Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 370

 

 

 

 

 

 

 

  

        2020         06           08                                       2020/ШЦТ/370                                 

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С-ийн М-, Б овогт Ц-ын Б- нарт холбогдох эрүүгийн 20100 0140 0197 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Ц.Б, С.М, тэдгээрийн өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урлагийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт С-ийн М- /РД: /,

 

2. Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 8 сарын 07-ны өдрийн 251 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ын Б- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч С.М, Ц.Б нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан

- 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын эзэмшлийн 94-75 УБЯ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 640.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 10 дугаар сургуулийн гадна зогсоолд байсан Х.Ууганбаярын эзэмшлийн 81-93 УНГ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 440.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч С.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид үлдэх хохирлын мөнгийн төлж амжаагүй байгаа. Миний унаж байсан тээврийн хэрэгсэл одоо “Босс хүү” ББСБ дээр шилжсэн байгаа. Хулгай хийсэн нь миний буруу. Би 2 удаагийн үйлдлээр хулгайлж авсан дугуйнуудыг нийт 700.000 төгрөгөөр зарж борлуулсан.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Ц.Бы шүүхийн хэлэлцүүлэг өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж гаргах тайлбар мэдүүлэг байхгүй. Би өмнө авто засварын газар ажилладаг байхдаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг цуглуулж байсан. Мөнхжаргал бид хоёр Ерөнхий боловсролын сургуульд сурч байхаасаа эхлэн найзалсан юм. Бид хоёр хулгай хийж олсон мөнгөө зугаа цэнгээний зүйлд зарцуулсан. Одоо бид хоёр цэцэрлэгийн дээвэр засах бригадад ажиллаж байгаа. Тухайн бригадын дарга ажлаа хийж гүйцэтгэсний дараа цалингаа өгнө гэж хэлсэн тул цалингаа авсны дараа хохирогч нарын хохирлыг төлж дуусгана. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 0140 0197 дугаартай хэргээс:

 

1. Хэрэг гарсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын 1036 дугаар байрны гадна талын зогсоолд, мөн дүүргийн 12 дугаар хороо, Био 10 дугаар сургуулийн урд талд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 04-07х, 137-140х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Анандын хохирогчоор өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа тараад 18 цагийн үед 103 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талд өөрийн Тоёота Приус-30 маркийн 94-75 УБЯ улсын дугаартай автомашинаа байрлуулсан. Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 06 цаг өнгөрч байхад ажилдаа явах гээд гараад ирэхэд миний автомашины 4 дугуй обудтай алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Миний машин байсан газарт ямар нэгэн хяналтын камер байхгүй, мөн надад сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Миний машин 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд Монгол Улсад орж ирсэн. 4 ширхэг дугуй хээ сайтай, сумтай, нэг дугуй нь олгойтой, обуд нь 5 салаа, 17-той сток обуд, нэг обуд нь ирмэгтээ бага зэрэг сэвтэй байсан.

Би 4 ширхэг дугуйгаа 300.000 төгрөгөөр үнэлж байна, харин 4 ширхэг обудаа 500.000 төгрөгөөр үнэлж байна. Нийт 800.000 төгрөгөөр үнэлнэ. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 11-12х, 63х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Ууганбаярын хохирогчоор өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 21 цагийн үед гэрээсээ аавтай хамт гараад, хамаатнуудтайгаа нийлж зааланд тоглох гэж Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар сургуулийн спорт заал руу өөрийн эзэмшлийн 81-93 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож очсон. Тэгээд бид нар 21 цаг 40 минутын орчимд тухайн сургуулийн заал руу орж, тоглож байгаад шөнийн 00 цаг бага зэрэг өнгөрч байхад гараад машин дээрээ очиход миний машины 4 дугуйг нь хулгайлаад аваад явсан байхаар нь цагдаад хандсан.

Би Приус-30 маркийн тээврийн хэрэгслээ 2018 оны 3 дугаар сард хувь хүнээс худалдаж авсан, алдагдсан гэх 4 ширхэг дугуй маань машинтайгаа хамт ирсэн. Миний машины обуд нь стандарт обуднууд байсан юм. Би 4 ширхэг дугуйг үнэлж мэдэхгүй байна, харин 4 ширхэг обудаа 800.000 төгрөгөөр үнэлнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 144х/,

 

4. Нэр бүхий шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх С.Мын эзэмшлийн 36-29 УНЛ улсын дугаартай Тоёото Испум маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад автомашины багажид байсан домократны дэгээ иш 2 ширхэг, дугуйн торцовны иш 1 ширхэг, 21-ийн торцов 1 ширхэг, улаан өнгийн домократ 2 ширхэг, хар өнгийн домократ 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хураан авч, гэрэл зургаар бэхжүүлсэн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 68-71х/,

 

5. Тоёото Испум маркийн 36-29 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үзлэгээр хураан авсан домократны дэгээ иш 2 ширхэг, дугуйн торцовны иш 1 ширхэг, 21-ийн торцов 1 ширхэг, улаан өнгийн домократ 2 ширхэг, хар өнгийн домократ 1 ширхэгийг тус тус Эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 71-72х, 75-76х, 187х/,

 

6. Тоёото Испум маркийн 36-29 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 3.600.000 төгрөг /гурван сая зургаан зуун мянга/ гэж тогтоосон Хөрөнгийн үнэлгээ зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №ХУ2-20-146 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хэргийн 1-р хавтас 78-79х/,

 

7. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ХУ2-20-083 тоот дүгнэлтэд:

“...Тоёота Приус-30 маркийн автомашины 17-той gstock дугуйны үнийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөг байна.” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 1-р хавтас 22-23х/,

 

8. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ХУ2-20-147 тоот дүгнэлтэд:

“...Тоёота Приус-30 маркийн автомашины обуд, дугуй зэргийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 01 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг байна.” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 1-р хавтас 160-161х/,

 

9. Шүүгдэгч С.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Бид хоёр Буянт-Ухаа 2 хороолол ороод байрны дугаарыг нь мэдэхгүй байна, цагаан өнгийн жижиг төмөр чингэлэгийн хажууд байрны явган хүний зам дээр гаргаад тавьчихсан хар өнгийн Приус-30 маркийн автомашин байхаар нь ойр орчимд камер байна уу гээд харахад ямар нэгэн камер байхгүй байсан тул машины ойролцоо зогсоод, Батсайхан 21-ийн дугуйн дорцов авч машинаас буугаад нөгөө машины 4 дугуйг нь суллаад, миний машинаас домократыг авч, эхлээд жолооч талыг өргөөд доор нь цагаан блок эвээд хоёр дугуйг аваад миний арын суудал дээр тавьсан.

Тэгээд домократаа аваад нөгөө талыг өргөөд нөгөө хоёр дугуйг аваад машинд хийгээд бид хоёр Хайлааст ороход 05 цаг болж байсан. Бид хоёр машиндаа гудамжинд хоносон, өглөө Батсайхан гэртээ орсон. Би машинтайгаа гэртээ очиж унтаж байгаад, өдөр нь фейсбүүк ороод Приус-30 маркийн машины “обуд, дугуй авна” гэсэн зар байхаар нь яриад Сансарын шатахуун түгээх газрын хажууд аваачиж, танихгүй эрэгтэй хүнд 350.000 төгрөгөөр зараад Батсайхан дээр очиж 150.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 32х, 52х, 175-177х/ болон түүний хувийн байдалтай холбоотой гэрч М.Сээсрэгдоржийн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 64-65х/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 95х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 125х/, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 47х/,

 

10. Шүүгдэгч Ц.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын эхээр /өдрийг нь санахгүй байна/ манай найз Мөнхжаргал 23 цагийн үед утсаар яриад “чи хаана байгаа юм бэ” гэхээр нь “би гэртээ байна” гэхэд “гэрийнхээ гадаа гараад ир” гэсэн. Намайг гараад очиход Мөнхжаргал өөрийн саарал өнгийн Тоёота Ипсум маркийн 36-29 дугаартай, серийг нь санахгүй байна, ирчихсэн байсан. Тэгэхэр нь би машинд суухад Мөнхжаргал ганцаараа байсан юм.

“Приус-30 маркийн машины дугуй авах хүн байна, хамт хулгай хийе, мөнгөө тэнцүү хувааж авъя” гэхээр нь би “тэгье” гээд шууд Буянт-Ухаа 2 хороолол ороод, байрны дугаарыг нь мэдэхгүй байна, цагаан өнгийн жижиг төмөр чингэлэгний хажууд байрны явган хүний зам дээр гаргаад тавьчихсан, хар өнгийн Приус-30 маркийн машин байхаар нь бид хоёр ойр орчимд камер байна уу гээд харахад ямар нэгэн камер байхгүй байсан. Тэгэхээр нь Мөнхжаргал хар Приусын хажуугаар шахаж зогсоод, би машинаас 21-ийн дорцовтой буусан. Тэгээд хар Приусын 4 дугуйг суллаад Мөнхжаргалын машинаас домократыг нь аваад эхлээд жолооч талыг өргөөд, доор нь цагаан блок эвээд хоёр дугуйг аваад Мөнхжаргалын машины арын суудал дээр тавьсан.

Тэгээд домократаа аваад нөгөө талыг өргөөд үлдсэн хоёр дугуйг нь аваад, машинд хийгээд бид хоёр Хайлааструу явахад өглөөний 05 цаг болж байсан. Бид хоёр гудамжинд хоноод, өглөө цагийг нь сайн санахгүй байна, би гэртээ орсон. Тэгэхэд Мөнхжаргал “дугуйгаа зарна” гээд явсан, хаана, хэнд зарсаныг нь сайн мэдэхгүй байна.

Тэгээд үдээс хойш нь 17 цагийн үед Мөнхжаргал өөрийн 80052577 дугаарын утсаар яриад дугуйгаа 350.000 төгрөгөөр зарчихлаа. 50.000 төгрөгөөр нь би машиндаа бензин хийсэн гээд надад 150.000 төгрөг өгөөд явсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 27х, 60-61х, 185х/ болон түүний хувийн байдалтай холбоотой гэрч Б.Нямхүүгийн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 66-67х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 90х/, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 91х/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 251 дугаар шийтгэх тогтоол, /хэргийн 1-р хавтас 121х/, иргэний үнэмлэхийн лавлагаа баримт /хэргийн 1-р хавтас 122х/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нэр бүхий шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт: 

 

Шүүгдэгч С.М, Ц.Б нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын эзэмшлийн 94-75 УБЯ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 640.000 төгрөгийн хохирол,  

- 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 10 дугаар сургуулийн гадна зогсоолд байсан Х.Ууганбаярын эзэмшлийн 81-93 УНГ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 440.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- Хэрэг гарсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын 1036 дугаар байрны гадна талын зогсоолд, мөн дүүргийн 12 дугаар хороо, Био 10 дугаар сургуулийн урд талд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 04-07х, 137-140х/,

- хохирогч Г.Анандын: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа тараад 18 цагийн үед 103 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талд өөрийн Тоёота Приус-30 маркийн 94-75 УБЯ улсын дугаартай автомашинаа байрлуулсан. Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 06 цаг өнгөрч байхад ажилдаа явах гээд гараад ирэхэд миний автомашины 4 дугуй обудтай алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Миний машин байсан газарт ямар нэгэн хяналтын камер байхгүй, мөн надад сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Миний машин 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд Монгол Улсад орж ирсэн. 4 ширхэг дугуй хээ сайтай, сумтай, нэг дугуй нь олгойтой байсан. Обуд нь 5 салаа, 17-той сток обуд байсан, нэг обуд нь ирмэгтээ бага зэрэг сэвтэй байсан.

Би 4 ширхэг дугуйгаа 300.000 төгрөгөөр үнэлж байна, харин 4 ширхэг обудаа 500.000 төгрөгөөр үнэлж байна. Нийт 800.000 төгрөгөөр үнэлнэ. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 11-12х, 63х/,

- хохирогч Х.Ууганбаярын: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 21 цагийн үед гэрээсээ аавтай хамт гараад, хамаатнуудтайгаа нийлж зааланд тоглох гэж Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар сургуулийн спорт заал руу өөрийн эзэмшлийн 81-93 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож очсон. Тэгээд бид нар 21 цаг 40 минутын орчимд тухайн сургуулийн заал руу орж, тоглож байгаад шөнийн 00 цаг бага зэрэг өнгөрч байхад гараад машин дээрээ очиход миний машины 4 дугуйг нь хулгайлаад аваад явсан байхаар нь цагдаад хандсан. Би Приус-30 маркийн тээврийн хэрэгслээ 2018 оны 3 дугаар сард хувь хүнээс худалдаж авсан, алдагдсан гэх 4 ширхэг дугуй маань машинтайгаа хамт ирсэн. Миний машины обуд нь стандарт обуднууд байсан юм.

Би 4 ширхэг дугуйгаа үнэлж мэдэхгүй байна, харин 4 ширхэг обудаа 800.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 144х/,

- нэр бүхий шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх С.Мын эзэмшлийн 36-29 УНЛ улсын дугаартай Тоёото Испум маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад автомашины багажид байсан домократны дэгээ иш 2 ширхэг, дугуйн торцовны иш 1 ширхэг, 21-ийн торцов 1 ширхэг, улаан өнгийн домократ 2 ширхэг, хар өнгийн домократ 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хураан авч, гэрэл зургаар бэхжүүлсэн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 68-71х/,

- Тоёото Испум маркийн 36-29 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үзлэгээр хураан авсан домократны дэгээ иш 2 ширхэг, дугуйн торцовны иш 1 ширхэг, 21-ийн торцов 1 ширхэг, улаан өнгийн домократ 2 ширхэг, хар өнгийн домократ 1 ширхэгийг тус тус Эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 71-72х, 75-76х, 187х/,

- Тоёото Испум маркийн 36-29 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 3.600.000 төгрөг /гурван сая зургаан зуун мянга/ гэж тогтоосон Хөрөнгийн үнэлгээ зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №ХУ2-20-146 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хэргийн 1-р хавтас 78-79х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ХУ2-20-083 тоот дүгнэлтэд:

“...Тоёота Приус-30 маркийн автомашины 17той gstock унадаг дугуйны үнийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөг байна.” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 1-р хавтас 22-23х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ХУ2-20-147 тоот дүгнэлтэд:

“...Тоёота Приус-30 маркийн автомашины обуд, дугуй зэргийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 01 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг байна.” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 1-р хавтас 160-161х/ болон шүүгдэгч Ц.Б, С.М нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримдуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан байна.

 

“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд тодорхойлсон ба уг гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заалтад заасан.  

 

Түүнчлэн  “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг үлэмж ихэсгэсэн, материаллаг бус, гэмт хэргийн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан. 

 

Шүүгдэгч Ц.Б, С.М нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдаас хэлэлцэн тохирч, шууд санаатай шунахай зорилгоор С.Мын жолоодон явсан Тоёото Испум маркийн 36-29 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хэргийн газарт очиж, улмаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дугуйн торцов, домократ  зэргийг ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын эзэмшлийн 94-75 УБЯ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудтай хамт тайлж  авсан,  

- мөн дээрх аргаар 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 10 дугаар сургуулийн гадна зогсоолд байсан Х.Ууганбаярын эзэмшлийн 81-93 УНГ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт тайлж авч, бусдад зарж борлуулан мөнгийг нь өөрсдийн хувийн хэрэглээнд ашиглаж захиран зарцуулсан гэмт үйлдэл нь “...бүлэглэн, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийг “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэх бөгөөд гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх ба бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилэхээр хуульд тодорхой зааж зохицуулсан. /ЭХЕА-ийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйл/ 

 

Нэр бүхий шүүгдэгч нар нь “Приус-30 маркийн машины дугуй авах хүн байна, хамт хулгай хийе, мөнгөө тэнцүү хувааж авъя” гэх зэргээр хэлэлцэн тохирч, нэгдмэл нэг санаа зорилготойгоор, машин механизм ашиглаж, Тоёота Приус-30 маркийн автомашины дугуй, обуд зэргийг нь хулгайлан авч, хохирогч Г.Анандын эд хөрөнгөд 640.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч Х.Ууганбаярын эд хөрөнгөд 440.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол туст ус учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн “бүлэглэн гүйцэтгэгч” нар байна.

 

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч С.Мөнхсайхан, Ц.Б нарын дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.   

 

Иймд шүүгдэгч С.Мөнхсайхан, Ц.Б нарыг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж машин мехнизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж,

мөн зүйлийн 4 дэх хэсэгт хохирлын хэмжээг тодорхойлохдоо “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцох, “нэгж” нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тус тус хуульчилан тогтоосон.  

 

Дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ананд, Х.Ууганбаяр нарын эд хөрөнгөд учирсан хохирлыг “...640.000 төгрөг”, “440.000 төгрөг” гэж тус тус үнэлсэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 22-23х, 160-161х/ баримт хэрэгт авагдсан ба энэ нь хуулиар тогтоосон бага хэмжээний хохирлоос дээш байна.  

 

Шүүгдэгч нар хохирогч Г.Анандын эд хөрөнгөд учирсан хохирлын 640.000 төгрөгийг  нөхөн төлсөн болох нь хохирогч Г.Анандын нь “санал гомдол байхгүй, хохирлоо бүрэн авсан” гэх мэдүүлэг, Хаан банкны орлогын мэдүүлэг баримтаар /хэргийн 1-р хавтас 63х, 2-р хавтас 46х/ нотлогдсон ба хохирогч Х.Ууганбаярт хохирол төлбөр нөхөн төлсөн талар хэрэгт баримт үгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу шүүгдэгч нараас гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 440.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Х.Ууганбаярт олгож шийдвэрлэх нь зүйтэй.   

 

Хэргийн шүүгдэгч С.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” талаархи эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч Ц.Бы хувьд тэрээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 8 сарын 07-ны өдрийн 251 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж, шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хуульд заасан журмын дагуу эдэлж дуусгавар болсон баримттай байна. /хэргийн 1-р хавтас 90, 95х, 2-р хавтас 44-45х/

 

Шүүх, шүүгдэгч С.М, Ц.Б нарыг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж машин мехнизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул “Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, улсын яллагчийн гаргаж буй эрүүгийн хариуцлагын санал, 

-  шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын доод хэмжээнд хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэргийн шүүгдэгч С.М, Ц.Б нар нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хойшлуулашгүйгээр сэжигтнээр баривчлагдаж, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга авагдсан ба 2020 оны 3 сарын 26-ны өдрийн 65а дугаартай захирамжаар тэдгээрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг мөн өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн баримттай тул тэдний цагдан хоригдсон нийт 28 /хорин найм/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу  эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч нарын гэмт үйлдэлдээ ашигласан Тоёото Испум маркийн 36-29 УНЛ улсын дугаартай, 3.600.000 /гурван сая зургаан зуун  мянга/ төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн үнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу улсын орлогод оруулах, гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дэгээ иш 2 ширхэг, дугуйн торцовны иш 1 ширхэг, 21-ийн торцов 1 ширхэг, улаан өнгийн домкрат 2 ширхэг, хар өнгийн домкрат 3 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хохирогч Г.Ананд нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

   ТОГТООХ нь:

 

1. Х овогт С-ийн М-, Б овогт Ц-ын Б- нарыг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар С.М, Ц.Б нарыг тус бүрийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.М, Ц.Б нарт тус бүрд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасан журмын дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл болох автомашины үнэлгээгээр тогтоогдсон 3.800.000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн С.М, Ц.Б нараас тус бүрээс 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хохирол нөхөн төлүүлэх зорилгоор хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт С.Маас 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөг, Ц.Баас 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөг тус тус гаргуулж, нийт 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг хохирогч хххх тоот хаягт оршин суух, /РД:хххх/ Юовогт Х-ын У-т олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М, Ц.Б нарын тус бүр цагдан хоригдсон нийт 28 /хорин найм/ хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд  оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дэгээ иш 2 ширхэг, дугуйн дорцовны иш 1 ширхэг, 21-ийн дорцов 1 ширхэг, улаан өнгийн домократ 2 ширхэг, хар өнгийн домократ 3 ширхэгийг тус тус  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.

 

8. Энэ хэрэгт С.М, Ц.Б нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Ананд нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.М, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.М, Ц.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД