Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 258

 

 

 

 

 

 

   2020         3            16                                            258     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мятавын Бд холбогдох эрүүгийн ..... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ дугаарын регистртэй, Боржигон овогт Мятавын Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Баян-Уул нэртэй дэлгүүрийн орчим иргэн Д.Б-той маргалдан, улмаар хайчаар нүүрэн тус газар хатган эрүүл мэндэд нь “баруун нүдний салст, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруу, эрүүний зүүн доод хэсэгт хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ:

“...Гэрээсээ гараад Б-той таараад архи хувааж уусан. Тэгээд салаад явсан. Удалгүй Б- дэлгүүрийн тэнд явж байхаар нь микроноос бууж очиж маргалдаад хайчаар хатгасан байсан. Буруу юм хийсэндээ харамсаж байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Бы өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 27-нд урд өдөр нь архи уусан байсан. Тэгээд нэг шил 0,5 литрийн архи авч уучихаад гэрээс гарахад манай гэрийн урдхан микроны зогсоол байдаг уг зогсоол руу очсон. Уг зогсоол дээр бас нэг шил 100 граммын архи уусан. Тэгээд согтолттой байсан Эрдэнэбилэгийн машинд суугаад явж байсан. Б- БГД-н 22-р хороо Баян-Уул дэлгүүрийн орчим явж байсан би Эрдэнэбилэгийн машинаас буугаад Б- луу очоод хоорондоо маргасан юм шиг байсан. Тэгээд би нэг сэргэхэд хайчаар Б-ыг хатгачихсан тэгээд цус хараад айгаад зугатаачихсан...” гэх мэдүүлэг /хх-н 28-29/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-ын өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 27-нд гэрээс гараад найзтайгаа нэг шил архи хувааж уусан. Тэгээд микроны зогсоол дээр очоод Б ахтай маргаад салаад явсан. Би нэг найзынхаа гэрт очихоор хамт гараад найз айлын газар үзүүлнэ гээд явчихсан би гэрлүүгээ харих гээд БГД-н 22-р хороо Баян-Уул дэлгүүрийн хажууд явж байхад Б ах микроноос буугаад ирсэн. Тэгэхэд Б ах хайч гаргаж ирээд миний баруун нүдний доод талд жижиг зүссэн. Тэгээд ухрахад миний хүзүүг хайчаараа хатгачихсан. Тэгээд Б ах зугатаачихсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Б ах надад 1,500,000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 10-11, 39-40/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... тоот: 

  1. Д.Б-ын биед баруун нүдний салст, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруу, эрүүний зүүн доод хэсэгт хатгагдсан шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо болон үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 19-20/,

 

  - хохирогч Д.Б-ын “...миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 60/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 33/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 36/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Баян-Уул нэртэй дэлгүүрийн орчим иргэн Д.Б-той маргалдан, улмаар хайчаар нүүрэн тус газар хатган эрүүл мэндэд нь “баруун нүдний салст, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруу, эрүүний зүүн доод хэсэгт хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч М.Бы “...би Эрдэнэбилэгийн машинаас буугаад Б- луу очоод хоорондоо маргасан юм шиг байсан. Тэгээд би нэг сэргэхэд хайчаар Б-ыг хатгачихсан тэгээд цус хараад айгаад зугатаачихсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Б-ын “...БГД-н 22-р хороо Баян-Уул дэлгүүрийн хажууд явж байхад Б ах микроноос буугаад буугаад ирсэн. Тэгэхэд Б ах хайч гаргаж ирээд миний баруун нүдний доод талд жижиг зүссэн. Тэгээд ухрахад миний хүзүү рүү хайчаараа хатгачихсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2006 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Д.Б-ын “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Б ах надад 1,500,000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 10-11, 39-40/, хохирогч Д.Б-ын “...миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 60/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хөдөлмөрийн чадвар алдалттай группэд байдаг бөгөөд сарын орлого нь 310,000 төгрөг гэх тул түүний санхүүгийн байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй 1 ширхэг хайчийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Мятавын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй 1 ширхэг хайчийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ