Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М,

Улсын яллагч Б.Д, 

Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт М.Т-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Ц овогт М.Т,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1-д заасан “Жолооч гүйцэт түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэх заалтыг зөрчсөний улмаас Г.Ч жолоодож явсан ... улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар иргэн Ц.М-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч М.Т мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багт нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2020 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн орчимд хувийн ажлаар Дорноговь аймгийн Сайншанд сум руу Эрдэнэ сумаас манай нөхрийн нэр дээр байдаг гэр бүлийн эзэмшлийн ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, миний эсрэг талын урд суудал дээр манай нөхрийн төрсөн дүү Ц.Б, арын суудал буюу зүүн талд манай нөхрийн төрсөн ээж буюу хадам ээж С.Т, хажуу тал голд манай нөхрийн төрсөн эгч Ц.Г, жолоочийн ар талд манай төрсөн охин Н.Х, Н.Н нар суугаад хөдөлсөн. Тэгээд 11 цаг 30 минутын орчимд Эрдэнэ сум гэсэн нэртэй хилийн багана өнгөрөөд Өргөн сумын нутаг дэвсгэрт явж байхад том оврын ачааны тээврийн хэрэгсэл урд талд явж байхаар нь би гүйцэт түрүүлэх үйлдэл хийх үедээ зүүн тийш дохио өгч хоёр удаа дуут дохио өгсөн боловч урд явж байсан тээврийн хэрэгсэл зам тавьж өгөөгүй, би эсрэг талаас тээврийн хэрэгсэл байхгүй байсан тул эсрэг урсгал руу орж засмал замын хөвөөн дээгүүр явж байгаад өөрийн эгнээ буюу засмал зам руу орох үед миний тээврийн хэрэгслийн жолооч талын дугуй хагарч би pүлийг дарж дийлэхгүй явж байгаад хойноос явж байсан том оврын ачааны тээврийн хэрэгсэл миний унаж явсан тээврийн хэрэгслийн баруун талын хаалганы урд хэсэг рүү мөргөж шүргэлцэх үед би pүлийг зүүн тийш дарж засмал замын эсрэг урсгалд орж зогссон. Тээврийн хэрэгсэл дотор сууж байсан зорчигч нарын аюулгүй байдлыг шалгахад зүгээр байсан. Тэгээд би тээврийн хэрэгслийн өөрийн талын хаалгыг нээж буугаад тээврийн хэрэгслийг харахад тээврийн хэрэгслийн жолооч талын буюу баруун талын урд хаалга, крыло, хойд талын хаалга болон бусад эд ангиуд дотогшоо чихэгдсэн байсан. Мөн баруун талын урд дугуйны хий гарсан байсан. Тэгээд тээврийн хэрэгсэл дотор сууж байсан зорчигч нар өөр өөрийн хаалгаа нээгээд бууж ирсэн. Тэгээд би урагшаа харахад нөгөө гүйцэж түрүүлэх гэж байсан том оврын ачааны тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн тийш засмал замаас гараад зогссон байсан. Тэгээд би нөгөө тээврийн хэрэгслийн жолооч руу яваад очиход юу болсон бэ, яагаад осол гарчих ва гэж хэлэхээр нь би миний тээврийн хэрэгслийн баруун талын урд дугуй хагарчихлаа гэж хэлсэн. Тэгээд тухайн газар гар утасны сүлжээ байхгүй байсан тул сүлжээтэй газар олж энэ талаар дуудлага мэдээлэл өгөх гэж байсан. Тэгээд том оврын ачааны тээврийн хэрэгслийн хажуу талд очиход жолоочийн эсрэг талын хаалга нээгээд нэг эгч хөлөө өргөсөн байдалтай бууж ирэхээр нь эмнэлгийн тээврийн хэрэгсэлд суулгаж өгсөн. Том ачааны тээврийн хэрэгслийн чиргүүл дээр ачсан байсан бетон дэр газар зарим нь унаад зарим нь чирүүл дээр байсан. Газар унасан болон чиргүүл дээр байсан бетон дэр эмтэрч цуурсан байсан. Тэгээд цагаагийн алба хаагч нар ирээд хэргийн газрын үзлэг хийсэн. Миний буруу гаргасан хэргээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 193-195 /,

- Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Дорноговь аймаг Замын-Үүд сум 4-р багт оршин суудаг тухайн өдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай нөхөр болох Ч өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээрээ Өмнөговь аймаг Цогтцэций сум руу явах ачаа ачсан байсан би тухайн үед Сайншанд орох ажилтай байсан тул төрсөн охин Д-н хамт нөхрийнхөө кабинд сууж явсан. Тухайн үед манай охин арын суудал дээр унтаж байсан харин нөхөр жолоо бариад би хажуу талын суудал дээр суугаад юм яриад явж байтал манай нөхөр Ч араас нэг жижиг тэрэг нилээн хурдтай явж байна гэж надад хэлээд хурдаа хасаад замын баруун талруу шахаж өгсөн. Тэгтэл гадна нэг юм чахраад муухай дуугарсан тэгээд манай машин жолоодлогоо алдаж замын хажуугийн ус зайлуулах суваг руу орж ойж буугаад цаад талд нь гарч зогссон... Надад учирсан 554,681 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, надад хохирлын талаар ямар нэг санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-26/,

- Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Манай компаниас тухайн тээврийн хэрэгсэл дээр ачуулсан 60 ширхэг бетон дэрнээс 13 ширхэг нь зүгээр байсан тул хүлээж авсан. Эвдэрч гэмтэл авсан 47 ширхэг төмөр замын бетон дэрний хохирлыг барагдуулж авна. Манай компаний зүгээс учирсан хохирол болох 6,486,000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,

- Иргэний нэхэмжлэгч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2020 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн орчимд манай эхнэр миний нар дээр байдаг гэр бүлийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн унаад хувийн ажлаар Сайншанд сум руу манай төрсөн ээж, С.Т, төрсөн эгч Ц.Г, төрсөн дүү Ц.Б, төрсөн хоёр охин нарын хамт Эрдэнэ сумаас гарсан. Тэгээд би гэртээ байж байхад цаг гарангийн дараа нэг мэдэхгүй дугаараас миний гар утас руу залгаад танай эхнэр зам тээврийн осолд орсон байна дугуй нь хагарсан дугуй хэрэгтэй, хүмүүс нь зүгээр байна гэж хэлсэн. Тэгээд би унаа хайж байгаад найзын тээврийн хэрэгслийг гуйж унаад Сайншанд сум руу буюу зам тээврийн осол болсон газар луу явсан. Тэгээд би зам тээврийн осол болсон газар очиход эхнэрийн унаж явсан тээврийн хэрэгсэл замсал замын эсрэг талын урсгалд хойшоо харсан зогсож байсан. Мөн засмал замын ертөнцийн зүгээр зүүн талд нэг том оврын ачааны тээврийн хэрэгсэл замаас гарсан замын хажуу талд зогсож байсан... Даатгалын компаниас хохирлыг төлж барагдуулна гэвэл нэхэмжилнэ. Барагдуулахгүй гэвэл манай гэр бүлийн тээврийн хэрэгсэл тул нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/,

- Иргэний нэхэмжлэгч Г.Ч мөрдөн шалгах ажиллагаанд: “... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн гишгүүр 2 ширхэг, буферийн нэмэлт гэрэл зүүн тал эвдэрсэн, их гэрэл зүүн тал эвдэрсэн, зүүн талын буферийн булан эвдэрсэн, зүүн талын крыло эвдэрсэн, голын буфер эвдэрсэн, зүүн талын буферийн хамгаалалт эвдэрсэн кабин гажсан зэрэг эвдрэл гэмтэл үүссэн. Чиргүүлийн 1 ширхэг багана, чигүүлийн хажуу тал зурагдсан, 1 ширхэг аравч чихэгдэж хэлбэр дүрсээ алдсан зэрэг эд зүйлүүд эвдэрч гэмтсэн. Тээврийн хэрэгсэлд шинжээчийн дүгнэлтээр 936,000 төгрөгийн хохирол учирсан, ... улсын дугаартай чиргүүлд шинжээчийн дүгнэлтээр 323,000 төгрөгийн хохирол учирсан. Шинжээчийн дүгнэлт гаргуулахад нийт 165,000 төгрөгийн хохирол учирсан. Тээврийн хөлс 300,000 төгрөгийн хохирол учирсан. Нийт 1,624,000 төгрөгийн хохирол учирсан... Надад учирсан хохирлоос шинжээчийн дүгнэлт гаргуулсан нийт 165,000 төгрөг, тээврийн хөлс 300,000 төгрөг төлж барагдуулсан. Тээврийн хэрэгсэл, чиргүүлийн хохирлыг М ХХК-иас төлж барагдуулана шүүхийн тогтоол хэрэгтэй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,

- Насанд хүрээгүй гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд:  “... Би тухайн өдөр би, ээж, аав хоёрын хамт аавын машинтай Сайншанд сумруу явсан. Явж байхдаа замдаа би аавын машины арын амрах орон дээр унатаад өгсөн байсан учраас юу болсон талаар мэдэхгүй байна. Намайг сэрэхэд машин дээш доошоо ойж буугаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/,

- Насанд хүрээгүй гэрч Н.Х мөрдөн шалгах ажиллагаанд:  “... 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр миний бие ээж, эмээ, хоёр эгч, хоёр дүүгийн хамт аавын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Эрдэнэ сумаас Сайншанд сумруу явж байсан тухайн үед би жолоочийн ар талын суудал дээр суугаад явж байсан бөгөөд яг юу болсон талаар санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/,

- Насанд хүрээгүй гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд:  “...2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас Сайншанд сумруу явсан. Явж байх замдаа миний сууж явсан машин том ачааны машинтай мөргөлдсөн яг юу болсныг би хараагүй мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42,

- Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд:  “...Миний бие Дорноговь аймаг Сайншанд сум 4-р багт амьдардаг бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 06-ний өдөр Эрдэнэ суманд байх ээжийнхээ гэрт ирсэн тэрнээс хойш өнөөдрийг хүртэл Эрдэнэ суманд байж байгаад 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн үед Эрдэнэ сумаас гараад Сайншанд сумруу өөрийн төрсөн дүү болох Н-н ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй нийт 6 хүний хамт явсан. Явж байх замдаа Өргөн сумын нутаг дэвсгэрт миний сууж явсан автомашин урд талдаа явж байсан том оврын автомашиныг гүйцэт түрүүлэх үйлдэл хийх үед тухайн автомашиныг хажуу талаас нь мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

- Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний бие Дорноговь аймаг Эрдэнэ суманд амьдардаг бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн үед Эрдэнэ сумаас гараад Сайншанд сумруу өөрийн төрсөн хүү болох Н-н ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй нийт 6 хүний хамт явсан. Явж байх замдаа Өргөн сумын нутаг дэвсгэрт миний сууж явсан автомашин урд талдаа явж байсан Том оврын автомашиныг гүйцэт түрүүлэх үйлдэл хийх үед тухайн автомашиныг хажуу талаас нь мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/,

- Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд:“... Миний бие Дорноговь аймаг Эрдэнэ суманд амьдардаг бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн үед Эрдэнэ сумаас гараад Сайншанд сумруу өөрийн төрсөн ах болох Н-н ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй нийт 6 хүний хамт явсан. Явж байх замдаа Өргөн сумын нутаг дэвсгэрт миний сууж явсан автомашин урд талдаа явж байсан том оврын автомашиныг гүйцэт түрүүлэх үйлдэл хийх үед тухайн авто машиныг хажуу талаас нь мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9/,

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-18/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 04/85 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Ц.М-н биед зүүн хөлийн гадна хавчаар ясны далд хугарал, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Ц.М-н биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Дээрх гэмтлүүдийн зүүн хөлийн гадна хавчаар ясны далд хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

5. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 66-67/,

- “А” ХХК-ний үнэлгээний дүгнэлт /хх-ийн 137-139, 144-147, 150-154, 159-161/,

- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд салбар техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2020/24 дугаар дүгнэлтэнд:

1. ... тээврийн хэрэгслийн баруун урд талаас мөргөсөн гэх бөгөөд засвар хийсэн байдалтай хэвийн байдалтай байна.

2 . ... тээврийн хэрэгслийн баруун урд талаас мөргөсөн гэх бөгөөд засвар хийсэн бөгөөд ослын өмнөх бүрэн бүтэн байдлыг тодорхойлолтоор 2020.01.07-ны өдөр Замын-Үүд ТХҮ төвд тэнцэв үнэлгээтэй байна.

 3. Хэрэв бүрэн бус байсан бол зам тээврийн осол болоход  шууд нөлөөлөнө.

4. Засвар хийгдсэн ул мөртэй байгаа нь ослын үед эвдэрсэн байна.

 5. Осолын дараах эвдрэлд засвар хийсэн байгаа нь тодорхойлох боломжгүй байна.

 6. Шинжилгээний явцад өөр зүйл илэрээгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 167-168/,

- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд салбар техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2020/25 дугаар дүгнэлтэнд:

1. ... тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд ослын дараа засвар хийгдсэн бөгөөд урд шил бага цууралтай, баруун урд гэрлийн ард талын хэсэгт засвар хийсэн байна, урд талын 2 дугуй 2 өөр хээтэй байна, тоормозны идвэхжилт сул бөгөөд хойд тэнхлэг баруун хойд дугуй тоормозны идвэхжилтгүй тэнхлэгийн зөрүү 94%, урд тэнхлэгийн тоормозны идвэхжилт зүүн урд тал муу тэнхлэгийн зөрүү 55% байгаа нь тоормоз тэнцэхгүй байна. Мөн урд тэнхлэгийн хажуу гулсалтын зөрүү 11,5мм байна зөвшөөрөгдөх хэмжээнээс их байна.

2. 2019.05.03 Дорноговь аймагийн ТХҮ тэнцэв үнэлгээтэй байна.

3. Бүрэн бус бол зам тээврийн осолд шууд нөлөөлнө.

4. ... ослын дараа урд тэнхлэгийн эвдрэл үүссэн байх боломжтой.

5. ... тээврийн хэрэгслийн тоормозны идвэхжилт сул байна энэ нь ялтаст накладка мөн системийн гэмтэлээс үүссэн байх боломжтой.

 6. Шинжилгээний явцад өөр зүйл илэрээгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 177-189/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 200-201/,

- М.Т-н жолооны үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,  Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хүүхдийн цэцэцэрлэгийн тодорхойлолт, 4-12 насны хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 204, 206, 208, 210-213 / зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Т гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Дээрх нотлох баримтуудаар М.Т нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ дугуй нь хагарч Г.Ч жолоодож явсан ... улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар иргэн Ц.М-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч М.Т-г 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэх заалтыг зөрчсөний улмаас Г.Ч жолоодож явсан ... улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар иргэн Ц.М-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч М.Т нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.М-н “...манай нөхөр Ч араас нэг жижиг тэрэг нилээн хурдтай явж байна гэж надад хэлээд хурдаа хасаад замын баруун тал руу шахаж өгсөн, тэгтэл гадна нэг юм чихраад муухай дуугарсан, тэгээд манай машин жолоодлогоо алдаж замын хажуугийн ус зайлуулах суваг руу орж ойж буугаад цаад талд нь гарч зогссон...” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч О.Н-н “... 2020 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн орчимд манай эхнэр миний дээр байдаг гэр бүлийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн унаад хувийн ажлаар Сайншанд сум руу манай төрсөн ээж, С.Т, төрсөн эгч Ц.Г, төрсөн дүү Ц.Б, төрсөн хоёр охин нарын хамт Эрдэнэ сумаас гарсан. Тэгээд би гэртээ байж байхад цаг гарангийн дараа нэг мэдэхгүй дугаараас миний гар утас руу залгаад танай эхнэр зам тээврийн осолд орсон байна дугуй нь хагарсан дугуй хэрэгтэй, хүмүүс нь зүгээр байна гэж хэлсэн… Тэгээд би зам тээврийн осол болсон газар очиход эхнэрийн унаж явсан тээврийн хэрэгсэл замсал замын эсрэг талын урсгалд хойшоо харсан зогсож байсан. Мөн засмал замын ертөнцийн зүгээр зүүн талд нэг том оврын ачааны тээврийн хэрэгсэл замаас гарсан замын хажуу талд зогсож байсан...” гэсэн, гэрч Ц.Г-н “...2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн үед Эрдэнэ сумаас гараад Сайншанд сумруу өөрийн төрсөн дүү болох Н-н ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй нийт 6 хүний хамт явсан. Явж байх замдаа Өргөн сумын нутаг дэвсгэрт миний сууж явсан автомашин урд талдаа явж байсан том оврын автомашиныг гүйцэт түрүүлэх үйлдэл хийх үед тухайн автомашиныг хажуу талаас нь мөргөсөн...” гэсэн, гэрч С.Т-н “...2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн үед Эрдэнэ сумаас гараад Сайншанд сумруу өөрийн төрсөн хүү болох Н-н ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй нийт 6 хүний хамт явсан. Явж байх замдаа Өргөн сумын нутаг дэвсгэрт миний сууж явсан автомашин урд талдаа явж байсан Том оврын автомашиныг гүйцэт түрүүлэх үйлдэл хийх үед тухайн автомашиныг хажуу талаас нь мөргөсөн...” гэсэн, гэрч Ц.Б-н“...2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн үед Эрдэнэ сумаас гараад Сайншанд сумруу өөрийн төрсөн ах болох Н-н ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй нийт 6 хүний хамт явсан. Явж байх замдаа Өргөн сумын нутаг дэвсгэрт миний сууж явсан автомашин урд талдаа явж байсан том оврын автомашиныг гйүцэт түрүүлэх үйлдэл хийх үед тухайн авто машиныг хажуу талаас нь мөргөсөн...” гэсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04/41 дугаартай шинжээчийн дүгнэлт, зам тээврийн ослын талаарх дүгнэлт, “А” ХХК-ний үнэлгээний дүгнэлт, Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд салбар техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/22 дугаар дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Т замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлсөн, сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно. 

Шүүгдэгч М.Т нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч Ц.М болон иргэний нэхэмжлэгч нар нь “гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн учир шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт М.Т-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт М.Т-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь  хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Т-д оногдуулсан 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь  шүүхээс тогтоосон 4 сарын хугацаанд 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Б.Н