| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01101/и |
| Дугаар | 151/ШШ2016/01126 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2016/01126
| 2016 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 151/ШШ2016/01126 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2016/01101/и хэргийн индекстэй
Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт, 9 дүгээр байр, 27 тоотод оршин суух Харанга овогт Равдандоржийн Үзмээ /ЙЭ63022802/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Үзмээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Үзмээ тус шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Равдандорж овогтой Үзмээ миний бие нь нөхрийгөө дагаж Өвөрхангай аймагт шилжин очиж 1987 оны 8 сарын 16-ны өдрөөс Өвөрхангай аймгийн Их-Уул хорооны Цэцэрлэг-Яслийн комбинатад хүмүүжүүлэгч багшаар орж ажилласэан. Ингээд 1989 оны 6 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаад гэр бүлийн хүн цэргийн тушаалаар шилжих болсон тул Төв аймгийн Боловсролын хэлтсийн мэдэлд намайг шилжүүлсэн. Одоо надад тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр, орсон гарсан тушаал, хамт ажиллаж байсан алба хаагчдын зураг, архиваар баталгаажуулж шүүлгэсэн цалингийн цэсний хуулбар, мөн хамт ажиллаж байсан Ш.Энххаш, Ц.Норовсуусуу нарын гэрч болох иргэд байгаа. Иймд эдгээр баримтуудыг үндэслэн ажилласан жилийг минь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Их-Уул хорооны сургууль, цэцэрлэг яслийн кабинетэд хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байхдаа авч байсан Р.Үзмээгийн цалингийн цэсний хуулбар /хх-5/, Ц.Нарангарвуу, Ш.Энххаш нарын хамт ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт /хх 8-10/ тэдгээрийн гэрчийн мэдүүлэг /хх 17-20/ болон гэрч Ц.Норовсуусуу болон бусад хамт ажиллагсадтайгаа авахуулсан гэрэл зураг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Равдандоржийн Үзмээ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Харанга овогт Равдандоржийн Үзмээ /ЙЭ63022802/ нь Өвөрхангай аймгийн Их-Уул хорооны Цэцэрлэг-Яслийн комбинатад 1987 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болох нь гэрч Ш.Энххашийн ...Р.Үзмээ нь 1986 оны намар Төв аймгийн Зуунмод сумын 256 дугаар цэргийн ангийн Зуунмод сумын 7 дугаар цэцэрлэгт шилжин ирж хүмүүжүүлэгч багшаар ажилласан. Төв аймгийн Зуунмод сумын 256 дугаар цэцэрлэгийн ангийн дивиз нь дотроо арваад ангитай байсан. 1987 оны 08 дугаар сард Төв аймгийн Зуунмод сумын 256 дугаар цэргийн анги нь Өвөрхангай аймаг руу нүүсэн. Тэгэхэд Төв аймгийн Зуунмод суманд 259 дүгээр мод буудлагын анги үлдсэн. Тэгэхэд би 259 дүгээр ангидаа үлдэж, Р.Үзмээ 256 дугаар цэргийн ангийнхаа цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан. Тэр үед бид хоёр найзууд байсан учраас хоорондоо холбогдож байсан. 1989 онд Р.Үзмээгийн нөхөр н.Мөнхжаргал дахиад Төв аймгийн Зуунмод сумын 150 дугаар цэцэрлэгтээ хүмүүжүүлэгч багшаар ажилласан... гэх /хх-н 17-18/, гэрч Ц.Норовсуусуугийн ....Намайг 1987 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Их-Уул хорооны цэргийн ангийн цэцэрлэгт туслах жолоочоор ажилд ороход Р.Үзмээ хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан. Өвөрхангай аймгийн Их-Уул хорооны цэргийн анги нь 1987 оны наадмын дараа нүүж очсон. Тэгэхэд ажиллаж эхэлсэн ..... гэх /хх 19-20/, мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Их-Уул хорооны сургууль, цэцэрлэг яслийн кабинетэд хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байхдаа авч байсан Р.Үзмээгийн цалингийн цэсний хуулбарт 1987-1989 оны хооронд авч байсан цалингийн түүвэр /хх-н 5/, Гэрч Ц.Норовсуусуугийн хамт ажлын хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг /хх-н7/ зэргээр давхар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Р.Үзмээ Өвөрхангай аймгийн Их-Уул хорооны Цэцэрлэг-Яслийн комбинатад 1987 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ЙЭ63022802 регистрийн дугаартай Харанга овогт Равдандоржийн Үзмээ нь Өвөрхангай аймгийн Их-Уул хорооны Цэцэрлэг-Яслийн комбинатад 1987 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Үзмээ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийншийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ