээ” алтны үйлдвэр М.Эрдэнэчимэг нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дуусах байсан хэдий ч нэхэмжлэгч, хариуцагч нар хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар маргаагүй ба тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хөдөлмөрийн гэрээ сар бүр сунгагдаж 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдөр хүртэл хүчинтэй үргэлжилж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн захирал М.Үүрцайх угаагч М.Эрдэнэчимэгийг ажлаас шууд халах ноцтой зөрчил гаргасан тул комиссын акт, үйлдвэрийн дотоод журмын 7.1.3-д зааснаар ажлаас нь халсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотолж байгаа гэх “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн дотоод журам болон 2016 оны 08 сарын 17-нй өдрийн “Гүйцээн баяжуулах цехт ПГШ-3 усан бууны баяжмалыг угаах үед алга болсон биет алт /самородок/-ыг олж тогтоосон тухай” актанд /хх-н 28-29/ дурдагдсан М.Эрдэнэчимэгийн алттай чулуу хулгайлж байгааг бичсэн гэх бичлэг баримт зэргийг шүүхэд ирээгүй болно.
Ажилтныг ажлаас чөлөөлөх болон халах тушаал нь эрх зүйн факт болохынхоо хувьд Хөдөлмөрийн болон бусад холбогдох хууль тэдгээр хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан дотоод журмыг үндэслэсэн, тэдгээрийн заалтыг зөрчөөгүй гарсан байхыг шаарддаг. Мөн талууд ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн зааж тусгасан байхыг хуулиар шаарддаг..
М.Эрдэнэчимэг, “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн захирал нарын хооронд байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйл буюу гэрээг дуусгавар болгох гэсэн заалтын “Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох Сахилгын ноцтой зөрчлүүд”-д тооцохоор заасан заалтуудыг М.Эрдэнэчимэг нь зөрчөөгүй байна. /хх-н 7-9/
Мөн Төв аймгийн Заамар сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн 2016.10.06-ны өдрийн 45/06-162 дугаартай албан бичигт “...Гүйцээн баяжуулах цехэд угаагч ажилтай М.Эрдэнэчимэг нь санаатай буюу эсхүл, санамсаргүйгээр кварцтай металлыг хаягдал хайрга руу ялгаж унагасан гэх үйлдлийг шалгахад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдье” гэсэн нь М.Эрдэнэчимэгийн хулгай хийхийг завдсан гэх үйлдлийг үгүйсгэж байна. /хх-н 5/ .
Иймд “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 294 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал нь хуульд нийцээгүй, уг тушаалд заасан үндэслэл нь тогтоогдоогүй тул шүүх М.Эрдэнэчимэгийг “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн Гүйцээн баяжуулах цехийн угаагчийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Урианхай овгийн Магванцэрэнгийн Эрдэнэчимэгийг Зэрэгцээ алтны үйлдвэрийн Гүйцээн баяжуулах цехийн угаагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг төлснийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ