| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0342/Э |
| Дугаар | 365 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 365
2020 06 04 2020/ШЦТ/365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Ө-ийн Б-, Б овогт О-ын М- нарт холбогдох эрүүгийн 20100 0619 0358 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Ө.Б, О.М нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Мичидмаа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн үйлдвэрлэл технологийн сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 2, эхийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Г овогт Ө-ийн Б- /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт О-ын М- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
1. Шүүгдэгч Ө.Б нь О.Мтой урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 66 дугаар байрны В1 давхарт байрлах автомашины гараашинд иргэн Б.Х-ын эзэмшлийн 91-00 УНЕ улсын дугаартай “Тоёота Аксио” маркийн автомашины эд зүйлийг хууль бусаар гэмтээн 255.200 төгрөгийн хохирол, мөн иргэн Б.О-ийн эзэмшлийн 05-33 УНТ улсын дугаартай Авенсис маркийн автомашины эд зүйлийг хууль бусаар гэмтээн 442.800 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт бусдад 698.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч О.М нь Ө.Бтэй урьдчилсан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 66 дугаар байрны В1 давхарт байрлах автомашины гараашинд хууль бусаар иргэн Б.Х-ын эзэмшлийн 91-00 УНЕ улсын дугаартай “Тоёота Аксио” маркийн автомашины эд зүйлийг хууль бусаар гэмтээн 255.200 төгрөгийн хохирол, мөн иргэн Б.О-ийн эзэмшлийн 05-33 УНТ улсын дугаартай Авенсис маркийн автомашины эд зүйлийг хууль бусаар гэмтээн 442.800 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт бусдад 698.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Б, О.М нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ө.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Хэрэг болдог өдөр би М, Цэвэлдорж, Даваарагчаа нарын хамт байсан. Тэгээд бид дөрвүүлээ гараашинд орж Даваарагчаагийн машиныг угаасан юм. Ингэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд би эхэлж машин дээр гарч суухад, миний араас М гарч ирж суусан. Одоо би өөрийн хийсэн үйлдлийн гэм бурууг ойлгож байгаа.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч О.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өөрсдийн саваагүй зангаас болж машины дээр гарч суусан, тэгээд буухад дээвэр нь хонхойсон байсныг мэдээгүй. Би бусдын машинд хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Хаштогтоход 252.000 төгрөг, хохирогч Од 780.000 төгрөг тус тус бүрэн төлж барагдуулсан. Уг хохирлыг Б бид хоёр тэнцүү хувааж төлсөн байгаа. Би буруугаа ойлгож байгаа, дахин ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20100 0619 0358 дугаартай хэргээс:
1. Хэрэг гарсан гэх Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 66 дугаар байрны авто гараашт 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 04-06х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Х-ын хохирогчоор өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 64 дүгээр байрны 29 тоотод эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота Аксио маркийн 91-00 УНЕ улсын дугаартай автомашинаа Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 66 дугаар байранд байх өөрийн гараашинд байршуулсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн үед гарааш руу орж машинаасаа юм авахад миний машин зүгээр байсан. 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн үед гарааш руу ороод машин дээрээ ирэхэд миний машины дээвэр хоёр хэсэгтээ хонхойсон байсан. Мөн миний Тоёота Приус-20 маркийн автомашины тольны гэр хуучин хагарсан байсан нь салчихсан байхаар нь цагдаад хандсан. Энэ тольны аяга хуучин хагарсан байсан ба энэ нь салчихсан байхаар нь буцаагаад наачихсан, үүнд гомдол санал байхгүй, эд зүйлийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй. ...Би эд зүйлийн үнэлгээтэй танилцсан, миний хохирлыг бүрэн барагдуулсан учир одоо надад гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.О-ийн өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 801 дүгээр байрны 24 тоотод хүүхдийн хамт амьдардаг. Би өөрөө өвөл машин барьж чаддаггүй болохоор 2019 оны 10 сарын дундуур Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 66 дугаар байрны гараашинд өөрийн 05-33 УНТ улсын дугаартай Авенсис маркийн автомашиныг тавьсан. Тэрнээс хойш одоог хүртэл машиныг гараашнаас гаргаагүй. 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нэг танихгүй дугаараас залгаад “таны машины хажууд машинаа тавьдаг хүн байна, таны болон миний машиныг гэмтээсэн байна” гэхэр нь ажлаа тараад 21 цагийн үед гараашид яваад очиход миний машины дээвэр хонхойсон, толь нь хугарсан байхаар нь цагдаад хандсан. ...Тэр хүн надад хэлэхдээ 2020 оны 3 сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 02 цагийн үед 4 залуу ороод 04 цагийн үед машинтай гарсан гэж хэлсэн. ...Миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х, 88х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Цэвэлдоржийн гэрчээр өгсөн:
“... Би 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 10 жилийн ангийнхантай уулзаад, Зайсан гараад байж байгаад 22 цагийн үед буцаад Нисэхэд ирээд бүгд тарцгаасан. М, Б, Даваарагчаа бид дөрөв үлдээд Нисэхийн 66 дугаар байрны хажууд машиндаа юм ярьж сууж байгаад, пиво уухаар болоод Даваарагчаа машинаа бариад Алтай хотхоны дэлгүүрээс 2.5 литрийн савалгаатай пиво 1 ширхэгийг авсан. Тэгээд буцаад Нисэхэд ирээд 66 дугаар байрны гарааш руу орж, юм ярингаа пивоо уусан. Даваарагчаа бол уугаагүй, би жижиг аягаар 3 удаа уусан. Үлдсэнийг нь М, Б нар хуваагаад уусан. Тэгээд Даваарагчаагийн машиныг угааж байхад Б, М нар гараашт байсан Авенсис маркийн машин дээр гараад зогсож байгаад хажууд нь байсан Тоёота Аксио маркийн машины дээвэр дээр үсэрч гараад бууж машинаа угааж дуусгаад 02 цагийн үед гарцгаасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/,
5. Хөрөнгө, даатгалын хохирлийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээчийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ХУ2-20-168 дугаартай:
“...Иргэн Б.О-ийн 05-33 УНТ улсын дугаартай Тоёота Авенсис маркийн автомашины гадна дээврийн 2 газар хонхойсон, зүүн талын толь хугарсан хохирлын ...зах зээлийн үнийг тогтооход шууд зардлын дүн 380.000 төгрөг, нийт хохирлын дүн нь 442.800 /дөрвөн зуун дөчин хоёр мянга найман зуу/ төгрөг...” гэж тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 27-28х/,
6. Хөрөнгө, даатгалын хохирлийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээчийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ХУ2-20-169 дугаартай:
“...Иргэн Б.Х-ын 91-00 УНЕ улсын дугаартай Тоёота Аксио маркийн автомашины гадна дээврийн 2 газар хонхойж гэмтээсэн хохирлын ...зах зээлийн үнийг тогтооход шууд зардлын дүн 240.000 төгрөг, нийт хохирлын дүн нь 255.200 /хоёр зуун тавин таван мянга хоёр зуу/ төгрөг...” гэж тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 34-35х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ө.Бгийн яллагдагчаар өгсөн:
“...Би ял сонсгож, яллагдагчаар татаж байгаа Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 3 сарын 08-ны өдөр 10 жилийн ангийн найзуудтайгаа уулзаад Нисэхэд 22 цагийн үед ирээд бид нар тарцгаасан. Даваарагчаа, Цэвэлдорж, М бид дөрөв үлдээд 66 дугаар байрны гадаа машиндаа юм яриад сууж байгаад пиво уухаар болоод Алтай хотхоны дэлгүүрээс 2.5 литрийн савалгаатай 1 ширхэг пиво авсан. Буцаад Нисэхэд ирээд 66 дугаар байрны гарааш руу 23 цаг өнгөрч байхад ороод машиндаа пиво уусан ба Даваарагчаа уугаагүй. Би бага зэрэг согтсон байсан. Тэгээд юм ярьж байгаад саарал өнгийн Тоёота Авенсис маркийн дээр гараад зогссон чинь М араас гарч ирээд машин дээр хамт зогсоход машины дээвэр хонхойчихоор нь бид хоёр хажууд байсан Тоёота Аксио машины дээр дамжаад гарсан ба буухдаа саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн машины жолоочийн эсрэг толийг хөлөөрөө шүргэхэд тольны аяга салаад уначихсан юм. Бид нар Даваарагчаагийн машиныг угаагаад 02 цагийн үед гараашнаас гараад гэр гэртээ харьцгаасан.
М бид хоёр машины эздийн хохирлыг барагдуулсан байгаа. Саваагүйтмээр санагдаад ийм үйлдэл хийсэн, хийсэн хэрэгтээ харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 83-84х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 42х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 41х/, гэрч Ц.Дөлгөөний мэдүүлэг /хэргийн 91-92х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Мын яллагдагчаар өгсөн:
“...Би ял сонсгож, яллагдагчаар татаж байгаа Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 3 сарын 08-ны өдөр 10 жилийн ангийн найзуудтайгаа уулзаад Нисэхэд 22 цагийн үед ирээд бид нар тарцгаасан. Даваарагчаа, Цэвэлдорж, Б бид дөрөв үлдээд 66 дугаар байрны гадаа машиндаа юм яриад сууж байгаад пиво уухаар болоод Алтай хотхоны дэлгүүрээс 2.5 литрийн савалгаатай 1 ширхэг пиво авсан. Буцаад Нисэхэд ирээд 66 дугаар байрны гарааш руу 23 цаг өнгөрч байхад ороод, машиндаа пиво уусан ба Даваарагчаа уугаагүй.
Тэгээд юм ярьж байгаад саарал өнгийн Тоёота Авенсис маркийн дээр М гараад зогсохоор нь би араас нь хамт зогсоход машины дээвэр хонхойчихоор нь бид хоёр хажууд байсан Тоёота Аксио машины дээр дамжаад гарсан чинь мөн адил дээвэр нь хонхойсон. Тэгээд буухдаа саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн машины жолоочийн эсрэг толийг Б хөлөөрөө шүргэхэд тольны аяга салаад унасан юм.
Бид нар Даваарагчаагийн машиныг угаагаад 02 цагийн үед гараашнаас гараад гэр гэртээ харьцгаасан. Саваагүйтмээр санагдаад ийм үйлдэл хийсэн, хийсэн хэрэгтээ харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 73-74х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 49х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 48х/, гэрч Э.Баттулгын мэдүүлэг /хэргийн 89-90х/, суурь боловсролын гэрчилгээ, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хэргийн 99-108х/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Б, О.М нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ө.Б, О.М нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 66 дугаар байрны В1 давхарт байрлах автомашины гараашинд иргэн Б.О-ийн эзэмшлийн 05-33 УНТ улсын дугаартай Авенсис маркийн автомашины дээвэр дээр үсэрч гаран, улмаар уг машины дэргэд байршуулсан байсан иргэн Б.Х-ын эзэмшлийн 91-00 УНЕ улсын дугаартай “Тоёота Аксио” маркийн автомашины дээвэр лүү шилжин үсэрч гарсан, улмаар машины дээвэр дээрээс буухдаа зүүн талын толийг хугалж, эд хөрөнгийг нь хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч Б.О-ийн 05-33 УНТ улсын дугаартай Тоёота Авенсис маркийн автомашинд шууд зардлын дүнгээр 380.000 төгрөг, нийт 442.800 /дөрвөн зуун дөчин хоёр мянга найман зуу/ төгрөгийн, Б.Х-ын 91-00 УНЕ улсын дугаартай Тоёота Аксио маркийн автомашинд шууд зардлын дүнгээр 240.000 төгрөгийн, нийт 255.200 /хоёр зуун тавин таван мянга хоёр зуу/ төгрөгийн, бусдын эд хөрөнгөд нийт 698.000 төгрөгийн буюу Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Гэмт үйлдлийн улмаас бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “гэмтээх” гэж ойлгох бөгөөд тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтой байдаг.
Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна.
Түүнчлэн “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэж, мөн бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийн гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилнэ” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд зааж хуульчилсан.
Шүүгдэгч Ө.Б, О.М нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 66 дугаар байрны В1 давхарт байрлах автомашины гараашинд иргэн Б.О-ийн эзэмшлийн 05-33 УНТ улсын дугаартай Авенсис маркийн автомашины дээвэр дээр үсэрч гаран, улмаар уг машины дэргэд байршуулсан байсан иргэн Б.Х-ын эзэмшлийн 91-00 УНЕ улсын дугаартай “Тоёота Аксио” маркийн автомашины дээвэр лүү шилжин үсэрч, машины дээвэр дээрээс буухдаа зүүн талын толийг хугалж, эд хөрөнгийг нь хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч Б.О-ийн 05-33 УНТ улсын дугаартай Тоёота Авенсис маркийн автомашинд шууд зардлын дүнгээр 380.000 төгрөг, нийт 442.800 /дөрвөн зуун дөчин хоёр мянга найман зуу/ төгрөгийн, Б.Х-ын 91-00 УНЕ улсын дугаартай Тоёота Аксио маркийн автомашинд шууд зардлын дүнгээр 240.000 төгрөгийн, нийт 255.200 /хоёр зуун тавин таван мянга хоёр зуу/ төгрөгийн, бусдын эд хөрөнгөд 698.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бүлэглэн гүйцэтгэгч нар юм. Хан-Уул дүүргийн Прокуророос дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Ингэхдээ тэдний гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдлийг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан хууль хэрэглээний алдаа гаргасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж зөвтгөх нь зүйтэй байна. Энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг тэмдэглэв.
Нэр бүхий шүүгдэгч нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Х-ын эзэмшлийн 02-59 УНУ улсын дугаартай “Тоёота Аксио” маркийн автомашины эд зүйлийг хууль бусаар гэмтээж, уг автомашины эвдрэл хохирлын үнэлгээг нийт 255.200 төгрөг, мөн хохирогч Б.О-ийн эзэмшлийн 05-33 УНТ улсын дугаартай Авенсис маркийн автомашины эд зүйлийг хууль бусаар гэмтээж, уг автомашины эвдрэл хохирлын үнэлгээг 442.800 төгрөг гэж тогтоосон автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийх эрх бүхий хөрөнгийн үнэлгээчин гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримт гэж шүүх үнэлсэн ба уг үнэлгээний дүн, шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн талаар хэргийн оролцогч талуудаас гомдол гаргаагүй байна.
Иймд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг эрх бүхий мэргэшсэн үнэлгээчийн дүгнэлтээр тогтоогдсон нийт “698.000” төгрөг гэж тодорхойлон тогтоосныг шүүх хуулийн үндэслэл бүхий гэж дүгнэсэн ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохиролд хамаарах юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж, мөн энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байна” гэж мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч О.М, Ө.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 698.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Хэргийн шүүгдэгч Ө.Б, О.М нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Б.Х-, Б.О-э нарт учирсан хохирлын 698.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болох нь тэдний мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “...Хохирол бүрэн барагдуулсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 11-12х, 15-16х, 88х/ баримтаар нотлогдсон.
Иймээс нэр бүхий шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол уршигт тооцон гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Ө.Б, О.М нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 42х, 48х/ тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Ө.Б, О.М нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлж арилгасныг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох нь зүйтэй.
Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор Ө.Б, О.М нарт тус бүрийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.
Энэ хэрэгт Ө.Б, О.М нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Х-, Б.О-э нар нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Г овогт Ө-ийн Б-, Б овогт О-ын М- нарыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 698.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Б, О.М нарт тус бүрийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Б, О.М нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Ө.Б, О.М нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Х-, Б.О-э нар нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ө.Б, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД