Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 63-8 тоотод оршин суух, Хонх овгийн Миеэсүрэнгийн Ууганцэцэг /Регистрийн дугаар: ГВ82112901/-ийн хүсэлттэй

"Гэрлэлт хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.Ууганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ууганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Хонх овгийн Миеэсүрэнгийн Ууганцэцэг миний бие нь 2006 онд БНСУ-д явж ажил хийх хүсэлтэй байсан бөгөөд Солонгос улсын виз гаргаж өгнө гэсэн 2 хүнтэй уулзаж тухайн үед сонин дээрээс зарлал үзсэний дагуу тэр хоёр хүнд хандсан, бөгөөд одоо нэр хаягийг нь мартсан. Ингээд тэр 2 хүн миний иргэний бичиг баримтыг авч яваад Солонгос хүнтй гэр бүл батлуулсан бол ямар ч саадгүй виз гардаг гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Харин улсын бүртгэлийн газарт очиж албан ёсоор гэрлэлт батлуулаагүй, нөгөө 2 хүн маань бүх ажлыг хөөцөлдсөн. Ингээд биз гаргахын өмнө талд надад хэлэхдээ Солонгос хүнтэй гэрлэлтийг чинь бүртгүүлсэн байгаа удахгүй виз чинь гарна гэсэн. Тэгээд үнэхээр ч виз маань удалгүй гарсан бөгөөд 2006 оны 09 дүгээр сарын 17-нд БНСУ-руу явсан. Намайг тухайн үед буюу 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр БНСУ-ын иргэн Ким овогтой Жиюун гэдэг хүнтэй гэрлэлт бүртгүүлсэн байсан бөгөөд энэ Жиюун гэдэг хүнийг миний бие нь огт хараагүй, танихгүй.Зөвхөн БНСУ-д очиж ажиллах зорилгоор зуучлагч хоёр хүнд хандахад л тухайн хоёр хүн гэрлэлтийг маань бүртгүүлсэн байсан. Ингээд миний бие нь БНСУ-д 6 жил 7 сар ажиллаж байгаад /визгүйгээр хараар ажиллаж байсан/ 2013 оны 06 дугаар сарын 25-нд өөрийн хүсэлтээр Монголдоо ирсэн. Тухайн үед БНСУ-руу явах виз л гарч байвал боллоо гэж бодоод гэрлэлт бүртгүүлсэн явдлыг тоолгүй орхисон бөгөөд нөгөө 2 виз гаргасан хүнээсээ ч эргээд яаж гэрлэлтийг салгах талаар асуулгүй өнгөрсөн. Хуурамчаар гэрлэлт бүртгүүлэх явдлыг зөвшөөрсөн миний буруу байсан байна. гэхдээ би ямар ч гэрлэлтийн бичиг баримтан дээр гарын үсэг зураагүй. Энэ талаар ву ч мэдэхгүй. Харин одоо миний бие нь гэр бүлтэй болсон бөгөөд 6 сартай жирэмсэн. Ингээд албан ёсоор нөхөртэйгээ гэрлэлт бүртгүүлэх гэтэл урд визэнд ороход бүртгүүлсэн гэрлэлт хүчинтэй гэсэн лавлагаа гарсан тул БНСУ-ын иргэн Ким Жиюунтай 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна. Энэ тухай нөхөртөө хэлээгүй байгаа. Энэ гэрлэлт бүртгүүлсэн явдал нь зөвхөн виз гаргуулах гэсэн дүр үзүүлсэн хуурамч бүртгэл байсан. Би энэхүү Ким Жиюум гэдэг хүнтэй гэрлэж амьдрах нь битгий хэл энэ хүний огт харж байгаагүй, ямар ч хүн байдгийг нь мэдэхгүй. Иймээс миний 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Ким Жиюумтай гэрлэлт бүртгүүлсэн, гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

М.Ууганцэцэг нь шүүхэд хандан "Гэрлэлт хүчин төгөлдөр бусд тооцуулах-аар хүсэлт гаргажээ.

М.Ууганцэцэг нь 2006 онд амьдралын шаардлагаар Солонгос улсад ажиллахаар явж Солонгос улсын иргэн Ким Жи Юумтай гэр бүл болох зорилгогүйгээр зөвхөн Солонгосын виз гаргуулахаар 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагч М.Ууганцэцэгийн тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь Монголд ирснээсээ хойш дахин Солонгос яваагүй, Ким Жи Юумтай холбоогүй байсан гэсэн тайлбараас үзэхэд М.Ууганцэцэг нь Солонгос улсын иргэн Ким Жиюумтай гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10, Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг баримтлан 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн Хонх овгийн Миеэсүрэнгийн Ууганцэцэг, Ким Жи Юум нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БЯМБАСҮРЭН