Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М,

Улсын яллагч Б.Д, 

Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Н.Г-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн У аймгийн У суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Увс аймаг Улаангом сум 10 дугаар багт оршин суух, /Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо ... тоот хаягт бүртгэлтэй/, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Ц овогт Н.Г,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Ц.Д-г БНХАУ-ын эрээн хотоос автомашин худалдаж авч өгнө гэж итгэл төрүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 20,000,000 /хорин сая/ төгрөгийг Х банкны ... дугаарын дансанд шилжүүлэн авч, залилан мэхэлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Н.Г мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...

Би Ц.Д-с 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн ... дугаарын дансаар 20,000,000 төгрөгийг авто машин худалдаж авч өгнө гэж авсан нь үнэн, тэгээд авто машиныг нь худалдан авч өгч чадаагүй байсаар мөнгийг нь хэрэглээд дуусгасан, би 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Ц.Д-д 5,000,000 /таван сая/ төгрөгийг өгсөн одоо үлдэгдэл 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг 2020 оны 10 дугаар сард багтаан түүнд өгч хохиролгүй болгохоор бид харилцан тохиролцож гэрээ хийсэн байгаа. Би тухайн мөнгийг нь тогтоосон хугацаанд нь найдвартай эргүүлэн өгөх болно, ах дүү маань надад тусалж бүгд ярьж тохирсон, ах дүүтэйгээ бид бүгдээрээ зөвлөлдөж би тэдийг өгнө, би эдийг нь өгнө гэж ах дүү нар маань хувааж намайг өрнөөс гаргаж өгнө гэсэн. Мөн том эгч Н.Я нь өөрөө баталгаа гаргаж нотариатаар гэрээ хүртэл хийсэн байгаа. Миний бие өөрийн буруугаа хүлээж байгаа найз Ц.Д-г ямар ч байсан хохиролгүй болгоно... Гэм буруугуу хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 /,

- Хохирогч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би найз Г-тай урьд нь ачааны машин худалдаж аваад хүмүүст түрээслэе гэж ярилцсан байсан юм аа. Тэгээд 2017 оны 11 сард урагшаагаа хятад руу найз Г-н хамт ачааны машин авах санаатай явсан. Бид хоёр урд машин үзээд явж байхад надад гэнэт Улаанбаатар руу явах ажил гараад би урьдчилгааны мөнгө болох 20,000,000 төгрөгийг Г-т өгөхөөр болсон юм аа. Г угаасаа урд машин тэрэг зардаг хэдэн хятад хүмүүстэй л дээ, танилтай гэх юм уу даа, тэгээд чи урьдчилгаа мөнгөө үлдээчихвэл би энд болгочихно чи ажилтай юм чинь явж л байна биз дээ гэсэн. Ерөнхийдөө нэг тийм яриа л бид хоёрын дунд болсон. Би урд хилээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ирээд Гааль дээр байдаг Т банкны салбар руу орж Г-н Х банкны ... дугаартай данс руу өөрийнхөө Т банкны ... дугаарын данснаасаа 20,000,000 төгрөгөө шилжүүлсэн. Би өөрийнхөө Т банкны дансыг мэдэхгүй байнаа. Мөнгөө шилжүүлчихээд би шууд Улаанбаатар руу явсан. Ингээд Улаанбаатарт ирчихээд Г руу залгаж юу болсон талаар нь асуухад урьдчилгаагаа өгөөд машинаа захиалчихсан урдаас машин удахгүй ирнээ л гэсэн. За тэгээд тэрнээс хойд хэд хоногийн дараа асуухад бас л ирж байгаа л гээд байсан. Машин ирж байна гэсээр байгаад 2018 оны 2 сараас эхлээд урьдчилгаанд өгсөн мөнгөө алдчихлаа гэж надад хэлдэг юм байна. Би ч гайхах, уурлах давхцаад одоо тэгээд яах юм гэхэд мөнгийг чинь буцааж олж өгнөө гэж хэлсээр одоог хүрсэн. Уг нь би найзыгаа надад мөнгийг маань буцаагаад өгчих байх гэж найдчихсан юм. Би хүлээсний эцэст аргагүй эрхэнд цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Тэгээд цагдаад өгөөд өргөдөл гаргаад шалгагдсаны дараа буюу 2020 оны 06 сарын 19-ний өдөр надад 5,000,000 /таван сая/ төгрөг өгсөн. Одоо би үлдсэн 15,000,000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/,

- Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Н.Г нь Увс аймгийн харъяат хүн манай эхнэр Увс аймгийн хүн байдаг нутаг гээд таньдаг юм. 2017 онд 07 дугаар сард ч билүү Увс аймгийн ойн баяр наадам гээд олон сандал зөөлгөж байсан түүнээс хойш уулзаагүй байж байгаад 2018 оны 01 дүгээр сард надруу утсаар яриад сэлбэгийн дэлгүүрээс авто сэлбэг авхуулсан бараа үнэ, тээврийн зардалтайгаа надруу шилжүүлж байсан, тухайн үед би сэлбэгийг нь оруулж ирээд Улаанбаатар хотруу ачаанд хийсэн байх, тухайн үед яг ямар сэлбэг байсан, ямар унаа машинд өгч байсанаа санахгүй байна...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-74/,

- Н.Г-н иргэний үнэмлэхийн лавлагаа, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа, /хх-ийн 70, 75, 72,/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд:  шүүгдэгч Н.Г, хохирогч Ц.Д нар нь найз бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр БНХАУ-ын эрээн хотоос автомашин худалдаж авахаар явсан, Ц.Д-т ажил гарсан учраас Улаанбаатар хот руу буцаж, Н.Г-г машин аваарай гээд түүний данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн, Н.Г нь уг мөнгийг аваад өөрөө хэрэглэсэн, хохирогчид машин авсан гэж хуурсан үйл баримт болсон байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Н.Г-г 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Ц.Д-г БНХАУ-ын эрээн хотоос автомашин худалдаж авч өгнө гэж итгэл төрүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 20,000,000 /хорин сая/ төгрөгийг Х банкны ... дугаарын дансанд шилжүүлэн авч, залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. 

Шүүгдэгч Н.Г нь найз болох Ц.Д-г БНХАУ-ын эрээн хотоос автомашин худалдаж авч өгнө гэж итгэл төрүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 20,000,000 /хорин сая/ төгрөгийг Х банкны ... дугаарын дансанд шилжүүлэн авч, залилсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хохирогч Ц.Д-н “...Би найз Г-тай урьд нь ачааны машин худалдаж аваад хүмүүст түрээслэе гэж ярилцсан байсан юм. Тэгээд 2017 оны 11 сард урагшаагаа Хятад руу найз Г-н хамт ачааны машин авах санаатай явсан. Бид хоёр урд машин үзээд явж байхад надад гэнэт Улаанбаатар руу явах ажил гараад би урьдчилгааны мөнгө болох 20,000,000 төгрөгийг Г-т өгөхөөр болсон. Г угаасаа урд машин тэрэг зардаг хэдэн Хятад хүмүүстэй л дээ, танилтай гэх юм уу даа, тэгээд чи урьдчилгаа мөнгөө үлдээчихвэл би энд болгочихно чи ажилтай юм чинь явж л байна биз дээ гэсэн… Тэгээд би урд хилээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ирээд Гааль дээр байдаг Т банкны салбар руу орж Г-н Х банкны ... дугаартай данс руу өөрийнхөө Т банкны ... дугаарын данснаасаа 20,000,000 төгрөгөө шилжүүлсэн… Улаанбаатарт ирчихээд Г руу залгаж юу болсон талаар нь асуухад урьдчилгаагаа өгөөд машинаа захиалчихсан урдаас машин удахгүй ирнэ гэсэн… 2018 оны 2 сараас эхлээд урьдчилгаанд өгсөн мөнгөө алдчихлаа гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Г-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн байдлыг харгалзан үзэв.

Шүүгдэгч Н.Г нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Г нь хохирогч Ц.Д-т 5,000,000 төгрөгийг төлсөн, үлдсэн 15,000,000 төгрөгийг 2020 оны 07 сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 08 сарын 10-нд 3,500,000 төгрөгийг, 2020 оны 09 сарын 10-нд 3,500,000 төгрөгийг, 2020 оны 10 сарын 10-нд 3,000,000 төгрөг төлөхөөр хохирогчтой тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгчээс 15,000,000 төгрөгийг гаргуулах хохирогч Ц.Д-т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Н.Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч  залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт Н.Г-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь 450,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар Н.Г-с 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороонд оршин суух Б овогт Ц.Д-д олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Б.Н