Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 360

 

 

 

 

 

 

 

   2020            4            15                                      2020/ШЦТ/360                              

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.ЭнхТ,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Г.О,

хохирогч Э.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г-н Оөд холбогдох эрүүгийн ... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, - дугаарын регистртэй, Боржигон овогт Ганчимэгийн О.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ганчимэгийн О нь 2020 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Панарома” зочид буудлын 06 номерын өрөөнд шилэн аяга шидэж иргэн Э.Х-гийн эрүүний доод оочны доод хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ:

“...Тухайн өдөр Х-г орж ирсэнийг санахгүй байна. Сүүлд камерын бичлэг шүүлгэх гээд очсон чинь бичлэг устчихсан байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч И.Х-гийн өгсөн:

“...2020 оны 2 дугаар сарын 3-4-ний шилжих шөнө энэ хэрэг болсон. Над дээр ирж уучлалт гуйгаагүй, мөн эм тан шархны тос хүртэл авч өгөөгүй. Би их гомдолтой байна. Шүүгдэгчээс эмчилгээ хийлгэсэн баримтаар 60.000 төгрөг цаашид эмчилгээ хийлгэх 540.000 төгрөг ингээд нийтдээ 600.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Оийн өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн үед Т эгч над руу залгаад коток орж гулгая гэхээр нь тэгье гээд Т эгч намайг гэрт ирж авсан. Тэгээд бид 2 гарсан чинь хар өнгийн приус-20 маркийн автомашин байсан. Машин дотор 2 эрэгтэй сууж байсан. Тэгээд бид нар буудал орохоор болоод 23 цагийн үед Панарома зочид буудалд очсон. Бид 4 буудалд орохоосоо өмнө 2,5 литрийн 4 ширхэг Сэнгүр нэртэй пиво, хөзөр, тамхи аваад буудал орсон. Тэгээд бид 4 пиво уугаад 13 тоглоод сууж байсан. Дэлгүүр хаахаас өмнө гээд манай эгчийн найз дэлгүүр лүү яваад 2,5 литрийн 2 ширхэг Сэнгүр авчирсан. Тэгээд ууцгааж байтал Т эгч Б- хоёр юм яриад сууж байтал Д Т эгчийн гуяыг илээд наашаа суучих гээд найз Б-аа цаашаа суу гээд байсан. Т эгч би наана чинь суухгүй гээд найз Б-ыг нь буцаагаад хажууд нь суулгасан. Д гээд залуу нь унтаж байснаа гэнэт босож ирээд Т эгч рүү дайраад чи пизда минь юу гээд байгаа юм гээд уурлаад байсан. Т эгч чи ямар янхан авчирсан байгаа юу яаж харьцаад байгаа юм гээд уурласан. Тэгсэн чинь Д пизда минь аятайхан байж чадахгүй бол зайлаарай гээд Т эгчийг алгадсан. Тэгэхээр нь би та яагаад эмэгтэй хүнд гар хүрээд байгаа юм бэ гээд би цээж рүү нь түлхсэн чинь Д буцаагаад миний цээж рүү түлхээд би орны хажуу руу унасан. Тэгсэн Д гээд ах чи пизда минь дуугүй бай гэсэн чинь Т эгч бид хоёрын дундуур ороод бид хоёр ямар янхан байгаа биш гэсэн чинь би шарандаа очоод өшиглөсөн юм шиг байна лээ.

Тэгээд би уурлаад эхний аягыг хана руу шидсэн. Дараа нь дахиад аяга аваад Д гэх ах руу шидсэн. Тэгээд бид нар муудалцаад уйлаад байж байтал гаднаас ресепшн хүүхэн улаан куртиктэй эрэгтэйгийн хамт орж ирээд юу болцгоогоод байгаа юм гэхэд нь би лав бид хоёрыг явуулаад өг гэж орилж байснаа санаж байна. Тэгээд би уурлаад том орны хажууд нь цүнхээ янзлаад байж байтал улаан куртиктэй залуу чи яасан ядаргаатай пизта вэ чимээгүй болооч гээд намайг үсдээд хаалга руу чирсэн. Тэгээд тэр залуу миний толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд Т эгч болиоч гэсэн хажуунаас намайг авах гээд ороод ирсэн, тэгсэн тэр залуу чи ямар ядаргаатай юм гээд Т эгчийг бас 2-3 удаа цохисныг санаж байна. Тэгсэн Т эгчийн найз эрэгтэй нөгөө Д гэх эрэгтэйгийн хамт салгах шиг болсон. Тэгсэн ресепшн хүүхэн нөгөө улаан куртиктэй залууг аваад гарсан. Тэгсэн ресепшн хүүхэн цагдаа дуудна гэсэн асуудал байхгүй шүү өөрсдөө учраа ол гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 35-36/,    

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Х-гийн өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 04 цагийн үед унтах гээд хэвтэж байтал гэнэт пид пад гээд чимээ гарсан. Тэгээд чимээ гарсан өрөө болох 6 номерын өрөөнд орох гэтэл түгжээтэй дотор нь орилоод байхаар нь би хаалгыг нь татсаар байгаад орсон. Ороход над руу аяга шиддэг хүүхэн бараан өнгийн срочкон цамцтай эрэгтэйгийн хоолойг нь боочихсон зогсож байсан. Тэгэхээр нь би боль гээд хэлтэл миний үгийг сонсоогүй.

Т- салгах гэж байгаад урт үстэй хүүхний цамцнаас нь татахад нөгөө хүүхэн нь чи намайг татдаг хэн бэ өрөөнөөс гар гээд хэрүүл болсон. Намайг зогсож байхад анх боолгуулж байсан бараан хувцастай эрэгтэй өрөөнөөс гарах гээд хаалга руу дөхөж байхад анх намайг ороход тэр залуугийн хоолойг боож байсан хүүхэн тэр залуу руу аяга шидсэн. Тэр аяга нь хана цохиод хагараад бутарсан. Тэр залуугийн хацрыг оноод миний эрүүний доор оносон. Т- эргэж хараад чиний эрүүнээс цус гоожоод байна шүү дээ гэхээр нь би доошоо тонгойтол миний эрүүнээс их цус гоожсон. Тэгээд Т- намайг дагуулж гараад бид хоёр өөр өрөөний нойл руу ороод цусаа угаасан. Эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Д-ийн өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр найз Б- манай ажил дээр ирээд утсаа янзлуулсан юм. Би 2 утас янзалж дуусаад ажлынхаа 2 хүнтэй 0,5 литрийн 2 шил архи уусан. Тэгээд Б- бид хоёр ганц хоёр пиво ууя гэж ярилцаад пабад орж уухаар өртөг өндөртэй гээд буудалд орж уухаар тохирсон. Б- нэг хүүхэнтэй яриад уулзъя гээд тэр хүүхнийг очиж авсан. Б-ын очиж авсан эмэгтэй бас нэг дүүгээ авна гээд тэр эмэгтэйг очиж авсан. Бид 4 буудалд орсон. Ганц хоёр пиво уусан чинь би тоглож чадахгүй нилээн согтсон байсан. Тэгээд би унтаад өгсөн. Унтаж байтал хажуу талаас нэг хүн түлхэхээр нь би цочиж сэрэхэд хажууд нэг эмэгтэй хэвтэж байсан. Тэр хоёр эмэгтэйгийн эгч нь байсан уу дүү нь байсан уу мэдэхгүй байна. Тэгээд би чи яахаараа энд хэвтэж байгаа юм гээд зайлаач гээд хэрэлдэж эхэлсэн. Хоорондоо маргалдаад тэр эмэгтэй над руу аяга шидээд эхэлсэн. Аяга шидэж байхад буудлын ресепшн охин орж ирээд тэгэх хооронд нь би Б-ын утсыг шүүрч аваад цагдаа руу залгасан. Над руу шидсэн аяга нь ресепшн охины эрүү рүү оноод зүсэгдээд цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Б-ын өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дгийн ажил дээр утас янзлуулах гэж очоод явах гэтэл Д гэрт хүргүүлье гээд явж байтал Т над руу залгаад өнөөдөр уулзах уу коток орж гулгах уу гэхээр нь тэгье гээд ажлаа тараад залгаарай гэсэн. Тэгээд Тын ажил 18 цагт тарна гээд ажил тарахыг нь хүлээж байгаад Алтай хотхонд очсон. Бид 3 талбай, хорооллын тэнд коток үзэхэд хаалттай байсан. Тэгээд Т би найзыгаа дуудчихъя гээд Тын найзыг Алтай хотхоноос авсан. Тэгээд бид нар Панарома зочид буудалд 22 цагийн үед ирсэн. Буудалд орохдоо 2,5 литрийн 4 ширхэг Сэнгүр пиво авч орсон. Тэгээд бид 4 пиво уугаад сууж байтал Д унтаад өгсөн. Бид гурав уугаад сууж байтал гэнэт л орилоон болсон. Дг нэг нь татсан юм шиг байна лээ. Тэгээд л орилолдоод эхэлсэн. Т, нөгөө найз охинтойгоо Д руу дайраад байсан. Тэгэж байтал ресепшн гаднаас нэг залуутай орж ирэхэд Т нөгөө найз охинтойгоо та нар энэ залуучуудыг таньдаг юм хаашаа юм гэх мэтээр орилоод байсан. Нэг харахад Дгийн хацраас цус гарчихсан байсан. Бас ресепшн хүүхний эрүүнээс цус гарчихсан байсан. Яасан юм бэ гэхэд Д нэг нь аяга аваад шидчихлээ тэгээд оночихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Т-ийн өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө би Панарома зочид буудалд ресепшний үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Тэгээд 04 цагийн үед манай найз охин Х- хүмүүс муудалцаад байна гээд намайг сэрээсэн. Би босоод 6 номерын өрөө рүү ортол 2 хүүхэн, 2 залуу байсан. Махлагдуу хүүхэн бүдүүн хоолойтой хар куртиктэй залуугийн хоолойноос нь боочихсон орны хажууд зогсож байсан. Тэгээд би ороод юу болоод байгаа юм бэ гэхэд намайг шууд махлагдуу хүүхэн нь толгой руу гараараа 1 удаа цохиод шилбэ рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би чи чинь яасан солиотой юм бэ цаашаа очоод сууж бай гэхэд тэр хүүхэн энэ залуу намайг хүчиндэх гээд байна гээд шар куртиктэй залуу руу дайрсан. Тэгсэн шар куртиктэй залуу тийм юм байхгүй, би сая унтаж байгаад сэрлээ гэж хэлсэн.

...Тэгээд би та нарыг гарахгүй бол би цагдаа дуудлаа шүү гэхэд хар куртиктэй залуу гарах гээд хаалга руу явж байхад туранхай жижиг хүүхэн нь хойноос нь очоод хэрүүл хийгээд байсан. Тэр үед манай найз охин өрөөний хаалганы үүдэнд зогсож байсан. Махлагдуу хүүхэн нь орны хажуу талд байсан ширээн дээрээс шилэн аяга аваад хар куртиктэй залуу руу шидсэн чинь аяга нь ханан дээр ойгоод бутарсан. Тэгсэн манай найз охины эрүүний орчимоос цус гоожоод эхэлсэн. Тэгээд эрүүг нь хартал нилээн ангайчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,       

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... тоот: 

  1. Э.Х-гийн биед эрүүний оочны доод хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 27-28/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 41/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 50/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Панарома” зочид буудлын 06 номерын өрөөнд шилэн аяга шидэж иргэн Э.Х-гийн эрүүний доод оочны доод хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.Х-гийн “...анх намайг ороход тэр залуугийн хоолойг боож байсан хүүхэн тэр залуу руу аяга шидсэн. Тэр аяга нь хана цохиод хагараад бутарсан. Тэр залуугийн хацрыг оноод миний эрүүний доор оносон. Т- эргэж хараад чиний эрүүнээс цус гоожоод байна шүү дээ гэхээр нь би доошоо тонгойтол миний эрүүнээс их цус гоожсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Д-ийн “...Хоорондоо маргалдаад тэр эмэгтэй над руу аяга шидээд эхэлсэн. Аяга шидэж байхад буудлын ресепшн охин орж ирээд тэгэх хооронд нь би Б-ын утсыг шүүрч аваад цагдаа руу залгасан. Над руу шидсэн аяга нь ресепшн охины эрүү рүү оноод зүсэгдээд цус гарсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Б-ын “...Т нөгөө найз охинтойгоо та нар энэ залуучуудыг таньдаг юм хаашаа юм гэх мэтээр орилоод байсан. Нэг харахад Дгийн хацраас цус гарчихсан байсан. Бас ресепшн хүүхний эрүүнээс цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Т-ийн “...Махлагдуу хүүхэн нь орны хажуу талд байсан ширээн дээрээс шилэн аяга аваад хар куртиктэй залуу руу шидсэн чинь аяга нь ханан дээр ойгоод бутарсан. Тэгсэн манай найз охины эрүүний орчимоос цус гоожоод эхэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2387 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Оөд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Э.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан эмчилгээний зардлын баримтаар тогтоогдсон 60,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Э.Х-д олгож, хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэнэ гэж мэдүүлж байх тул хохирогчийг хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Оөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хуульд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан Г.Оийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч Г.Оөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганчимэгийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оөөс 60,000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Х-д олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Оөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ