Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 372

 

 

 

 

 

 

 

  

        2020         06           08                                       2020/ШЦТ/372                                 

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт М-ын Г-т холбогдох эрүүгийн 20100 0533 0352 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч М.Г нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Мичидмаа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Л овогт М-ын Г- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч М.Г нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 11-440 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох иргэн Г.Бтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь төмөр шанагаар цохих, зууралдах зэргээр зодож биед нь “...баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

1. Шүүгдэгч М.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би Бтэй хамтран амьдраад 8 жил болж байна. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй, бага хүүхэд маань одоо 9 сартай. 2020 оны 1 сарын үед Б өөр хүнтэй болсон учраас бид 2 салсан. Тухайн үед эмээгийнхээ гэрт өөр хүн авчирдаг байсан байхад нь би тухайн хашаа байшинд нь 2 хүүхэдтэйгээ амьдарч байсан. Гэтэл нэг шөнө орж ирээд, намайг боогоод байхаар нь би шанага аваад цохисон. Гэхдээ би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй. Уул нь өөрөө эхэлж хутгаар миний гарыг зүссэн юм. Би тухайн үед “цагдаа сэргийлэх гэж явахгүй” гэж бодоод шүүх эмнэлэгт үзүүлээгүй өнгөрөөсөн. Одоо би цагийн ажлын хажуугаар сонгуулийн ажил хийж байгаа. Сард хүүхдийн мөнгө болон өөр бусад орлогыг нэмэхэд 650.000 төгрөг олдог. Одоо Б бид хоёр тусдаа амьдарч байгаа, гэхдээ зүгээр харилцаатай байна. Би түүний биед гэмтэл учруулсан нь үнэн, гэм буруу дээр маргахгүй.

Манай том охин 4 настай, бага нь 9 сартай. Хохирогч Б бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, хамт амьдардаг байсан. 8 жил хамт амьдраад, 4 жилийн өмнөөс охиноо гарахад тусдаа амьдарч эхэлсэн.

Манай хаалга дотроосоо цоожлогддоггүй юм. Тэр өдөр унтах гээд гэрэл унтраасан байхад шөнө согтуу орж ирсэн. Би “хэн бэ” гээд утсаа авах гэхэд шууд миний хоолойг боохоор нь би гараараа тэмтрэхэд гарт баригдсан шанагаар толгой руу нь цохисон. Би нөгөө эмэгтэй рүү нь “чи эхнэр, хүүхэдтэй хүнтэй явлаа” гээд баахан зурвас бичсэн юм. Тэгэхэд Б надад “чи тэр хүн лүү чат бичлээ” гэж уурлаад орж ирсэн. Тухайн үед манай 11 настай дүү байсан, би “гэрлээ асаа, ахыг дуудаад ир” гээд гаргасан.

Миний биед мөн хохирол учирсан гэвч би шүүх эмнэлгээр яваагүй. “Шүүх цагдаа болоод яахав дээ” гэж бодсон чинь намайг цагдаад өгсөн байсан. Сарын дараа цагдаагаас хэлсэн.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 0533 0352 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Бий хохирогчоор өгсөн:

“...Би өөрийн хамтран амьдрагч болох М.Гтой 2013 оноос хойш хамт амьдарч байгаад 2019 оны 12 дугаар сараас хойш таарч тохирохгүй болоод салахаар шийдэн хоёр тийшээ болсон юм. Манай эхнэр Г нь хоёр хүүхэдтэйгээ миний гэр болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 11-440 тоотод амьдарч байсан ба би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 9б-ийн задгай тоотод амьдарч байсан.

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Г над руу яриад “чи хоёр хүүхэддээ памперс аваад өгчихөөч” гэхээр нь памперс аваачиж өгөөд гэрээс явсан. Тэгэхэд Г надад интернетээр амьдрал яриад байхаар нь яваад очиход Г, түүний ах Гантөмөр нар байсан. Гын гэрт 4 ширхэг 500 граммын пиво, 0.2 литрийн савалгаатай Нийслэл нэртэй пиво 1 ширхэг байхаар нь бид гурав хувааж уусан.

Би Гт хандаж “чи надаас салаад удаагүй байж явалддаг зауутайгаа манай гэрийн үүдэнд ирлээ” гэж хэлээд үүнээс болж бид хоёр зодоон маргаан хийсэн. Удалгүй түүний ах Гантөмөр орж ирж бид хоёрыг салгахад Г “чи муу ямар овоо гар вэ” гээд миний нүүр орчим усны төмөр шанагаар хэд хэдэн удаа цохисон. Тэгээд над руу алх аваад шидэхэд байшингийн цонх хагарч, бид хоёр зууралдаж байхад Гантөмөр ах орж ирж салгасан ба удалгүй цагдаа нар орж ирээд намайг аваад явсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.”  гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Гантөмөрийн гэрчээр өгсөн:

“...Би гэртээ 2020 оны 02 дугаар сарын 06-ны шөнө унтаж байхад цонхоор орилох чимээ гарсан. Тэгээд би Гын гэрт нь яваад ороход хүргэн дүү Б манай эмэгтэй дүү Гын хоолойг боосон байдалтай, орон дээр дээрээс нь дарсан байж байхаар нь би салгаад “чи яасан гэж хэрүүл маргаан, зодоон хийгээд байгаа юм бэ, боль” гэхэд “за за, би дахиж хэрүүл хийхгүй, унтлаа” гэсэн юм. Тэгээд би гэртээ ороод унтсан хойгуур цагдаа нар ирээд явсан байсан. Манай дүү Г өөрийн нөхөр болох Бий нүүрэн тус газар төмөр шанагаар цохисон, би хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 35х/,

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 2447 дугаартай:

1. Г.Б-н биед баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 40-41х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Гын яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Манай 2 хүүхдийн аав болох Б бид хоёр 5 жил хамт амьдарч байгаад 2019 оны сүүлээр салсан. Би 2020 оны 02 сарын 06-ны шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 11-440 тоот байшиндаа унтаж байхад гаднаас манай нөхөр Б согтуу ирсэн.

Тэгээд гэрт байж байгаад манай дүү Амармөрөнг загнаад хоолойг нь боогоод, надтай хэрүүл зодоон хийгээд, хутга бариад над руу дайрсан. Би дүүгээ “ахыг дууд” гээд явуулахад удалгүй ах орж ирсэн юм. Тэгээд над руу алх авч шидээд цонх хагалсан. Би гарт байсан шанагаар хэд хэдэн удаа цохисон юм. Тэгэхэд манай ах бид хоёрыг салгахаар нь би утсаа аваад ээж, аав руу ярихад цагдаа дууд гэсэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 58х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 47х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 49х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь хуульд заасан Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул эдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Гын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Г нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 11-440 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох иргэн Г.Бтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь төмөр шанагаар цохих, зууралдах зэргээр зодож биед нь “...баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн:

 - хохирогч Г.Бий: “...Би Гт хандаж “чи надаас салаад удаагүй байж явалддаг зауутайгаа манай гэрийн үүдэнд ирлээ” гэж хэлээд үүнээс болж бид хоёр зодоон маргаан хийсэн. Удалгүй түүний ах Гантөмөр орж ирж бид хоёрыг салгахад Г “чи муу ямар овоо гар вэ” гээд миний нүүр орчим усны төмөр шанагаар хэд хэдэн удаа цохисон. Тэгээд над руу алх аваад шидэхэд байшингийн цонх хагарч, бид хоёр зууралдаж байхад Гантөмөр ах орж ирж салгасан ба удалгүй цагдаа нар орж ирээд намайг аваад явсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.”  гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29х/,

- гэрч М.Гантөмөрийн: “...Би гэртээ 2020 оны 02 дугаар сарын 06-ны шөнө унтаж байхад цонхоор орилох чимээ гарсан. Тэгээд би Гын гэрт нь яваад ороход манай хүргэн дүү Б манай эмэгтэй дүү Гын хоолойг боосон байдалтай, орон дээр дээрээс нь дарсан байж байхаар нь би салгаад “чи яасан гэж хэрүүл маргаан, зодоон хийгээд байгаа юм бэ, боль” гэхэд “за за, би дахиж хэрүүл хийхгүй, унтлаа” гэсэн юм. Тэгээд би гэртээ ороод унтсан хойгуур цагдаа нар ирээд явсан байсан. Манай дүү Г өөрийн нөхөр болох Бий нүүрэн тус газар төмөр шанагаар цохисон, би хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 35х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 2447 дугаартай:

1. Г.Б-н биед баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 40-41х/ болон шүүгдэгч М.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Прокуророос шүүгдэгчийн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргээр зүйлчлэн ирүүлснийг шүүх хөнгөрүүлэн өөрчилж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь:

 

Шүүгдэгч М.Г, хохирогч Г.Б нар нь хамтран амьдран дундаасаа 2 хүүхдийн эцэг, эх болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах субьект мөн хэдий ч шүүгдэгч М.Гын зүгээс хохирогч Г.Бтэй хамт амьдрах хугацаанд гэрлэгчдийн эрх тэгш байх эрхийг зөрчсөн, хязгаарласан, “гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байсан гэх нөхцөл байдал байдал тогтоогдоогүй, энэ талаар хэрэгт тодорхой үндэслэл бүхий баримт нотолгоо  авагдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл: Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий хандах, дошин авирлах, зовоон тарчлаах, эдийн засгийн эрхшээлд байлгах зэргээр бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдлийг байнга үйлдэж зовиур шаналал учруулдаг, уг үйлдэл тогтсон хэвшмэл шинжийг агуулж тодорхой нэг хүний /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай/ эсрэг байнгад чиглэсэн санаатай үйлдлийн улмаас Эрүүгийн хууль болон Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь хохирол, хор уршиг учирсныг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх хуулийн зохицуулалтай. 

 

Хэрэг гарсан тухайн өдөр шүүгдэгч нь хохирогч буюу өөрийн нөхөр Г.Бийг “агсан согтуу тавьлаа” гэсэн тодорхой сэдэлттэй маргааны улмаас хоорондын таарамжгүй харилцаа үүсч, улмаар хохирогч Г.Бийг усны төмөр шанагаар зодож цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд, нэг удаагийн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж шүүх дүгнэв. 

 

Иймд прокуророос М.Гын нөхөр Г.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өөрчлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Дээр дурьдсан үндэслэлээр “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

 

Хэргийн шүүгдэгч М.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан. 

 

Хэргийн хохирогч Г.Б нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” хэмээн мэдүүлж /хэргийн 28-29х/ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч М.Гоос гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч М.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 49х/ тогтоогдож байна.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг харгалзан шүүгдэгч М.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.    

 

Энэ хэрэгт М.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Б нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон       

                                                         ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокуророос Л овогт М-ын Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Л овогт М-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Гыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт М.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Б нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД