Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00221

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-5-87оршин суух, Зээрдүүд овгийн Батсүхийн Саруулын /ФА56012708 / нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 11 дүгээр хороолол 17б-12 тоотод оршин суух Боржигон овгийн Дамдиндоржийн Цэцэгдэлгэрт /УШ74050103/ холбогдох

19,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Саруул шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Б.Саруул би өөрийн найз Бат-Очирын Оюуны охин Д.Цэцэгдэлгэрийн гуйснаар 2013 онд 17,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм. 2013 оны 7 дугаар сараас Цэцэгдэлгэр нь хүүний мөнгөө больсон. Олон хүнд өртэй гэдгийг нь сонсоод цагдаагийн газар хүртэл хандсан. Одоо хүртэл мөнгийг маань өгөхгүй өдийг хүртлээ. Одоо би Д.Цэцэгдэлгэрээс үндсэн мөнгө 17,000,000 төгрөг, хүү 3 сарын 2,550,000 төгрөг нийт 19,550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Цэцэгдэлгэр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Цэцэгдэлгэр нь ам бүл 4, 2 охин, ээжийн хамт амьдардаг. Хувиараа наймаа эрхэлдэг. 2009 оны 01 дүгээр сараас 2014 оны 06 дугаар сар хүртэл  Зэст багийн нутаг дэвсгэрт 1-16-50 тоотод байрлалтай, “Цэцэн Эксклтозив” дэлгүүрийг ажилуулан, үйл ажиллагаа жигд, тогтвортой орлоготой, байнгын эрэлт хэрэгцээний бараатай, гадны орнуудаас худалдан авалт хийдэг найдвартай түншлэлтэй, тогтмол үйлчлүүлэгчидтэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Уг үйл ажиллагааг эрхлэн явуулахад бусдын л ижил банкнаас бизнес зээл авч, сар бүрийн эргэлтийг таслахгүй зорилгоор заримдаа хангалттгүй орлоготой үед хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээлэн авч эргэлддэг байсан. Санхүүгээр байнга тус дэм болдог байсан дотны хүмүүсийн нэг болох, өөрийн эхийн хамгийн дотно найз Б.Саруул эгчээс ч байнга мөнгө зээлж ирсэн. Бидний хооронд бүрэн харилцан итгэлцэн яах аргагүй байсан ба Б.саруул эгч надад ямар ч барьцаагүй мөнгийг зээлдүүлдэг байсан. 2012 оны 04 дүгээр сарын 05-нд 5 хувийн 9 сая төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 14-нд мөн 5 хувийн 8 сая төгрөгийг зээлж авсан ба сар бүр 850,000 төгрөгийг хүүгийн төлөлт гэж 3-17 дугаар байранд оршин “Ганга” дэлгүүрийн худалдагч Солонгоод аваачин тушаадаг байсан. 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 400,000 төгрөг /8 саяын хүү/, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 950,000 төгрөг /11-14-ний өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийн хоорондох 20 хоногийн хүү 267.000 төгрөг/ 2013 оны 02 дугаар сард 600,000 төгрөг гэх мэт хүүг өөрт тэмдэглэсэн байгаагаар бол “Голомт” банкны Б.Саруул эгчийн 4025001071 тоот данс руу хийж байсан учир 2013 оны 07 дугаар сард сүүлийн удаа хүүг банкаар шилжүүлснээс хойш яах аргагүй одоо болтол өрөө барагдуулж чадаагүй ирсэн.

Сая 2016 оны 12 дугаар сард Б.Саруул эгч гэрт ирж бид зээлийн гэрээгээ хийж, шүүхэд хандах боллоо гээд яарч явсан учраас гэрээндээ гарын үсгээ зуралцаад нэг нэг хувь үйлдсэн нь 2013 онд зээлж авсан гэдэг дээр Б.Саруул эгч андуурч бид ч хайхрамжгүйгээсээ болж зурсан байна. Үүнийг харгалзан үзэхийг хүсье. 2013 оны 01 дүгээр сард миний бие хүүхэд гарган нэг хэсэг дэлгүүрээ хараа хяналтгүй хайнга орхисон нь тухайн үед дэлгүүрийн маань худалдагч хийж байсан /5 жил итгэсэн цорын ганц худалдагч/ Балдангомбо овогтой Болортуяад эд бараа бэлэн мөнгө бүх эрх мэдлийг хараа хяналтгүй үлдээсэн нь миний одоог хүртэл харамсаад зогсохгүйгээр барахгүй өдийг хүртэл  өрнөөс гарахгүй, санхүүийн эх үүсвэр болох дээрхи дэлгүүрийг хаахад хүргэсэн юм. Худалдагч маань миний хайнга сул байдал, итгэлийг ашиглан байнгын үйлчлүүлэгчдээс маань ихээхэн хэмжээний мөнгө, эд бараа завшин авч миний орлогоор өөрийн өр зээлийн хүүг төлдөг байсныг хожим олж мэдсэн ба 2013 оны 06 дугаар сараас миний бие санхүүгийн маш хүнд байдалд орсноор өөрийн бизнес зээлүүдийг төлж, барагдуулах үүднээс өөрийн хууль ёсны эд хөрөнгө болох орон сууцаа ч зарахад хүрсэн ч Б.Саруул эгчийн өгсөн мөнгийг барагдуулж чадаагүй явсаар байгаа нь үнэн болно. 2012 оны 04 дүгээр сараас 2013 оны 07 дугаар сарын бүгд хугацаанд 10,667,000 төгрөгийг төлсөн ч үндсэн 17 сая төгрөгийг төлөөгүй нь үнэн гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Дээр дурьдсан 17 сая төгрөгийг авсан ба заавал төлөх хүсэлтэй байгаа нь үнэн болно гэжээ.

Нэхэмжлэгч Б.Саруулын нэхэмжлэлийн шаардлага 19,550,000 төгрөгнөөс хариуцагч Д.Цэцэгдэлгэр 17,000,000 сая төгрөгийг төлөхийг нэхэмжлэгч Б.Саруул хүлээн зөвшөөрсөн байна.   

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Саруул нь хариуцагч Д.Цэцэгдэлгэрт холбогдуулан 19,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Д.Цэцэгдэлгэр нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,550,000 төгрөгнөөс 17,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 255,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 121,475 төгрөг, төрийн сангаас 121,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон    

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Саруулын нэхэмжлэлийн шаардлага 19,550,000 төгрөгийг хариуцагч Д.Цэцэгдэлгэр 17,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 121,475 төгрөгийг,  хариуцагч Д.Цэцэгдэлгэрээс 121,475 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч Б.Саруулд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                                  Б.БЯМБАСҮРЭН